Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0558

 

2020 оны 09 сарын 03 өдөр Дугаар 128/ШШ2020/0558 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ

Нэхэмжлэлийн шаардлага: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ******* дугаар тендерт ******* ******* ХХК-ийг шалгаруулсан үйлдэл хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин үнэлэхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Д.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зарласан Маягт, үнэт цаас нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 130.000.000,00 төгрөгийн төсөвт өртөг бүхий ******* тоот тендерт 128.909.000.00 төгрөгийн С ХХК-д 114.960.000.00 төгрөгийн үнийн саналтайгаар оролцсон.

Сангийн яамнаас манай компанийн шаардлага хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэдгийг тогтоосон боловч С  ХХК-ийн баримт бичгийн зөрчлийг тендерийн баримт бичиг болон хуулийн дагуу хянан шалгаагүй, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй хэмээн тогтоосон.

Уг тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутад цахимаар нээсэн. Тендерт оролцогч компаниуд тендер нээх өдрөөр баримт бичиг бүрдүүлж, тендер нээх өдөр баримт бичигт дурдсан ямар нэгэн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагыг ТОӨЗ-ны 12.1 /ё/-ийн 6-д заасан байна. Гэтэл Сангийн яамны тайлбараас харахад захиалагч байгууллага сайн дураараа уг компанийн өр төлбөргүй тухай тодорхойлолтыг тендер нээснээс хойш 7 хоногийн дараа Хаан банкнаас авсан.

Өөрөөр хэлбэл С ХХК тендер нээх өдөр хугацаа хэтэрсэн зээлийн өртэй байсан нь харилцагч банкны тодорхойлолтоор нотлогдож байгаа. Мөн тус компанийн Үнэт цаасны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдолд зөвхөн уг компанийн Сангийн яаманд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хандсан хүсэлтийг үндэслэн сунгуулсан гэх тайлбарыг хүргүүлжээ. 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тендер нээхэд уг компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй байсан эсэхийг тогтоогоогүй, Сангийн сайдын тушаал, гэрчилгээний дугаар зэргийг хавсаргаагүй, ямар ч нотлох баримтгүй шийдвэр гаргасан. С ХХК нь тендерийн баримт бичиг болон хуульд заасан санхүүгийн чадавхийн шаардлага болон тусгай нөхцөлүүдийг зөрчиж, уг тендерт оролцсон байхад захиалагч байгууллага илтэд уг компанид үйлчлэн шийдвэр гаргасан.

Иймд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ******* дугаар тендерт С ХХК-ийг шалгаруулсан үйлдэл хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин үнэлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А  ХХК-иас Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн АТҮТ/20200120 тоот тендерт С ХХК-ийг шалгаруулсан үйлдэл нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин үнэлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Нэхэмжлэгч А ХХК нь нэхэмжлэлдээ Сангийн яамнаас манай компанийн шаардлага хангагдаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэдгийг тогтоосон буюу манай компанийг хуулийн дагуу баримт бичгээ

Үнэн зөв бүрдүүлж өгчээ гэдгийг тогтоосон боловч ******* ******* ХХК-ийн баримт бичгийн зөрчлийг тендерийн баримт бичиг болон хуулийн дагуу хянан шалгаагүй, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж тогтоосон гэжээ:

Дээрх асуудлаар захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзсэн боловч Сангийн яамны 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/3392 дугаар албан бичигт ...А ХХК-д 2020 оны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1/957 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг хуульд нийцүүлэн залруулан хүргүүлэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн. Сангийн яамнаас тухайн тендерийн материалыг бүрэн эхээр нь авч шалгасан бөгөөд Сангийн яамнаас гаргасан шийдвэр үндэслэл бүхий хуульд нийцсэн тул үйлдвэрийн газраас 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар албан бичгээр залруулга хийж, А ХХК-д хүргүүлсэн болно.

2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Уг тендер нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15 цаг 30 минутад цахимаар нээсэн байдаг. Тендерт оролцох компаниуд тендер нээх өдрөөр баримт бичиг бүрдүүлж, тендер нээх өдөр баримт бичигт дурдсан ямар нэгэн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагыг ТОӨЗ-ны 12.1.6-д заасан байна. Гэтэл С ХХК нь 2020 оны 3 сарын 30-ны өдрийн Хаан банкны тодорхойлолтод дээрээ хугацаа хэтэрч буй зээлийн үлдэгдэлтэй гэх баримт илгээсэн байхад Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас сайн дураараа уг компанийн өр төлбөргүй тухай тодорхойлолтыг тендер нээснээс хойш 7 хоногийн дараа Хаан банкнаас авсан байна гэжээ.

