| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 106/2020/0302/Э |
| Дугаар | 669 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 669
Т.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Цэрэндорж,
шүүгдэгч Т.Т,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2009 00231 0327 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Н овгийн Т-н Т, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т х” хамгаалалтын газарт жолооч ажилтай, ам бүл 6, хадам эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;
Т.Т нь 2020 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” хотхоны гражид иргэн Э.Б-н эзэмшлийн “Тоёота приус-20” загварын, ..... УБХ улсын дугаартай автомашины дунд хайрцагнаас дугтуйтай 440.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Т-г 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Т-с 440.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Б-д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Т цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Үүнийг дахин хянаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү. Би урьд нь ял шийтгэл эдлээгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлсөн бөгөөд ам бүл зургуулаа амьдардаг. Манай эхнэр 2019 оны намараас чихний хэнгэрэг нь цоорч идээлэн, цаашлаад бага тархиндаа идээлж, бага тархины хорт хавдартай болсон. Би гэр бүлээ тэжээн тэтгэж, эхнэрийн эмчилгээний төлбөрийг төлж байна. Би “Т х” ХХК-д 2013 оноос өнөөдрийг хүртэл жолоочоор сард 500.000 төгрөгийн цалинтай ажиллаж, амьдралдаа зарцуулдаг. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Миний амьдралын нөхцөл байдал, ар гэр, үр хүүхэд, эхнэрийн минь биеийн байдал муу байгаа зэргийг харгалзан, ял шийтгэлийг хөнгөрүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээ болох 240 цагийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж байсан тул 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргах зүйлгүй гэсэн боловч тухайн үйлдэл дээрээ маргаж байгаа тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Т.Т нь 2020 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” хотхоны гражид иргэн Э.Б-н эзэмшлийн “Тоёота приус-20” загварын, ..... УБХ улсын дугаартай автомашины дунд хайрцагнаас дугтуйтай 440.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Б-н “... Би дуудлагын жолооч дуудалгүй хамт явсан таксины жолоочоор машинаа бариулаад гэр лүүгээ явсан. Тэр хооронд хэсэг унтсан байсан ба граж дотор орж байхад сэрсэн. Машинаас буутал миний машиныг барьж явсан залуу дахиад нэг залуугийн хамт зогсож байхаар нь би гайхаад “хэд болсон бэ” гэхэд “60.000 төгрөг болж байна” гэхээр нь машины голын хайцагт байсан дугтуйтай 500.000 төгрөгөөс 60.000 төгрөгийг гаргаж өгөөд үлдсэнийг нь дугтуйндаа хийгээд буцаагаад байсан байранд нь тавьсан. Тэгээд би “энд машин тавьдаггүй юм” гээд цаашаа зогсоол зааж өгөх гээд сүүлд ирсэн залуугийн хамт алхсан. Тэгэхэд анх такси барьж явсан залуу миний машиныг ухрааж авч ирээд зогсоолд байрлуулж өгөөд явцгаасан. Маргааш нь дугтуйтай мөнгөө үзэхэд байхгүй байсан. ...” /хх 29-30/,
гэрч П.Т-ын “... Анх гражид машиныг оруулаад тэр эмэгтэй Т-д машины голын хайрцагнаас дугтуй гаргаж ирээд 60.000 төгрөг өгсөн. ... Тэгээд машиныг түгжээд гарах гэтэл гражийн хаалга хаасан болохоор энд байрлуулж болохгүй гэхэд би тэр эмэгтэй, Т бид гурав машинаас цааш алхаж байгаад тэр эмэгтэй түлхүүрээ Т-д өгсөн. Би цаашаа зогсоол дээр нь очоод машиныг байрлуулахад нь зааж өгсөн. ...” /хх 14/,
гэрч Г.Б-н “... Манай ажлын газрын Б эгч бид хоёр машин дээр нь очоод Б эгч урд талын хайрцгийг онгойлгоод надад дугтуй өгөөд “энэ дотор хэдэн төгрөг байна, хамт тоолоод үзье” гэж хэлээд тоолоход нийт 500.000 төгрөг байсан. ...” /хх 35-36/,
гэрч Д.Э-н “... Камерын бичлэг шүүж үзэхэд ... машин дотор байсан эрэгтэй машины хайрцгийг ухаад дотроос нь мөнгө авч байсан. Тэр үед манай охин Б анзаараагүй зогсож байсан. Машинаас 30-35 орчим насны, 170-175 см орчим өндөртэй эрэгтэй хүн буугаад гражаас гараад явсан бичлэг байсан. ...” /хх 38/ гэх мэдүүлгүүд,
камерын бичлэгт үзлэг хийсэн “... Э.Б машины хаалгыг онгойлгож өгөх ба машины голын хайрцагнаас цагаан өнгийн дугтуй авч 2 эрэгтэй хүний нэг болох эрээн куртиктэй залууд мөнгө өгчихөөд цагаан өнгийн дугтуйг машины голын хайрцагт буцааж хийж, машины хаалгыг хаасан ба мөнгө өгөх гэж байхад мөнгө авсан залуу дугтуйтай мөнгө рүү харсан. Тэгээд цааш алхаж тухайн машиныг байрлуулах гээд түлхүүрийг мөнгө авсан залууд өгөөд тэр залуу ганцаараа машинд ирж цагаан өнгийн дугтуйг авч байгаа нь харагдаж байв. ...” гэсэн тэмдэглэл /хх 5/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Т-н хохирогч Э.Б-н автомашиныг гражид байрлуулах явцдаа, түүний машины хайрцагнаас дугтуйнд байсан 440.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.
Шүүгдэгч Т.Т-с “... Миний ар гэрийн хүнд байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүгдэгч Т.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй маргаж байсан боловч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... гэм буруугийн талаар маргахгүй...” гэж, мөн хохирогч Э.Б-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулан энэ талаарх баримтаа давж заалдах гомдолд хавсаргажээ.
Тиймээс Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн, 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн, шүүгдэгч Т.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролдоо хохирогч Э.Б-д 440.000 төгрөгийг төлсөн болохыг магадлалд дурдах нь зүйтэй байна.