Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 22

 

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

          улсын яллагч М.Амарзаяа,

          шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

          шүүгдэгч А.Сандагдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт А.Сандагдоржийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626012648 дугаар эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Булган аймгийн Гурванбулаг сум, 4 дүгээр баг, Бэрх гэх газарт оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Алтанхуягийн Сандагдорж /РД:ГГ95093017/.

          Шүүгдэгч А.Сандагдорж нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Нумтын 9-11 тоотод оршин суух А.Жамъянжавын өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтрэн орж мөнгөн эмээл, мөнгөн бүс, хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлан 3063000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч А.Сандагдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

          201626012648 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

          Хохирогч А.Жамъянжавын: “2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баруунсалаанд Нумтын 9-11 тоотод байрлах сууцаа цоожлоод эхнэрийн хамт хотын төв рүү явсан. Буцаад 17, 18 цагийн орчим бүрэнхий болох үеэр гэртээ ирэхэд гудамжинд зам дагуу том цүнх барьсан улаан малгайтай хүн явж байгаа харагдсан. Гэр рүү манай эхнэр Мөнхцэцэг ороод гэрт хулгай орчихсон байна гэж хэлэхээр нь би машинтайгаа өмнө тааралдсан улаан малгайтай гүйгээд явчихсан хүний араас явсан. Би төв шороон замаар явж байтал нөгөө хүн голын цаад талд явж байсан. Би өөрийнхөө утаснаас 102-т залгаж гэрт хулгай орсон байна, хулгайч нь голын цаана гүйж байна гэж дуудлага өгсөн. Дуудлагаар ирсэн 2 цагдаагийн нэг нь явган хөөгөөд, нөгөө нь машинтай замд нь амдаж барьсан. Түүнийг барьтал хамаатны залуу Сандагдорж байсан, өөрөө хэргээ хүлээгээд хулгайлсан юмаа зааж өгсөн. Манай эхнэрийн ааваас өв уламжилж ирсэн, мөнгөн тоноглолтой эмээл байсан. 4 жилийн өмнө хуучин модыг нь солиулж шинээр хийлгэж байсан. Дээрээ 10 мөнгөн тоноглолтой, мөнгөн хяртай эмээл байсан. Унталгын өрөөний номын сангийн доор хэсэгт хадгалж байсан. 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. 2005 онд захаас 25000 төгрөгөөр авч байсан дунд гарын хөөргөө уг үнээр үнэлнэ. Дууриамал арьсан шаргал өнгийн бүсээ 20000 төгрөөг үнэлнэ. 10, 20, 50, 100-тын дэвсгэртүүд тус бүр 100 ширхэг буюу нийт 18000 төгрөг алдагдсан. ...Алдагдсан эд зүйлээ буцааж аваад хохиролгүй болсон.

          “...2000 оны үед хэрэглэдэг байж байгаад одоо хэрэглэдэггүй байсан хуучин цүнх байсан. Цахилгаан хаалт, бариул, оосор нь тасарчихсан байсан. Хаях гэж байсан хуучин цүнх болохоор үнэлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-22-23, 24/,

          Гэрч Г.Мөнхцэцэгийн: “...17 цагийн орчимд гэрийнхээ гудамжинд ирж байхад биднээс нэлээд зайтай хойд хашаанаас урагшаа чиглэлтэй цүнх үүрсэн залуу хүүхэд явж байсан. Тэр хүүхэд биднийг харангуутаа доошоо гүйгээд явчихсан. Би гэртээ ортол манай гэрт хулгай ороод эд зүйлс алдагдсан байсныг харсан. ...Нөхөр А.Жамъянжав гүйгээд явсан хүүхдийн ардаас машинаа унаад явж байхдаа цагдаа дуудсан. Тухайн үед хулгай хийсэн гэх хүнтэй уулзахад манай нөхөр Жамъянжавын хамаатны хүүхэд байсан. ...Сандагдорж манай эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй” гэх мэдүүлэг /хх-26/,

