Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/741

 

   2023         12          06                                    2023/ШЦТ/784

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.От холбогдох эрүүгийн 2311 01105 1256 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “................” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим "Тоёото приус" маркийн автомашинаас цүнхтэй 78.162 төгрөгийн эд зүйлс бэлэн 600.000 төгрөг нийт 678.162 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч П.Ад 678.162 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 09 сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “GS25” сүлжээ дэлгүүрт иргэн Б.Өгийн “I phone X” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Өд 488.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн 2311011051256 дугаартай хэргээс:

Хохирогч П.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13:00 цагийн орчмын үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, "................" дэлгүүрийн гаднаас машин дотроос өөрийн цүнхээ алдсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байсан. Миний цүнх машины жолоочийн эсрэг талын суудал дээр байсан. Миний цүн,0х цэцэгтэй хар эрээн өнгийн дотор талд нь байсан ба түрүүвч улаан өнгөтэй цүнхний арын карманд бэлэн 600,000 төгрөг, гадаад паспорт, 50 рубль долоон грин тураадаг цай, салфетка, цэнхэр ком, нүүрний тос, худалдаа хепублин банкны карт, хас банкны карт байсан ба бэлэн 600.000 төгрөгөөс бусад эд зүйлийг Цагдаагийн байгууллага надад эргүүлэн өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 12-22-р хуудас/,

Хохирогч Б.Өгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах "GS25" сүлжээ дэлгүүрийн "Найман шарга" салбарт дэлгүүрийн ажилтнаар ажиллаж эхэлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 21 цагийн үед намайг кассан дээр ажиллаж байхад манай дэлгүүрт 30 орчим насны 2 эрэгтэй хүн орж ирээд 1 шил архи, 1 ундаа, 2 ширхэг бэлэн гоймон худалдаж аваад бэлэн мөнгөөр тооцоогоо хийсэн. Тэгээд тэр хоёр эрэгтэй хүн манай заал руу гоймондоо халуун ус хийхээр яваад өгсөн. Харин би хөргүүрт ус, ундаа хийхээр явсан. Тэгээд хөргүүрт ус, ундаа өрж дуусчхаад кассан дээр эргэж ирээд гар утсаа ашиглах гэтэл лангуун доороос алга болчихсон байхаар нь гайхаад дэлгүүрийн хяналтын камер шалгаж үзэхэд гоймон худалдаж авсан хоёр эрэгтэй хүний нэг нь миний гар утсыг лангуун доороос хулгайлаад дэлгүүрээс гараад явж байгаа дүрс бичлэг байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 23-28-р хуудас/,

Гэрч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчим манай хашаан дотор хашаа давуулж шидсэн бололтой хар эрээн өнгийн цэцэгтэй эмэгтэй хүний цүнх байсан. Би тухайн цүнхийг аваад хашааны гадаа гарахад манай гэрийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг "................" нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа цагдаа зогсож байхаар тухайн цүнхийг хүлээлгэж өгсөн. Би тухайн цүнхийг өөрийн хашаан дотроос олоод нээж үзээгүй шууд цагдаад хүлээлгэж өгсөн болохоор доторх байсан эд зүйлийг мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 29-32-р хуудас/,

2023 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн "Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо "GS" 25 сүлжээ дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн" тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-67-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 60-62-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухайн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 68-р хуудас/

2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг DVD-ийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 69-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2023 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн ЧД 1-23-777 дугаартай iphone X маркийн дэлгэц нь дээд хэсгээрээ хагарсан, хэрэглээний сэвтэй, 2023 оны 05 дугаар сард "Тэди" гар утасны худалдааны төвөөс өмнө нь хүн ашиглаж байсан, худалдан аваад ашиглаж байсан нь 488 750 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хх-ийн 56-59-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн ЧД2-3851 дугаартай "цүнх 21.000 төгрөг, түрүүвч 9000 төгрөг, 36.000 төгрөг, "Худалдаа хөгжлийн банк"-ны карт 5000 төгрөг, Хас банкны карт 5000 төгрөг нийт 76.000 төгрөг" гэх тайлан /хх-ийн 47-51-р хуудас/

Яллагдагч Э.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 94-98-р хуудас/,

Шүүгдэгч Э.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.О нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “................” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим "Тоёото приус" маркийн автомашинаас цүнхтэй 78.162 төгрөгийн эд зүйлс бэлэн 600.000 төгрөг нийт 678.162 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч П.Ад 678.162 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 09 сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “GS25” сүлжээ дэлгүүрт иргэн Б.Өгийн “I phone X” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Өд 488.750 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн.

Шүүгдэгч Э.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.О нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “................” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим "Тоёото приус" маркийн автомашинаас цүнхтэй 78.162 төгрөгийн эд зүйлс бэлэн 600.000 төгрөг нийт 678.162 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч П.Ад 678.162 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 09 сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “GS25” сүлжээ дэлгүүрт иргэн Б.Өгийн “I phone X” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Өд 488.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч П.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-22-р хуудас/, хохирогч Б.Өгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-28-р хуудас/, гэрч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-32-р хуудас/, 2023 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн" тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-67-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 60-62-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухайн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 68-р хуудас/, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг DVD-ийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 69-р хуудас/, хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2023 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн ЧД 1-23-777 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 56-59-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн ЧД2-3851 дугаартай тайлан /хх-ийн 47-51-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Оын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч П.А, Б.Ө нарын эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Оын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч П.Ад 600.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Өд 488.450 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Э.О хохиролын 1.100.000 төгрөгийг Төрийн сангийн “100900005406” дансанд байршуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ.

          Шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Э.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оын цагдан хоригдсон 36 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 288 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх эдлэх ялаас хасаж тооцохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.О нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шалгах ажиллагааны зардал нэхэмжлээгүй хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, шийтгэх тогоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Оыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар тооцохыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оын цагдан хоригдсон 36 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 288 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх  ялаас хасаж тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Оын Төрийн сангийн “100900005406” дансанд байршуулсан 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөс 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо, ........ тоотод оршин суух хаягтай хохирогч ТА-д, 488.750 /дөрвөн зуун наян найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, .................. тоотод оршин суух хаягтай Б.Ө-д олгохыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.

8. Шүүгдэгч Э.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шалгах ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Б.ОТГОНЦЭЦЭГ