Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0516

 

 

 

 

 

 

 

 

  2026          07           23                                    221/МА2026/0516

 

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүн: Шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл  

Давж заалдах гомдол гаргасан:

Хариуцагчийн төлөөлөгч Б.Баярсайхан

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага:

“Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалтай чиг үүрэг адил албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 521 дүгээр шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2026/0047/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Б-ээс Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалтай чиг үүрэг адил албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 521 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалын С.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б-ийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд тус албан тушаалын цалингаас холбогдох нэмэгдлүүдийг тооцон түүнд нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

3.  Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 196 дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүргийг төрийн захиргааны төв байгууллага болон харьяа дүүргүүдэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/112 дугаар тушаалаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгах комисс байгуулагдсан.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нь Засгийн газрын 2023 оны 378 дугаар тогтоолоор 34 орон тоотой байхаар батлагдсан байсан бол Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь 30 орон тоотой байсан нь тус газрын даргын 2025 оны А/01 дүгээр тушаалаар батлагдсан албан тушаалын жагсаалтаар тогтоогддог.

Хэрэв Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын орон тоог бүхэлд нь шилжүүлсэн бол Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нийт 64 орон тоотой болох байсан. Гэвч чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар "Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолоор тус газрын орон тооны дээд хязгаарыг 56 байхаар тогтоосон. Орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотой 2025 оны 08 дугаар сарын 25- ны өдөр Засгийн газрын 2025 оны 52 дугаар тогтоолыг танилцуулах, албан хаагчид шилжин ажиллах хүсэлтэй эсэх талаар тодруулах зорилгоор Төрийн өмчийн 11-р байрны 301 тоот өрөөнд хурал зохион байгуулсан. Уг хуралд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 26 албан хаагч оролцох байснаас ээлжийн амралттай 2, чөлөөтэй 3 албан хаагч ирээгүй бөгөөд нийт 21 албан хаагч оролцсон.

 

Засгийн газрын тогтоол батлагдсаны дараа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/164 дугаартай тушаалаар “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” шинэчлэн баталсан.

Үүний дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар агентлагийн албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэл шинэчлэгдсэн. Уг тушаал гарах хүртэл Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдыг албан тушаалын нэршилд санал өгөх боломжтой талаар дурдаж байсан.

Мөн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны А/136 дугаар тушаалаар албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж, албан тушаалын тодорхойлолт өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн албан хаагчдаас санал авах буюу сонсох ажиллагаа явуулах зорилгоор мэдэгдлийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Ө.Г- рүү цахим шуудангаар явуулахын зэрэгцээ баталгаат шуудангаар захиргааны байгууллагын хаягаар хүргүүлсэн.

Мэдэгдлийг хүлээн аваагүй гэх үндэслэлээр 2025 оны 09 дүгээр сарын 23- ны өдөр дахин хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч С.Б тухайн мэдэгдэлтэй танилцаж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах хүсэлт гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрдөг.

Түүнчлэн нэхэмжлэгч С.Б-тэй 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн байгаа ерөнхий газарт ирээд шилжин ажиллаарай гэж ярихад би үргэлжлүүлэн ажиллахаа больсон 3 сарын тэтгэмжээ авна гэсэн байр сууриа илэрхийлсэн. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дахин утсаар холбогдоход мөн адил тэтгэмжээ авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Үүнээс гадна Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас нийт 3 удаа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тэтгэмж авах албан хаагчдын нэрсийг хүргүүлсэн бөгөөд уг жагсаалтад С.- багтаж, түүнд Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасан үндэслэлээр 4,197,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох талаар тусгагдсан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.” гэж тус тус заасан байдаг.

Хариуцагч байгууллагаас дээрх хуульд заасан сонсох ажиллагааг зохион байгуулж, нэхэмжлэгчид санал, хүсэлтээ илэрхийлэх бодит боломж олгосон бөгөөд нэхэмжлэгч өөрөө үргэлжлүүлэн ажиллахгүй, нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн.

 

Гэтэл анхан шатны шүүх Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүргүүлсэн мэдэгдлийг буруутгаж, санал авах ажиллагааг хууль бус мэтээр дугнэсэн атлаа нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан тэтгэмж авах хүсэлт, энэ талаар удаа дараа илэрхийлсэн байр суурь болон холбогдох нотлох баримтуудад эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалыг нэхэмжлэгчид хүргүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй юм.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох.” гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч С.Б нь үргэлжлүүлэн ажиллахгүй гэдгээ 2025 оны 09 дүгээр сарын 15, 22, 23, 29-ны өдрүүдэд удаа дараа илэрхийлж 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлт өгсөн байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч С.Б-ийн гаргасан санал хүсэлтийг тусгаж 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалыг гаргасан.

Дээрхээс үзвэл, тухайн захиргааны акт нь нэг талын санаачилгаар бус, нэхэмжлэгчийн өөрийн хүсэлт, сонголтод үндэслэн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчим, 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдалд үндэслэн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн илэрхийлсэн хүсэлт, байр суурийг харгалзан шийдвэр гаргасан.