          Гэрч  Э.Лхагвадоржийн: “...Тухайн өдөр би эргүүлийн цагдаа жолооч, дэд ахлагч Т.Цогтжаргалын Ачит 116 дугаар чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Хэлтсээс буюу Ачит 10-аас 17 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын аманд хулгай хийсэн хүн уул руу зугтчихлаа гэсэн дуудлага өгсөн. А.Жамъяанжав хэлэхдээ “гэрээс нь хулгай хийсэн хүн Баянхошуу уулын бэлээр Зүүнсалаа руу давахаар чиглэн явж байсан, улаан малгайтай хар хувцастай хүн зугтаж байна” гэж зааж харуулсан. Гэгээ тасрах гэж байсан үе болохоор улаан малгай нь харагдсан. Би дэд ахлагч Цогтжаргалыг Жамъянжавтай цуг хашааных нь хажууд үлдээгээд, би өөрөө эргүүлийн машинаа унаад түүнийг амдаж тосохоор тойрч очсон. Тойроод хулгай хийсэн хүний урдаас чиглэн очиход нөгөө хүн баруун зүг рүү гудамж руу гүйгээд айлын хашаа руу орсон. Түүний ардаас дэд ахлагч Цогтжаргал гүйж хашаа руу орсон. Би машинаасаа буугаад хулгай хийсэн хүнийг амдаж барихаар айлын хашааны үүдэнд зогсож байсан. Тэгтэл хулгай хийсэн хүнийг Цогтжаргал алга болчихлоо гэж хэлсэн. Гэрэл тусгаж хайж байтал нөгөө улаан малгайтай эрэгтэй хүн хашаа байшин хоёрын завсар дахь хунгаралдсан цасанд ороод хэвтэж байсныг нь барьж авсан. ...Тэр хүн хулгайлсан цүнхтэй эд зүйлээ ухсан хогны нүхэнд цасанд булсан гээд тэр газраа өөрөө зааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-27/,

          Гэрч Т.Цогтжаргалын: “...Дуудлага өгөгч анх хэлэхдээ хулгайч цүнхтэй явж байсан гэж хэлээд хаана явж байгааг нь зааж өгсөн. Хулгай хийсэн хүн уул руу өгсөж байгаад буцаад урд зүг рүү чиглэж явсан. Тэгэхээр нь би хохирогчтой хойгуур нь тойрч алхаад явсан. Түүний ардаас би гүйгээд зүүн тал нь задгай, бусад хэсгээрээ битүү хашаа руу орсон. Ороод хартал нөгөө эрэгтэй байхгүй байсан. Хашааны гол хэсэг хүртэл мөрийг нь дагаж очтол мөр нь алга болчихсон. Би гар чийдэнгийн гэрэл тусгаад хашаанд байсан хоёр амбаар руу очиход гаднаа цоожтой байсан. Цааш хайгаад байшингийн хойд талд хашаа, байшин хоёрын завсарт байсан хунгарласан цасан дунд хулгай хийсэн эрэгтэй хэвтэж байсныг барьж авсан. Би түүнээс хулгайлсан эд зүйлээ хаана орхисон бэ гэж асуухад А.Сандагдорж өөрөө зааж өгье хулгайлсан эд зүйлсээ хаана байгааг нь бидэнд зааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-28/,

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.11.23-ны өдрийн шинжээчийн 04/256 дугаар дүгнэлтэд: “1. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Нумтын 9 дүгээр гудамж, 11 тоотод 2016.11.17-ны өдөр хулгай орсон хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх 4 ширхэг гарын мөрнөөс 1, 2, 3 гэж дугаарласан гарын мөрүүд болон 3 ширхэг дардаснууд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Мөн 4 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 1, 2, 3 гэж дугаарласан гарын мөрүүд нь папилон сан дахь гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Мөн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь сэжигтэн А.Сандагдоржийн зүүн гарын дунд хурууны дардастай, 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь сэжигтэн А.Сандагдоржийн зүүн гарын алганы дардастай, 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь хохирогч А.Жамъянжавын баруун гарын алганы дардастай тус тус тохирч байна. Мөн сэжигтэн А.Сандагдорж нь папилон санд MN003010006932 дугаараар Алтанхуяг овогтой Сандагдорж гэсэн нэрээр 2012 онд бүртгэгдсэн байна. 3. Дээрх тохирч байгаа гарын мөр болон дардаснууд нь хоорондоо гарын хээний хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирсон болно...” гэх дүгнэлт /хх34-35/,

