| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 183/2020/01240/И |
| Дугаар | 001/ХТ2022/00882 |
| Огноо | 2022-09-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2022/00882
|
2022 09 29 001/ХТ2022/00882 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01767 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1832 дугаар магадлалтай “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М, С нарт холбогдох Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, хариуцагч М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч М, С нарт холбогдуулан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01767 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8-д заасныг баримтлан хариуцагч С , М нарт холбогдох Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэг 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1832 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01767 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1767 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.26-ны өдрийн 1832 дугаар магадлал нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, үйл явдалд буруу дүгнэлт хийж, илтэд нэг талыг барьсан, хууль бус шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрөн нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох 2016.12.20-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ” талуудын гаргасан тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн “Х ” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэгт үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 4.1. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээгээр “Х ” ХХК-ийн 70 хувийн хувьцааг С , М нарт шилжүүлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, улмаар худалдах, худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэжээ. Гэвч талуудын хооронд 2016.12.20-ны өдөр бичгээр байгуулагдсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээгээр талууд харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйл буюу гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ”. мөн тус хуулийн 195.3-т “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ..” гэж зохицуулсны дагуу гэрээний шууд утгыг ойлгон гарын үсэг зуран энэхүү ажиллагаа хийгдсэн гэх үндэслэлтэй байна. Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байгаа болно. Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлд гэрээ байгуулсанд тооцох зохицуулалтыг тусгасан бөгөөд тус хуулийн 196.1.1 “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр”.., мөн тус хуулийн 196.1.2 “ Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэж зохицуулсан бөгөөд С , М нарын хувьд компанийн гүйцэтгэх удирдлагыг шилжүүлэн авсан, мөн “Х ” ХХК-ийн хөрөнгө буюу дагалдах тоног төхөөрөмж, программ хангамж зэргийг шилжүүлэн хүлээн авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогддог. 4.2. Давж заалдах шатны шүүхээс талууд бодитоор хувьцаа худалдах, худалдан авах хүсэл зоригийг илэрхийлээгүй бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болоогүй байх тул хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүх хэргийн үйл баримт буюу Хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр “Б” ХХК нь өөрийн эзэмшлийн 70 хувийн хувьцааг нийт 450,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсоныг дүгнэсэн боловч энэхүү гэрээний төлөгдсөн төлбөр буюу 150,000,000 төгрөг төлөгдөж ногдох ажлыг хийж гүйцэтгэсэн асуудлыг огт дүгнэсэнгүй. Учир нь Хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулагдсанаас хойш 7 хоногийн дотор гэрээний 3.2.2 заасан ажлыг хариуцагч нар нь гэрээний төлбөрийн тодорхой хэсэгт программ хангамжийн ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд энэхүү ажлыг хийж гүйцэтгэн гэрээний төлбөрөөсөө 150,000,000 төгрөгийг хасч барагдуулсан. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэснээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэж гэрээ хүчин төгөлдөр болох зохицуулалтыг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зохицуулсан байдаг бөгөөд заавал Компанийн тухай хуульд заасан журмыг баримтлах шаардлагагүй юм. 4.3. 2016.12.20-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээгээр компанийн гүйцэтгэх удирдлага болон компанийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, өдөр тутмын үйл ажиллагаа, төлбөр тооцоо, цалин урамшуулал, татвар нийгмийн даатгал зэрэг бүхий асуудлыг С , М нар хариуцаж байгаа бөгөөд “Б” ХХК-ийг төлөөлж А.Амундрагийн хийсэн хэлцэл нь энэхүү гэрээний дагуу үр дагавар үүсгэсэн болох нь тодорхой харагддаг. Өнөөдрийн байдлаар “Х ” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн дүрмийн сангаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай боловч өөрийн эзэмшлийн 70 хувийн хувьцаагаа “Б” ХХК нь хэдэн төгрөгөөр үнэлж зарах нь нэхэмжлэгч нарын өөрийн эрхийн асуудал юм. “Б” ХХК болон “Монгол масс Медиа” ХХК нь хамаарал бүхий компаниуд бөгөөд хариуцагч С , М нарын хүсэлтийн дагуу тус компанид нь 450,000,000 орчим төгрөгийн техник технологи, программ хангамж, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг бөгөөд үүнийг хариуцагч тал нь хүлээн зөвшөөрдөг. Мөн хариуцагч нарын зүгээс тухайн компанийн хувьцааг буцаан авах санал гаргасан бөгөөд саналыг хүлээн зөвшөөрч тухайн тухайн гэрээг байгуулж төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд 70 хувийн хувьцааг шилжүүлэхээр харилцан тохиролцсон болно. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс энэ бүхнийг анхааралгүй, хэрэгт бодит дүгнэлт хийлгүй хийсвэр хандаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 01767 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1832 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: 5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. 6. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч С , М нарт холбогдуулан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэг 300,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 7. Нэхэмжлэгч нь “...2016.10.24-ний өдөр хариуцагч нартай байгуулсан гэрээний дагуу “Б” ХХК нь “Х ” ХХК-ийн 70 хувийн өөрийн эзэмшлийн хувьцааг Мт 34 хувь, С д 36 хувийг шилжүүлж, хувьцааны үнийн дүнгийн 300,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд мөнгөөр, 150,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгэх хэлбэрээр төлөхөөр тохиролцсон, 2016.12.20-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийн удирдлагыг С д шилжүүлэн өгсөн, ... худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 300,000,000 төгрөгийг гаргуулна” гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласныг хариуцагч нар эс зөвшөөрч, “...”Х ” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулсан, улмаар ”М ” ХХК тус компанийн 33 хувийн хувьцааг авсан, ...энэ компанийн толгой компани “Б” ХХК ”Х ” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болсон, ...оруулсан хөрөнгөө буцаан шаардах боломжгүй, үйл ажиллагаанд зарцуулагдсан, ... худалдах-худалдан авах гэрээний дагуу хувьцаа шилжээгүй, ...гэрээ хүчингүй, ...эрх бүхий этгээд хийгээгүй...” гэж татгалзжээ. 8. Анхан шатны шүүх зохигчдын хооронд хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй гэж дүгнэн, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна. 9. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч М нь “Х ” ХХК-ийг 2014.02.05-ны өдөр үүсгэн байгуулж, нэг бүр нь 1.000 төгрөгөөр үнэлэгдэх 100 ширхэг хувьцаатай, компанийн хувьцааг 100 хувь дангаар эзэмшихээр, тэрээр 2014.02.12-ны өдөр С д нэг ширхэг нь 10.000 төгрөгийн үнэ бүхий 49 ширхэг хувьцааг худалдаж, хоёр гишүүнтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлжээ. 2014.10.08-ны өдрийн гэрээгээр “Х ” ХХК-ийн 49 хувийг эзэмшигч С 16 хувь, 51 хувийг эзэмшигч М 17 хувь, нийт 33 хувь эзэмших хувьцааг “М ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд “М ” ХХК нь 2016.03.31-ний өдрийн “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-гээр өөрийн эзэмших хувьцааны 33 хувийг “Б” ХХК-д худалдаж, 2016.04.12-ны өдөр С өөрийн эзэмшлийн хувьцааны 18 хувийг, М өөрийн эзэмшлийн хувьцаанаас 19 хувийг тус тус “Б” ХХК-д шилжүүлснээр нэхэмжлэгч компани нь “Х ” ХХК-ийн нийт хувьцааны 70 хувийн хувьцаа эзэмшигч болсон байна. 10. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2016.12.20-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-гээр “Б” ХХК нь “Х ” ХХК-ийн 70 хувийг хувьцааг 450,000,000 төгрөгөөр С , М нарын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нар гэрээний үнийн 150,000,000 төгрөгт ногдох хэмжээнд ажил гүйцэтгэх, үлдэх 300,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш 1 жилийн хугацаанд “Б” ХХК-д төлөх, мөн өдөр байгуулагдсан “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-гээр компанийн эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгө шилжүүлэх, гэрээний хугацаа, бусад харилцааг зохицуулахаар тус тус харилцан тохиролцсон байх бөгөөд 450,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нарын хүсэлтээр тус компанид хөрөнгө оруулалт хийсэн гэж, харин хариуцагч нар хөрөнгө оруулалт байсан, үйл ажиллагаанд зарцуулсан гэж тус тус тайлбар гаргасан. 11. Компанийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.2-т зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, компанийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанаас хамаарах бөгөөд компани алдагдалтай ажилласан тохиолдолд нэг хувьцаа эзэмшигч нь нөгөө хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулалт хэлбэрээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй юм. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ. 12. Анхан болон давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь компанид оруулсан хөрөнгийг буцаан шаардах агуулгаар нэхэмжлэлийг тодорхойлсон буюу 2016.12.20-ны өдөр байгуулагдсан гэрээнд заасан мөнгөн төлбөрийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө оруулалт гэж үзэн, хувьцаа худалдах-худалдан авах хүсэл зоригийг талууд бодитоор илэрхийлээгүй, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болоогүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа худалдах-худалдан авах гэрээг байгуулагдаагүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй” гэж дүгнэхдээ маргааны үйл баримтад хуулийг зөв хэрэглэсэн байна. 13. Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, гэрээний үүрэг үүсэх үндэслэл болох хэлцлийн хүсэл зоригийн илэрхийллийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01767 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1832 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 1,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ П.ЗОЛЗАЯА Д.ЦОЛМОН Х.ЭРДЭНЭСУВД |