Манай байгууллагын зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт Тендерийн агуулга,үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч оролцогчоос шаардаж болно гэж заасны дагуу манай байгууллагаас 2020 оны 04 дүгээр 23-ны өдрийн албан бичгээр тодруулга хүсэхэд Хаан банкны 2020 оны 04 дүгээр сарын 25-ны 05175 дугаар албан бичгээр хугацаа хэтэрсэн үлдэгдэлгүй тухай нотлох баримтыг мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.10-д Захиалагч нь энэ хуулийн 26.9-д зааснаар нэмж хүргүүлсэн тайлбар, тодруулгыг бүртгэж хадгална гэж заасны дагуу тендерийн материалд хавсаргасан.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөн тус компанийн Үнэт цаасны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдолд зөвхөн уг компанийн Сангийн яаманд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хандсан хүсэлтийг үндэслэн сунгуулсан гэх тайлбарыг хүргүүлсэн гэжээ.

Тухайн асуудлаар Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/3392 дугаар Гомдол хянасан тухай албан бичигт ... С  ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/108 дугаар албан бичгээр үнэт цаасны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг тус яаманд ирүүлж сунгуулсан байх тул С ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж тухайн тусгай зөвшөөрлийн эрх олгосон эрх бүхий байгууллага шийдвэрлэсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2020 оны 02 дугаар сард Үнэт цаас, маягт хэвлэн нийлүүлэх тендер зарласан бөгөөд А ХХК, С ХХК материалаа ирүүлж оролцсон. С ХХК нь 114.960.000.00 төгрөгийн үнийн саналтайгаар оролцсон бөгөөд тендерт шалгарсан. Тендерт шалгарсан учраас гэрээ байгуулсан. А ХХК-ийн зүгээс тендерийг хууль бусаар дүгнэсэн, С ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус гэж Сангийн яаманд гомдол гаргасан.

Сангийн яам уг гомдлыг хүлээн авч, А ХХК-ийн гомдол үндэслэлтэй байх хэдий ч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын С ХХК-ийг шалгаруулсан шийдвэр үндэслэлтэй байна. А ХХК-ийн тендерээс татгалзсан, шалгараагүй материал, бичиг баримт нь хууль зүйн хувьд хуулийн заалтыг буруу хэрэглэсэн учраас залруулж хүргүүл гэсэн Сангийн яамны албан бичиг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ирсэн.

Залруулж А ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бага үнийн санал өгсөн учраас тендерээс хасагдсан талаар шийдвэрийг хүргүүлсэн. Сангийн яамнаас тус үйлдвэрийн газрын тендер үндэслэл бүхий болсон гэсэн. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь тендерийг дахин үнэлэх боломжгүй болсон. Яагаад гэвэл тендерийг дуусгавар болгосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Лувсандорж шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зарласан Үнэт цаас, маягт худалдан авах АТҮТ20200120 дугаартай тендерт тендер шалгаруулалтын өгөгдлийн дагуу бичиг баримтаа бэлтгэж оролцсон билээ.

Манай компани хүчин чадал, ажиллах хүчин болон туршлагын шаардлагыг бүрэн хангаж байсан тул худалдан авах ажиллагаанд үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг баримтлан хамгийн бага үнийн саналаар манай компанийг шалгаруулсан болно.

