Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 25

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Батаа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

иргэдийн төлөөлөгч Д.Чинбат,                      

улсын яллагч О.Мөнхцэцэг,

хохирогч Ц.Батжаргал,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа,

шинжээч эмч С.Одончимэг,

гэрч М.Эрдэнэжаргал, Ц.Дүүрэнжаргал, О.Болормаа, Д.Түвшинжаргал, О.Болдмаа,

шүүгдэгч Д.Ихбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт Д.Ихбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626010872 дугаар эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 92 дугаар гудамж, 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дамбын Ихбаяр /РД:РО76060272/.

Шүүгдэгч Д.Ихбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” нэртэй дэлгүүрийн орчимд иргэн Ц.Батжаргалыг “тамхи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр түүний нүүрэн тус газарт цохиж, газарт унаган бие махбодид нь гавал ясны баруун талын хөхлөг сэртэнгээс арагш зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ихбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 17-ны 21 цагийн үед тамхи авахаар дэлгүүр орсон. Тамхи асуусан чинь зардаггүй гэсэн. Гэтэл араас нэг хүн зардаггүй гэхээр нь би “чамд хамаагүй” гэсэн. Тэгтэл тэр хүн гараад явсан. Би араас нь 1-2 минутын дараа гартал намайг дуудсан. Очтол “Энд тамхи зардаггүй” гээд заамдаад авсан. Тэгэхээр нь түлхээд яваад өгсөн. Хохирогч Ц.Батжаргалыг санаатай гэмтээгээгүй. Өөрийгөө хамгаалж л түлхсэн” гэв.

Хохирогч Ц.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 17-нд 21 цаг өнгөрөөд 22 цаг дөхөж байхад эгчийнхээ дэлгүүрт орсон. Гэтэл Ихбаяр гаднаас орж ирээд тамхи асуусан. Энд зардаггүй, зардаг дэлгүүр би заагаад өгье гээд хамт гарсан. Гараад өөрийнхөө тамхийг гаргаад татах гэтэл Ихбаяр надаас тамхи гуйсан. Тэгэхээр нь би замын цаана харагдах дэлгүүр рүү зааж “тэр дэлгүүрт байгаа, очоод авчих” гэж хэлсэн. Тэгээд тамхиа асаатал миний зүүн шанаа уруу цохиод унагасан. Хохиролд 3 сая төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Гэрч М.Эрдэнэжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр “Урт цагаан” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Манай дэлгүүр тамхи зардаггүй. Ихбаяр гаднаас орж ирээд тамхи асуугаад танайх зардаг биз дээ гээд байсан. Гэтэл Батжаргал ах дэлгүүр заагаад өгье гээд тэр хоёр гарсан. Түүнээс хойш 10-20 минутын дараа нэг эмэгтэй орж ирээд үүдэнд чинь хүн хэвтэж байна гэсэн. Гараад хартал Батжаргал ах хэвтэж байсан. Харин Ихбаяр үсчин дотор сууж байсан. Эхнэр нь манай дэлгүүрийн камерийн бичлэгийг үзсэн. Тухайн үед би Ихбаяр уруу хандан “яагаад манай ахыг ингэж байгаа юм” гэхэд тэрээр “би нэг л алгадсан шүү дээ, юун сүртэй юм гэсэн” гэв.

Гэрч Ц.Дүүрэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 17-ны 21 цаг өнгөрч байхад охин Эрдэнэжаргал “хүрээд ир” гээд над уруу ярьсан. Нэг хүн орж ирээд тамхи нэхээд байхаар нь Батжаргал дэлгүүр заагаад өгье гээд хамт гарсан гэсэн. Ихбаярыг хайж үсчин рүү очтол хаалгаа тайлахгүй байсан. Дахиад очтол Ихбаяр сууж байсан. Юу болов гэтэл би мэдэхгүй гээд байсан. Тэрээр эхэндээ түлхсэн гээд байсан. Харин намайг “түлхэхэд хүн ийм болохгүй биз дээ” гэтэл “би нэг л цохисон, юун сүртэй юм” гээд над уруу дайраад байсан” гэв.

