| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0618/З |
| Дугаар | 221/МА2026/0425 |
| Огноо | 2026-06-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2026/0425
“Б”-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б, түүний өмгөөлөгч Б.М
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Б”-ийн
Хариуцагч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс
Гуравдагч этгээд “М” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “М" ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 38 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 гудамжны 250Д тоот хаягт байрлах 60 тонн хийн газын агуулахтай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БА-126/2022 дугаартай комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 256 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, А.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, А.Э
Гуравдагч этгээд “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0618/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б”-иас Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан “М” ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 38 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 гудамжны 250Д тоот хаягт байрлах 60 тонн хийн газын агуулахтай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БА-126/2022 дугаартай комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.16, 48 дугаар зүйлийн 48.5, 48.7, 48.7.3, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан "Б" ХХК-ийн Барилга байгууламж ашиглалтад оруулах комисст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, "М" ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 38 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 гудамжны 250Д тоот хаягт байрлах 60 тонн хийн газын агуулахтай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БА-126/2022 дугаартай комиссын дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Гуравдагч этгээд “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б, түүний өмгөөлөгч Б.М нар давж заалдах гомдолдоо:
“...Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тохиолдолд хуулийн "түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол" гэх гипотез хангагдсан болохыг дүгнэх ёстой. Шүүхийн шийдвэрт “Б”-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар нэг ч үг, өгүүлбэр байсангүй. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн талаарх дүгнэлтгүйгээр субьектив эрхийн маргааныг шүүхээс шийдвэрлэх боломжгүй. Харин Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д "нийтийн эрх ашгийг эрхэмлэх" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ нь маргааны зүйл биш байсан. Нөгөөтээгүүр, нийтийн эрх ашгийн маргаан байсан бол яг энэхүү үндэслэлийнх нь хүрээнд гуравдагч этгээд "М" ХХК-ийн хувьд мэтгэлцэх, няцаах, нотлох байсан. Шүүх энэхүү нэхэмжлэлээр үүссэн маргааны зүйлээ, сэргэх ёстой гэж үзсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг буруу тодорхойлсон. Захиргааны актыг хуульд нийцсэн эсэхийг материаллаг эрх зүйн болон процессын эрх зүйн шаардлагын хүрээнд хянан үзэх ёстой. Энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах хоёр байдлаар процессын эрх зүйн шаардлага зөрчигдсөн гэж дүгнэжээ. Үүнд: Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй байхад комисс ажилласан Үндэслэх хэсгийн 2.8/, Улсын комисс ажиллах журамд заасан хугацааг хэтрүүлсэн /Үндэслэх хэсгийн 2.20. Өөр ямар нэг үндэслэлээр хариуцагчийг болон гуравдагч этгээдийг буруутгасан дүгнэлтийг шүүхээс хийгээгүй байна. Тэгвэл дээрх 2 процессын шинжтэй зөрчил нь яагаад маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болсон талаар шүүх хангалттай дүгнэлт хийж, тайлбарлаагүй. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдсөн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байх ёстой. Үүнийг хууль зүйн шинжлэх ухаанд "шалтгаант холбоо" гэж тодорхойлдог, үйлдэл болон үр дагавар хамааралтай байхыг шаарддаг. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй байсан тохиолдолд, улсын комисс хугацаандаа ажилласан бол нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхгүй байх байсан уу? Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулиар хамгаалагдсан бусдын зөрчигдсөн эрхийг хамгаалах эрхийн хамгаалалтын эрэмбийг зөрчсөн, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулсан. Шүүх түрүүлж үүссэн эрхийг хамгаалах ёстой. Манай үйлдвэрийн барилга нь хууль ёсоор олгогдсон 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар, нийслэлийн Ерөнхий архитектораар батлагдсан барилгын загвар зургийн дагуу баригдаж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БА-126/2022 дугаар дүгнэлтээр байнгын ашиглалтад авсан. "Баганат өргөө" ХХК-ийн барилга нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн МЗХ2023/02-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн загвар зураг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БАЗГ2024/0028 барилгын ажлын зөвшөөрлөөр манай үйлдвэрийн барилгаас 4.5 метрийн зайд орон сууцаа барьж байна. Хэрэв “Б” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа гэх тохиолдолд тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу барилгаа төлөвлөж, барих ёстой. "Б" ХХК нь "М" ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг эхэлж зөрчсөн болох нь болж өнгөрсөн үйл баримт, цаг хугацаа, нотлох баримтуудаар бүрэн гүйцэд тогтоогдсон байхад шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй хэргийг эсрэгээр нь шийдвэрлэсэн. "М" ХХК нь “Б" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна. Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно", 24.1.5 "холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх" гэж заасныг Хот байгуулалт, хотын стандартын газар болон “Б”-ийн нь ноцтой зөрчин, автомашины зам байхаар төлөвлөгдсөн хэсгийг дур мэдэн өөрчилж, орон сууцны барилга болгож төлөвлөсөн нь одоогийн нөхцөл байдлыг бий болгосон. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлах талаар, мөн түүнийг нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар гарцаагүй мөрдөх үүрэгтэй талаар эрх зүйн үндэслэл, холбогдох хуулийн заалтуудыг гуравдагч этгээдийн бичгээр гаргасан хариу тайлбарт, шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтийн үгэнд хангалттай дурдсаныг шүүх анхаарна уу. Нүдэн дээр нь үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрт тулган орон сууцаа барьчхаад "урдаас холд" гэх агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлж байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухайд, "Б" ХХК нь 2024 оны намар орон сууцаа барьж эхлэхээс өмнө "М" ХХК нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар, нийслэлийн Ерөнхий архитектораар батлагдсан "М" ХХК-ийн үйлдвэр, үйлчилгээний барилгын загвар зургийн дагуу баригдаж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БА-126/2022 дугаар дүгнэлтээр ашиглалтад орж барилгын материалын үйлдвэрлэлээ эрхэлж байсан. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг "30 хоног" байхаар тогтоосон. Хэдийн баригдчихсан барилга /нүдэнд ил/, хэрэгжчихсэн захиргааны актыг хүчингүй болгуулахаар 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч энэ талаар хариу тайлбартаа мөн дурдсан. "Б" ХХК-аас "М” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл /бие даасан шаардлага/ гаргаж байсан. Анхан шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/Ш32025/4076 дугаар шүүгчийн захирамжаар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШТ2025/0638 дугаар тогтоолоор "Б" ХХК-ийн бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзсан байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг зөрчиж захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн. Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, магадлалын дүгнэлт, улсын комиссын акт зэрэг захиргааны актууд нь шат дараалсан, барилгын цогц баримт бичгүүд юм. Гэтэл архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж, улсын комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж зөрүүтэй дүгнэлтийг шүүхээс хийж болохгүй. "М" ХХК-ийн үйлдвэрийн барилга, "Б" ХХК-ийн 10 дугаар блок орон сууц нь 4.5 метрийн зайтай, зэргэлдээ байршилтай болох нь шүүхийн үзлэгийн баримтаас тодорхой харагдаж байна. Нүдэнд нь ил баригдаад, барилгын материалын үйлдвэрлэл явуулж байгааг мэдсэн атлаа 3 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа талаарх үйл баримтыг шүүх хэрхэн дүгнэж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэл гаргахаас тасралтгүй маргаж байжээ гэх дүгнэлт илт үндэслэлгүй. Хэрэг нэгтгүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд /А.Мөнх-Өлзий шүүгчид/ "М" ХХК, иргэн П.Б, Р.Б нарын Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан "Б” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн МЗХ2023/02-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн загвар зураг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БАЗГ2024/0028 барилгын ажлын зөвшөөрлийн 10 дугаар блок орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" нэхэмжлэл бүхий, мөн гуравдагч этгээд "Б" ХХК-ийн Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан "М” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2020/11-044 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон үйлдвэр, үйлчилгээний барилгын загвар зургийг илт хууль бус болохыг тогтоолгох" бие даасан шаардлага бүхий захиргааны хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна. Хэргийн үйл баримт, маргааны зүйл, хэргийн оролцогч талууд ижил тул хэргийг нэгтгүүлэх хүсэлт гаргасныг шүүх 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/32026/1562 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон, үүний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг "А.