Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2016/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0052/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Хохирогч Ц.А, 
Хохирогчийн өмгөөлөгч И.Атарбямба, Д.Цагаандарь, 
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* холбогдох 201509000734 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 11 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******, ****** төрсөн, эмэгтэй, **** настай, бүрэн бус дунд боловсролтой, ****** мэргэжилтэй, *****ийн хамт ****** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 
-****** аймаг дахь Сум дундын шүүхийн *******-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан. 

Шүүгдэгч *******  нь *******р багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ зах дээр 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим иргэн *****тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

Тодорхойлох нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт: 

-Шүүгдэгч *****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гуанзны хажуугаар явахдаа Ц.*****тай зөрсөн юм. Би тухайн үед инээчихсэн явж байсан. Гуанзны өмнө Ц.*****тай зөрөхдөө намайг инээснээс болж Ц.***** нулимсан юм уу?, ямар ч байсан Ц.***** над руу нулимсан. Би Ц.*****г ямар шалтгаанаас болж нулимсныг нь ойлгоогүй. Тэгээд цааш явж байтал Ц.***** над уруу чулуу шидсэн учир бид хоёр цагаан идээний лангууны тэнд очиж барьцалцаж авсан. Бид хоёр бие биенийгээ цамцаараа боосон, боолтоо ****** ч тавиагүй, би ч тавиагүй.
….Би гэрлэлтээ цуцлуулж чадаагүй, гэрлэлтийн баталгаагаа шатаачихсан болохоор архиваас лавлагаа авах боломж олдоогүй өдий хүрсэн. Бага хүү маань хөл нь хугарч, миний асаргаанд байгаа бөгөөд одоо хагалгаанд орох гэж байгаа. Би Ц.*****гаас зөндөө уучлалт гуйсан боловч хүлээж аваагүй бөгөөд “уучлах шаардлага байхгүй. Би шоронгийн хадаас болгоно, цусаар нь уйлуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь нэхэмжилж байгаа мөнгийг чинь өгье гэхэд авахгүй гэхээр нь шүүхээр шийдүүлье” гэж хэлсэн.
...бага насны хүүхэдтэй, өрх толгойлж амьдардаг зэргийг харгалзан үнэн зөвийг нь олж, хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэх мэдүүлэг,  
    
-Хохирогч *****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр Хүнсний захын орох хаалган дээр *****тэй таарсан. *****  намайг хараад амандаа юм хэлээд зөрөх хоорондоо миний хувцас, нүүр рүү нулимсан. Тэгээд олон хүний дунд өндөр дуугаар танхай балмад зан гаргаж над уруу дайрч миний энгэрээс заамдаж авах гэхэд нь би зугтаахыг оролдсон боловч ***** миний толгой руу цагаан цүнхээр хоёр удаа цохисон. Тэр үед миний толгой эргэж юу болсныг ч мэдээгүй бөгөөд  нэг харахад *****ийн цүнхний оосор нь миний толгойд байж байсан. Тэгээд **** намайг чирч явсаар байгаад ногоо, хүнс, жимс зардаг газар аваачиж байгаад намайг бүхэл биеэрээ дараад хөдөлгөөнгүй болгочихсон. Мөн цамцны захаар миний хоолойг боож амьсгалах аргагүй болсон, би гарыг нь түлхсэн боловч дийлээгүй. Миний нүдэнд миний таньдаг эмэгтэй харагдсан учир “надад туслаач, миний хоолой боогдоод байна, хамгаалагч дуудаад өгөөч” гэхэд 20 минутын дараа зах руу орж хамгаалагч дуудаж ирсэн. Тухайн үед миний баруун шанаан дээр хумсаараа урсныг ч мэдээгүй. Хамгаалагч ирж бид хоёрыг салгахад ***** баруун гараараа миний зүүн нүдний ухархай уруу хүчтэй цохисон учир цохилтын улмаас миний нүд бүрэлзсэн. 
...би *****ийг “чи яаж байгаа юм бэ?, би чамд ямар ч гэм хийгээгүй, цагдаа дуудна шүү” гэсэн чинь “цагдаа шүүхээр яваад юу ч олж долоохгүй, комиссын юм зардаг авгай” гэж басамжлан доромжилж миний нэр төрийг гутаасан. Тэгээд би цагдаад гомдол гаргаж өгсөн. 
...надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. **** байцаагч бид хоёрыг эвлэрүүлэх гэж оролдож байхад ****  намайг зодох гэж дайрсан.  Мөн “танай охиныг чинь мэднэ, охиныг чинь олж уулзана” гэж сэтгэл зүйн дарамт учруулсан. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 99165250 дугуураас над уруу залгаад “би өөрөө хараал хийдэг, чи нөхөртэйгээ явж байгаад осолд орж үхнэ, шүүх цагдаад танилтай” гэж намайг тайван бус байдалд оруулсан. 
...Миний эрүүл мэнд муудаж тодорхой хэмжээний эмчилгээ хийлгэсэн. Би энэ хүнээс айж байна. Намайг дахин зодохгүй гэсэн баталгаа байхгүй. 
...надад 52300 төгрөг өгсөн учир үлдэх хохирлоо нэхэмжилж байна. Хот руу нөхрийн хамт явсан боловч нөхрийн замын зардлыг нэхэмжлэхгүй.
...үнэн сэтгэлээсээ уучлалт гуйж байгаа нь харагдахгүй байна. Цаашид ч намайг заналхийлж, сэтгэл зүйн дарамт үзүүлэх, юу ч хийж болзошгүй гэж үзэж байгаа тул ялаа биеэр эдэлж гэм буруудаа гэмшиж хүмүүжих байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг,