Гэрч О.Болдмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “16-17 цагийн үед Ихбаяр үсээ засуулахаар манай ажил дээр ирсэн. Эхнэр нь ирчихсэн байсан. Дэлгүүр рүү тамхи авахаар гарсан, зарахгүй байна гээд орж ирсэн. Удалгүй хажуу дэлгүүрийн хүмүүс Ихбаярыг хайж орж ирээд түүнийг дагуулаад гарсан” гэв.

Гэрч О.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үсийг нь засуулах гээд нөхрөө дуудсан юм. Ихбаяр тамхи аваадахъя гээд гарсан. Удаагүй тамхи байхгүй байна гээд орж ирсэн. Тэгэхээр нь би гараад ирье гээд хажуугийн дэлгүүр ортол үүдэнд нь хүн хэвтэж байсан. Дэлгүүрт ороод худалдагчид нь хэлтэл гарч харсан. Тэгээд манай ах байна гэж байсан. Би үсчин рүү буцаж орсон. Удалгүй хажуугийн дэлгүүрийн хүмүүс орж ирээд Ихбаярыг цохисон, зодсон гээд байсан. Би дэлгүүр рүү орж камерийн бичлэгийг үзсэн. Нөхөр маань худалдагчтай яриад зогсож байтал Батжаргал араас нь юм яриад байсан” гэв.

Гэрч Д.Түвшинжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Бриллианс кабинет” эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээгээр тархинд шугаман хугарал харагдаагүй. Тархи бол өвөрмөц бүтэцтэй бөгөөд хугарлуудын зөрүүнээс шалтгаалан 6 сараас 1 жилийн хугацаанд бороо үүсэхгүйгээр, ул мөр үлдээхгүйгээр эдгэрдэг онцлогтой. Тухайн хүний бие махбодийн онцлогоос хамаарч 5 сарын дотор эдгэрэх боломжтой” гэв.

Шинжээч эмч С.Одончимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хугарал гэдэг дээр маргаан байхгүй, энэ нь гэмтэл авсан үеийн компьютерт томографийн шинжилгээгээр тогтоогдсон. Чихнээс цус гарсан байна гэдэг нь тархины гэмтлийн хамгийн аюултай шинж, мөн баруун талдаа саажилттай байсан нь гэмтэл учирсан гэдгийг илтгэнэ. Эмнэлгийн тусламж яаралтай аваагүй тохиолдолд амь насаа алдах байсан” гэв. 

201626010872 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Ц.Батжаргалын: “Би 2016 оны 3 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “Гүнгэрваа” захын замын эсрэг талд байрлах “Урт цагаан” гэж нэршсэн дэлгүүрт ороод зогсож байтал гаднаас нэг танихгүй залуу орж ирээд дэлгүүрийн худалдагчаас тамхи зарах уу? гэж асуухад нь би хажуунаас нь энэ дэлгүүр тамхи зардаггүй юм гэхэд нөгөөх залуу гараад явсан. Тэгээд би тэр залуугийн араас гараад нөгөөх залууд тэр дэлгүүр тамхи зардаг юм гээд буудлын цаад талд харагдах дэлгүүрийг зааж өгөөд халааснаасаа тамхиа аваад татахад нөгөөх залуу надаас нэг тамхи өгчих гэхээр нь өөрөө тэр дэлгүүрээс очиж тамхиа аваад татчих гэхэд баруун гараараа миний зүүн шанаа орчимд нэг удаа цохисон. Тэгээд миний ухаан балартаад юу болсныг мэдэхгүй, нэг мэдэхэд эмнэлгийн машин дотор явж байсан. Ихбаяр гэх тэр залуу миний эрүү рүү баруун гараараа хүчтэй цохисноос би цементэн талбай дээр унаж энэ гэмтэл учирсан. ...Намайг ямар учраас цохисныг мэдэхгүй. Би бодохдоо надаас тамхи асуухад нь чи өөрөө дэлгүүрээс очиж тамхиа аваад татчих гэж хэлснээс болоод цохисон байх гэж бодож байна. Надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй”,