Мөнх-Өлзий шүүгчийн хэрэг"-ийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх тухай хүсэлтийг ч шүүх хүлээж аваагүй.Тус маргааны хүрээнд "М" ХХК-д олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар, үйлдвэрийн бүсэд үү, гэр хорооллын бүсэд үү, нийтийн эрх, ашигтай хэрхэн уялдаж байгаа, мэргэжлийн байгууллагуудын ажлын хэсгийн шалгалтаар хэрхэн дүгнэгдсэн талаар, мөн "Б" ХХК нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж, галын болон барилга хоорондын зайг зөрчсөн, авто зам төлөвлөгдсөн газар дээр барилга барьсан зэрэг үйл баримтуудыг тогтоолгохоор маргаж байна. Иймд улсын комиссын дүгнэлтийн өмнөх /урьдач/ захиргааны актуудыг хянуулж, "Б" ХХК-ийн субьектив эрх нь хууль ёсных эсэхийг тогтоосны дараа энэхүү хэргийг шийдвэрлэх ёстой, эсхүл нэгтгэн шийдвэрлэх ёстой байсан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан шүүх нотлох зарчимд нийцнэ. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлээгүй. Гуравдагч этгээдийн зүгээс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А10/28 дугаар бичгээр Барилгын хөгжлийн төвд холбогдуулан "Б” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЕД-2193/2023 дугаар магадлалын дүгнэлтийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргасныг шүүх шийдвэрлээгүй. Хүлээн авах, хүлээн авахаас татгалзах, бүрдүүлбэр хангуулах аль нэг шийдвэрийг гаргаагүй. Зөвхөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан хууль бус шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг гаргуулах хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгосон, нотлох баримтаас хассан. 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/Ш32026/1252 дугаар шүүгчийн захирамж, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/Ш32026/1809 дугаар шүүгчийн захирамжаар гэрч П.Б, Ц.М, Д.Н, Б.М-ын мэдүүлгүүдийг нотлох баримтаар авхуулах хүсэлтүүдийг шүүх хэрэгсэхгүй болгож, хуулбарыг шүүхэд гаргаж өгөхөд нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн. Ингэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10-д "Дараахь хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй", 37.10.1-д "үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч" гэж заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс удаа дараа гаргасан гэрчийн мэдүүлгийг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1-д заасан этгээд нь үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон аливаа эрүү, иргэн, захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцсон этгээдийг илэрхийлсэн. Гэтэл галын дүгнэлт гаргасан Б.М, загвар зураг зурсан архитектор П.Б, хийн хангамжийн зураг боловсруулсан инженер Ц.М, үйлдвэрийн байр, хийн хангамжийн хэсгийг хотын мэдээллийн санд бүртгүүлэх ажлыг гүйцэтгэсэн Д.Н нарыг хуулийн 37.10.1-д заасан этгээдэд тооцохгүй. Хуулийн энэхүү заалтыг хэрхэн ойлгож хэрэглэх талаар дүгнэхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. Анхан шатны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн тухайд. Нэхэмжлэгчээс гаргасан "барилгын төвөгшлийн ангилал зөрчигдсөн, комиссын бүрэлдэхүүний хүчинтэй ирц хүрээгүй; Галын аюулгүй байдлын дүрмийн 6.7 дахь заалтыг зөрчиж гэр хорооллын бүсэд хийн орц бүхий барилгын материал үйлдвэрлэж байна; П.Б, Р.Б нар гэрээгээр тохиролцсон нөхцөлөө зөрчсөн, Архитектур төлөвлөлтийн даалгавар бодит нөхцөлд хэрэгжих боломжгүй; ажлын зураг төсөл нь Онцгой байдлын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвөөр магадлагдах боломжгүй" гэх үндэслэлүүд няцаагдсан, тогтоогдохгүй талаар шүүх зөв дүгнэсэн. Мөн улсын комисс ажиллуулах хүсэлтээ зохих ёсоор гаргаж, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримтуудыг бүрэн хавсаргасан гэж шүүх зөв дүгнэсэн. Гэсэн ч комисс журамд заасан хугацаандаа ажиллаагүй, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй гэх нэхэмжлэгчийн субьектив эрхэд хамааралгүй үндэслэлээр хууль бус нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гуравдагч этгээд "М" ХХК нь хууль, норм дүрэмд нийцүүлэн, бусдын эрхийг зөрчөөгүй ажилласан тухай дараах мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвлөмжүүд байдгийг шүүх үнэлсэнгүй. Үүнд: Онцгой байдлын ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6/298 дугаар албан бичиг; "М" ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2020/11-044 архитектур төлөвлөлтийн даалгавар; 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Үйлдвэр, үйлчилгээний барилгын загвар зураг, хийн хангамж гүйцэтгэлийн зураг; Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182 дугаар Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт; Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны 02-03-351/1578 дугаар улсын ахлах байцаагчийн дүгнэлт; Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 355/2021 магадлалын дүгнэлтийн нэгтгэл; Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02/867 дугаар албан бичиг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг; Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 026/02 дугаар танилцуулга; Нийслэлийн онцгой байдлын газрын барилгын зураг төслийн хяналтын ахлах байцаагч дэд хурандаа Ж.