| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/01550/И |
| Дугаар | 181/ШЗ2020/01972 |
| Огноо | 2020-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 181/ШЗ2020/01972
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ш” ХК/РД: /-д холбогдох
12 442 522 926.7 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Ш” ХК нь “Европын сэргээн босголт, хөгжлийн банк”-тай 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 44754 тоот Зээлийн гэрээ байгуулсан.
Банк нь дээрх Гэрээний нөхцөл, болзлуудын дагуу Зээлдэгчид 10 000 000/Арван сая/ ам.доллараас хэтрэхгүй зээл олгохоор зөвшөөрч, зээлийн эхний хэсэг болох 5 000 000/Таван сая/ ам.долларыг 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Ш” ХК-д шилжүүлсэн. Банкнаас үлдэгдэл 5 000 000 ам.долларыг 2016 оны 2 сарын 11 өдөр шилжүүлэхийг цуцалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний графикт хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул Банк нь 44754 тоот зээлийн гэрээний 5.05 дугаар зүйлд заасны дагуу Монгол улсын хуулийн этгээд болох “Монгол Алтан минт” XXК-тай 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бүхэлд нь тус компанид шилжүүлсэн.
Үүний дараа “Монгол Алтан Минт” ХХК нь “Х” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ байгуулан Зээлдүүлэгчийн зээлийн төлбөрийн үүргийг буцаан шаардах эрхийг шилжүүлэн өгсөн. Ийнхүү “Х” ХХК нь эрх хүлээн авагч болсны хувьд “Ш” ХК-тай харилцан тохиролцож, 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 44754 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 04 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулсан.
Энэ гэрээний дагуу “Х” ХХК нь эрх хүлээн авагч болсныхоо хувьд “Ш” ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 44754 тоот Зээлийн гэрээгээр харилцан тохиролцож гэрээний нэмэлт өөрчлөлт хийсэн. Нэмэлт өөрчлөлтийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хийхдээ мөн 4 тоот Барьцааны гэрээг “Ш” ХК-тай байгуулсан. Нэмэлт өөрчлөлтийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн шинээр хуваарийг гаргаж өгсөн. Энэ хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нэг ч удаа “Х” ХХК-д төлөөгүй. Зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж “Х” ХХК шүүхэд хандсан.
Гэвч “Ш” ХК нь Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээний хавсралтаар баталсан зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу нэг ч төлөлт хийхгүй байгаа тул “Х” ХХК нь Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, “Ш” ХК-иас үндсэн зээлийн төлбөрт 11 668 051 539/арван нэгэн тэрбум зургаан зуун жаран найман сая тавин нэгэн мянга таван зуун гучин есөн/ төгрөг, хүүгийн төлбөрт 474 471 387.77/дөрвөн зуун далан дөрвөн сая дөрвөн зуун далан нэгэн мянга гурван зуун наян долоон төгрөг далан долоон мөнгө/төгрөг, 44754 тоот Зээлийн гэрээний 2.11 дүгээр зүйлд заасан хаалтын зардал 300 000 000/Гурван зуун сая/ төгрөг нийт 12 442 522 926.7/арван хоёр тэр бум дөрвөн зуун дөчин хоёр сая таван зуун хорин хоёр мянга есөн зуун хорин зургаан төгрөг долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах, Зээлдэгч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 1498A тоот дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна.” гэв.
Хариуцагч “Ш” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд гаргасан “Хэрлэн Онон Туул” ББСБ-ын нэхэмжлэлтэй танилцан дараах хариу тайлбарыг гаргаж байна.
“Ш” ХК нь Европийн сэргээн босголт хөгжлийн банктай 2014 оны 1-р сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 5.000.000 ам.долларыг зээлж авсан билээ.