“...2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр анх цагдаа дээр ирж өгсөн тайлбартаа миний эрүү рүү нэг удаа цохисон, цааш юу болсныг мэдэхгүй гэж ярьсныг би эрүү рүү нэг удаа цохисон гэж бичсэн нь бичгийн алдаа болсон байна. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ баруун гараараа миний зүүн шанаа орчимд нэг удаа цохисон гэж, миний эрүү рүү баруун гараараа хүчтэй цохисон гэж тус тус хоёр өөр мэдүүлсэн байгаа нь би эрүү, шанаа хоёрыг үргэлжилсэн нэг л эрхтэн гэж ойлгож байдаг болохоор эрүү рүү шанааны хэсэгт л нэг удаа цохисныг өөрийн ойлгосноор ярьсан байна. Тиймээс Ихбаярын цохисон нэг удаагийн цохилт нь миний эрүү шанаа хоёрын зааг хэсэгт гэж ойлгож болно. ...Би өмнө мэдүүлэгтээ хэн нь өмнө, хойно гарсан асуудал нь тийм ч чухал зүйл гэж ойлгоогүй болохоор тухайн үед бодож саналгүй ярьж мэдүүлсэн байна. Үнэндээ би түрүүнд нь алхаж гарсан. Ихбаяр дөнгөж миний ард л алхаж гарч ирсэн” /хх-12-13, 136/,  

Гэрч М.Эрдэнэжаргалын: “...намайг өөрийн ажилладаг ...дэлгүүртээ байхад хамаатны ах Батжаргал орж ирээд надтай юм яриад удаагүй байж байтал гаднаас архи уусан байдалтай нэг согтуу хүн орж ирээд тамхи асуухаар нь тамхи байхгүй гэхэд дахин дахин асуугаад байхад нь Батжаргал энэ дэлгүүр тамхи зардаггүй юм, би дэлгүүр заагаад өгье гээд нөгөөх залуутай хамт гарсан. Тэгээд би дэлгүүртээ үлдээд байж байтал гаднаас нэг эмэгтэй үйлчлүүлэгч орж ирээд танай гадаа хүн газарт уначихсан байна гэхээр нь гарч хартал Батжаргал ах гадаа хаалганы хажуу талын цементен дээр дээшээ харсан, баруун чихнээс нь цус гоожсон байдалтай ухаангүй хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-14/,

Гэрч О.Болормаагийн: “...2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би гадуур явж байгаад гэртээ харих замдаа нөхөр Ихбаяр руу утсаар яриад автобусны буудал дээр хүрээд ир гэж дуудсан. Ингээд Ихбаяртай уулзаад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан дэлгүүрийн хажуу талын үсчин рүү ороод үсийг нь засуулахаар хүлээгээд сууж байтал Ихбаяр дэлгүүр орж тамхи авна гээд гараад би хүлээгээд сууж байтал удалгүй орж ирээд миний хажууд суухаар нь би бохь авах санаатай зөрж гараад үсчний хажуу талын дэлгүүр орох гэхэд үүдэнд нь нэг эрэгтэй хүн дээшээ харсан байрлалтай хэвтэж байхаар нь согтуу хүн л хэвтэж байгаа юм байх гэж бодоод дэлгүүр рүү орохдоо худалдагч эмэгтэйд танай үүдэнд согтуу бололтой хүн хэвтэж байна гэхэд нөгөөх худалдагч эмэгтэй гарч харснаа манай ах байна гэсэн. ..буцаж үсчин рүү ороод байж байтал нөгөөх худалдагч хүүхэн орж ирээд Ихбаярыг чи манай ахтай хамт гарсан шүү дээ гэхээр нь би гайхаад юу яриад байгаа юм бэ гээд дагаж гараад дэлгүүрийн камерыг үзэхэд Ихбаяр нөгөөх гадаа хэвтэж байсан залуугийн араас дагаад хамт гадагшаа гарсан бичлэг байсан” гэх мэдүүлэг /хх-16-17/,

