Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1277

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

“Р” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00549 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Р” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ТБ” ХХК-д холбогдох

 

   Гэрээний үүргийн төлбөрт 23 220 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагчийн 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “Р” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Р” ХК нь “ТБ” ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд манай компаниас бетон зуурмаг хүлээн авсан. Бид бүтээгдэхүүнийг цаг тухайд нь нийлүүлсэн бөгөөд “ТБ” ХХК нь бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 15 480 000 төгрөгийг төлөөгүй учир цагдаад гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тул энэ үеэс гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн. Иймд 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 15 480 000 төгрөг, алданги 7 740 000 төгрөг нийт 23 220 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ТБ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Б.Нямдорж байгуулаагүй бөгөөд “ТБ” ХХК нь “Р” ХК-аас бүтээгдэхүүн худалдаж аваагүй. Энэ үйл явдал нь 2012 онд болсон тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд Л.Энхтүвшин гарын үсэг зурсан бөгөөд гэрээн дээрх улсын бүртгэлийн гэрчилгээ болон регистрийн дугаар “ТБ” ХХК-ийнх биш. Бүтээгдэхүүн хүлээж авсан баримт дээрх гарын үсэг нь М.Баярмагнайгийн гарын үсэг бөгөөд “ТБ” ХХК-ийн ажилтан огт хүлээж аваагүй. Бетон зуурмагийг Жинст заан ХХК хүлээж авсан байхад “ТБ” ХХК-аас шаардсан нь үндэслэлгүй. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь хууль тогтоомж зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаагаар Б.Нямдорж нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд, харин Л.Энхтүвшин нь “ТБ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Р” ХК нь “ТБ” ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ огт байгуулаагүй бөгөөд Л.Энхтүвшин гарын үсэг зурж, манай компанийн тамгыг дарсан байсан. Уг гэрээнд дарагдсан тамга нь маш бүдэг тул тамгыг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шинжлүүлъе гэсэн хүсэлт шүүхэд гаргахад хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн гэрээн дэх компанийн регистрийн болон улсын бүртгэлийн дугаар нь “ТБ” ХХК-ийнх биш тул уг дугааруудыг ямар байгууллагынх болохыг Оюуны өмч улсын бүртгэлийн газраас лавлах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. Дээрх хүсэлтүүдийг хангаагүй нь хариуцагчийн эрх ашиг сонирхлыг хөндөхөөр байна. Иймд “Р” ХК-ийн “ТБ” ХХК-тай байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “ТБ” ХХК нь “Нью тур” ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Бага тэнгэрийн аманд байрлах барилгыг “ТБ” ХХК-аар бариулж, 555 750 000 төгрөгийн хөлсийг олгосон.

Дээрх ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж “ТБ” ХХК-ийн захирал Л.Энхтүвшин гарын үсэг зуран, тамга дарж, ажлын хөлс 450 349 902 төгрөгийг “ТБ” ХХК-ийн Хаан банк дахь дансанд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл “Нью тур” ХХК-ийн зүгээс “ТБ” ХХК, түүнийг төлөөлж захирал Л.Энхтүвшинтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний төлбөрийг бүрэн төлж, гүйцэтгэсэн ажлыг мөн хүлээн авсан нь хэргийн материалд авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, ХААН банкны дансны хуулга, барьцаа олгож гэрээ хаасан протокол, шүүхэд ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 123/17 тоот албан тоот зэргээр тогтоогддог.

Гэтэл Л.Энхтүвшин нь “ТБ” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэсэн тайлбарыг гаргаж, сөрөг нэхэмжлэл гаргасан атлаа “Нью тур” ХХК болон “ТБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, өөрийн компанийн ХААН банкны дансаар “Нью тур” ХХК-аас шилжүүлсэн 450 349 902 төгрөгийн ажлын хөлсийг захиран зарцуулсан нь ойлгомжгүй бөгөөд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл “Нью тур” ХХК-аас санхүүжилт авахдаа “ТБ” ХХК-ийн захирал нь Л.Энхтүвшин гэдгийг зөвшөөрч, 450 349 902 төгрөгийн ажлын хөлс авсан атлаа уг ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай барилгын бүтээгдэхүүнийг “Р” ХК-аас авах бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Л.Энхтүвшин байгуулах эрхгүй хэмээн маргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хариуцагч “ТБ” ХХК-аас 23 220 000 төгрөг гаргуулах тухай “Р” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу “Р” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 050 төгрөг, хариуцагч “ТБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Р” ХК-аас 274 100 төгрөгийг гаргуулж хариуцагч “ТБ” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй бөгөөд хэрэглэсэх ёстой хуулийг хэрэглээгүй тул дараах үндэслэлээр шийдвэрийг эс зевшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр “Нью тур” ХХК болон “ТБ” ХХК хоорондын 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хэргийн материалд авагдсан ба уг гэрээнд “ТБ” ХХК-ийг төлөөлж Л.Энхтүвшин гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарсан. Гэвч хариуцагч “ТБ” ХХК-ийн зүгээс “Нью тур” ХХК-тай байгуулсан гэрээнд “ТБ” ХХК-ийг төлөөлөх эрхийг Л.Энхтүвшинд олгож, хуулийн этгээдийн тамгыг хариуцуулан өгч гэрээ байгуулсан, “Нью тур” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийг компанийн дансаар хүлээн авч захиран зарцуулсан атлаа уг хөрөнгийг захиран зарцуулах үндэслэл болсон “Р” ХК-иас нийлүүлсэн бетон зуурмагийг хүлээн аваагүй, Л.Энхтүвшин компанийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл 585 000 000 төгрөг авахдаа Л.Энхтүвшинд тухайн үед итгэмжлэл олгосон атлаа төлбөрийн үүрэг хариуцах болохоор Л.Энхтүвшинд итгэмжлэл олгоогүй хэмээн тайлбарлаж буй нь бодит байдал болон шударга ёсонд нийцэхгүй. Анхан шатны шүүх “ТБ” ХХК-ийн захирал Б.Нямдорж нь “Нью тур” ХХК-тай гэрээ байгуулсан Л.Энхтүвшингийн үйлдлийг хожим хүлээн зөвшөөрсөн, харин “Р” ХК-тай байгуулсан гэрээнд Л.Энхтүвшинд эрх олгохоос татгалзсан хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй. Учир нь “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямдорж нь “Нью тур” ХХК-тай гэрээ байгуулахад Л.Энхтүвшинд ямар нэгэн итгэмжлэл, эрх олгосон баримтгүй зөвхөн өөрөө дүгнэсэн байна.

