Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 638

 

Д.Г-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/232 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1911 02550 1208 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-н Г, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;  

Д.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-146 тоотод “намайг эзгүй байх хойгуур гэрт ирж эхнэртэй нь архи уулаа” гэх шалтгаанаар Да.Г, Д.Ш, Ж.А нартай маргалдаж, улмаар гэрээс гарч түлээний мод оруулж ирэн Да.Г, Д.Ш, Ж.А нарыг зодож, Да.Г, Д.Ш нарын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Ж.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Г-г 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-г 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 3 сарын хорих ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн 7 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 70 хоног буюу 2 сар 10 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 7 жил 3 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-н энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 4 сар 11 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шургаа модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-с нийт 329.100 төгрөг гаргуулан хохирогч Да.Г-д олгож, хохирогч Ж.А, Д.Ш нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

    Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшин ухаарч, энд хоригдож байх хугацаандаа өөртөө дүгнэлт хийж байгаа билээ. Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хоёр охин маань харааны бэрхшээлтэй тул эхнэр маань байнга асарч халамжилж байдаг бөгөөд ажил хийх боломжгүй байдаг. Би ачлагын машин барьж, гэр бүлээ тэжээдэг.

     Би одоогоор хохирлоо төлж барагдуулаагүй боловч цаашдаа бүрэн төлж барагдуулахаа амлаж байна. Хэрэв нээлттэй хорих ял эдлүүлбэл хорих ангид очоод нэн даруй ажил хийж, хохирогчид хохирлыг хурдан төлөх боломжтой болж байгаа юм. Та бүхэн миний энэхүү байдлыг харгалзан үзэж, хорих ялыг тодорхой хэмжээнд хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийгөө илчилж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаарх мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Мөн хохирогч нар нь Д.Г-н гэрээс явахгүй, нийлж архидаж байсан нөхцөл байдлаас үүдэн уг гэмт хэрэг гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхийг хүсэж байна.  Иймд гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан Д.Г-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.Г нь 2 хүний биед амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл, 1 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан. Анхан шатны шүүхээс Д.Г-д оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянаж үзэв.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Д.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-146 тоотод “намайг эзгүй байх хойгуур гэрт ирж эхнэртэй нь архи уулаа” гэх шалтгаанаар Да.Г, Д.Ш, Ж.А нартай маргалдаж, улмаар гэрээс гарч түлээний мод оруулж ирэн Да.Г, Д.Ш, Ж.А нарыг зодож, Да.Г, Д.Ш нарын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Ж.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Да.Г-н “... Тэр айлд ортол 2 эмэгтэй, 2 жоохон хүүхэд байсан. Тэгээд бүгдээрээ уугаад сууж байтал гаднаас нэг эрэгтэй орж ирсэн. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэр сүүлд ирсэн залуу “архи авч ирнэ” гээд машинтайгаа гарч байсан. ... Ороод гал түлсэн санагдаж байна, түүнээс хойш юу болсныг санахгүй байна. ... Миний толгой эргээд удаан явж чадахгүй байгаа. ...” /хх 21-22/,

хохирогч Д.Ш-н “...Тэднийд авч очсон архи, пиво уугаад байж байтал гаднаас С-н нөхөр Г ороод ирсэн. С-н нөхөр Г “чам руу залгаад утсаа авахгүй болохоор нь хүрээд иртэл баахан залуучуудтай ингээд сууж байдаг юм уу” гээд эхнэртээ уурлаад байсан. ... Тэгээд хамт уугаад нэлээд согтоод байхаар нь би тамхи татах гээд гэрээс гараад үүдэнд нь зогсоод тамхиа асаах гэж байтал араас С-н нөхөр Г цохиод би газар унатал дээрээс модоор цохиж байсан. Тэгээд нэг хэсэг цохихоо болиод гэр лүүгээ орох хооронд би хашаанаас гараад зам руу гүйгээд зам дагаад гүйж байтал цагдаагийн машин таараад, цагдаа дагуулаад очтол эмнэлгийн машин ирчихсэн байсан. ...” /хх 24-25/,