Гэрч Ц.Дүүрэнжаргалын: “ 2016 оны 3 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчим намайг гэртээ байхад охин Эрдэнэжаргал яриад та дэлгүүр дээр хүрээд ир Батжаргал ах дэлгүүрийн гадаа уначихсан байна гэхээр нь би ...ирэхэд Батжаргалын чихнээс нь цус гарсан байдалтай чихээ алчуураар дарчихсан дэлгүүр дотор хаалганы урд хэсэгт сандал дээр суугаад хана налчихсан байж байсан. Эрдэнэжаргалаас юу болсон талаар асуухад нэг залуу орж ирээд тамхи асуухаар нь Батжаргал ах би тамхи зардаг газар заагаад өгье гэж хэлээд гарцгаасан. Тэгээд удаагүй нэг эмэгтэй орж ирээд танай үүдэнд хүн газар хэвтэж байна гэхээр нь гарч хартал Батжаргал ах газарт хэвтэж байсан. Тэгээд сэргэж өгөхгүй байхаар нь тан руу яриад дэлгүүр рүү оруулсан юм гэж байсан. Би хажуу талын үсчин рүү Эрдэнэжаргалын хамт ороод нөгөөх залууг нь дуудаж гаргаж ирэхэд Батжаргал гадаа гарч ирээд газарт суучихсан байхаар нөгөөх залууд хандаж чи яаж байгаа юм бэ? энэ хүнийгээ хар гэхэд би яагаач үгүй, зүгээр л түлхсэн шдээ гээд байсан. Тэгээд би эмнэлэг рүү дуудлага өгчихөөд байж байтал цагдаа, түргэн ирээд Батжаргалыг аваад явсан гэх мэдүүлэг /хх-142/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.03.24-ний өдрийн 4021 дүгээр актын дүгнэлтэд: “1.Батжаргалын биед гавал ясны баруун талын хөхлөг сэртэнгээс арагш зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна” гэжээ /хх-21/,

Шүүх эмнэлгийн хавтас хэргийн материалын 2016.07.08-ны өдрийн 945 дугаар дүгнэлтэд: “1. Ц.Батжаргалын биед баруун чамархайн хөхлөг сэртэнгээс зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. 2016.0.3.18-ны өдрийн КТГ-н шинжилгээнд хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хананы хуучин хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2016.03.17-нд үүссэн байх боломжгүй. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. 6. Шүүх эмнэлгийн 4021 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна” гэжээ /хх-99-100/,

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2016.11.21-ний өдрийн 1453 дугаар дүгнэлтэд: “1. Урьд гаргасан шинжээчдийн 4021, 945 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2. Ц.Батжаргалын 2016.03.18-ны өдрийн КТГ-д гавал ясны баруун талын хөхлөг сэртэн арагш зулай хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал оношлогдож ГССҮТ-д хэвтэж эмчлэгдсэн байна. ЭМЯ-ны дүрс оношилгооны салбар зөвлөлийн эмч Д.Түвшинжаргал нь Ц.Батжаргалын 2016.8.21-нд давтан авахуулсан буюу эдгэрэл явагдсан үеийн КТГ зургийг уншиж дүгнэлт бичсэн байна. 3. Ц.Батжаргалын биед тогтоогдсон гавлын баруун хөхлөг сэртэнгээс зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал нь 2016.03.17-ны өдөр учирсан байх боломжтой байна. 4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 5. Тухайн үед ГССҮТ-д хэвтэж эмчлүүлсэн гэх өвчний түүхээс үзэхэд шинэ гэмтэл байна. 6. Баруун талын хөхлөг сэртэнгийн зулай руу үргэлжилсэн шугаман хугарал нь ШЭГЗТЖ-н 3.1.2 зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. 7. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чавдар хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний эдгэрэл төгсгөлөөс шалтгаална” гэжээ /хх-173/,

Хохирогч Ц.Батжаргалын өвчний түүхийн хуулбар /хх-33-55/,

Шинжээч Г.Ханхүүгийн: “...Харин баруун чамархайн хөхлөг сэртэнгээс зулай яс уруу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн цаг хугацаанд буюу 2016.03.17-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл хатуу мохоо гадаргуутай газарт баруун чамархай хэсгээр унасан үед нэг цаг хугацаанд үүсч болно” гэх мэдүүлэг /хх-95-96/,

