Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 31

 

 

                                

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Хандсүрэн,

иргэний нэхэмжлэгч Б.Өлзий,

шүүгдэгч Э.Амгаланбаатар, О.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т заасан гэмт хэрэгт Э.Амгаланбаатарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т заасан гэмт хэрэгт О.Шинэбаярыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011872 дугаар, 2 хавтас хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 9 дүгээр гудамж, 37 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Тугчин овогт Энхбатын Амгаланбаатар /РД:ДЮ91120712/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан тосгон, Бумцэндийн гудамж, 1-30 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 80 дугаар байр, 36 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Цорос овогт Оюунсайханы Шинэбаяр /РД:МД92123101/.

Шүүгдэгч Э.Амгаланбаатар нь О.Шинэбаяртай урьдчилан үгсэн тохиролцсоны үндсэн дээр түүнтэй бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 28-ны орой Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын урд талд байрлах “МТ” шатахуун түгээх станцын шатахуун түгээгч С.Бадамцэцэгээс “10.000 төгрөг задлаад өгөөч” гэж хэлэн орлогоных нь мөнгийг хүч хэрэглэхгүйгээр булааж  зугтаасны улмаас бусдад 1010150 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Шинэбаяр нь Э.Амгаланбаатартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож Э.Амгаланбаатарыг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын урд талд байрлах “МТ” шатахуун түгээх станцын гаднаас түгээгч С.Бадамцэцэгийн орлогоны 1010150 төгрөгийг булааж ирэхэд 34-11 УБГ улсын дугаартай Ниссан Теана маркийн автомашиныг жолоодож зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Амгаланбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэв.  

Шүүгдэгч О.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дүү Шинэбаяр надаас миний машиныг 19 дүгээр хороололд байдаг Ганболд ахын гэрээс хувцас аваад ирье гээд аваад явсан. Би тухайн үед хэрэг болсон талаар мэдээгүй. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу утасдахаар нь мэдсэн. Тэгэхэд хэрэгт холбогдсон байсан. Энэ машиныг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан худалдаж авсан. Би өөрийн автомашинаа буцааж авах хүсэлтэй байна” гэв.

 

201626011872 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч “МТ чингэлтэй” ХХК-ийн ажилтан, Г.Дуламхандын: “2016 оны 6 дугаар сарын 28-ны 21 цагийн үед манай шатахуун түгээх станцын ШТС-3 салбар буюу Москва хорооллын урд талд байрлах салбарын түгээгч Бадамцэцэгээс үл таних залуу 10000 төгрөг задлуулна гэж хэлээд Бадамцэцэгийг цүнхнээсээ мөнгөө гаргаж ирэх хооронд гарнаас нь тэр өдрийн орлогын 1010148 төгрөгийг булааж зугтаасан хэрэг гарсан. ...Өөр учирсан хохирол болон ямар нэгэн эрсдэл учраагүй. Хохирлын мөнгө болох 1010150 төгрөгөө авсан болохоор манай байгууллагад өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-33-34, 35/,

Гэрч С.Бадамцэцэгийн: “Би 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр түгээгч Батпүрэвийн хамтаар ...“МТ” ШТС-3 салбар дээр ээлжинд гарч байсан. Орой 21 цаг өнгөрч байхад нэг портер машинд шатахуун хийж өгчихөөд буцаад шатахуун түгээх станцын байр руу алхаад үүдний ойролцоо явж байтал баруун хойд талаас саарал юүдэнтэй цамцтай нэг залуу “мөнгө задлаад өгөөч” гэхээр нь “хэдэн төгрөг юм” гэхэд “10000 төгрөг задлуулна” гээд өгөхөөр нь шатахуун түгээх станцынхаа үүдэнд зогсоод өмднийхөө халааснаас орлогоныхоо мөнгийг гаргаад мөнгийг нь задлах гэсэн чинь тэр залуу миний  гарнаас орлогын мөнгийг булаагаад хойшоо зугтаахаар нь орилтол шатахуун түгээх станцын байрнаас түгээгч Батпүрэв гарч ирээд тэр залуугийн араас хөөгөөд явсан. Тэр залуу шатахуун түгээх станцын байрны арын хашаа тойроод “Талх-Чихэр” ХХК-ний зүг рүү зугтаасан. Удаагүй Батпүрэв хүрч ирээд “нөгөө залууг барьж чадсангүй, 34-11 гэсэн дугаартай цагаан өнгийн машинд суугаад явчихлаа” гэхээр нь 102 дугаарт дуудлага өгсөн. Мөн “МТ” харуул хамгаалалтын шуурхай бүлэг рүү утасдаж хэлсэн.

