Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2018/0594

 

2018 оны 09 сарын 26 өдөр

 Дугаар 128/ШШ2018/0594          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О., тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: О.о, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,

          Хариуцагч: Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд

          Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаал болон 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын О.од холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Аг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., нарийн бичгийн дарга Б.Эн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч О.о болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

          Тус шүүхэд хандаж О.огийн Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын О.од холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрхээ эдэлж нэхэмжлэлийн шаардлагаа А/76 дугаар тушаалын О.од холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж өөрчилсөн ба мөн Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын О.од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах захиргааны хэргийг нэгтгүүлсэн болно.

          Анх О.од Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр /5 жилийн хугацаатай/ Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/31 тоот гэрчилгээ олгосон юм. Зайсан толгойн зүүн урьд зүгт байрлалтай уг газрыг би хууль зөрчихгүйгээр ашиглаж байна. Гэтэл Н.Ц******* сайд миний газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 тушаал гаргажээ. /Б/

          Газар ашиглах эрхийг дуусгавар болгох гэж буй үндэслэлээ Зайсан толгойг нурааж, уулын төлөв байдлыг алдагдуулах эрсдэлтэй гэж дурьджээ.Энэ газрыг ашиглах явцдаа Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн удаа байхгүй. Зайсан толгойг нураах шаардлага, хэрэгцээ  надад байхгүй, цаашид ч гаргахгүй тул түүний төлөв байдлыг алдагдуулна гэсэн ойлголт байхгүй. Миний ашиглаж буй газар 20 м өргөнтэй, үүнээс 6 м нь уулын бэл рүү орсон тул Зайсан толгой нурах, төлөв байдал нь алдагдах ямарч боломжгүй юм.

          Нэхэмжлэгч нь Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан А/76 дугаар тушаалыг Б******* д******* газрын хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 434 дугаартай албан бичгээр холбогдох бичиг баримтаа хүлээлгэн өгөхийг шаардах үед мэдсэн бөгөөд сайдын тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр шүүхэд гаргасан.

          Сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар О.огийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2014/31 дугаар гэрчилгээгээр ашиглаж буй газрын Б талбайн хэсгийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн нь холбогдох хууль журыг зөрчсөн гэж үзэж байгаа.

          Сайдын тушаал нь хуульд үндэслэсэн, ил тод, үр нөлөөтэй, зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, тодорхой баримтад үндэлсэн, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцсэн байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн эрхийг хөндөх ажиллагаандаа оролцох эрхийг хангах, урьдчилан мэдэгдэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

          Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалын хувьд мөн үндэслэлгүй юм.

          Учир нь Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр Б******* уулын д******* газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газарт 5 га талбай бүхий газрыг 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 5 жилийн хугацаатай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртлэх хугацаанд ашиглах эрхийг 2014/31 дугаартай гэрчилгээтэйгээр ашигладаг бөгөөд уг газар нь байршил бүхий эргэлтийн цэгээр тогтоосон.

          Мөн уг газрын эрх нь анх 2007 онд үүссэн байдаг ба Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд маргаан бүхий газар дээр баригдсан иргэн О.огийн барилга нь тусгагдсан төдийгүй маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдсан байгаа.

          Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас манай орчмын газрын эрхийг цуцалж байгаа талаар сураг сонсоод Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бичиг хэргээс биечлэн очиж лавлахад танайтай холбоотой тушаал гарсан, Б******* уулын д******* газрын хамгаалалтын захиргаанаас очиж авч танилц, манайх тушаалын хувийг өгөхгүй гэсэн учир Богдхаан уулын д******* газрын хамгаалалтын газрын бичиг хэрэг н. Алтансувд гэж рүнээс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тушаалыг авч, танилцсан.

          Уг тушаалаар буюу хавсралтын 28 дугаар хэсэгт иргэн О.огийн газрын эрхийг шийдвэрлсэн байх ба газрын эрхийн асуудлыг шийдэх гэж байгаа талаар нэхэмжлэгчтэй огт ярилцалгүйгээр нэхэмжлэгчийг хохироож байгаад гомдолтой байна.

