Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/915

 

 

 

 

 

 

    2023          11           29                                    2023/ШЦТ/915  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг                

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,  

шүүгдэгч А.*******,

хохирогч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт*******ын *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, "*******" гэх газарт хүргэлтийн ажил хийдэг, ам бүл 3, эмээ, үеэл дүүгийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* хотхон 44-6/100 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Аръяахан овогт*******ын ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овооны уулзвар орчим явж байхдаа С.*******тэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газар 2 гараараа ээлжлэн цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* “...Миний бие хохирогчийг огт танихгүй бөгөөд тухайн үед би ногоон гэрлээр зам гарч байсан. Хохирогч дайрах нь шахуу улаан гэрлээр явсан. Би хажуугаар өнгөрөх явцдаа аятайхан яваач гэхэд өөдөөс харааж танхайрсан. Өөрөө болон өрөөлийн аюул байдалд заналхийлсэн үйлдэл гаргасан өөдөөс танхайрсан, хувиа хичээсэн бэртэгчин занд нь ухаан дутсан. Уур хүрсэн очиж мангасдсан, өөдөөс заамдаж заамдалдсан 19-20 минутын хугацаанд миний бие зодоон болбол нэг нь шоронд нөгөө нь шороонд булуулах хор уршигтай гэж тайлбарлаж хэлсэн. Тэгж хэлсний дараа миний толгой машиных нь дээр гарсан болиулах зорилгоор цохисон нь үнэн харамсаж байна. Гэрчийн мэдүүлэг өгсөн гэрчийн хувьд тухайн хэрэг болсноос дараа утсаар дуудагдаж ирсэн боловч санамсаргүй байдлаар таарсан хүн мэдүүлсэн. Хохирогчийн мэдүүлгээр бол би зүгээр явж байхад нь араас нь дуудаад п”р дуудаад алаад шоронд орно гэдэг байдлаар зодсон гэдэг. Би п гэдэг  хараалыг амьдралдаа хэлж үзээгүй. Шорон шороо гэдэг үгийг сая тайлбарлаж хэллээ. Би худал хуурмаг хэлсэн үгэндээ эзэн болж чаддаггүй хүмүүсийг гайхаж байна. Миний бие сэтгэл хөдлөлөө барилгүй цохисондоо харамсаж байна. Хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна хуулийн дагуу хариуцлага хүлээхэд харамсахгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.******* “...Би гандан талаасаа доошоо гэсрийн уулзвар орж байхад зам тавьж өгөөд баруун эргэж болно гэсэн замын хөдөлгөөний дүрэмтэй. Би бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй зам тавьж өгсөн. Би 2004 оны жолооч 20 жил тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байна. Унадаг дугуйтай энэ хүүхэд явж байсан, би саад учруулахгүй дуу дохио өгч цочоогоогүй, баруун эргээд хөдөлгөөнд оролцоод явж байсан. Дулаахан өдөр цонх онгорхой байсан, жолооч талаар орж ирээд пизда чинь яаж яваад байгаа юм бэ гээд ороод ирсэн. Миний хүүхэд шиг хүүхэд гараад ирэхээр нь бацаан чинь юу гээд байна аа гэсэн чинь дугуйгаа машины урдуур тавьж орж ирээд алхаад цонхоор орж ирээд өөрийгөө хамгаалах боломжгүй шууд цохисон.  Би барилгын засвар үйлчилгээний компанийн засвар хийдэг. Тухайн үед би ШЕЗ дээр ажил гүйцэтгэх гээд явж байсан. Би хойноос ирсэн хүүхдүүдэд багажаа шилжүүлж өгөөд, ямар үйлдэл хийснээ мэдэхгүй байна. Буугаад тайлбарлах гэсэн чинь чамайг шороонд доогуур хийгээд би шоронд орно гэсэн. Манай ажлын дүү яаж харьцаад байгаа юм бэ гэсэн чинь чи дуугүй бай гөлөг минь гэсэн. Ямар ч үг хэлүүлэхгүй байсан. Эмчилгээний зардалд хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.ийн өгсөн: “...Би барилгын гадна пасад үйлчилгээ хийдэг байгууллага ажиллуулдаг. Манайх Шүүхийн ерөнхий зөвлөлийн гадна пасадны ажлыг хийж байгаа, би тийшээ өөрийн эзэмшлийн УЕМ улсын дугаартай Тоёота Румион маркийн хүрэн бор өнгийн машинтайгаа 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 14:00 цаг өнгөрөөгөөд явж байсан. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тасганы овооноос уруудаад уулзвараар Гэсэр сүм тал руу эргэтэл нэг дугуйтай хүүхэд писда минь чи яагаад байгаа юм гэсэн. Миний хүүхэд шиг хүн намайг хараасан болохоор би чи юу гээд байнаа гэж хэлсэн. Тэгтэл миний машины урд талаар дугуйгаа хөндлөн тавиад би чамайг алаад шороонд оруулаад, өөрөө шоронд орчихъё гээд намайг заамдаж аваад хоёр гараараа ээлжлээд миний толгой, дух орчимоор 10 гаруй удаа цохисон байх. Би болио миний дүү гээд гуйгаад байхад болиогүй. Зам дагуу явж байсан хоёр хүн ирж салгасан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,,