Сэжигтэн Д.Ихбаярын: “...2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ...Урт цагаан хүнсний дэлгүүрт 22 цагийн үед ганцаараа тамхи авахаар ороход тамхи зардаггүй гэж хэлэхээр нь ганц тамхи байвал зарчих л даа гэж гуйхад байхгүй гэсэн. Тэр үед миний ард дэлгүүрийн дотор талын хаалганы ард танихгүй хүн зогсож байгаад намайг дэлгүүрээс тамхи авалгүй гарахад дэлгүүр дотор зогсож байсан согтуу залуу гадаа зогсож байгаад хөөе нааш ир гэж хэлэхээр нь яасан гэж тэр залуу дээр очиж байсан санагдаж байна. Тухайн үед би их хэмжээний согтолттой байсан болохоор сайн санахгүй нэг мэдэхэд тэр согтуу залуутай заамдалцаад зогсож байсан. Би ухаан ороод тэр залууг өөрөөсөө холдуулахаар түлхэхэд тэр залуу Урт цагаан хүнсний дэлгүүрийн урд газар унасан. Тэгэхээр нь би тэр залуугаас зодолдо гээд байна гэж бодоод зугтаагаад үсчин дотор эхнэр Болормаа, үсчин нарын хамт архи уугаад байж байтал цагдаа нар ирээд саатуулсан.

Тухайн үед би их хэмжээний согтолттой байсан болохоор болсон явдлыг орон гаран санаж байна. Ямар ч байсан хохирогч согтуу надтай хэрэлдэж маргалдаад намайг заамдаж байсан яг ямар утга санаатай хэрүүл болсон талаар санахгүй байна. Би Батжаргалыг түлхэж өөрөөсөө холдуулах гэхэд газар унасан. Газар унахдаа яг яаж унасан талаар хараагүй” гэх мэдүүлэг /хх-28-29/,

гэрч Д.Түвшинжаргалын мэдүүлэг /хх-167-168/, шинжээч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /хх-83-84/, шинжээч С.Одончимэгийн мэдүүлэг /хх-169/, “Мөнгөн гүүр” эмнэлгийн компьютерт томографийн оношлогоо /хх-50/, ерөнхий үзлэг /хх-51/, гэмтлийн эмчийн үзлэг /хх-52/, хохирлын баримтууд /хх-58-60/, гэрч О.Болдмаагийн  мэдүүлэг /хх-81/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-85-87/, дуудлагын баримт /хх-147, 149/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Ихбаяр нь согтуурсан үедээ 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” дэлгүүрийн орчимд иргэн Ц.Батжаргалыг “тамхи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр түүний нүүрэн тус газарт цохин газарт унаган, бие махбодид нь гавал ясны баруун талын хөхлөг сэртэнгээс арагш зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон дараах шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Батжаргалын өгсөн “Гараад өөрийнхөө тамхийг гаргаад татах гэтэл Ихбаяр надаас тамхи гуйсан. Тэгэхээр нь би замын цаана харагдах дэлгүүр рүү зааж “тэр дэлгүүрт байгаа, очоод авчих” гэж хэлсэн. Тэгээд тамхиа асаатал миний зүүн шанаа уруу цохиод унагасан” гэх мэдүүлэг,

гэрч М.Эрдэнэжаргалын өгсөн “Ихбаяр гаднаас орж ирээд тамхи асуугаад танайх зардаг биз дээ гээд байсан. Гэтэл Батжаргал ах дэлгүүр заагаад өгье гээд тэр хоёр гарсан. Түүнээс хойш 10-20 минутын дараа нэг эмэгтэй орж ирээд үүдэнд чинь хүн хэвтэж байна гэсэн. Гараад хартал Батжаргал ах хэвтэж байсан. ...Ихбаяр тухайн үед нэг л алгадсан гэж байсан” гэх мэдүүлэг,