хохирогч Ж.А-н “... Би архинаас 2 удаа уугаад унтаад өгсөн. Шөнө хэдэн цагт гэдгийг санахгүй байна. Би сэрээд гэрийн баруун талын орон дээр сууж байтал гаднаас нэг залуу гартаа том мод барьчихсан орж ирээд шууд миний толгой руу модоороо цохиход миний толгойноос цус гараад би толгойгоо дараад доош суутал миний биеийн баруун тал руу цохиод байсан. Тэгээд намайг орхиод өөр хүн цохиод гараад явсан. Тэгэхээр нь би гэрийн зүүн талын орон дээр унтаж байсан М-г сэрээгээд “намайг зодчихлоо” гэж хэлээд байж байтал гаднаас нөгөө залуу модоо барьчихсан ороод ирсэн. Тэгтэл М хажуугаар нь гараад зугтаачихсан. Тэр залуу гэрээс буцаад гарахаар нь би араас нь гартал хашаан дотор гэрийн үүдэнд Ш-г зодож байхаар нь би очоод “одоо болиоч ээ, наад хүн чинь үхлээ ш дээ” гэтэл тэр залуу над руу “намайг салтаа Ганаа гэдэг” гээд орилж байтал Ш босоод хашаанаас гараад зугтаасан. Хашааны үүдэнд Да.Г ухаангүй хэвтэж байсан. Би Да.Г-г сэрээх гэж оролдож байтал Ганаа гэх залуу ирээд Да.Г-н толгой руу модоороо 2-3 удаа цохичихоод намайг “найзыгаа аваад зайл” гэсэн. Би Да.Г-г хашаанаас нь чирч гаргаад гудамжаар чирч байтал миний толгой эргээд унаад өгсөн. ...” /хх 28-29/,

гэрч Б.У-н “... Шөнө манай охин С над руу залгаад “ээж ээ намайг аллаа, ирж аваарай” гээд утсаа тасалсан. Би гэрээсээ гараад машинтайгаа хар замаас гараад гудамж руу ортол толгойноос нь цус гарсан байдалтай нэг залуу зогсож байсан. ... би зогсолгүй цаашаа С дээр очтол хажууд нь нөхөр Г нь гартаа мод барьчихсан зогсож байснаа намайг хараад зугтаачихсан. Тэгээд С-г охинтой нь бас нэг танихгүй охин, гудамжинд таарсан толгойноос нь цус гарч байсан залууг суулгаад явах гэтэл С “гудамжинд дахиад нэг хүн ухаангүй хэвтэж байгаа, тэрнийг авъя” гэхээр нь цаашаа явтал гудамжинд нэг залуу ухаангүй хэвтэж байхаар нь машиндаа суулгаад зам руу явсан. ... Цагдаа нар ирэхдээ машиндаа бас нэг толгойноос нь цус гарчихсан залуутай ирсэн. ...” /хх 42-43/,

гэрч Н.С-н “... Ш нь найз А, Да.Г, М нарын хамт манай гэрт 22 цагийн үед ирсэн. Тэгээд удаагүй байж байтал хамтран амьдрагч Г ирсэн. Нөхөр Г нь Ш, А нарыг таньдаг учир юм яриад хамт ууж эхэлсэн. ... Г гаднаас бүдүүн, урт мод бариад “та нар намайг польдож зодно гэж бодож байна уу, гөлөгнүүд минь, та нарыг ална аа” гээд ороод ирсэн. ... Тэгээд том модоороо Да.Г-н толгой руу нь нэг удаа цохиход толгойноос нь цус гараад “яаж байна аа” гээд орилоход Ш миний хажуугаас босоод “яаж байна аа хөгшөөн” гэхэд Ш-н толгой руу нь нэг удаа цохиход мөн толгой нь хагарч цус гарсан. Тэр үед А баруун талын орон дээр унтаж байгаад сэрээд цохиж байсан модыг нь барьж аваад “болиоч ээ” гэхэд модоо булааж аваад А-н цээжинд нэг удаа цохичихоод над руу ирээд нүүр лүү өшиглөхөөр нь би бултсан. М руу ойртох үед М гараад зугтаахад хойноос нь хөөгөөд гараад гүйсэн. ... Тэгээд нэг харахад А-г хашааны гадаа өөр нэг банзны хугархай барьчихсан толгой болон бие рүү нь нэлээд хэдэн удаа цохиж байсан. Очироо тэр газраа хавиргаа дараад хэвтээд өгсөн. Мөн хашааны гадаа Да.Г газар хэвтсэн байхад Г очоод толгой болон бие рүү нь банзны хугархайгаар нэлээд олон удаа цохиод чирээд хашаа руу оруулж ирэхэд ямар ч ухаангүй болчихсон байсан. ...” /хх 44-45/,