          Мөн уг тушаалаар 5 га газрын 4.3 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон байх ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэл болгожээ.

          Газар дээр нийт 19 барилга барьсан бөгөөд эдгээр барилга нь ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдаж, хотын захиргаанаас зөвшөөрөгдсөн, одоо ч барилгын барилгын ажил явагдаж байгаа болно.

          Өнгөрсөн хугацаанд ямар нэг зөрчил гаргасан талаар сануулга мэдэгдэл өгч байгаагүй хэрнээ газрыг дуусгавар болгож байгаа нь Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байна.

          Иймд Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн болон 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын О.од холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

          Хариуцагч Байгаль Орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон мэдүүлэгтээ: Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, 2 дахь хэсэгт ...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн... гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт ...Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно... гэж тус тус заасан нь төр үндэсний эрх ашиг, ард түмний нийтлэг ашиг сонирхол, байгаль орчинд үүссэн хохирол зэргийг харгалзан шаардлага гарвал тухайн газрыг өмчилж, ашиглаж буй этгээдээс хураан авах, эргүүлэн авах бүрэн эрхтэйг хуульчилсан. Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд 2.1-т ...Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах..., 2.5-д ...төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх... гэж, 2.7-д ...хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх... гэж тус тус хуульчилсан нь Засгийн газар нь улс орон, нийтийн эрх, ашиг сонирхол, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах ямар ч асуудлаар яам болон бүх шатны Засаг дарга нарыг шуурхай удирдан чиглүүлж, арга хэмжээ авах эрх бүхий этгээд гэдэг нь харагдаж байна.

          2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг...Д******* газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх заалт ...Төрийн захиргааны төв байгууллага нь д******* газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дургалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана... гэж, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэг ...Аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ.. гэж тус тус хуульчилж өгсөн нь д******* газарт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон зохицуулалт юм.

          Нэхэмжлэгч О.од тус яамнаас Байгаль Орчины сайдын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 2.5 га, Байгаль орчны сайдын 2008 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 160 дугаар тушаалаар Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 5.0 га газар нийт 7.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон. Газар эрхийг дуусгавар болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76, 2018 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн А/121 тоот тушаалуудын хууль зүйн үндэслэлд Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд 40.1.2 дахь заалт 2/ тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж,

          Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1/ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх гэж,

          Мөн зүйлийн 5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас /аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудлах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах/ өөр барилга байгууламж барихыг хоргилосон гэж,

          Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-д энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөөлөөлөх үйл ажиллагаа явуулах-ыг тус тус хуулиар хориглсон байхад нэхэмжлэгч О.о нь монгол орны хүн амын гуравны нэг хувь нь амьдардаг нийслэлчүүдийн бахархал болсон Нийслэлийн Хан-уул дүүргийн Зайсангийн аманд байрлах Чингэлтэй уулыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар олгосон байтал хувийн ашиг сонирхолын үүднээс амины орон сууц барих зорилгоор хууль бусаар ашиглаж, 2014 оноос эхлэн удаа дараалан Зайсангийн аманд дахь Чингэстэй уулын баруун талд зөвшөөрөлгүйгээр барилгын суурийн газар шорооны ажил явуулж, байгалийн унаган төрхийг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан болно. Энэ нь Тусгай хамгаалалттай газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлд 40.1.2 дахь заалт 2/ тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн нь холбогдох нотлох баримтаар нотлогдож байна.

          Иргэн О.о нь Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар газрын төлбөрөө төлөх үүрэг хүлээсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт Газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа-г газар ашиглах гэрээнд тусгана гэж заасны дагуу газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх ёстой байсан боловч төлөөгүй болох нь нотлогдсон. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам-ын дагуу байгаль орчины нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ батлагдсанаас хойш ашиглалтын жил бүр байгаль орчины менежментийн төлөвлөгөөг хариуцан боловсруулж, байгаль орчины менежментийн төлөвлөгөөг хариуцан боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж баталгаажуулж байхаар зохицуулсан байдаг. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлгөөнд төслийн хэрэгжилтийн явц, ашиглаж байгаа техник технилог, байгаль орчны төлөв байдал, төслийн гол ба болзошгүй сөрөг нөлөөлөл түүнийг бууруулах арга хэмжээ, зардлыг тусгаж, төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үүсэж болзошгүй өөрчлөлтийн талаар тусгасан байх шаардлагатай. Гэтэл иргэн О.о нь байгаль орчны тухайн жилийн менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, тайланг яаманд ирүүлээгүй байна.