 

мөрдөн байцаалтад гэрч Ц.ын өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө гэрээсээ 07 цаг өнгөрөөж гараад Цамбад нэг барилгын ажил хийж байснаа дуусгаад 14 цаг өнгөрөөгөөд дараагийн ажил руугаа буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гадна пасадны ажил хийхээр өөрийн УАХ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тасганы овооны замаар Гэсэр сүм рүү уруудаад явж байсан. Тэгсэн зам дээр цагдаа ирсэн, нэг дугуйтай хүүхэд, бас манай ажлын захирал ******* ах өөрийн УЕМ улсын дугаартай Тоёота Румион маркийн хүрэн бор өнгийн машинтайгаа байсан. Би юу болсон талаар асуухаар буухад ******* ах машиныхаа дэргэд нүүр нь цус болсон уулзвар, дээр энэ хүүхэдтэй муудалцаад зодуулчихлаа гэж байсан. Би яг муудалцахад нь дэргэд нь байгаагүй. Нөгөө хүүхэд нь ил харагдах гэмтэл шархгүй, чамайг алчихаад би шоронд орчихъё гээд ******* ах руу орилоод зогсож байсан. Би тэр хүүхдийг чи чимээгүй бай гэж хэлсэн. Тэгэхэд чи юу юм гээд орилоод байсан. Тэгээд цагдаа нар тэр хоёрыг авч яваад би ******* ахын машинаас ажлын багажийг авч үлдээд ажилдаа явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

 

- хохирлын баримтууд /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.С.*******ийн биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт, хамар, хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            -  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,            

            -  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

            - нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

            - үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овооны уулзвар орчим явж байхдаа С.*******тэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газар 2 гараараа ээлжлэн цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овооны уулзвар орчим явж байхдаа С.*******тэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газар 2 гараараа ээлжлэн цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч С.*******ийн өгсөн: “...өөрийн эзэмшлийн УЕМ улсын дугаартай Тоёота Румион маркийн хүрэн бор өнгийн машинтайгаа 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 14:00 цаг өнгөрөөгөөд явж байсан. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тасганы овооноос уруудаад уулзвараар Гэсэр сүм тал руу эргэтэл нэг дугуйтай хүүхэд писда минь чи яагаад байгаа юм гэсэн. Миний хүүхэд шиг хүн намайг хараасан болохоор би чи юу гээд байнаа гэж хэлсэн. Тэгтэл миний машины урд талаар дугуйгаа хөндлөн тавиад би чамайг алаад шороонд оруулаад, өөрөө шоронд орчихъё гээд намайг заамдаж аваад хоёр гараараа ээлжлээд миний толгой, дух орчимоор 10 гаруй удаа цохисон байх. Би болио миний дүү гээд гуйгаад байхад болиогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

 

гэрч Ц.ын өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө гэрээсээ 07 цаг өнгөрөөж гараад Цамбад нэг барилгын ажил хийж байснаа дуусгаад 14 цаг өнгөрөөгөөд дараагийн ажил руугаа буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гадна пасадны ажил хийхээр өөрийн УАХ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тасганы овооны замаар Гэсэр сүм рүү уруудаад явж байсан. Тэгсэн зам дээр цагдаа ирсэн, нэг дугуйтай хүүхэд, бас манай ажлын захирал ******* ах өөрийн УЕМ улсын дугаартай Тоёота Румион маркийн хүрэн бор өнгийн машинтайгаа байсан. Би юу болсон талаар асуухаар буухад ******* ах машиныхаа дэргэд нүүр нь цус болсон уулзвар, дээр энэ хүүхэдтэй муудалцаад зодуулчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.С.*******ийн биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт, хамар, хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.******* нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч С.*******ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан гэмт үйлдэл хийсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч С.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч С.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 485,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч дээрх хохирлыг төлж барагдуулаагүй тул гаргуулж шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг,

шүүгдэгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт*******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч С.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.*******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