Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2016/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2016/0008/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,
Хохирогч Ц.*****, түүний өмгөөлөгч Б.*****,
Иргэний нэхэмжлэгч Л.*****, түүний өмгөөлөгч Б.*****
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***** овогт *****н *****ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000480 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******д төрсөн, *****  настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *****ийн хамт ****** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Урьд:
*****ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ***** овогт *****н *****, /РД:******/,

Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч М.***** нь ******замын уулзвар орчимд 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн орчимд Т/Приус маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.1, 7.12, 7.24,  8 дугаар бүлгийн 8.4-т заасан заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Ц.*****гийн биед хүнд, Д.*****ын биед хүндэвтэр, Л.*****ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*****ын өгсөн: “2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Байгаль орчны уулзвар” дээр эргэх хөдөлгөөн хийж байх үед эсрэг урсгалаас цагаан өнгийн машин хурд хэтрүүлэн орж ирж осол гаргасан гэж үзэж байгаа. Хэрэг учралын газар хэмжилт хийсэн. Тухайн үед эсрэг урсгалыг тэмдэглээгүй байсан. Гэтэл хэмжилт хийсэн зураг дээр үргэлжилсэн шугамтай гэж зурсан байсан. Эргэх хөдөлгөөн хийж байхад эсрэг урсгалаас сөрж орж ирсэн тул осол гарсан. Осол гарсан талаар хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргээс болоод би бас гомдолтой байгаа. Би урсгал сөрж осол гаргаагүй, эргэх хөдөлгөөн хийж байхад хурд хэтрүүлэн орж ирж миний машиныг ирж мөргөсөн. Миний өрөөсөн гар шуугаар хугараад хагалгаанд орж хадуулсан, удахгүй хадаасаа авна, хөдөлмөрийн чадвараа алдсан. Би өрөмдлөг хийдэг, өрөмдлөг хийхэд 2 гараараа барьдаг, одоо гараараа барьж болдоггүй” гэх мэдүүлэг,  
 
   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.*****гийн өгсөн: “Би 2015 оны 06 дугаар сарын 14-нд нөхөртэйгээ Дарханд орж ирж байсан. Сэлэнгэд дүүгийндээ очихоор явж байхад 21 цагийн үед Содмонгол шатахуун түгээх станц өнгөрөөд явж байхад хурдтай машин ирээд манай машиныг мөргөсөн. Тэр хүн намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Би Дарханы эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт нэг хоносон. Дарханд 15 хоног биеэ эмчлүүлж эмнэлэгт хэвтэж байгаад Улаанбаатар хот уруу явсан. Эмнэлэгт хэвтэх боломж байхгүй байсан тул гадуур эмчилгээнд явсан. Би банкнаас 16,500,000 төгрөгийн зээл аваад төлдөг байсан. 5 сар гаруй хугацаанд би ажил хийгээгүй, сая шинжилгээ өгөхөд элэг өөрчлөлтэй байна гэсэн хариу гарсан. Эмчилгээний зардалд 3,008,735 төгрөг, 5 сарын хугацаанд ажил хийж байсан бол авах ёстой байсан цалин 6,134,165 төгрөг, шүүх хуралдаанд ирж очсон шатахууны зардалд 286,549 төгрөг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч намайг яагаад хүн гэж үзэхгүй байгаа юм бэ?, өөрийнхөө амийг бодоод байгаа, сэтгэл санааны хохирол 25,000,000 төгрөг нэхэмжилж байгаа, би хүүхэд гаргаж чадахгүй болсон гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.*****ийн өгсөн: “Би 2015 оны 06 дугаар сарын 14-нд Улаанбаатараас Дарханд орж ирээд авто вокзалын хажууд байдаг 2 хурд сааруулагч өнгөрөөд 100 метр орчим явж байтал нэг хар жипний ард энэ хүний машин явж байгаа харагдаж байсан. Би дотроо энэ хүн урд машинтайгаа ямар ойрхон явж байгаа юм бэ? гэж бодож байтал, хар жипний араас энэ хүний машин гэнэт гарч ирээд  мөргөлдсөн. Мөргөлдсөн тэр газраа зогссон, цагаан зураас нь 50 метрийн цаана харагдаж байсан. Би нийт эмчилгээний зардалд 456,216 төгрөг, авто машины үнэлгээ 5,524,500 төгрөг зарцуулсан, бензиний зардалд 1,032,500 төгрөг, машин ачилтын үйлчилгээний зардалд 816,500 төгрөг, 5 сарын хугацаанд ажилгүй байсан хугацаан цалын 5,000,000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...20 цаг өнгөрөөгөөд өөрийн эзэмшилийн *****улсын дугаартай Приус маркийн автомашиныг жолоодож энхэр *****ын хамт гараад “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгээр алхах гээд явж байгаад байгаль орчны уулзварын хойд талд байдаг “Сод Монгол” ШТС-аас бензин авах гээд 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ уруу шилжээд эсрэг урсгал уруу давж эргэх гээд тасархай цагаан шугамыг давах гээд зогсох үед машины урдаас цагаан өнгийн машин эхлээд нэг мөргөөд дахиж хажуу талаас мөргөж зогссон тэр үед машин дотор аврах дэрнээс гарсан бололтой манантай юм шиг болчихсон байсан. Тухайн үед би цочиролд ороод ухаан орох үед миний баруун гар, хаалганы хаалттай байсан цонхыг хагалаад гадагшаа шуун хэсгээрээ унжсан гарнаас цус их гарч байсан, эхнэр жирэмсэн болохоор би санаа зовоод харахад эхнэр суудлаа налаад шооконд орсон байдалтай байхаар нь би гараа татаж нийлүүлээд хаалгыг хөлөөрөө түлхэж онгойлгоод энхэрээс бие нь яаж байна гэж асуугаад машинаас буух уу гэхэд би хөдөлж чадахгүй байна гээд суугаад байсан. Тэгээд 102, 103 уруу залгаж тусламж дуудсан” гэх мэдүүлэг /хэргийн 94-95 дугаар хуудас/
                                                 