3.2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй тухайд:

Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтыг зөв үнэлж тогтоогоогүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг зохицуулсан ба 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын хуучин бүтэц буюу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны А/105 дугаар тушаалаар “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтцийн нэгжийн орон тоо, албан тушаалын нэршил, ангилал зэрэглэл”-ийг баталсан бөгөөд Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газарт Хүүхдийн хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн албан тушаал батлагдан төрийн жинхэнэ албан хаагч ажиллаж байсан.

Харин Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2025 оны “Албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалын хавсралтад Хүүхэд, гэр бүлийн хөгжил, урьдчилан сэргийлэх хэлтэст Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтэн албан тушаалууд тус тус адил чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан бөгөөд энэ нь албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлангаас харагддаг.

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.1-т “...... “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална.”, 15.1.2-т “Мөн хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж тус тус заасан.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүрэг, орон тоог Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт шилжүүлэх үйл ажиллагааны хүрээнд байгууллагуудын хэрэгжүүлж байсан чиг үүргийг харьцуулан судалж, давхардсан чиг үүрэг бүхий албан тушаалуудыг нэгтгэн зохион байгуулсан. Бүтэц, орон тоог шинэчлэн тогтоохдоо ижил буюу агуулгын хувьд давхардсан чиг үүрэг хэрэгжүүлж байсан хоёр албан тушаалын нэгийг хасаж, чиг үүргийн давхардлыг арилгах зарчмыг баримталсан.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын орон тоог бүхэлд нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт шилжүүлээгүй бөгөөд давхардсан чиг үүрэг бүхий албан тушаалуудыг нэгтгэсний үндсэн дээр орон тоог цөөрүүлж, шинэ бүтэц, зохион байгуулалтыг баталсан байдаг.

Захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг ба нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас хүргүүлсэн мэдэгдэлтэй танилцсан, улмаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтээ илэрхийлсэн нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг зохих ёсоор үнэлээгүй.

Тодруулбал, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид бүтэц, орон тооны өөрчлөлттэй холбоотой мэдээллийг хүргэж, өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон бөгөөд нэхэмжлэгч өөрөө үргэлжлүүлэн ажиллахгүй, нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний үндсэн дээр маргаан бүхий акт гарсан байна. Ийм нөхцөлд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.3. Мөн анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас хэрэгжүүлсэн сонсох ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан “өөр ажил, албан тушаалд шилжих” боломжийн талаар санал авсан байдлыг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь тус хуулийн зохицуулалт нь албан хаагчид өөр ажил, албан тушаалд шилжих, дахин мэргэших, ажлын байраар хангагдах, эсхүл нэг удаагийн тэтгэмж авах зэрэг хэд хэдэн баталгааг нэгэн зэрэг олгосон бөгөөд эдгээрээс алийг нь сонгох нь тухайн албан хаагчийн өөрийн хүсэл зориг, сонголтоос хамаарах эрх зүйн үр дагавар юм.

Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчид хуульд заасан сонголт, боломжуудыг танилцуулж, өөрийн байр сууриа илэрхийлэх боломж олгосон бөгөөд нэхэмжлэгчийн сонгосон хувилбар болох нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах чиглэлээр хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн байхад үүнийг эсрэгээр нь эрх зөрчсөн үйл ажиллагаа гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримттай нийцээгүй.

Ийнхүү талуудын хооронд үүссэн маргааны гол зүйл болох Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30- ны өдрийн Б/112 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн зорилгод нийцсэн хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0521 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч С.Б-ээс Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалтай чиг үүрэг адил албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Төрийн албаны тухай хуулиар байгууллага татан буугдсан тохиолдолд өөр ажил албан тушаалд томилуулах эрхтэй байна. Энэ эрхийг хангаж ажлын байр санал болгож, хэрэв албан хаагч зөвшөөрөөгүй тохиолдолд тэтгэлэг олгох ёстой байтал урьдчилан мэдэгдэхгүйгээр, сонсох ажиллагаа хийж саналыг сонсохгүйгээр шууд чөлөөлсөн нь миний хуулиар олгосон эрхийг зөрчиж байна. Миний бие өөрийн салбартаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан ба 2025 оны 8 дугаар сард уулзах үеэр тус газрын шинэчилсэн бүтэц батлагдаагүй, ажлын байрны тодорхойлолт гараагүй байсан. Энэ үед манай байгууллагад ажиллаж байсан хоёр хүн шилжин ажилласан. Бусад албан хаагчдын хувьд бүтэц батлагдаж дуусахаар ажиллах боломжтой ажлын байрны тодорхойлолттой танилцаж ямар албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах тухайгаа шийдэхээр тохиролцсон байдаг. Ажлаас чөлөөлсөн шийдвэр гарсны дараа буюу 2025 оны 10 сарын 17-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын албан ёсны цахим хуудсандаа 15 гаруй ажлын байрыг зарласан байсан” гэж тайлбарлан маргажээ.

4. Хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Нэхэмжлэгч С.Б нь үргэлжлүүлэн ажиллахгүй гэдгээ 2025 оны 09 дүгээр сарын 15, 22, 23, 29-ны өдрүүдэд удаа дараа илэрхийлж 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлт өгсөн байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч С.Б-ийн гаргасан санал хүсэлтийг тусгаж 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалыг гаргасан” гэв.