Мөн “Р” ХК-ийн нийлүүлсэн бетон зуурмагаар “Нью тур” ХХК-ийн бариулсан барилгууд баригдаж, үүний үр дүнд “ТБ” ХХК нь 585 000 000 төгрөгийн орлого олсон. Б.Нямдорж нь “Нью тур” ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Л.Энхтүвшинд эрх олгож, тамгаа хариуцуулсан тохиолдолд “Р” ХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах хүртэл 10 хоногийн хугацаанд компанийн тамгаа буцаан шилжүүлж аваагүй нь Л.Энхтүвшин нь тухайн хугацаанд “ТБ” ХХК-ийг бүрэн төлөөлж байсныг нотолно. Шүүх “ТБ” ХХК болон “Нью тур” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ болон барьцаа олгож, гэрээ хаасан протокол зэрэг нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

“ТБ” ХХК нь Стандарт марк ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, Жинст заан ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байхад анхан шатны шүүх “Р” ХК-иас 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн бетон зуурмагийг туслан гүйцэтгэгч Стандарт марк ХХК хариуцахаар гэрээгээр тохиролцсон хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлд холбогдох баримтуудыг бүрэн үнэлэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. “Р” ХК болон “ТБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд уг гэрээ байгуулах эрхийг Б.Нямдорж нь Л.Энхтүвшинд олгож, “Р” ХК-д “ТБ” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь Л.Энхтүвшин хэмээх ойлголтыг бий болгосон. Нөгөөтэйгүүр хариуцагч нь “Р” ХК, “ТБ” ХХК-иудын хоорондын бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасаныг анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэл хэмээн дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч “Р” ХК нь хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 23 220 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

            Талууд 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээнд “ТБ” ХХК-ийг төлөөлөн Л.Энхтүвшин гарын үсэг зуржээ. /хх-7-10 дахь тал/

            Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон төлөөлөх эрхийн талаар маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Энхтүвшингээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзан хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна. Давж заалдах шатны шүүхээс өмнө нь энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байхад алдааг залруулалгүйгээр “уг хүсэлтийг шийдсэн хүчин төгөлдөр захирамж байгаа” гэх үндэслэлээр хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон, дахин хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй”, 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж тус тус заасан. Нэгэнт зохигчид төлөөллийн талаар маргаж байгаа тохиолдолд Л.Энхтүвшингээс гэрчийн мэдүүлэг авах нь тухайн этгээд ямар ашиг сонирхолтойгоор дээрх хэлцэлд орсон болох, түүнд “ТБ” ХХК төлөөлөх эрхтэй гэх ойлголтыг өгсөн эсэхийг тодруулж, маргааны үйл баримтыг тогтоосноор эрх зүйн харилцааны агуулгыг тодорхойлох, мөн хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэх боломжтой болно.

            Хариуцагч тал, Л.Энхтүвшин болон “Жинст заан” ХХК-ийг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах хүсэлт гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэгч тодорхойлох боловч мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зөвшөөрсөн тохиолдолд хариуцагчийг солих боломжтой. Анхан шатны шүүх хариуцагчийг солихыг нэхэмжлэгч зөвшөөрч байгаа эсэхийг тодруулалгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийг буруу хэрэглэжээ.

            Мөн хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулгыг тодруулах шаардлагатай. Тодруулбал, талуудын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэдгийг шүүхээс заавал тогтоох хэлцэл биш бөгөөд харин ийм хэлцлийн үр дагаврыг шүүх шийдвэрлэх боломжтой. Гэтэл ямар нэгэн үр дагавар шийдвэрлүүлэхгүй тодорхой бус агуулгатай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан нь буруу боловч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан тодорхой бус агуулгатай нэхэмжлэлийг хүлээн авсан бол түүний агуулгыг тодруулах ёстой.

            Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00549 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 548 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                 Ч.ЦЭНД