Хохирогч Ц.*****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хар өнгийн ланд-76 маркийн авто машин зөрөх үед араас нь гэнэт “Приус-20” маркийн автомашинтай мөргөлдсөн тухайн үед би ухаан алдаж цочиролд орсон болохоор сайн мэдэхгүй байна. 
...би энэ ослоос болоод биедээ учирсан гэмтлийг эмчлүүлэхээр 3.141.610 төгрөгийн зардал гаргаад байгаа цаашид хуучин хэвэндээ ороход ямар хэмжээний мөнгө төгрөг орохыг тооцоолох боломжгүй. Тухайн үед “Дархан” автовокзалын урд байдаг 2 хурд сааруулагчийг давж гараад удаагүй байсан. Шулуун замд явж байгаад суурин газар уруу орох үед манай машин 50 км цагийн хурдтай явж байсан. Машины үнэлгээгээр гарсан 5.524.500 төгрөг мөн дээр нь нөхөр Л.***** болон миний биед хийсэн эмчилгээний зардал болон бензиний зардал болох баримттай 3.668.725 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,00 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн энэ хугацаанд бид хоёр ажилгүй болж маш их хохирсон тийм учраас ажиллаж байсан бол олох орлого болох ойролцоогоор 6,620,499 төгрөг нэхэмжилж байна. Олох байсан орлогыг цалингийн тодорхойлолтоор, Л.*****ийн орлогыг ойролцоогоор гаргасан. Ингээд 17.313.724 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хэргийн 23-24, 25 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай машин бараг зогсож байсан манай машины урд нэг хар машин явж байсан. Тэгээд мөргөлдсөнөөс хойш нөгөө машины жолооч бууж ирээд манай эхнэр хүнд гэмтсэн байна та нарыг ална гээд орилоод байсан гэхдээ бид нарын биед хүрсэн гэмтээсэн асуудал байхгүй. Тэгээд тэр машинд сууж явсан эмэгтэйг машинтай хүмүүс аваад явсан ямар хүн авч явсаныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч, гэрч Л.*****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 14-ний орой 21 цагийн орчим Дархан сум руу орж ирээд Дархан автовокзал өнгөрөөд “Сод Монгол” ШТС-ын ойролцоо замаар явж байтал өмнөөс эсрэг урсгалаар хар өнгийн жийп машин, араас нь жижиг машин явж байсан тэгээд тэр машин өнгөрөх үед ардаас нь явж байсан жижиг тэрэг миний урсгал уруу орж гэнэт гарч  ирээд мөргөлдсөн тухайн үед машин богино зайд мөргөлдсөн болохоор тоормоз гишгэх зай гаргаагүй. Тэр машин гэнэт л гарч ирсэн тэрнээс би бага хурдтай явж байсан тэгээд ч тэр машиныг харахын завдалгүй өмнөөс гарч ирээд мөргөсөн юм. 
Тэгэхээр нь би эхнэр нь машиндаа босож чадахгүй байхаар нь очоод бие чинь яаж байна эмнэлэг уруу манай эхнэрийг авч явах гэж байна хамт явах уу гэж асуухад тэр эмэгтэй босож чадахгүй байна гээд яваагүй тэгээд би тэр хүүхнээс сая юу боловоо гэхэд тэр эмэгтэй би чиний машиныг харсан юмаа гэхдээ нөхрийгөө чиний машиныг өнгөрөөгөөд орох байх гэж бодож байсан чинь орчихлоо гэж надад хэлсэн тэгж хэлэх үед манай хамаатны дүү Лхагвасүрэн миний хажууд зогсож байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 31 дүгээр хуудас/,