5. Анхан шатны шүүх “Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай нэгтгэж, үүний үр дүнд нэхэмжлэгч С.Б-ийн эрхэлж байсан Хүүхдийн хөгжлийн үйлчилгээ хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн байх тул түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, гэтэл хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нөхцөл үүссэн, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар татан буугдсан, нэхэмжлэгч С.Б-ийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан, өөр албан тушаалд шилжин ажиллах хүсэлт гаргаагүй зэргээр түүнийг төрийн албанаас чөлөөлсөн нь буруу” гэж дүгнэн нэхэмжлэгч С.Б-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5.1. Нэхэмжлэгч С.Б- нь үргэлжлүүлэн ажиллахгүй гэдгээ 2025 оны 09 дүгээр сарын 15, 22, 23, 29-ны өдрүүдэд удаа дараа илэрхийлж 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлт өгсөн байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч С.Б-ийн гаргасан санал хүсэлтийг тусгаж 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалыг гаргасан гэх давж заалдах гомдлын тухайд:

5.1.1 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 56 байхаар баталсан бөгөөд үүнтэй холбоотойгоор тус газар 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр албан хаагчдын хурал зохион байгуулсан бөгөөд уг хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч С.Б- “би үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй” гэж хэлсэн нь тусгагдсан байна.

5.1.2 Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Д-ийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сонсох ажиллагаа явуулахаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын даргаар ажиллаж байсан Ө.Г-гийн цахим шуудангийн хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн. Тус мэдэгдэл ирсэн талаар Ө.Г мэдээгүй гэж шүүхэд мэдүүлсэн бөгөөд С.Б-т мэдэгдээгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс гаргасан тул 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргэсэн гэж үзэхээргүй байна.

5.1.3 Мөн Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын албан хаагчидтай 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн утсаар ярьсан тухай тэмдэглэлд Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Ж.Б нэхэмжлэгч С.Б-ийн 88832995 дугаарт холбогдож “мэдэгдэл байгууллагын болон Ө.Г даргын албаны мэйлээр хүргүүлсэн байгаа тайлбараа өгөөрэй, ажиллах хүсэлтэй бол ирээд уулзаж мэдээллээ өгөөрэй” гэж тэмдэглэгдсэнээс өөрөөр давж заалдах гомдолд дурдаж буй “С.Б- 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлт өгсөн” талаар баримтгүй.

5.1.4 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Г-гийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт хүргүүлсэн 01/230 дугаар албан бичгийн хавсралтад Ерөнхий нягтлан бодогч Н.Л-ын боловсруулсан албан хаагчдын тэтгэмжийн дэлгэрэнгүй тооцоололд С.Б-ийн нэр тусгагдсан. Гэвч тус албан бичгийн талаар гэрч Н.Л шүүхэд мэдүүлэхдээ “Тус хавсралт нь тэтгэмжийн төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах санал байсан ... албан хаагчдын нийгмийн баталгааг хангахын тулд шилжин ажиллах эсэхээс үл хамааран урьдчилаад бүх ажилчдын тэтгэмжийг дансандаа бэлэн байлгаж байх ёстой гэдэг агуулгаар би өөрийн зохих ажлыг хийж гүйцэтгэсэн” гэж тайлбарласан төдийгүй Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн н.Э-ийн цахим хаягт дээр дурдсан албан бичгийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цаг 36 минутад Н.Л өөрийн хувийн цахим хаягаас дахин илгээсэн зэрэг үйл баримтуудаас дүгнэн үзвэл нэхэмжлэгч С.Б- нь” үргэлжлүүлэн ажиллахгүй гэдгээ 2025 оны 09 дүгээр сарын 15, 22, 23, 29-ний өдрүүдэд удаа дараа илэрхийлж 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлт гаргасан” гэх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

5.2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй гэх давж заалдах гомдлын тухайд:

5.2.1. Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрыг 34 орон тоотой байхаар тогтоосон, тус газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/105 дугаар тушаалаар 40 орон тоотой ажиллахаар албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан ч Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар тус газарт 29 албан хаагч ажилладаг байжээ.

5.2.2. Улмаар Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүргийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт шилжүүлж, Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тоог 56 байхаар нэмэгдүүлэн баталсан бөгөөд  Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар батлагдсан албан тушаалын жагсаалтад Хүүхдийн хөгжлийн үйлчилгээ хяналт хариуцсан мэргэжилтэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/05 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын жагсаалтад, Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ, гэр бүлд зөвлөгөө өгөх төв хариуцсан мэргэжилтэн болон Хүүхдийн хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн зэрэг нэхэмжлэгчийн шилжин ажиллах боломжтой орон тоо байсан байна.

5.2.3. Нэгэнт Засгийн газрын 196 дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүргийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт шилжүүлсэн буюу захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн ч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн энэ тохиолдолд захиргаа нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

6. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 521 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА

                 ШҮҮГЧ                                                     Г.БИЛГҮҮН

                 ШҮҮГЧ                                                      О.ОЮУНГЭРЭЛ