          Байгаль орчин нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнг үндэслэн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлгөөг боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах үүрэг хүлээсэн байдаг.

          Гэтэл иргэн О.о энэ үүргээ хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн байна. Түүнчлэн иргэн О.о нь Зайсангийн аманд хэрэгжүүлэх Аялал жуулчлалын бааз төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг 2008 онд батлуулсан байх бөгөөд Байгаль орчны багц хуулиуд 2012 онд бүхэлдээ шинэчлэгдэж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон холбогдох дүрэм журмууд шинээр батлагдсан. Иймд хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж шинээр мөрдөгдөж байхад өнөөг хүртэл төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тодотгол хийлгүй, шинэчлэн батлуулаагүй, байгаль орчины багц хууль тогтоомжийг зөрчиж байна. Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/76, А/121 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

          Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон мэдүүлгийг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад Байгаль орчин, аялал жуулчилалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын О.од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын О.од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгийг дээрх хэрэгтэй нэгтгүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Шүүгчийн захирамжаар хэргийг нэгтгэн шийдвэрлэсэн болно.

          Нэхэмжлэгч О.од Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 2.5 га, Байгаль орчны сайдын 2008 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 160 дугаар тушаалаар Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 5.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар газар ашиглуулахаар шийдвэрлэж газар ашиглах 2014/31, 392 тоот гэрчилгээ тус тус олгож, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07, 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1/03 дугаар гурвалсан гэрээг Х******* дүүргийн Засаг дарга болон Б******* уулын д******* газрын хамгаалалтын захиргаа болон иргэн О.о нарын хооронд байгуулсан байна.

          О.огийн дээрх 7,5 га газраас 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,5 га газрыг хариуцагчаас хасаж үлдэх 5 га газрын гэрчилгээг шинэчлэн олгосон байна.

          Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаал гаргахдаа Газрын тухай хуулийг баримтлаагүй, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А/121 дүгээр тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6 дах заалтуудыг барьж О.огийн газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлсэн нь хууль бус болжээ.

          Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль,...хууль тогтоомжийн бусад, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам нь Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байна.

          Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газартай холбогдсон харилцаанд Газрын тухай хуулийг баримтлах ёстой байхад тухайн хуулийг хэрэглэлгүйгээр А/76 дугаар тушаалыг гаргасан нь үндэслэлгүй, ямар үндэслэлээр О.огийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа нь тодорхойгүй болжээ.

          Харин А/121 дугаар тушаал гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хариуцагч дуусгавар болгож байгаа нь хууль бус байх бөгөөд хариуцагч тушаалын үндэслэлийг тайлбарлахдаа газрын гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон гэх зөрүүтэй тайлбарууд гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

          Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч О.о нь газрын төлбөрийг 2007-2018 оны хооронд цаг тухайд нь төлж байсан болох нь Х******* дүүргийн Засаг даргаас ирүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08/402 тоот албан бичиг болон газрын төлбөр төлсөн санхүүгийн жагсаалт зэргээр нотлогдож байна.

          Мөн хариуцагч нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгадаг, бодит байдал дээр нэхэмжлэгч нь тухайн газараа ашиглаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2013 он, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгажих талбайн схем зураг, 2018 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 94 тоот Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын "..орон сууцны зориулалтаар барилга байгууламж барьж ашиглалтад оруулахад тус газрын зүгээс татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг, Иргэн О.огийн Д******* Б******* уулын Зайсангийн аманд хэрэгжүүлэх Аялал жуулчлалын бааз төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

          Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг ойлголтийг газар эзэмших гэрээний хугацаа хамааралгүй зөвхөн гэрээ хийгдсэн өдрөөс хойш барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж, хэмжиж тооцоолж болхуйц обьект бий болгоогүй, байхыг хэлсэн хуулийн зохицуулалт юм.