Энэхүү зээлийн гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авсан зээлдүүлэгчийн эрх хүлээн авагч болох “Хэрлэн Онон Туул” ББСБ-тай 2020 оны 1-р сарын 7-ны өдөр зээлийн гэрээнд зохих нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоосон боловч, эдийн засгийн хүндрэл бэрхшээл зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн гэрээний 2.11-р зүйлд зааснаар хаалтын зардал гэж 300,000,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд энэхүү зардал нь ямар ч нотлох баримтгүй, ийм зардал гарах боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн үндсэн төлбөр 11,668,051,539 төгрөгийг талуудын нягтлангууд Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт байгуулах үед тооцоо нийлээд гэрээнд тусгасан учраас ийм дүн байгаа. Хүүгийн төлбөр 474,471,387.77 мөнгө гэж байна. 16.5 хувийн жилийн хүүг тооцоолохоор 3 орчим сарын хүү байна лээ. Энэ талаар санхүүгийн хүмүүсээс асуухад зөрүү гараагүй.
Зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийн тооцооллын талаар шүүх хуралдаанаас өмнө зохих тайлбар баримтыг гарах болно.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч “Ш” ХК-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 11 668 051 539/арван нэгэн тэрбум зургаан зуун жаран найман сая тавин нэгэн мянга таван зуун гучин ес/ төгрөг, хүүний төлбөрт 474 471 387.77/дөрвөн зуун далан дөрвөн сая дөрвөн зуун далан нэгэн мянга гурван зуун наян долоон төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг, хаалтын зардал 300 000 000/гурван зуун сая/ төгрөгийг, нийт 12 442 522 926.7/арван хоёр тэр бум дөрвөн зуун дөчин хоёр сая таван зуун хорин хоёр мянга есөн зуун хорин зургаан төгрөг долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Ш” ХК нь эдийн засгийн хүндрэл бэрхшээл зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч болон “Нако түлш” ХК нар нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Европын сэргээн босголт хөгжлийн банктай Зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ” гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний хуулбар болон орчуулгаар тогтоогдож байна.
Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.01, 2.05-д зааснаар Европын сэргээн босголт хөгжлийн банк нь хариуцагч болон “Нако түлш” ХК нарт 10 000 000/арван сая/ америк доллараас хэтрэхгүй зээлийг, жилийн 7/долоо/ хувийн хүүтэй шилжүүлэх, хариуцагч болон “Нако түлш” ХК зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээнд заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн Гэрээний хуулбар болон орчуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Хариуцагч нь Европын сэргээн босголт хөгжлийн банк 5 000 000/таван сая/ ам.долларын зээл олгосон талаар маргахгүй байна.
Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.05-т “... Банк нь энэхүү Гэрээ болон бусад Санхүүжилтийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Зээлдэгчийн өгсөн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь эсвэл хэсэгчлэн худалдаж, шилжүүлж, бусад аргаар захиран зарцуулж болно.” гэжээ.
Европын сэргээн босголт хөгжлийн банк нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Монгол алтан минт” ХХК-тай Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь Эрх шилжүүлэх гэрээний хуулбар болон орчуулгаар тогтоогдож байна.
Эрх шилжүүлэх гэрээнд зааснаар Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Зээлийн гэрээний эрх, үүргийг “Монгол алтан минт” ХХК-д бүрэн шилжүүлсэн болох нь Эрх шилжүүлэх гэрээний хуулбар болон орчуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.” гэж заасан.
2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
“Монгол алтан минт” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчтэй Өр шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь Өр шилжүүлэх гэрээний хуулбар болон орчуулгаар тогтоогдож байна.
Өр шилжүүлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.01-т “Шилжүүлэх өрийн дүн 7 400 000 000/долоон тэрбум дөрвөн зуун сая төгрөг/, 2 дугаар зүйлийн 2.01-т “... Зээлийн гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж ... бүхий л эрх, үүрэг, ашиг, хүү болон бусад эрх, ашгийг ... бүр мөсөн шилжүүлэв.” гэжээ.
2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Өр шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, мөн №04 Барьцааны гэрээ/цаашид “Барьцааны гэрээ” гэх/ байгуулсан болох нь 44754 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт/цаашид “Нэмэлт, өөрчлөлт” гэх/-ийн болон Барьцааны гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэмэлт, өөрчлөлтийн 1-ийн 1.2-т “... хамтран зээлдэгч болох “Нако түлш” ХХК нь татан буугдсан тул Зээлийн гэрээний хамтран зээлдэгчээс хасч байна.”, 2-ын 2.1-т “... Зээлдэгч нь Зээлдүүлэгчид 5.000.000 ам.доллар зээлсэн. Талуудын 2019 оны 12 сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн дүнгээр зээлийн нийт үлдэгдэл дүн 11 668 051 539/арван нэгэн тэрбум зургаан зуун жаран найман сая тавин нэгэн мянга таван зуун гучин ес/ төгрөг байна.”, 2.2-т “... Зээлийн гэрээний ам.доллараар хийгдсэн ба цаашид Монгол улсын мөнгөн төгрөгт шилжүүлэн 11 668 051 539/арван нэгэн тэрбум зургаан зуун жаран найман сая тавин нэгэн мянга таван зуун гучин ес/ төгрөг байхаар талууд тохиролцов.” гэжээ.