Үүний дагуу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний дагуу ажлаа хийгээд одоогийн байдлаар 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Иймд А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүух хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зарласан тендерт оролцож, Тендерийн тухай хууль, дүрэм, журмын дагуу баримт бичгийг бүрдүүлж өгсөн бөгөөд хамгийн бага үнийн санал өгсөн. Уг тендерт шалгарч гэрээний дагуу бараа, материалыг бүрэн нийлүүлж, гэрээг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А ХХК нь тус шүүхэд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зарласан ******* тоот тендерт С ХХК-ийг шалгаруулсан үйлдэл хууль зөрчсөн тул тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин үнэлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Сангийн яамнаас манай гомдлыг хянаад шаардлага хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэдгийг тогтоосон.... Тендерт оролцогч компаниуд тендер нээх өдрөөр баримт бичгээ бүрдүүлж, тендер нээх өдөр ... ямар нэгэн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагыг Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа /ТОӨЗ/ -ны 12.1 (ё)-д заасан. ХААН банк нь ... С ХХК-ийг хугацаа хэтэрч буй зээлийн үлдэгдэлтэй гэсэн баримт илгээсэн байхад тендер нээснээс хойш ... зээлийн өр төлбөргүй тухай тодорхойлолтыг авсан. Тендер нээхэд уг компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй байсан эсэхийг тогтоогоогүй. ... С ХХК нь тендерийн баримт бичиг болон хуульд заасан санхүүгийн чадавхийн шаардлага болон тусгай нөхцөлүүдийг зөрчиж, уг тендерт оролцсон байхад захиалагч байгууллага илтэд уг компанид үйлчлэн шийдвэр гаргасан ... гэж, хариуцагч нь ...тендерт 2 компани материалаа ирүүлсэн. С ХХК нь 114,960,000 төгрөгийн буюу хамгийн бага үнийн саналтайгаар тендерт оролцсон тул С ХХК -ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлэн , ... гэрээ байгуулах эрх олгосон. ... Сангийн яамнаас С ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн. Харин А ХХК-д ... хүргүүлсэн мэдэгдлийг хуульд нийцүүлэн залруулж хүргүүл гэсэн чиглэл өгсний дагуу бага үнийн санал ирүүлсэн тул тендерээс хасагдсан талаарх мэдэгдлийг хүргүүлсэн. ... Тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин үнэлэх боломжгүй болсон. Учир нь тендер дуусгавар болсон ... гэж тайлбарлан маргажээ. Харин нэхэмжлэгч нь захиалагчийн шийдвэрийг /тендер шалгаруулалтыг/ үндэслэлтэй гэж үзэж, тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрөл олгосон Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар албан бичигтэй маргаагүй байна.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг ойлгоно гэж, 5.1.2-т тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно гэж, 5.1.5-д тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ гэж тус тус заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Үнэт цаас, маягт худалдан авах АТҮГ/202001020 дугаартай нээлттэй цахим тендерийг зарлаж, уг тендерт А ХХК, С ХХК-иуд саналаа ирүүлж оролцсон, Тендерийн үнэлгээний хорооны 2000 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар[1] тендерт оролцогчоос ирүүлсэн тендерийг хянаад Тендерт оролцогч С ХХК-иас тодруулга авах, тодруулга авсны дараа дахин хуралдахаар шийдвэрлэсэн, Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар[2] хянан үзэх шатанд С ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг шаардлага хангасан гэж үзсэн , харин А ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь хянан үзэх шатанд шаардлага хангаагүй гэж үзэж, С ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үнэлж, шалгарсан тухай мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн, А ХХК нь дээрх захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар албан бичгээр [3] ... А ХХК нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1 (ё) ..., ТОӨЗ 19.2 (г)-д ... заасан шаардлагыг хангасан байтал шаардлага хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. ... Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон С ХХК-ийн материалыг хянан үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүлйийн 26.9-д заасны дагуу тодруулга авч, ... хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй талаарх нотлох баримтыг ... тендерийн материалд хавсаргаж ирүүлсэн байна. Түүнчлэн С ХХК нь ... Үнэт цаасны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг тус яаманд ирүүлж, зөвшөөрлийн хугацааг сунгуулсан байх тул С ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд А ХХК-д ... хүргүүлсэн мэдэгдлийг хуульд нийцүүлэн залруулж хүргүүлэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэжээ.

Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу Тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар [4] дээрх 2 компанийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэх шатанд тэнцсэн гэж үзэж, тендерийг үнэлэх шатанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д зааснаар хамгийн бага үнийн санал ирүүлсэн С ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер-ээр шалгаруулан , гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэж, энэ тухай түүнд болон шалгараагүй үндэслэлийн тухай тендерт оролцогч А ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн *******, ******* дугаартай албан бичгээр нэгэн зэрэг мэдэгджээ.

