Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0515

 

 

 

 

 

 

 

 

  2026          07           23                                    221/МА2026/0515

 

 

 

А.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүн: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл  

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И

Нэхэмжлэгч: А.А-

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааныг даргалсан О.А, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга М.Б

Гуравдагч этгээд : О.Е

Нэхэмжлэлийн шаардлага:

“Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 54 дүгээр шийдвэр

Хэргийн индекс: 110/2026/0018/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.А-ээс Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааныг даргалсан О.А, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга М.Б нарт холбогдуулан ““Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 54 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.232.3, 32.8.4, 48 дугаар зүйлийн 48.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн зохих заалт, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 8 дугаар зүйлийн 8.1 болон холбогдох хэсгүүдийг зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул хууль ёсны шийдвэр гаргаагүй гэж гомдол гаргаж байна.

3.2. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга”, гээд Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт дурдаж, сонгуулийн өмнөх 7 хоногийн өмнө Толбо сумын 3 дугаар багт иргэний шилжилт хөдөлгөөн хийлгэсэн иргэд тухайн бодитоор оршин суудаггүй, хашаа байшингүй, тухайн багт амьдардаггүй гэдгийг тухайн багт байнгын амьдардаг иргэд нь сонгуулийн үед санал хураалтад оролцуулахгүй гээд эсэргүүцэл үзүүлэхэд иргэдийн саналыг үл тоож, санал хураалтад оролцуулсан нь сонгуульд хууль бусаар нөлөөлсөн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичлэг, бусад нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх анхаарч үзээгүй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие сонгуулийн өмнөх нь шилжилт хөдөлгөөн хийлгэсэн иргэд тухайн багт бодитоор оршин сууж амьдардаг эсэх, гэр, байшинтай эсэх талаар талаар 03 дугаар багийн Засаг даргаас тодорхойлолт гаргуулж өгөх тухай шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх зөвхөн нэг талыг баримталж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн тухай хүсэлтэд Тухайн сонгуулийн үед Толбо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Ба нь багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулж байна гэх зорилгоор ард иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдаж, санал өгөхөөр ирсэн иргэдэд О.Е-д өгөөрэй, О.Е саналын хуудаст нэг дээр байгаа шүү гэж хэлж сонгуулийн дүнд нөлөөлсөн байгаа учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баз-ы дээрх хэлснийг гэрчлэх Толбо сумын 3 дугаар багийн хуралд ажиглагчаар ажилласан А.Ж, Ж.А нараас гэрчийн мэдүүлэг авхуулахаар хүссэн боловч шүүх хангахаас татгалзсан нь зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасныг илтгэж байна.

3.3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн нийтийн хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр, оролцох эрхтэй”, 32.5-д иргэдийн Нийтийн Хурлын оролцогчийг эрхийг тодорхойлсон байх ба 32.5.2-т “Асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” гэж заасан. Харин тухайн багийн ард иргэд буюу сонгогчид 3 дугаар багт бодитойгоор амьдран оршин суудаггүй, зөвхөн сонгуулийн үед ирж, мөн сонгуулийн хугацааг дөхүүлж шилжүүлэг хийлгэсэн иргэдийн сонгуульд оролцуулахгүй гэж хэд хэдэн хүсэлт тавьж, эсэргүүцэл үзүүлсэн байхад уг асуудлыг шийдвэрлэхгүйгээр хуралдааныг үргэлжлүүлж, иргэдийн санал тавих, шийдвэрлүүлэх эрхэнд халджээ.

Хуралд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ба, сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, төрийн албан хаагчид оролцож, хуралдааны зохион байгуулалтын асуудалд, ажлын хэсэг байгуулах үйл ажиллагаанд оролцож санал хэлж, энэхүү хуралд биечлэн оролцсон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Баг нь нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж мөн”, хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн” гэж заасан халдашгүй эрхэнд халдсан байна