гэрч Д.Түвшинжаргалын өгсөн “Тархи бол өвөрмөц бүтэцтэй бөгөөд хугарлуудын зөрүүнээс шалтгаалан 6 сараас 1 жилийн хугацаанд бороо үүсэхгүйгээр, ул мөр үлдээхгүйгээр эдгэрдэг онцлогтой. Тухайн хүний бие махбодийн онцлогоос хамаарч 5 сарын дотор эдгэрэх боломжтой” гэх мэдүүлэг,

шинжээч С.Одончимэгийн өгсөн “Хугарал гэдэг дээр маргаан байхгүй, энэ нь гэмтэл авсан үеийн компьютерт томографийн шинжилгээгээр тогтоогдсон” гэх мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Ихбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ц.Батжаргал “хохиролд 3000000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Д.Ихбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, хэт нэг талыг барьсан, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд тогтоогдоогүй” гэж мэтгэлцсэн болно.

- Тэрээр гавал тархины томографийн зургийг шинжээч эмч нар өөр өөр байдлаар тайлбарлаж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй гэх боловч

“Мөнгөн гүүр” эмнэлгийн 2016.03.18-ны өдрийн компьютерт томографийн оношилгоонд “...гавал ясны баруун талын хөхлөг сэртэнгээс арагш зулайн ар хэсэгрүү үргэлжилсэн шугаман хугалтай...хаван хавдартай, хий тодорхойлогдоно” гэж /хх-50/, дээрх дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “...баруун чамархайн хөхлөг сэртэнгээс арагш ташуу чиглэлээр зулай яс руу үргэлжилж чамархайн заадал хүрсэн шугаман хугаралтай, ...бага зэрэг хаван хавдар, хийтэй” гэж нарийвчлаж уншин, энэ талаар дүгнэлтүүдэд тусгагдсан байна.

Түүнчлэн “Бриллианс кабинет”-ийн компьютерт томографийн оношилгоонд “...гавал яс болон баруун талын нүдний ухархайд гэмтлийн гаралтай бүтцийн эмгэг өөрчлөлтгүй...” гэж тусгагдсан, дээрх оношлогоог Эрүүл мэндийн яамны дүрс оношлогоо, радиологийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, дүрс оношлогооны эмч Д.Түвшинжаргал уншихдаа “...нүүрний болон гавлын ясанд эмгэг яс эвдэрлийн, яс хатуурлын болон шинэ хугарал сэжиглэх өөрчлөлтгүй байна” гэжээ.  

Дээрх дүгнэлтүүдээс харвал “Мөнгөн гүүр” эмнэлгийн комьпютер томографийн оношилгоог хэрэг гарсан маргааш буюу 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, Бриллианс кабинет компьютерт томографийн оношилгоог мөн оны 8 дугаар сарын 21-ний өдөр тус тус авсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт дүрс оношлогооны эмч Д.Түвшинжаргал мэдүүлэхдээ “гавал ясны хугаралын байдлаас шалтгаалан гавлын яс нь 6-12 сарын хугацааны дотор бороо үүсгэхгүй, ул мөр харагдахгүйгээр эдгэрэх боломжтой гэж, шинжээч эмч С.Одончимэг “...Гавал ясны хугарал учирсан гэдэг дээр ямар нэг маргаан байхгүй, энэ нь компьютерт томографийн шинжилгээ болон хохирогчийн биеийн байдалд тухайн үед илэрсэн шинж тэмдгээр (чихнээс цус гарсан, баруун талдаа саажилттай) гавал яс хугарсан гэж үзсэн...” мэдүүлэг зэргээр өмгөөлөгчийн дээрх тайлбар, мэтгэлцээн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

              - Мөн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтууд хууль зөрчиж хийгдсэн, авагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй төдийгүй тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан, авагдсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.   

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Хохирогч Ц.Батжаргалын бие махбодид хүнд гэмтэлтэй учирсны хохиролд шүүгдэгч 3000000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй,түүнчлэн хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Д.Ихбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ихбаяр урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дамбын Ихбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар шүүгдэгч Д.Ихбаярыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Д.Ихбаярт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ихбаяр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ихбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолд давж заалдах омдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ихбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Л.БААТАР

 

                                   ШҮҮГЧИД                                 Б.БАТАА

 

                                                                                       Г.МӨНХЗУЛ