-Сидиг хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хэргийн 12-13 дахь тал/, 

-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 14 дэх тал/,

-Гэрч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цаг 00 минутын үе байх гэж санагдаж байна. Би Шинэ захын хажуугийн хуучин сэлбэг зардаг хашаан дотор ажил дээрээ байж байхад манай эхнэр Алимаа хүрч ирээд “*****ийн эгч ******* намайг Шинэ зах дээр явж байхад намайг унагаагаад зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр рүүгээ харахад зүүн талын хацар хавдаж хөхөрсөн хөл нь чичирчихсэн үс нь сэгсийсэн байдалтай байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлээд цагдаа руу явсан. “ гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/, 

-Гэрч ******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дархан захын цагаан идээний тасгийн гаднах лангуун дээр айраг зарж байсан. Тэгсэн чинь хажуугаар хоёр эмэгтэй бие биенийхээ араас хөөцөлдөж байгаа байдалтай гүйгээд өнгөрсөн. Тэгээд лангууны хажууд бие биенийхээ цамцнаас зууралдчихсан хэрэлдээд байсан. Хэрэлдэж байх үед нь хамгаалагч салгаад аваад явсан.
...хэн хэнийгээ цохисоныг анзаараагүй, харин тоосго шиддэг хэн бэ? чи гээд хэрэлдэхийг сонссон. ” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,

-Гэрч ****** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Би 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагийн орчим Шинэ захын цагаан идээний тасгаас гараад ирсэн чинь хоёр эмэгтэй хүн ар араасаа хөөцөлдөөд лангууны хажуугаар гүйлдээд нэг нэгнийхээ цамцнаас зууралдаад хоорондоо хэрэлдээд байсан. 
...тэр хоёрыг хамгаалагч салгаад явж байгаа харагдсан. 
…хоорондоо хэрэлдээд байсан боловч юуны талаар маргалдсаныг нь сонирхоогүй. Тэр хоёр эмэгтэй бие биенийхээ цамцнаас зуурсан болохоос биш бие биенээ зодож байгаа юм харагдаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/, 

-Гэрч ******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Би 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчим Дархан захын ногооны лангуун дээрээс ногоо авахаар очсон. Тэгсэн чинь ногооны лангуун дээр ***** нэг эмэгтэйтэй бие биенээ заамдчихсан байсан. Тэгээд би тэр хоёрыг “боль” гэхэд тэр хоёр салж өгөхгүй байсан. Би тэр хоёрын доор унасан байсан мөнгө, тортой эд зүйлийг *****д авч өгсөн. Энэ үед хамгаалагч ирээд тэр хоёрыг салгаад аваад явсан. Тэгсэн чинь ***** тэр эмэгтэйг араас нь өшиглөж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/, 

-Гэрч ****** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дархан захын цагаан идээний тасгийн гаднах жимсний лангуун дээр жимс зарж байсан. Тэгсэн чинь хажуугаар хоёр эмэгтэй хүн бие биенийхээ араас хөөцөлдсөн байдалтай гүйгээд өнгөрсөн. Лангууны хажууд бие биенийхээ цамцнаас зууралдчихсан хэрэлдээд байсныг харсан, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Ямар ч байсан лангууны урд талаар гүйгээд өнгөрсөн, зодолдож байхыг хараагүй.” гэх мэдүүлэг хэргийн /22 дахь тал/,

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 23 дахь тал/,

-“Ц.*****гийн биед зовхи, бугалганд цус хуралт, хацар, хүзүүнд зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын  тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1180 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 25 дахь тал/,

-Эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтууд /хэргийн 35-39, 103-108 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42 дахь тал/, 
-2007 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 43 дахь тал/, 

-“*****ийн биед 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бугалга, хүзүүний баруун хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *****ийн биед үзлэг хийж гаргасан 2015.09.30-ны өдрийн 1180 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 84-85 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  ***** нь 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим ***** багийн нутаг дэвсгэрт байрлах шинэ зах дээр иргэн *****тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар бие махбодид нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бугалга, хүзүүний баруун хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт зэрэг гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Т*****ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…манай эхнэр **** хүрч ирээд “*****ийн эгч ***** намайг Шинэ зах дээр явж байхад намайг унагаагаад зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр рүүгээ харахад зүүн талын хацар хавдаж хөхөрсөн хөл нь чичирчихсэн үс нь сэгсийсэн байдалтай байсан.“ гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/, гэрч *****ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…хажуугаар хоёр эмэгтэй бие биенийхээ араас хөөцөлдөж байгаа байдалтай гүйгээд өнгөрсөн. Тэгээд лангууны хажууд бие биенийхээ цамцнаас зууралдчихсан хэрэлдээд байсан. ...хэн хэнийгээ цохисоныг анзаараагүй, харин тоосго шиддэг хэн бэ? чи гээд хэрэлдэхийг сонссон. ” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/, гэрч ***** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…тэр хоёр эмэгтэй бие биенийхээ цамцнаас зуурсан болохоос биш бие биенээ зодож байгаа юм харагдаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/, гэрч *****ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…ногооны лангуун дээр ****нэг эмэгтэйтэй бие биенээ заамдчихсан байсан. Тэгээд би тэр хоёрыг “боль” гэхэд тэр хоёр салж өгөхгүй байсан. Би тэр хоёрын доор унасан байсан мөнгө, тортой эд зүйлийг *****д авч өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/, гэрч **** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…хажуугаар хоёр эмэгтэй хүн бие биенийхээ араас хөөцөлдсөн байдалтай гүйгээд өнгөрсөн. Лангууны хажууд бие биенийхээ цамцнаас зууралдчихсан хэрэлдээд байсныг харсан.” гэх мэдүүлэг хэргийн /22 дахь тал/, “*****ийн биед 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бугалга, хүзүүний баруун хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл учирчээ.” гэх 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 84-85 дахь тал/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч *****ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Хохирогч Ц.***** нь гэмт хэргийн улмаас биедээ хөнгөн гэмтэл авч, тодорхой хэмжээний эмчилгээ хийлгэсэн бөгөөд энэ талаар ирүүлсэн баримтуудыг /хэргийн 35-39, 103-108 дахь тал/ судалж үзэхэд “Бид” эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 15000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 3000 төгрөг, эм тариа авсан 22300+13600 төгрөг /нийт 35900 төгрөг/ толгойны ст 80000 төгрөг,  вагоны тасалбар 21050 төгрөг, автобусны тасалбар 10000 төгрөг, нийт 164950 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Оюунгэрэл хариуцан төлөх үндэстэй байна. 

Харин хоолны үнэ, хот дотор явсан замын зардал зэрэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ***** нь урьд **** онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-тзааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
 Шүүгдэгч ***** нь 2 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг, 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү *****ын хөл нь хугарч, гэрийн асаргаанд байгаа болох нь ***** багийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2353 дугаартай тодорхойлолтоор /хэргийн 66-а/ нотлогдож байна.

Мөн хүү *****ын төрсөн эцэг *****той гэрлэлтийн баталгаатай албан ёсны гэр бүл болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хэргийн 115 дахь тал/ нотлогдож байгаа боловч бодит амьдрал дээр нөхөр *****оос тусдаа амьдардаг болох нь Дархан сумын 3 дугаар багийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2353 дугаартай тодорхойлолт /хэргийн 66-а/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдлоо.

Шүүгдэгч ***** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрийн зарим хэсгийг сайн дураар төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55 дугаар зүйлийн 55.1.2, 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчид баривчлах ял оногдуулах санал гаргаж байгаа боловч “Хүүхдийн эрхийн тухай конвенци”-ийн 7 дугаар зүйлийн 1-т “хүүхэд эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.”, мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхтэй” гэж заасан, мөн 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү *****ын эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Оюунгэрэлийг нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ****** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч *****д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1920000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-т зааснаар шүүгдэгч ****ээс 112650 /нэг зуун арван хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж, хохирогч *****тоотод оршин суух Ц.*****д олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй си ди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
    
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ****** анхааруулсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******д бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Я.ТУУЛ