Зам тээврийн байдал дээр тогтоосон ослын: “...Т.Приус маркийн *****дугаартай автомашиныг жолоодож явсан М.***** нь тухайн үед Монгол Улсын  замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.1 /эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно/ гэсэн заалт мөн дүрмийн 7.1 тэмдэглэл /хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах , түүнчлэн зохих хэсгийн орохыг хориглосон хэсгийн хязгаарлах буюу тэврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ” гэснийг зөрчин давсан. Мөн дүрмийн 2 дугаар бүлэг 2.3б /хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчсөн. Премо маркийн *****дугаартай автомашины жолооч Л.***** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болно. Осол болох үед 2 автомашины анх мөргөлдсөн цэгийг автомашинуудаас ослын газарт унсан шороо, автомашинуудаас салж эвдэрч газар унсан автомашины эд анги болон гэрэл купер зэрэг зүйлсийн хагархай, бутархай тухайн үед яг хаана ямар хэмжээтэй газарт хамарч унсан мөн ослын үед автомашинуудаас гоожсон автомашины тормосны шингэн, тосоол бусад газар гоожсон шингэн газарт гоожиж асгарсан хэсэг дээр А гэж тогтоож авсан тухайн ослын зураг дээр тодорхой харагдаж байгаа” гэх дүгнэлт /хэргийн 36 дугаар хуудас/