...Тэр залуу 170 орчим см өндөр, бор царайтай, саарал өнгийн юүдэнтэй цамцтай байсан. Намайг цохиж зодоогүй, миний биед халдаагүй. Гарнаас мөнгө шүүрээд л зугтаасан, тэр залуу ганцаараа байсан. 1 сая 10 мянга гаруй төгрөг байсан. Сүүлд тооцоогоо гаргаад үзэхэд 1010150 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /хх-36-37, 38/,

Гэрч А.Батпүрэвийн: “...Гэтэл орой 21 цагийн орчим шатахуун түгээх  станцын байрандаа шатахуун авсан иргэнд баримт хэвлээд сууж байтал шатахуун түгээх станцын гадаа нэг эрэгтэй хүний дуу гараад Бадамцэцэг эгчээс “мөнгө задлаад өгөөч” гэж хэлээд нээх удаагүй байтал Бадамцэцэг эгч орилсон. Тэгэхээр нь юу болсон юм бол гээд байрнаас гараад Бадамаа эгчээс “яасан бэ” гэхэд “мөнгөө шүүрүүлчихлээ” гэх хооронд саарал юүдэнтэй цамцтай нэг залуу шатахуун түгээх станцын баруун талын булан тойроод зугтаахаар нь би хөөсөн. Тэр залуу манай шатахуун түгээх станцын ар талын байрны голоор гараад “Та-Чи” хүнсний дэлгүүрийн зогсоол дээр байсан 34-11 улсын дугаартай цагаан өнгийн, Ниссан Теана маркийн автомашины  баруун хойд талын хаалгаар ороод суугаад явсан. Би тэр залууг хөөгөөд барьж чадаагүй. ...Саарал юүдэнтэй цамцтай, 170-175 см орчим өндөр нуруутай залуу байсан” гэх мэдүүлэг /хх-39/,

Гэрч Ц.Болдын: “2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шуурхай бүлгийн ажлын үүргийг гүйцэтгэж байсан. Гэтэл орой 21 цаг 30 минутын үед Москва хорооллын урд салбарын түгээгч Бадамцэцэг конторын 98203020 гэсэн дугаар луу залгаад “Үл таних залуу мөнгө задлаад өгөөч гэж хэлэхээр нь мөнгийг нь задлаж өгөх хооронд орлогоны мөнгийг аваад зугтаачихлаа” гэсэн дуудлага хүлээн аваад Хэвлэлийн хүрээлэнгийн баруун талд байрлах оффисоос гарсан. ...Хяналтын камерны бичлэгийг хуулбарлаад цагдаад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-40/,

Иргэний нэхэмжлэгч Б.Өлзийгийн: “...Шинэбаяр нь Амгаланбаатар гэж найз залуутайгаа хамт 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр миний 34-11 УБГ улсын дугаартай Ниссан Теана маркийн автомашиныг унаж яваад гэмт хэрэгт холбогдсон байгаа. Миний машин 2016 оны 7 дугаар сарын 28-ны байдлаар Монголиан инвестмент систем гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Миний машиныг тухайн үед дүү Шинэбаяр Сэлэнгээс ирээд хувцсаа авна гэж хэлээд гуйж унаж явсан юм...” гэх мэдүүлэг /хх-203-204/,

Гэрч Э.Сумьяагийн: “... 34-11 УБГ улсын дугаартай автомашиныг Б.Өлзий гэж хүн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр унаж явахаар гэрээ байгуулан 1500000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээл авсан учраас уг тээврийн хэрэгслийг гэрээний дагуу манай байгууллага шилжүүлж авсан. Зээлээ төлж дуусах хүртэл манай нэр дээр байх юм...” гэх мэдүүлэг /хх-206-207/,