Мөн Толбо сумын 3 дугаар багаас өөр багийн, мөн аймгийн төвийн байнгын оршин суугч иргэдийг оролцуулж, багийн иргэд сонгуульд оруулахгүй гэж эсэргүүцэл үзүүлж байхад багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож сонгуулийн дүнд нөлөөлж, хуулиар баталгаажуулсан "нутгийн өөрөө удирдах ёс”-ны зарчим буюу тухайн орон нутгийн иргэд өөрсдийн удирдлагыг сонгох эрхийг нь зөрчсөн байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”, 62.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.1-т “Баг хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх:”, 32.8.2-т “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх”, 35.2-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно” гэж эрх, үүргийг тодорхойлж, хатуу хуульчилсныг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдааны дарга С.Е удирдан зохион байгуулж явуулах ёстой байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга, түүний ажлын алба, бусад төрийн албан хаагч нар оролцсон нь хуралдаан, тухайн иргэдийн дунд хурлаа өөрсдөө зохион байгуулах, санал хүсэлтээ эрх чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан бичмэл болон видео бичлэгээр тогтоогдоод байхад Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “тухайн өдрийн хуралдаанд сумын хурлын дарга А.Ба оролцсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна” гээд учир дутагдалтай дүгнэлт хийсэн.

Шүүхийн шийдвэрт сумын хурлын дарга А.Ба сонгуулийн үед ямар санаа зорилгоор оролцсоныг нотолж дүгнэлт гаргаагүй байна. Учир нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А.Ба-ы сонгуулийн өмнө шилжүүлэг хийлгэсэн иргэдийн санал хураалтад оролцуулах санал хураалтад хууль бусаар нөлөөлөх санаа зорилготой байгааг гэрчлэх видео бичлэг байхад, шүүх тухайн видео бичлэгийн нотлох баримтаар үнэлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч А.А-ээс Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааныг даргалсан О.А, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга М.Б нарт холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тус багийн нутаг дэвсгэрт өмнө нь огт оршин сууж байгаагүй иргэдийг гэнэт шилжилт хөдөлгөөнд хамруулан бүртгэж, улмаар тэдгээр иргэдэд багийн хуралд оролцох эрх олгосон байна ... мөн 18 нас хүрээгүй хүүхдийг санал өгөхөд оролцуулсан ноцтой зөрчил гарсан ... санал хураалтыг тухайн газарт сууж байсан ажиглагчид тоолох эрхтэй атал зөвхөн сумаас томилогдож ирсэн ажлын хэсэг санал тоолсон ... Мөн уг иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг тухайн багийн Хурлын дарга даргалж явуулах ёстой байсан боловч ажлын хэсгийн гишүүн О.А болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ба нар даргалан явуулсан” гэж тайлбарлан маргажээ.

3. Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хуралд оролцсон нийт багийн иргэдийн 176 санал буюу 54.3 хувийн санал авсан О.Е-ыг 3 дугаар багийн Засаг даргаар нэр дэвшүүлж дэмжсэн тул Засаг даргад томилуулахаар уламжилжээ.

4. Анхан шатны шүүх “...Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд дээрх байдлаар зохицуулснаар иргэний байнга оршин суугаа газрын хаяг нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдэх тул улсын бүртгэлийн лавлагаагаар Толбо сумын 3 дугаар багийн оршин суугч болох нь тогтоогдож байгаа дээрх иргэдийг тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцуулахгүй байх үндэслэлгүй ... тус 3 дугаар багийн оршин суугч С.А нь 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 18 насанд хүрээгүй хүүхэд санал хураалтад оролцохоор ирсэн боловч санал хураалтад оролцуулаагүй болох нь хэрэгт авагдсан 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд оролцож, санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалт, саналын хуудасны тоо, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдсон болно ... комисс санал тооллогын ажиллагааг явуулж, дүн гаргахаар зохицуулсан байх ба 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас ажлын хэсэг байгуулж, тухайн ажлын хэсгээс нэр дэвшигчдийн ажиглагчдыг байлцуулан багийн Засаг даргад нэр дэвшигчдийн саналын хуудсыг тоолж, санал хураалтын дүнг гаргасан болох нь  нотлох баримтаар тогтоогдож  байна ... маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй”  гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4.1. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Нутгийн өөрийн удирдлагад иргэн дараах хэлбэрээр шууд оролцоно” гээд 30.2.1-д “баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд саналын эрхтэй оролцох”, 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно”, 32.5-т “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна:” гээд, 32.5.2-т “асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” гэж тус тус зааснаар улсын бүртгэлийн лавлагаагаар Толбо сумын 3 дугаар багийн оршин суугч болох нь тогтоогдож буй шилжиж ирсэн иргэд тухайн багт бодитоор оршин сууж амьдардаг эсэх эсхүл гэр, байшинтай эсэхээс үл хамааран тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд саналын эрхтэй оролцох эрхтэй бөгөөд дээр дурдсан тухайн багт бодитоор оршин сууж амьдардаггүй гэх шалтгаанаар санал өгөх эрхийг хязгаарлах нь Монгол Улсын Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ” гэж заасантай нийцэхгүй.