2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай зам тээврийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн: “1.Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай, цагдаагийн ахмад Б.Өнөрбатын гаргасан ослын дүгнэлт үндэслэлтэй.
2. Т.Приус маркийн *****улсын дугаартай автомашины жолооч М.***** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм 2 дугаар бүлэг 2.3б-д “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.4-д “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.12-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” Замын хөдөлгөөний дүрмийн 7-д хэвтээ тэмдэглэл 24. Замын хөдөлгөөнд тодорхой горим, журам тогтоох зорилгоор зорчих хэсэг буюу түүний хашлага дээр хийсэн шугам, сум, бичлэг зэрэг нь хэвтээ тэмдэглэлд хамаарна. Хэвтээ тэмдэглэлийг дангаар нь буюу тэмдэг, гэрлэн дохиотой хослуулан хэрэглэнэ. 7.1 “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийн хязгаарлах буюу тэврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэг учралын газарт үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт буюу фото зураг, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг дээрээс тогтоогдож байна. 
3. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт буюу фото зураг, бусад тайлбар, тодорхойлолт зэргээс Премо маркийн *****улсын дугаартай автомашины жолооч Л.***** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.
4. Зам тээврийн осол болсон гэх “А” цэгийг тогтоохдоо ослын улмаас 2 автомашинаас унсан шороо, тосол асгарсан газар, авто машинаас унсан эд зүйл /гэрэл, нүүр, буфер/ зэргээр тогтоогдсон нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт буюу фото зураг, осол хэрэг болсон газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем дээрээс тогтоогдож байна“ гэх дүгнэлт /хэргийн 40 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5730 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Өнөрбатын 42, 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтийн үндэслэлийг тайлбарлах боломжгүй.
2.Тээврийн хэрэгсэлийн мөргөлдсөн “А” цэг ***** улсын дугаартай Toyota Premio маркийн автомашины хойд талд байж болно.
3. Toyota Premio маркийн автомашины жолооч Л.*****ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн асуултад хариулах боломжгүй.
4. “...*****улсын дугаартай Toyota Premio маркийн автомашин нь зүүн урд болон урд хэсгээр ташуу байрлалтай эвдрэлтэй, *****дугаартай Т.Приус маркийн автомашины урд хэсгээр болон урд улсын дугаарын баруун талаар хойш чиглэлтэй хонхойж нугарсан эвдрэлтэй байх тул эдгээр автомашинууд мохоо өнцөг үүсгэн мөргөлдсөн байна ...” гэх дүгнэлт /хэргийн 242-244 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.Хурцбилиг, С.Мөнхдалай нарын өгсөн мэдүүлэгүүд

2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 775 дугаартай Шинжээчийн: “Ц.*****гийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэс болон чацархайн цоорол, урагдал, хэвлийн гялтангийн хурц үрэвсэл, дотуур цус алдалт, цус алдалтын дараах хурц цус багадал, хагалгааны дараах байдал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.11, 3.3.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хэргийн 75 дугаар хуудас/

2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 776 дугаартай Шинжээчийн: “Д.*****ын биед зүүн талын эгэм, өвчүүний үений мултралын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Д.*****д учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 79 дүгээр хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-7 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал /хэргийн 8-9 дүгээр хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 16-18 дугаар хуудас/

2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хэргийн 36 дугаар хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /хэргийн 122-132, 214-219, 281, 282 дугаар хуудас/
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 100 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.***** нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр “Байгаль орчны 3 замын уулзвар орчимд 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн орчимд Т/Приус маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм 2 дугаар бүлэг 2.3б-д “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.4-д “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.12-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” Замын хөдөлгөөний дүрмийн 7-д хэвтээ тэмдэглэл 24. Замын хөдөлгөөнд тодорхой горим, журам тогтоох зорилгоор зорчих хэсэг буюу түүний хашлага дээр хийсэн шугам, сум, бичлэг зэрэг нь хэвтээ тэмдэглэлд хамаарна. Хэвтээ тэмдэглэлийг дангаар нь буюу тэмдэг, гэрлэн дохиотой хослуулан хэрэглэнэ. 7.1 “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийн хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчин замын эсрэг урсгалаар чигээрээ явж байсан *****улсын дугаартай Toyota Premio маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж иргэн Ц.*****гийн биед хүнд, Д.*****ын биед хүндэвтэр, Л.*****ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.*****, хохирогч Ц.***** /хэргийн 23-24, 25 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.***** /хэргийн 29-30 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч, гэрч Л.***** /хэргийн 31 дүгээр хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл  /хэргийн 5 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт буюу фото зураг /хэргийн 6-7 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч  буюу ослын схем зураг /хэргийн 9 дүгээр хуудас/,  Зам тээврийн байдал дээр тогтоосон осолын дүгнэлт /хэргийн 36 дугаар хуудас/, Зам тээврийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хэргийн 40 дүгээр хуудас/ шинжээчийн 775, 776 дугаартай дүгнэлтүүд /хэргийн 75, 79 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч М.*****ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно. 