гэрч Г.О-н “... Тэд нар бүгдээрээ уугаад сууж байтал С-н нөхөр Г “би гараад түлээ хагалаад ирье” гээд гэрээс гартал Д.Г-н утас дуугараад С-н нөхөр Г-тай хамт гарсан. С-н нөхөр Г удаагүй гаднаас нэг том мод барьж орж ирээд гэрийн баруун талын орон дээр сууж байсан Очироогийн толгой руу модоор нэг удаа цохисон. Очироо доошоо тонгойтол түүний нуруу луу цохиод авсан. ... Да.Г “чи яаж байгаа юм бэ” гээд урдуур нь ортол С-н нөхөр Г “яадаг юм” гээд Да.Г-н толгой руу том модоор цохиод авсан. ... Гараад хартал Да.Г газар хөдөлгөөнгүй болчихсон хэвтэж байсан. С-н нөхөр Г надаас “С хаана байна” гэхээр нь би “мэдэхгүй” гэтэл гэр лүү ороод Баярааг гартаа барьсан том модоороо толгой руу нь нэг удаа цохиод дахиад цохих гэтэл модыг нь Баяраа бариад авсан. Тэр хооронд Манлай гэрээс гараад зугтаасан. ...” /хх 47-49/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Ш-н биед гавлын зүүн талд сэлтэрсэн, уг хугарлаас доош баруун талын суурь ясны их далавч хүртэл үргэлжилсэн хугарал, хатуу хальс дээрх цус хуралт, баруун шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд, доод зовхи, баруун шуу, зүүн шагай, тавхайд зулгаралт, цээж, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гавлын зүүн талд сэлтэрсэн, уг хугарлаас доош баруун талын суурь ясны их далавч хүртэл үргэлжилсэн хугарал, хатуу хальс дээрх цус хуралт нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 56/ гэсэн 11737 дугаартай дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Да.Г-н биед 2 талын чамархай ясны шугаман хугарал, 2 талын хугарлын харалдаа хатуу хальс дээрх цус хуралт, тархи доргилт, 2 зовхи, баруун чих, хацар, шанаа, чамархай, хөхлөг, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 2 талын чамархай ясны шугаман хугарал, 2 талын хугарлын харалдаа хатуу хальс дээрх цус хуралт нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 59/ гэсэн 11736 дугаартай дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ж.А-н биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, бүсэлхийд цус хуралт, бүсэлхий, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 62/ гэсэн 11735 дугаартай дүгнэлт,

хохирогч Да.Г /хх 123-130/, Ж.А /хх 133-142/, Д.Ш /хх 145-153/ нарын өвчний түүхийн хуулбар зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-г хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

   Шүүгдэгч Д.Г-н хохирогч Да.Г, Д.Ш нарыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Ж.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Г-н “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцон, 3 сарын хугацаагаар хорих ялыг мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Түүнчлэн, шүүхээс Д.Г-д оногдуулсан 7 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих  байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Г нь хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, тэрээр урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж, уг ялаа эдлээгүй байхдаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Г-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/232 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.