Х-ны 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тайлбар; Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2025 оны 12 дугаар сарын 10-ны 02/4595 дугаар албан бичиг; Барилгын хөгжлийн төвийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/358, 01/359 тоот албан бичиг. Дээрх бичмэл нотлох баримтуудыг үнэлүүлж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тухай дүгнүүлэх шаардлагатай байна. "Б" ХХК нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үйлдвэрлэлээ явуулж байсан манай барилгын хойно 4.5 метр зайд орон сууцаа зөрчиж, хэдийн баригдаад, барьчхаад "М" ХХК-ийн улсын комиссын дүгнэлттэй маргаж байгаа нь утгагүй юм. Зайн стандарт, холбогдох аюулгүй байдлын шаардлагаа хангуулах үүрэгтэй этгээд нь нэхэмжлэгч байтал нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хууль ёсных эсэхийг ч дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, эсхүл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6, 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн, нотолбол зохих үйл баримтуудыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтуудыг зохих журмын дагуу цуглуулаагүй, үндсэн маргаантай нь нэгтгэж шийдвэрлээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдлын шаардлагыг тодруулахад “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээд “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б, түүний өмгөөлөгч Б.М нараас гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Иргэн П.Б, Р.Б нар нь Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, Эрдэнэс толгойн гудамжны 250д, 250е, 252а, 252г, 246в, 264в тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон 2643 м.кв газарт үйлдвэр үйлчилгээний барилгын зориулалтаар 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ГБМЗХ2020/11-044 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг[1], 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр загвар зургийг[2] тус тус батлуулсан, Онцгой байдлын ерөнхий газраас 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 182 дугаартай барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт[3] гаргаж, Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 355/2021 дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг батлуулж[4],” “М” ХХК-иас 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 01/30 дугаар албан бичгээр улсын комисс ажиллуулах тухай хүсэлт гаргаж[5], Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, “М” ХХК-ийн захиалгатай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилгыг ашиглалтад оруулах комисс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж[6], 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр БА-126/2022 дугаартай бага төвөгшилтэй ангиллын 1 давхар хүчин чадал бүхий үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргажээ.[7]
2.2. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/535 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Батлан хамгаалахын их сургууль орчим /ГХДТ-2013/6 багц "Б" блок/-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр "Б" ХХК-ийг шалгарсныг батламжилж[8], “Б”-ийн нь Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн "Батлан хамгаалах их сургууль орчим"-ын /ГХДТ-2013/6 багц "А" хэсэгчилсэн талбайн 51.0 га газарт цэцэрлэг бүхий үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр МЗХ2023/02-02 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн ерөнхий архитектораар батлуулж[9], улмаар 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БАЗГ2024/0028 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон байна.[10]
2.3. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/4595 дугаар албан бичигт “...”М” ХХК-ийн үйлдвэр үйлчилгээний барилга нь шингэрүүлсэн хийн агуулахад хамаарахгүй ...хийн цооногийн байгууламжид хамаарахгүй...орд газарт хамаарахгүй...далд уурхайд тус тус хамаарахгүй байна...” гэжээ.[11]
2.4. Иргэн Р.Б, П.Б болон “Б”-ийн-ийн ерөнхий захирал О.Б нар 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 06 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан байх ба тус гэрээний 1.1-д “Гэрээ нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газрын доогуур инженерийн шугам сүлжээний нэвтрэх бетон сувгийн угсралтын ажлуудыг гүйцэтгэх болсонтой холбогдон өмчилсөн нийт 2486 м.кв газрын хилийн цэгүүдийг өөрчилж хөрш залгаа адил хэмжээний 2486 м.кв газраар солилцох, 45м х 12м х3,6һ хэмжээтэй 1 давхар үйлдвэрийн тоосгон барилгын 11-н метрийг, 8,5м х 8м х 3.5һ хэмжээтэй агуулахын барилгыг /үл хөдлөх хөрөнгө/ нураахтай холбогдон гарах аливаа маргаан, үл ойлголцлыг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино.” гэж заасан байна.[12]