Иймд шүүгдэгч М.*****ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүнд, 1 хүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт зам тээврийн ослын талаар 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 42, 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 39, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5730 дугаартай дүгнэлтүүд тус тус хийгдсэн бөгөөд дүгнэлтүүдээс 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 42, 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай дүгнэлтүүд нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзэн нотлох баримтын хэмжээнд үнэлэв.
Харин 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5730 дугаартай дүгнэлтийг тавьсан асуултуудад хариулт өгөх боломжгүй гэсэн тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Шүүгдэгч М.***** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
 
Хохирогч Ц.***** нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардал гэж эмчилгээ хийлгэхэд 3.008.735 төгрөг, ажилгүй байсан хугацааны /7-11 сарын хугацааны 5 сарын/ цалин 6.034.165 төгрөг, шатахууны зардалд /хуралд ирж очсон/ 286549 төгрөг, сэтгэл санааны хохиролд 25.000.000 төгрөг гэж нэхэмжилжээ.  Хэрэгт хохирогчийн сэтгэл санааны хохирлын хэмжээг нотолсон баримтгүй, одоо  хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид энэ төрлийн хохирлыг хэрхэн тооцох  аргачлал, зохицуулалт байхгүй тул хангах үндэслэлгүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Ц.*****  “осолд орсноос хойш 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл эмнэлгийн хуудсаар лист гэж 1016375 төгрөг авсан эмнэлгээс өөр магадлагаа аваагүй үргэлжлүүлэн 2015 оны 11 сар хүртэл эмчилгээгээ хийлгэж чөлөөтэй байсан учир ажилгүй байсан хугацааны 5 сарын цалинг сарын дундаж цалин 1,206,833 төгрөгөөр тооцон 6.034.165 төгрөг нэхэмжилнэ  гэснээс эмнэлгийн чөлөөтэй байсан гэх  2 сарын цалингийн зөрүү 1,397,291 төгрөг гаргуулах, үлдэх хугацааны цалингийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх, нотлох баримтаар нотлогдсон эмчилгээний зардал 3,008,735 төгрөг, шатахууны зардал 286,549 төгрөг,  
иргэний нэхэмжлэгч Л.*****ийн нэхэмжилсэн нотлох баримтаар нотлоглдсон эмчилгээний зардал 456,210 төгрөг, машины эвдрэл, машины засварын хөлс нийт 5.524.500 төгрөг, машин Улаанбаатар хот уруу ачуулахад гарсан зардал 816,500 төгрөг, шатахууны зардалд 1.032.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Ц.*****, иргэний нэхэмжлэгч Л.***** нарт олгож, иргэний нэхэмжлэгч Л.***** ажилгүй байсан хугацааны цалин, хохирогч Ц.***** ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
     
Шүүгдэгч М.*****ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэг нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх  үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.***** нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 1966 тоот тогтоолоор битүүмжлэгдсэн М.*****ын эзэмшлийн бүрэн бүтэн бол 8,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн, ослын дараах үнэлгээгээр эвдэрсэн эд анги болон ажлын хөлсний шууд зардал нь 4,975,000 төгрөг, шууд бус зардал нь 120,000 төгрөг, нийт 5,095,000 төгрөгөөр засварлагдах /засвартай/ Т/Приус маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөрт тооцуулахаар шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч ***** овогт *****н *****ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин нэг хүний бие махбодид хүнд, нэг хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар М.*****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн /нэг/ хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.*****ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасаныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар М.*****ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хорих ял оногдуулсныг өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.*****аас бусдад учруулсан хохиролд 12,522,285 төгрөг гаргуулж ****** тоотод оршин суух ******-д 4,692,575 төгрөг, мөн хаягт оршин суух ****** овогт ***** /РД:*****/-д 7,829,710 төгрөг тус тус олгосугай. 

6. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Баягалангийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 25,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ц.*****, нэхэмжлэгч Л.***** нар нь ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10, 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1966 тоот тогтоолоор битүүмжлэгдсэн М.*****ын эзэмшлийн бүрэн бүтэн бол 8.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн, ослын дараах үнэлгээгээр 5,095,000 төгрөгөөр засварлагдах *****маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөрт тооцуулахаар шилжүүлж, хураагдаж ирсэн ****** дугаартай жолоочийн үнэмлэхийг М.*****ад буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол М.*****ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
       10.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.*****ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           
                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ж.МӨНХТУЯА