Э.Амгаланбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Тэгээд буцаж эргэх гээд Таван шар руу зүүнээс баруун тийшээ чиглээд явж байхад Москва хорооллын урд талын “МТ” шатахуун түгээх станц санаанд орсон. Өдөр бид нарыг бензин авч байхад түгээгч эмэгтэй мөнгөө ил задгай сул барьж байсан нь санаанд ороод мөнгийг нь булаая гэсэн санаа төрсөн. Москва хороолол руу машинаа оруулаад “МТ” шатахуун түгээх станцын харалдаа байрнуудын зогсоол дээр машинаа зогсоосон. Тэгээд би Шинэбаярт урагшаа яваад өдөр бензин авсан шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэй нь мөнгөө сул барьдаг юм байна лээ. Мөнгө хэрэгтэй байгаа юм чинь түгээгчээс мөнгийг нь булаахад амархан юм шиг санагдсан. Хараа хяналт сул байвал мөнгийг нь булаачихаад ирье гэхэд  Шинэбаяр юу яриад байгаа юм бэ? тоглоод байгаа юм уу гэхээр нь би машинаас буугаад явсан. ...Түгээгч эмэгтэй цэнхэр өнгийн портер машинд шатахуун өгчихөөд шатахуун түгээх станцын байр руу алхаад явж байсан. Би хойноос алхаад ирж байхдаа түгээгч эмэгтэйд худлаагаасаа 10000 төгрөгөө задлах уу  гэж асууя, хэрэв задлана гэвэл мөнгийг нь дөхөж очоод булаая гэж бодоод очсон. Тэгээд “10000 төгрөг задлах уу” гэхэд  тэр эгч “задлана” гэсэн. Түгээгч эгч шатахуун түгээх станцын байр руугаа орох үед замд нь тосоод мөнгөө өгтөл аваад халааснаасаа орлогоныхоо мөнгийг гаргаад надад задлаж өгөхөөр болоход нь шүүрээд хойшоо зугтаахад тэр эгч миний араас бархираад үлдсэн. Тэгээд хар хурдаараа гүйсээр байгаад байрны голд машинтайгаа хүлээж байсан Шинэбаярыг “бушуухан хөдлөөрэй” гэхэд Шинэбаяр машинаа хөдөлгөөд явсан. 13-р хороолол руу явсан. Тэгээд замдаа мөнгөө тоолоод үзэхэд 1 сая 10 гаруй мянган төгрөг байсан. Шинэбаярын ахын гэрийнх нь гадаа очоод булаасан мөнгөө би авч яваад маргааш уулзъя гээд салсан. Ингээд Шинэбаяртай маргааш нь буюу 2016 оны 07 сарын 29-ний өдөр уулзаад ломбарднаас барьцаанд тавьсан нөөтбүүкээ 115000 төгрөгөөр авсан, эхнэртэйгээ кино үзсэн, хоол идсэн, хүүхдийн паркт тоглосон. Үлдсэн 500000 төгрөгийг машиныхаа өрөнд өгөх гээд хадгалж байсан. ...Би машинаас буухдаа Шинэбаярт “Би мөнгө задлуулчихаад ирье. Хэрвээ түгээгч нь мөнгөө ил барьж байвал мөнгийг нь булаачихаад ирье” гэж хэлээд буусан. ...Шатахуун түгээх станцын гадна очоод жолоо солих талаар ярилцсан. Би машинаас буухдаа Шинэбаярыг чи намайг хүлээгээд байж бай гэж хэлээд буусан. Шинэбаяр 13 дугаар хороолол хүртэл жолоо барьсан...” гэх мэдүүлэг /хх-66-72/,

О.Шинэбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгаас ирсэн хувцсаа авах гээд Өлзий ахын 34-11 УБГ улсын дугаартай Ниссан Теана маркийн автомашиныг гуйж авсан. ...Манай найз залуу Амгаланбаатар Москва хороолол руу ороод байрны голд машинаа зогсоогоод  “Хоёулаа мөнгөний хэрэг байгаа юм чинь өдөр бензин авсан шатахуун түгээх станцаас мөнгө булааж авах уу, шатахуун түгээх станцын хүн нь мөнгөө сул барьдаг юм байна лээ” гэхээр нь би “Юу яриад байгаа юм бэ? Чи чинь тоглоод байгаа юм уу” гэсэн чинь Амгаланбаатар “Чи наанаа машиндаа хүлээж бай. Машинаа чи барина шүү гэсэн”. Тэгэхээр нь би жолооны ард суугаад  Амгаланбаатарыг “За за, өөрөө мэдэхгүй юу даа” гэсэн. Амгаланбаатар машинаас буугаад урагшаа шатахуун түгээх станц руу явсан. Тэгээд Амгааг хүлээгээд сууж байсан чинь Амлаланбаатар хар хурдаараа гүйж орж ирээд “бушуухан хөдлөөрэй, зугтаарай зугтаарай” гэхээр нь машинаа хөдөлгөөд явсан. Замдаа “яасан, юу болсон” гэсэн чинь “би шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйгээс мөнгийг нь булаачихлаа” гээд аймаар их сандарсан байхаар нь нээрээ булаачихаж байгаа юм байхдаа гэж ойлгосон. Тэгээд тэр чигээрээ яваад 13 дугаар хороололд Өлзий ахын байрны гадаа очиход Амгаланбаатар хоёулаа маргааш уулзъя, одоо хамт яваад байвал цагдаа нарт баригдана гээд мөнгөө аваад явсан. Маргааш өдөр нь Амгаланбаатартай уулзаад нөөтбүүкээ ломбарднаас чөлөөлж авсан. Хүүхдийн паркт очиж тоглоом тоглосон, хоол идсэн. Үлдэгдэл мөнгийг нь Амгаланбаатар машиныхаа өрөнд өгнө гэж байсан. Учир нь Амгаланбаатар 2016 оны 05 сард ажлынхаа газрын нэг залуугаас Тоёота Чейзер маркийн машиныг 3 сая төгрөгөөр зээлээр авсан. Нөгөө залуу нь машиныхаа мөнгийг нэхээд шаардаад байхаар нь тэр залууд өрөө өгнө гээд хадгалж байсан.