Нэмэлт, өөрчлөлт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэмэлт, өөрчлөлийн 3-ын 3.2, 4-ийн 4.1-т зааснаар талууд зээлийн хүүг жилийн 16.5/арван зургаа аравны тав/ хувиар бодохоор, зээлийн гэрээний хугацааг 2020 оны 01 сарын 06-ны өдрөөс эхлэн 60/жар/ сараар сунгасан болох нь Нэмэлт, өөрчлөлтийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Зээлийн гэрээ, түүний Нэмэлт, өөрчлөлт болон хавсралт 1-т заасан хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй байх ба Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь зохигчийн тайлбар, Нэмэлт, өөрчлөлтийн болон хавсралт 1-ийн хуулбар, Зээл эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна.
Хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүү төлөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар Зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү гаргуулах эрхтэй.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг Зээлийн гэрээг цуцалсан өдөрт тооцно.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Зээлийн гэрээг цуцалснаар зохигчид Зээлийн гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсэхгүй бөгөөд Зээлийн гэрээг цуцлах хүртэлх Зээлийн гэрээний харилцаа хүчинтэй хэвээр байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл, түүний хүүг нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй.
Зээлийн гэрээ болон Нэмэлт, өөрчлөлтөд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээлийн төлбөрт 11 668 051 539/арван нэгэн тэрбум зургаан зуун жаран найман сая тавин нэгэн мянга таван зуун гучин ес/ төгрөг, хүүний төлбөрт 474 471 387.77/дөрвөн зуун далан дөрвөн сая дөрвөн зуун далан нэгэн мянга гурван зуун наян долоон төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг, нийт 12 142 522 926.7/арван хоёр тэрбум нэг зуун дөчин хоёр сая таван зуун хорин хоёр мянга есөн зуун хорин зургаан төгрөг долоон мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь зохигчийн тайлбар, Зээлийн гэрээний болон Нэмэлт, өөрчлөлтийн хуулбар, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.11-т зааснаар хариуцагчаас зардалд 300 000 000/гурван зуун сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч нэхэмжлэгчид 300 000 000/гурван зуун сая/ төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 300 000 000/гурван зуун сая/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө ... эрх барьцааны зүйл байна.”, 156 дугаар зүйлийн 156.1-т “Барьцааны гэрээг бичгээр байгуулна.”, гэж заасан.
Барьцааны гэрээний 3-ын 3.1-т зааснаар хариуцагч нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ашигт малтмалын ашиглалтын MV-001498 тоот тусгай зөвшөөрлийг барьцаалсан болох нь Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “Тусгай зөвшөөрлийг барьцаалсан гэрээ энэ хуульд заасан шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага түүнийг бүртгэж ... уг тусгай зөвшөөрлийг барьцаалагчид хадгалуулна.” гэж заасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг, Ш сумын нутаг дахь Ш нэртэй 1767.19 гектар талбай бүхий MV-001498 тоот тусгай зөвшөөрлийг барьцаалуулсныг бүртгэсэн болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №8/443 мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.
Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр шаардлагаа хангуулах эрхтэй.
Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-т ”Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана.” гэж заасан.
Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ашигт малтмалын ашиглалтын MV-001498 тоот тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш” ХК-иас нийт 12 142 522 926.7/арван хоёр тэрбум нэг зуун дөчин хоёр сая таван зуун хорин хоёр мянга есөн зуун хорин зургаан төгрөг долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдсэн 300 000 000/гурван зуун сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ш” ХК энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох ашигт малтмалын ашиглалтын MV-001498 тоот тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