4.2. Түүнчлэн, хавтаст хэрэгт Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн нэрсийн жагсаалт авагдсан байх бөгөөд уг иргэдийн нэрсийн жагсаалтад насанд хүрээгүй гэх С.Ас-ын нэр ороогүй байх тул хариуцагч нарын “санал  хураалтын ажиллагаанд насанд хүрээгүй хүүхэд оролцоогүй, түүнийг санал хураалтын байрнаас гаргасан” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

 5. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дарга С.Е удирдан зохион байгуулж явуулах ёстой байхад уг хуралдаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга, түүний ажлын алба, бусад төрийн албан хаагч нар оролцсон нь хуралдаан, тухайн иргэдийн дунд хурлаа өөрсдөө зохион байгуулах, санал хүсэлтээ эрх чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь зөрчсөн” гэжээ.

5.1. Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлд “ ...Хурлыг хуралдааны дарга С.Е эхэлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирсэн хүмүүсээс үг хэлэхийг хүсэв ... хурал удирдсан О.А” гэж тэмдэглэгдсэн байгаагаас дүгнэн үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ба 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг даргалсан гэж үзэхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

5.2. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 3/76 дугаар албан бичгээр “2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус багт 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 18-аас дээш сонгуулийн насны 335 иргэн бүртгэлтэй” гэж,

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлстийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10/421 дүгээр албан бичгээр бусад сум, багуудаас ирж санал хураалтад оролцсон гэх Е.Г, А.Е, Р.М, К.А, Ш.Е, М.А, Б.А нар тус багт бүртгэлгүй талаарх лавлагааг тус тус ирүүлсэн байх бөгөөд 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр болсон Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хонгор өлөн багийн иргэдийн Нийтийн Хуралд тухайн багт харьяалалгүй нэр бүхий 8 иргэн оролцож, тус багийн Засаг даргыг сонгоход санал өгсөн хэдий ч энэ нь сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэхээргүй байна.

5.3. Тодруулбал, Хонгор өлөн багийн Засаг даргыг сонгох тухайн өдрийн Хуралд нэр дэвшигч нэхэмжлэгч А.А 148 санал, гуравдагч этгээд О.Ержан 176 санал авч, 28 саналын зөрүүгээр гуравдагч этгээд ялагч болсон байх тул энэхүү сонгуулийн үр дүнд санал өгөх эрхгүй 8 иргэний санал нөлөөлөх боломжгүй байх тул сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Давж заалдах гомдолд “...төлөөлөгч миний бие сонгуулийн өмнө шилжилт хөдөлгөөн хийлгэсэн иргэд тухайн багт бодитоор оршин сууж амьдардаг эсэх, гэр, байшинтай эсэх талаар талаар 3 дугаар багийн Засаг даргаас тодорхойлолт гаргуулж өгөх тухай шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх зөвхөн нэг талыг баримталж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэжээ.

6.1. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс сонгуульд оролцсон боловч Хонгор өлөн багт оршин суудаггүй иргэдийн нэрсийг тухайлан нэр заан гарган өгч маргасан байх бөгөөд анхан шатны шүүх энэ хүрээнд холбогдох байгууллагаас иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулж, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүх зөвхөн нэг талыг баримталсан гэж үзэхээргүй.

6.2. Тодруулбал, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 54 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

              ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

              ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