Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0735

 

Ю.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Мөнхтуяа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 710 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ю.*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 710 дугаар шийдвэрээр: Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 13 дугаар зүйлийн 13.8.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.*******ын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний  өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулах, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх Нийслэлийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Мөнхтуяа давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн Засаг даргын 2016.01.29-ний өдрийн Б/05 тоот захирамжаар “Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн нь тогтоогдсон” тул Авлигатай Тэмцэх Газрын 2015.12.21-ний өдрийн 05/8173 тоот албан бичгийг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөнийг нэхэмжлэгч үл зөвшөөрч “зөрчил гаргаагүй” гэж үзэж нэхэмжлэл гарган энэ талаар тодорхой үндэслэлүүдийг дурдсан.

Анхан шатны шүүх “захиргааны акт үндэслэлгүй гарсан” гэж эрх зүйн үндэслэл талаас нь дүгнэжээ. Харин нэхэмжлэлд дурдсан “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Ажил үүргээ гүйцэтгэхийг заагаагүй бөгөөд хуульд заасан тодорхой үндэслэл нь тогтоогдож байгаа тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн байдал нь тогтоогдсоор байхад зөвхөн “ажил үүргээ түдгэлзүүлэхийг эрх бүхий этгээд шаардсан” гэдгээр шалтаг хийж цалин гаргуулахаас татгалзаж шийдсэн нь үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-д зааснаар Ю.*******д “албан тушаал бууруулах” арга хэмжээг авч, 2015 оны 12 дугаар сарын 28-ны дотор Авлигатай тэмцэх газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05/8173 тоот албан бичгийн Нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.

Анхан шатны шүүх, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 13 дугаар зүйлийн 13.8.3 дахь хэсэг”-ийг баримтлан Ю.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 дугаар захирамж нь хууль бус болохыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хүчингүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Мөн нэхэмжлэгч Ю.*******ын “2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн өдрөөс 2016 оны 03 дугаар 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзлээ.

Учир нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Ю.*******ыг ажлаас нь чөлөөлөхөөс өмнө  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлд заасан үндэслэлээр Ю.*******ыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн сэжигтнээр татан, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол”-оор түүний ажил, албан тушаал эрхлэх эрхийг нь түдгэлзүүлсэн байна.

Тиймээс “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх” 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор Ю.*******ын ажил, албан тушаал эрхлэх эрхийг түдгэлзүүлснээр тэрээр ажил, хөдөлмөр эрхлээгүй учир цалин олгогдох үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                  ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                 ШҮҮГЧ                                                                  Д.БАТБААТАР

                 ШҮҮГЧ                                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

                 ШҮҮГЧ                                                                  Э.ХАЛИУНБАЯР