          Түүнчлэн хариуцагчаас О.огийн газрыг дуусгавар болгож гарсан дээрх захиргааны акт нь хуулийн шаардлагыг огт хангаагүй төдийгүй О.огийн 5 га газрын солбилцолийн цэгийг нарийвчлан гаргаж, шалгаж тогтоолгүйгээр 4.3 га газрыг гэрчилгээнд заасан 5 жилийн хугацаанаас өмнө дуусгавар болгосон гэж хариуцагч үзсэн нь хууль бус байна.

          Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл Захиргааны үйл ажиллагааны зарчим, 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилэнэ, 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн эдгээр зарчмыг зөрчсөн байна.

          Тухайлбал: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маргаан бүхий 2018 оны 03 29-ний өдрийн А/76, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газар чөлөөлүүлэх тухай захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч О.о болон түүний хамаарал бүхий хүмүүст огт мэдэгдээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

          Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1- Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллгаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4-д тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллгаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллгааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна, мөн хуулийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна, 27.6-д Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэж тус тус хуулиар захиргааны байгууллагын шийдвэр гаргахаас өмнө хийх ажиллагааг нарийвчлан зааж өгсөн байна.

          Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А/76, А/121 дүгээр захиргааны актыг батлан гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулиар олгосон үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож газрыг чөлөөлөх тухай тушаал гарснаар бодит байдал дээр түүнд болон бусад этгээдэд ямар эрсдэл, хир хэмжээний бодит хохирол үүсч болохыг харьцуулж судалж, тогтоох шаардлагатай байсан төдийгүй, сонсох ажиллагааг хийж тайлбар, гомдол гаргах боломжоор хангаагүй, мөн А/76, А/121 дүгээр захирамж гарснаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөхгүйгээр бодит байдал дээр хэрхэн биелэгдэх нь ойлгомжгүй зэрэг дээрх заалтуудыг тус тус зөрчснөөр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн байна.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ггаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргасан бөгөөд хүсэлт хэлэлцэх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сайнбаяр, Н.Эрдэнэбилэг нар ирж оролцсон төдийгүй маргаан бүхий актыг түдгэлзүүлэхэд татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг дэмжсэн байр суурьнаас хуралд оролцсоноор шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 128/Ш32018/4007 тоот захирамжаар маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж шийдсэн, энэ захирамжид хариуцагч болон түүний төлөөлөгч гомдол гаргаагүйгээр уг захирамж хүчин төгөлдөр болж баталгаажсан.

          Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх захирамж хүчин төгөлдөр болсны дараа 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр маргаан бүхий газар нэхэмжлэгч байшин барилга бариад байна энэ үйл ажиллгааг зогсоож өгнө үү...гэх хоёрдмол салаа утгатай хүсэлтийг ирүүлсэн байдаг, шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гарсан маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамж нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын аль алиных нь үйл ажиллагаанд хамааралтай болохыг мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлснээс бус байшин барилга барих үйл ажиллагааг нь шууд зогсооход чиглэсэн захиран тушаах болон заавал биелүүлэх шинжийг агуулаагүй эрх зүйн үр дагавар үүсгэх мэдэгдэл биш гэдгийг хариуцагчид анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

          Шүүхээс удаа дараа хариу тайлбар бичгээр ирүүлэх, маргаан бүхий А/76, А/121 дугаар тушаалыг гаргахдаа үндэслэл болгосон нотлох баримтыг ирүүлэхийг шаардсаны үндсэн дээр хариуцагчаас хариу тайлбар болон маргаан бүхий актын үндэслэл болгосон нотлох баримтыг ирүүлсэн, шүүх ирүүлсэн баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэсэн хуулийн зохицуулалтайг дурдах нь зүйтэй байна.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын О.од холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын О.од холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 140400 төгрөгийг хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.