...Амгаланбаатар намайг “Машиндаа суугаад хүлээж бай, би түгээгчээс мөнгийг нь булаачихаад ирье” гэсэн болохоор машиндаа суугаад хүлээж байсан. Амгаланбаатарыг хар хурдаараа гүйгээд ороод ирэхээр нь машинаа асаагаад явсан. ...Тухайн үед Амгаланбаатар саарал өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан шиг санагдаж байна. ...Би найз залуугаа мөнгө булаагаад ирнэ гэдгийг мэдэж байсан болохоор мөнгө булаагаад зугтааж ирэхээр нь машинаа хөдөлгөөд зугтана гэж бодоод машиндаа суугаад жолоодоход бэлэн жолооныхоо ард суугаад хүлээж байсан” гэх мэдүүлэг /хх-75-81/,

 хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-29/, гэрч М.Энхбатын мэдүүлэг /хх-56/, гэрч О.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-58/, гэрч Д.Отгонтуяагийн мэдүүлэг /хх-60/, гэрч Б.Энхболдын мэдүүлэг /хх-63/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84, 91/, “Ви Ти Си” ХХК-ийн тодорхойлолт /хх-92/, тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх-212/ зэргийг уншиж шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Амгаланбаатар нь О.Шинэбаяртай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 7 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын урд талд байрлах “МТ” шатахуун түгээх станцын түгээгч С.Бадамцэцэгээс орлогын 1010150 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр булаан  зугтааж, бусдад 1010150 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Шинэбаяр нь Э.Амгаланбаатартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн орчим  Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын урд талд байрлах “МТ” шатахуун түгээх станцын гаднаас түгээгч С.Бадамцэцэгийн орлогын 1010150 төгрөгийг Э.Амгаланбаатар булааж ирэхэд 34-11 УБГ улсын дугаартай Ниссан Теана маркийн тээврийн хэрэгслийг жолоодож зугтаасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Амгаланбаатар, О.Шинэбаяр нарыг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Амгаланбаатарыг гүйцэтгэгчээр, О.Шинэбаярыг хамжигчаар оролцсон гэж тус тус дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6-д заасныг тс бүр журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдан, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1010150 төгрөгийг шүүгдэгч нар хохирогч байгууллага болох “МТ чингэлтэй” ХХК-ийн төлөөлөгчид төлсөн /хх-29/ байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 34-11 УБГ улсын дугаартай Ниссан теана маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.Өлзийгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байх /хх-18/ тул уг тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хураах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгон тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Өлзийд олгож, Э.Амгаланбаатар, О.Шинэбаяр нараас тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар урьдчилан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно. 

Улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр” гэж сарыг ташаа бичсэн байх тул шүүх “2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр” гэж зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугчин овогт Энхбатын Амгаланбаатар, Цорос овогт Оюунсайханы Шинэбаяр нарыг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүлйийн 146.2-т зааснаар шүүгдэгч Э.Амгаланбаатарыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар О.Шинэбаярыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д тус тус зааснаар Э.Амгаланбаатарт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

О.Шинэбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Э.Амгаланбаатар, О.Шинэбаяр тус бүрээс 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нийт, 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.  

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 34-11 УБГ улсын дугаартай цагаан өнгийн Ниссан теана маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Өлзийд олгосугай.

7. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Э.Амгаланбаатарт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих, О.Шинэбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтнуудад хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн  хоёрдугаар хэлтэс, Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус тус даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Л.БААТАР