Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1098

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/00563 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 188 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Сарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б- миний бие Б.Б-д 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3 900 000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй, 100 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Гэтэл хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө өгөөгүй бөгөөд, утсаар яриад мөнгөө өгнө гэсээр өгөлгүй өөрийн ажиллуулж байсан лангуугаа орхиж явсан байдаг. Иймд Б.Б-гаас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 1 459 000 төгрөг, зээлийн гэрээнд тусгагдсан 0.5 хувийн алданги /1 өдөр 7 290 төгрөг/, нийт 2 188 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Б.Б- Хаан банкаар 2 021 000 төгрөгийг Т.Ууганцэцэгийн дансаар, Төрийн банкаар 240 000 төгрөгийг Ш.Сарантуяагийн дансаар, Ш.Б-д 100 000 төгрөг бэлнээр, 45 000 төгрөгийг лангуун дээр нь очиход надад бэлнээр өгсөн. Бараа бол огт авч байгаагүй. Харин 35 000 төгрөгийг АТМашинаар хийсэн гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б- мөнгө хүүлэгч нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн талаар нийт 2 188 500 төгрөгийг нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрөхгүй. Уг зээл нь н.Ууганцэцэг, н.Сарантуяа нарын Төрийн банк, Хаан банкны дансаар бүрэн төлөгдсөн. Уг зээл нь 100 хоног, өдрийн 39 000 төгрөгөөр төлсөн нь банкны дансны хуулгаар бодитоор харагдана. Би тухайн зээлийг зээлж аваад, энэ 2 хүний дансанд 3 900 000 төгрөг болгон хүүтэй нь бүрэн төлж барагдуулсан учраас дараагийн зээлээ авдаг байсан. Хэрэв тухайн зээл нь дутуу бол дараагийн зээлээс хасч, урдны өр төлбөрийг дуусган дахин гэрээ хийж зээлээ авдаг байсан. Иймд би энэхүү зээлээс хойш хэд хэдэн удаа зээл авч, бүгдийг нь бүрэн төлж барагдуулсан. Би энэхүү зээлийг ихэд гайхаж, Ш.Б-г мөнгө нэхэх аргаа олж ядаж, шунахай сувдаг сэтгэл гаргаж байгаа нь илт харагдаж байна. Би энэ зээлийн дараа 2014 онд хүртэл хэд хэдэн удаа зээл авч, бүгдийг нь өндөр 10 хувийн хүүтэй төлсөн. Би бөөрний хүнд өвчтэй, аппаратанд орж амьдардаг тул төлбөрийг төлөх чадваргүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 2 062 500  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 126 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б- давж заалдах гомдолдоо: “...Миний бие Ш.Б-гаас 2 жил орчим хугацаанд 10 хувийн өндөр хүүтэй мөнгө зээлж авч байсан. Сүүлийн зээлийг авч төлж дуусгаагүй байтал миний бие муудаж, бөөрний дутагдалд орж хэвтэрт орсон. Ш.Б-д Хаан банкаар 2 021 000 төгрөг, Төрийн банкаар 240 000 төгрөг, бэлнээр 180 000 төгрөг, нийт 2 420 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 580 000 төгрөгийг төлөөд дуусгах бодолтой байна” гэжээ.

ХЯНАВАЛ

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 188 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нь 3 900 000 төгрөгийг 100 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан дээрх зээлийн гэрээ, Хаан банкны депозит дансны хуулга, орлогын мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдсон, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх 4, 18-45, 54-55/

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Ш.Б- нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.

            Хариуцагч Б.Б- нь зээлийн гэрээний дагуу авсан зээлээ хүүгийн хамт буцааж төлсөн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулга, орлогын мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч Б.Б- нь зээлийн гэрээний үүрэгт 2 597 460 төгрөг, мөн 180 000 төгрөгийг хариуцагчаас бэлнээр авсан гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул нийт 2 777 460 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх 18-45/

 

            2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 3 900 000 төгрөгөөс 2 777 460 төгрөгийг хасч гүйцэтгээгүй үүрэг 1 122 540 төгрөг, алданги 561 270 төгрөг байх боловч талууд зээлийн хүүг 10 хувиар тохиролцсон нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар багасгаж 280 635 төгрөгөөр алдангийг тооцох нь зүйтэй гэж үзлээ. Иймд хариуцагч Б.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 1 122 540 төгрөг, алдангид 280 635 төгрөг, нийт 1 403 175 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгох өөрчлөлт оруулав.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/00563 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-гаас 1 403 175 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 785 325 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...47 950 төгрөг...” гэснийг “...37 401 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй..                   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Б-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 670 төгрөгийг буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                            ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН