| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0587/З |
| Дугаар | 221/МА2026/0486 |
| Огноо | 2026-07-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2026/0486
2026 07 08 221/МА2026/0486
“Н” ХХК-ийнХ
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Х.О
Гомдол гаргагч: “Н” ХХК
Хариуцагч: Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч
Гомдлын шаардлага: “Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 375 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0587/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Н” ХХК нь Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан “Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2 дугаар зүйл, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь хэсгийн тус тус баримтлан ”Н” ХХК-ийн гомдолтой Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагчид холбогдох Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд хангаж, хариуцагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. Анхан шатны шүүх маргааны зүйлийн шинж чанарыг буруу тодорхойлж, зөрчлийн үйлдэл болон иргэний эрх зүйн харилцааг буруу зааглаж дүгнэсэн тухайд:
Анхан шатны шүүх хариуцагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг хянахдаа маргааны зүйлийн шинж чанарыг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Учир нь иргэний эрх зүйн маргаан болон Зөрчлийн тухай хуулиар хүлээлгэх хариуцлага нь тусдаа, бие даасан эрх зүйн харилцаа байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн 14 дүгээр хуудсанд “нэхэмжлэгч болон иргэн Т.Б нарын хоорондын иргэний хэргийг маргаан эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө гомдол гаргагчийг зөрчилд буруутгах боломжгүй юм” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй
“Н” нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8,12.9 дэх хэсэг, Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.1-д заасныг зөрчиж, олон нийтэд худал мэдээлэл агуулсан сурталчилгаа түгээж, төөрөгдүүлсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, тус хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр торгууль ногдуулах бие даасан зөрчлийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байна.
Иргэд хоорондын үл хөдлөх эд хөрөнгийн маргаан нь хэрэглэгчийг хууран мэхлэх төөрөгдүүлэх үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
3.2. Тусгай зөвшөөрлийн агуулгыг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:
Шүүхийн шийдвэрийн 15, 16, 17 дугаар хуудсанд нэхэмжлэгчийг ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй тул олон улсын хөтөлбөрийн зар сурталчилгаа явуулсныг хууль ёсны мэтээр дүгнэжээ.
Гэтэл Зөвшөөрлийн тухай хууль болон Боловсролын тухай хуулиар ерөнхий боловсролын сургалт эрхлэх зөвшөөрөл нь олон улсын болон мэргэжлийн техникийн боловсролын хөтөлбөр (Хятад, Сингапурын олон улсын хөтөлбөр, мэдээллийн технологийн мэргэжлийн суурь хөтөлбөр) хэрэгжүүлэх эрхийг шууд олгодоггүй бөгөөд Боловсролын яамнаас тусад нь зөвшөөрөл авахыг шаардсан байдаг.
3.3. Зөрчлийн хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухайд:
Шүүхийн шийдвэрийн 18, 19, 20 дугаар хуудсанд хариуцагчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын эрхийг хангаагүй гэж буруутгасан байна. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хариуцагчийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох этгээдүүдийг хууль ёсны дагуу харилцаа, холбооны хэрэгслээр удаа дараа дуудсан байдаг боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар мэдүүлэг өгөөгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт ирээгүй нь зөрчил шалган шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд үүнийг “хууль ёсны эрхийг нь хязгаарласан, процессын алдаа” мэтээр дүгнэсэн нь хууль бус юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Гомдол гаргагч “Н” ХХК-иас Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан “Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд гомдлын шаардлагын үндэслэлээ “...Смарт сургуулийн зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль зөрчсөн, бусдыг хууран мэхэлсэн үйлдэл, үйл ажиллагааг явуулж байгаагүй бөгөөд худалдан авахаар тохиролцсон үл хөдлөх хөрөнгийн байршил буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А тоот хаяг дээр бүртгэл хийлгэх тухай хүсэлтийг 2023 оны 06 дугаар сарын 27, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд Нийслэлийн боловсролын газарт хүргүүлж байсан боловч хаягийн бүртгэл хийхэд шаардлагатай зарим нэг баримт дутуу үндэслэлээр бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн бөгөөд тухайн дутуу гэх баримтуудыг барилгын өмчлөгчөөс гаргаж өгөхгүй, барилгыг өөр этгээдэд давхар худалдсан зэрэг асуудлаас болж талуудын хооронд маргаан үүсч цагдаа, шүүхийн байгууллагад хянагдаж байгаа болно ... Нийслэлийн боловсролын газрын хяналтын улсын байцаагч Б.Б-оос 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03-13-00-023/105 дугаар албан шаардлага ирүүлснийг бид 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад холбогдох тайлбар, хариуг зохих журмын дагуу хүргүүлж байсан ба тухайн шаардлагад дурдсан эрх зүйн маргаантай объектод сургалтын үйл ажиллагаа эрхлэхээр элсэлт авч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд хохирохоос урьдчилан сэргийлж, 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн элсэлтийг тодорхой хугацаанд авахгүй байх гэсэн шаардлагыг биелүүлж, шаардлага ирүүлснээс хойш нэг ч хүүхэд нэмж элсүүлээгүй ... эрх бүхий албан тушаалтан хяналт шалгалт хийхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, гэм буруутай эсэх асуудалд бүх талаас нь бүрэн гүйцэт, бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хяналт шалгалтыг бүрэн гүйцэт явуулалгүй, шалгуулагч этгээдийг зөвхөн буруутгах байр сууринаас хандсан” гэж,
3. Хариуцагчаас “...нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Б төвийн 1, 2 дугаар давхар хаяг байршилд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч зөвшөөрөлгүй хаяг байршилд буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А тоот хаягтай объектод сургалтын үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд тухайн байршилд шинээр болон нэмэлт элсэлт авч байгаа талаар өөрийн Sm цахим хуудсаар сурталчилгаа явуулж байсан ... тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр өөрийн албан ёсны цахим хуудсаар мэдээлэл сурталчилгаа байршуулах замаар олон нийтэд хүргэж, бусдыг хууран мэхлэх, төөрөгдүүлэх үйлдэл гаргасан ... Уг зөрчилд заавал бодит хохирол учирсан байхыг шаардахгүй. Бодит бус мэдээлэл гэдэгт тус сургуулийн өөрийн албан ёсны цахим хуудсаар манай сургууль нь Яармагтаа хамгийн олон гадаад хэлний хөтөлбөр хэрэгжүүлдэг, Хятад хэл дээрх мэргэжлийн суурь хөтөлбөр хэрэгжүүлдэг, Сингапурын Олон Улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг, мэдээлэл технологийн мэргэжлийн суурь хөтөлбөр хэрэгжүүлдэг Олон Улсын сургууль, өөрийн гэсэн байртай гэх агуулгатай зар сурталчилгаа явуулсан нь хамаарна ... Гомдол гаргагч сургуулийг торгосон зөрчил бол хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа явуулж элсэлтийн төлбөр авсан, мөн олон улсын хөтөлбөр буюу мэргэжлийн суурь хөтөлбөрийг тусгай зөвшөөрөлгүйгээр хэрэглэсэн гэж үзсэн. Сурагчдыг хохирохоос сэргийлж салбарын улсын байцаагч нар удаа дараа албан шаардлагыг хүргүүлсэн байдаг” гэж тус тус тайлбарлан маргасан.
4. Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.1. Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна”, 6.5-д “Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно:”, 6.5.1-д “зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах;” Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно”, 12.9-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно”, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-т “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.
4.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гомдол гаргагч “Н” ХХК нь элсэлтийн үйл ажиллагааг зогсоосон байхад эцэг эхэд буруу мэдээлэл өгч, хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар элсэлт болон сургалтын төлбөр авсан, эрх зүйн маргаантай байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийслэлийн Боловсролын газарт хаягийн бүртгэл хийлгээгүй атлаа өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг мэтээр зар сурталчилгаа явуулсан болох нь гомдол гаргагчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “... 2024 оны сүүл 2025 оны эхэн үеийн сургуулийн арилжааны банкны харилцах дансны гүйлгээг сайн харсан бол хэдий тодорхой хэмжээний мөнгөн гүйлгээ орж ирсэн ч гэсэн эдгээрийг буцаасан байгааг хариуцагч анхаараагүй” гэсэн тайлбар болон зөрчлийн хэрэгт авагдсан хэргийн үзлэг хийх үеийн гэрэл зургууд, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул хариуцагчаас дээрх үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заасантай нийцжээ.
4.3. Энэхүү хэргийн тухайд нийслэлийн Боловсролын газрын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” 03-13-00-023/105 дугаар албан шаардлагын 2 дахь заалтаар эрх зүйн маргаантай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А тоот хаягт байршилтай объектод сургалтын үйл ажиллагаа эрхлэхээр элсэлт авч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд хохирохоос урьдчилан сэргийлж, 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн элсэлтийг тодорхой хугацаанд авахгүй байхыг мэдэгдсэн байхад гомдол гаргагч “Н” ХХК нь дээрх нөхцөл байдлыг нуун дарагдуулж эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад буруу мэдээлэл өгч, төөрөгдүүлэх замаар тухайн жилд шинэ элсэгч авч, суудал баталгаажуулалт хийсэн болох нь үзлэг хийсэн тэмдэглэл, зураг болон арилжааны банкны дансны хуулгаар тогтоогдсон ба энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасныг зөрчжээ.