2.5. Барилгын хөгжлийн төвийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/358 дугаар албан бичигт “...Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "М" ХХК-ийн үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн зураг төслийг Нийслэлийн ерөнхий архитектораас баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар болон холбогдох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдэлд нийцүүлэн боловсруулсан байна. Зураг төсөлд холбогдох хууль тогтоомж, барилгын норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу эрүүл ахуй, галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулж, барилгын хөгжлийн төвөөр зураг төслийн магадлал хийлгэн баталгаажуулсан байна... Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллах үед "М" ХХК-ийн үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний төвөгшлийн ангиллыг тогтоохдоо эрх бүхий байгууллага нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан "Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм"-ийг баримталсан байна. Тухайлбал, тус дүрмийн хавсралтын "Хүснэгт"-ийн 6 дугаарт "Үйлдвэрийн барилга байгууламж"-ийн төрлийн бага төвөгшилтэй ангилалд "металл каркас хийцлэлтэй үйлдвэрийн барилга байгууламж (технологиор зэрэглэл тогтоох)" гэж заасан бөгөөд дээрх зохицуулалтын хүрээнд "М" ХХК-ийн үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламжийг барилгын өндөр, хүчин чадал болон хийц бүтээцийн үндсэн үзүүлэлтэд тулгуурлан бага төвөгшилтэй ангилалд хамааруулсан байна... Комиссын дүгнэлтийг баталгаажуулах үед Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дугаар тушаалаар "Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам" шинэчлэн батлагдсан байна. Тус журмын хавсралтын үйлдвэрийн зориулалттай барилгын бага төвөгшилтэй ангиллын 2.5-д "24 м хүртэл алгаслалтай үйлдвэрийн барилга байгууламж /цогцолбороор/" гэж заасан бөгөөд "М" ХХК-ийн үйлдвэр, үйлчилгээний барилгын, алгаслын хэмжээ 14.5 м байгаа нь уг шалгуур үзүүлэлтийг хангах хэмжээнд байна... Иймд "М" ХХК-ийн үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг дээр дурдсан хууль, дүрэм, журмын дагуу үндэслэлтэй тогтоосон байна.” гэж дурджээ.[13]
2.6. Барилгын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, түүнд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг”, 4.1.39-д "төвөгшил" гэж барилга байгууламжийн бүтээц, технологи, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдлыг”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна”, 10.1.1-д “барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж”, 10.1.2-т “бага төвөгшилтэй барилга байгууламж”, 10.1.3-д “дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж”, 10.1.4-д “өндөр төвөгшилтэй барилга байгууламж”, 10.1.5-д “онцгой төвөгшилтэй барилга байгууламж”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна.”, 48.5-д “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 48.5.1-д “барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл”, 48.5.2-д “барилгын ажлын ил, далд ажлын акт”, 48.5.3-д “зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт”, 48.5.4-д “захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт”, 48.5.5-д “барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл”, 48.5.6-д “барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл”, 48.5.7-д “тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт”, 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна.”, 48.7-д “Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана”, 48.7.1-д “энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй”, 48.7.2-д “захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хуулийн 47.2, 47.5-д заасан хяналт шалгалт хийхэд саад учруулсан, татгалзсан”, 48.7.3-д “энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн.”,
Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Комисс асуудлыг хэлэлцээд Барилгын тухай хуулийн 48.7-д заасан зөрчилтэй, эсхүл захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд заасан шаардлага хангагдаагүй гэж дүгнэсэн бол барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж, захиалагчийн хүсэлтийг буцаана.”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг үндэслэн 8.1-д заасан хугацаанд багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 8.2.1-д “барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан гэж комиссын бүх гишүүд үзсэн тохиолдолд энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт”, 8.2.2-т “энэ дүрмийн 5.1, 6.1-д заасан шаардлага хангаагүй, 8.1-д заасан хугацаанд үүрэг даалгаврын биелэлт хангагдаагүй тохиолдолд татгалзсан дүгнэлт” гэж тус тус хуульчилжээ.