Улмаар захиалагч нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр С  ХХК-тай АТҮГ/2020001020 дугаартай Үнэт цаас, маягт нийлүүлэх гэрээ-г байгуулсан, гэрээний дагуу С ХХК нь 114,960,000 төгрөгийн үнэтэй 1,567,150 ширхэг үнэт цаас, маягтыг захиалагчид хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болох нь зарлагын баримт[5], авлагын дэлгэрэнгүй бүртгэл[6], ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл,[7] үнэт цаас, маягт хүлээн авсан акт[8] зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтуудтай маргаагүй байна. .

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна, 28 дугаар зүйлийн 28.7.4-т хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Үнэт цаас, маягт нийлүүлэх тендер шалгаруулалтад нэхэмжлэгч А ХХК нь 128,909,000,00 төгрөгийн үнийн санал, С ХХК нь 114,960,000,00 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн болох нь тогтоогдож байна.

Тендерийн үнэлгээний хороо нь Үнэт цаас, маягт нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр С ХХК-ийг 114,960,000,00 төгрөгийн үнийн саналаар шалгаруулж, тус компанид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно, 28 дугаар зүйлийн 28.3-т Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна, 28 дугаар зүйлийн 28.7.4-т хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ , 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохооор шийдвэрлэх ... гэж заасантай нийцжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар, тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болох-оор, 26.10-д Захиалагч энэ хуулийн 26.9-д зааснаар нэмж ирүүлсэн тайлбар, тодруулгыг бүртгэж хадгална гэж заасан байх тул нэхэмжлэгчийн ... Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас сайн дураараа уг компанийн өр төлбөргүй тухай тодорхойлолтыг тендер нээснээс хойш 7 хоногийн дараа ХААН банкнаас авсан ... гэж тайлбарыг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь ...тендер нээхэд уг компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй

байсан эсэхийг тогтоогоогүй ... гэж маргаж байх боловч Сангийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаар тушаалаар[9] С ХХК-ийн үнэт цаасны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар сунгасан байх тул нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар тендер нээсний дараа тендер тус бүр нь тендерийн бүх нөхцөлийг /шаардлага / нэгэн зэрэг хангасан эсэхийг хянан үзэх бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийх хуулийн зохицуулалттай байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Тендерийн үнэлгээ хороо нь Сангийн яамны шийдвэрийн дагуу уг тендерт материалаа ирүүлсэн дээрх 2 компанийн тендерийн материалыг дахин үнэлж, А ХХК, С ХХК-ийг тус тус хянан үзэх шатанд тэнцсэн гэж үзсэн, харин тендерийг үнэлэх шатанд хамгийн бага үнийн санал ирүүлсэн С ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан байх тул нэхэмжлэгчийн ... С ХХК нь тендерийн баримт бичиг болон хуульд заасан санхүүгийн чадавхийн шаардлага болон тусгай нөхцөлүүдийг зөрчиж, уг тендерт оролцсон байхад захиалагч байгууллага илтэд уг компанид үйлчилж, шийдвэр гаргасан ... гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн тендерт шалгарсан С ХХК нь захиалагчид худалдан авах барааг хуваарийн дагуу бүрэн нийлүүлсэн, захиалагчаас томилсон Ажлын хэсэг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа дээрх тендерийн гэрээний гүйцэтгэлийг хэлэлцэж, Үнэт цаас, маягт хүлээлцсэн акт үйлдсэн үйл баримт нэгэнт тогтоогдож байх тул хэрэгжээд дууссан тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин үнэлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зарласан Маягт, үнэт цаас нийлүүлэх АТҮТ/20200102 дугаартай цахим тендерийн шалгаруулалтын Үнэлгээний хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, дээрх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Адмон принт ХХК-ийн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан гаргасан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зарласан АТҮТ/ 202001020 тоот тендерт С ХХК-ийг шалгаруулсан үйлдэл хууль зөрчсөн тул тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин үнэлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 94-97 дугаар хуудсанд

[2] Хавтаст хэргийн 98-100 дугаар хуудсанд

[3] Хавтаст хэргийн 14-15, 60-61 дугаар хуудсанд

[4] Хавтаст хэргийн 119-120 дугаар хуудсанд

[5] Хавтаст хэргийн 48-52, 146-149 дугаар хуудсанд

[6] Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудсанд

[7] Хавтаст хэргийн 206-207 дугаар хуудсанд

[8] Хавтаст хэргийн 219-221 дүгээр хуудсанд

[9] Хавтаст хэргийн 180 дугаар хуудсанд