4.4. Өөрөөр хэлбэл, боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэгч “Н” ХХК нь хэрэглэгчийг төөрөгдүүлсэн шинжтэй зар мэдээлэл түгээж, улмаар уг зар мэдээллийн дагуу элсэлт авч, суудал баталгаажуулалтын төлбөр авсан нь дээрх хуульд заасан ажил, үйлчилгээг хууран мэхлэх эсхүл төөрөгдүүлэх замаар худалдсан зөрчилд хамаарч байх төдийгүй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн энэ тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан шилжүүлсэн эсхүл бусдад хохирол учирсан эсэхээс үл хамааран зөрчил үйлдсэнийг нотлох баримт нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч “Н” ХХК-д шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:” гээд 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;” гэж заасантай нийцсэн байна.
4.5. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж зааснаар гомдол гаргагч “Н” ХХК нь Зөрлийн тухай хуулийн 10 дугаар бүлэгт заасан аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчилд хамаарах Зар сурталчилгааны болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн энэ тохиолдолд гомдол гаргагчийн “хохирол учраагүй, улсын байцаагч хяналт шалгалт явуулахдаа хохирогчийг буруу тогтоож Т.Б-аас хохирогчоор мэдүүлэг авсан” гэх тайлбар үндэслэлгүй.
4.6. Түүнчлэн Боловсролын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д "албан боловсрол" гэж боловсролын сургалтын байгууллагаар дамжуулж, эрх бүхий байгууллагаас баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу суралцагчийн боловсрол эзэмших, үр дүнг боловсролын баримт бичгээр баталгаажуулдаг зохион байгуулалттай үйл ажиллагааг”, 3.1.13-т “сургалтын хөтөлбөр” гэж суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар, төлөвшил, зорилго, зорилт, үнэлгээ, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүнийг тусгасан цогц баримт бичгийг; ойлгоно” гэж заасан бөгөөд гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “...манай сургууль олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэггүй, ерөнхий боловсролын цөм хөтөлбөр хэрэгжүүлдэг учир тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй, олон улсын хөтөлбөрийг ахлах ангийн сурагчдад нэмэлтээр ордог” гэж тайлбарладаг боловч олон улсын хөтөлбөрийн дагуу сургалтын үйл ажиллагаа явуулдаг мэтээр хэрэглэгчийг төөрөгдүүлж “бэлтгэл бүлгээс эхлэн олон улсын хөтөлбөртэй” гэж цахим сүлжээнд зар сурталчилгаа түгээсэн нь зөрчлийн хэрэгт авагдсан хэргийн үзлэг хийх үеийн гэрэл зургуудаар тогтоогдож байх тул гомдол гаргагч “Н” ХХК-ийг Зар сурталчилгааны тухай хуулийн 6.5 дугаар зүйлд “Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно:” гээд 6.5.1-д “зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах;” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
4.7. Өөрөөр хэлбэл, Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө бус, эсхүл ашгийн төлөө байж болно” гэж зааснаар боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө байж болох ч ийнхүү боловсролын үйлчилгээ үзүүлэхдээ хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар элсэлт авах, худал мэдээлэл тараасан бол хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
5. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаар магадлалд “...2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны дуудах хуудсыг холбогдогч “Н” ХХК-ийн хаягаар хүргүүлсний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч компанийг төлөөлж оролцохоор итгэмжлэл авч ирсэн Б.Ж-ыг хууль ёсны төлөөлөгчөөр томилж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрх бүхий албан тушаалтны дуудах хуудас, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “...сургуулийн нэрийн өмнөөс сургуулийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх ашгийг хамгаалах асуудлаар харьяалах төрийн бүх байгууллагад бүрэн төлөөлөх...” гэх агуулга бүхий итгэмжлэл, холбогдогчоос мэдүүлэх авах тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т “... /зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд/ хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг /оролцуулах/”-аар, 6.9 дүгээр зүйлийн 1-д “... эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангах”-аар заасныг тус тус зөрчсөн гэж буруутгах боломжгүй, анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлгүй” гэж дүгнэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар давж заалдах шатны шүүхээс холбогдогч этгээдийн итгэмжлэлийн талаар дахин дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэв.
6. Иймд хариуцагчийн “уг зөрчил нь хохирол учирсан байхыг шаардахгүй, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа нь өөрөө зөрчил” гэсэн тайлбар үндэслэлтэй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9, Зар сурталчилгааны тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 6.5.1, Зөрлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н” ХХК-иас гаргасан Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