2.7. Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралтад зааснаар барилга байгууламжийг барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж, бага төвөгшилтэй, дунд төвөгшилтэй, өндөр төвөгшилтэй, онцгой төвөгшилтэй барилга байгууламж гэж ангилах ба барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй байгууламжаас бусад ангилалд хамаарах бүх барилга байгууламжууд барилгын ажлын зөвшөөрөлтэй байхыг шаардаж байна.
2.8. Бага төвөгшилтэй барилга байгууламжийн ангилалд хамаарна гэх "М" ХХК-ийн барилга байгууламж нь барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй байхыг шаардах ба барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарахгүй байх энэ тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл авсны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, гүйцэтгэх бөгөөд нэгэнт гуравдагч этгээд нь уг зөвшөөрлийг аваагүй байгаа учраас барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэлд хамаарахаар байна.
2.9. Маргааны зүйл болох “М” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах барилгын материалын үйлдвэрт ашиглаж буй хий хадгалах савнууд нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр буюу барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс тус газар дээр ажиллаж байх үед байсан нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудас[14] болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогддог.
2.10. Тодруулбал, гуравдагч этгээд "М" ХХК-ийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламж нь барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарахгүй, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гуравдагч этгээдийн тус үйлдвэрийн газарт ажиллаж байх үед хий хадгалах савнууд байсан, нэхэмжлэгч “Б”-ийн-ийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БАЗГ2024/0028 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн газар дээр тус хий хадгалах савнууд байгаа нь, гуравдагч этгээдийн үйлдвэрийн барилга буюу тухайлбал, хий хадгалах савнууд болон нэхэмжлэгчийн барилга хоорондын зай нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм, дүрэмд нийцэж байгаа эсэхэд хариуцагч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дүгнэлт хийгээгүй байна.
2.11. Нэгэнт Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссоос энэ асуудалд дүгнэлт хийгээгүй байгаа энэ тохиолдолд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй тул гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн газарт хий хадгалах савнууд байгаа нь, маргаан бүхий барилгууд буюу гуравдагч этгээд “М” ХХК-ийн үйлдвэрийн газарт байрлах хий хадгалах сав болон нэхэмжлэгч “Б”-ийн-ийн барилга хоорондын зай нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм, дүрэмд нийцэж байгаа эсэх, барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарахгүй, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй барилга байгууламжийг ашиглалтад оруулсан нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд дүгнэлт хийлгүүлэхээр маргаан бүхий барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БА-126/2022 дугаартай дүгнэлтийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.12. Гуравдагч этгээд “М” ХХК нь бие даасан шаардлагаасаа татгалзаж байгаа талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр илэрхийлсэн[15] байх тул гуравдагч этгээдээс гаргасан “...бие даасан шаардлагыг шийдвэрлээгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б, түүний өмгөөлөгч Б.М нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 256 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Барилгын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.6-д заасныг тус тус баримтлан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БА-126/2022 дугаартай дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж өөрчилж, 3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БА-126/2022 дугаартай дүгнэлт хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б, түүний өмгөөлөгч Б.М нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 2 хавтаст хэргийн 56-59 хуудас
[2] 2 хавтаст хэргийн 81-92 хуудас
[3] 2 хавтаст хэргийн 61-62 хуудас
[4] 2 хавтаст хэргийн 188-193 хуудас
[5] 2 хавтаст хэргийн 177 дахь тал
[6] 2 хавтаст хэргийн 201-233
[7] 1 хавтаст хэргийн 164-165 хуудас
[8] 1 хавтаст хэргийн 32 дахь тал
[9] 2 хавтаст хэргийн 93-94 хуудас
[10] 2 хавтаст хэргийн 96-97 хуудас
[11] 3 хавтаст хэргийн 56-57 хуудас
[12] 1 хавтаст хэргийн 119-123 хуудас
[13] 3 хавтаст хэргийн 145-148 хуудас
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 182 дахь тал
[15] 3 хавтаст хэргийн 127 дахь тал