          А.Сандагдоржийн яллагдагчаар өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баруунсалаанд байх Жамъянжав гэх өвөөгийн дүүгийнх рүү зочлохоор очсон. Намайг очиход тэднийх хүнгүй байсан. Хэсэг гадаа нь зогсож байгаад гэв гэнэт зүгээр дотогш ормоор санагдаад байшингийн хойд талын вакум цонхыг гараараа түлхээд дотогшоо орсон. Цонх нь түгжээгүй мэт хялбар онгойчихсон. Унтлагын өрөөнд байх авдар цоожтой байхаар нь галын өрөөний түлээний хайрцагны хажууд байсан сүхийг аваад авдарынх нь доод талын заадсыг сүхээр хөшөөд онгойлгож доторхийг нь үзсэн. Дотор нь хөөрөг, дээлний мөнгөн бүс, 100 төгрөгийн дэвсгэрт 1 боодол, 50 төгрөгийн дэвсгэрт 1 боодол, 20 төгрөгийн дэвсгэрт 1 боодол, 10 төгрөгийн дэвсгэрт 1 боодол гарч ирэхээр нь авсан. Бас нээлттэй босоо модон шүүгээний ёроолд мөнгөн эмээл байхаар нь авсан. Гэрийнх нь унтлагын өрөөнд эрээн өнгийн цүнх байхаар нь авчраад эмээл, хөөрөг, бүс, мөнгөнүүдийг хийгээд гэрээс нь буцаад цонхоор гарсан. Хашааны том хаалгаар гарч явтал гэрийн эзэн Жамъянжав ах, эхнэр Мөнхцэцэг нар машинтайгаа ирж явсан. Тэднийг харчихаад гудамж руу эргээд орохыг хүлээгээд харж зогсож байгаад гудамж руугаа эргээд оронгуут нь зугтаасан. Тэр айлаас зүүн хойш зугтаагаад цүнхээ байшингийн хог хийдэг нүхэнд цасан дотор нуусан. ...Тэр цагдаа намайг хөөе гэж дуудахаар нь хулгай хийчихсэн болохоор баригдахаасаа айгаад зугтаасан. Айлын хашаа руу ороод хунгарласан цас руу ороод хэвтэж байхад цагдаа миний мөрөөр хайгаад бариад авсан. Машинд нь суугаад хулгайлсан цүнхтэй юмнуудаа нуусан нүхээ зааж өгөөд саатуулагдсан. Байшин руу орохдоо багаж хэрэгсэл хэрэглээгүй, харин авдрыг онгойлгохдоо сүх хэрэглэсэн. Би ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-46, 48/,

          шүүгдэгчийн  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-11/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16, 21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-18-20/, эд зүйлийн үнэлгээ /хх-57/, дуудлага өгсөн талаарх лавлагаа /хх-59/ зэргийг уншиж шинжлэн судлав.

          Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

          Шүүгдэгч А.Сандагдорж нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Нумтын 9 дүгээр гудамж, 11 тоотод оршин суух А.Жамъянжавын өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж мөнгөн эмээл, мөнгөн бүс, хөөрөг, бэлэн мөнгө 18000 төгрөгийг хулгайлан 3063000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгч А.Сандагдоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

          Хохирогч А.Жамъянжав нь “алдагдсан эд зүйлсээ биет байдлаар нь буцаан авч, хохиролгүй болсон, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн /хх-23/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэлээ. 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Сандагдорж бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

         

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овогт Алтанхуягийн Сандагдоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч А.Сандагдоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.Сандагдоржид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Сандагдорж бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар А.Сандагдоржид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Булган аймаг дахь цагдаагийн газарт даалгасугай.

          6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Сандагдоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Сандагдоржид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Л.БААТАР