| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2020/03029/И |
| Дугаар | 184/ШШ2020/02626 |
| Огноо | 2020-08-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2020/02626
2020 08 27 184/ШШ2020/02626
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 00-р хороо, 0-р хороолол, 00 байр 00 тоотод оршин суух, Ш ургийн овогтой А Ж /00000000000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинхайрхан дүүрэг, 0-р хороо, 0 гудамж, 00 тоотод оршин суух, Б ургийн овогтой, Дэ Х /0000000000/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэг 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2020 оны 07–р сарын 31–ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ж, хариуцагч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгөлдөрмөнх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
А.Ж миний бие өөрийн Соната 7 тээврийн хэрэгслийг Д.Х 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хоногийн 100,000 төгрөгөөр 6 хоногийн хугацаатай түрээслэсэн боловч тээврийн хэрэгсэл эвдсэн байсан тул засварлуулж авахаар 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэлх хугацаа алдсан, түрээсийн төлбөр 1,000,000 төгрөгийг төлөөгүй, 2 запас дугуйтай хүлээлгэн өгсөн тул хуулийн дагуу СХД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргасан тайлбар болон 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Анх Архангай явахаар төлөвлөсөн байсан боловч цаг агаарын байдлаас шалтгаалаад Хөвсгөл аймаг явахаар болсноо хотоос гарахдаа А.Ж ярьж хэлсэн, утас нь холбогдохоо больсон. Тээврийн хэрэгслийг буцааж чадахгүй байдалд орсон тул унаад явсан.
Түрээсийн гэрээнд 6 хоногийн 90,000 төгрөгөөр бодож урьдчилгаа 90,000 төгрөг, 450,000 төгрөг, нийт 540,000 төгрөгийг барьцаа 200,000 төгрөгийн хамт өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл хурдны хайрцаг эвдэрсэн, олдохгүй байсан тул 10 хоногийн хугацаа хэтрүүлсэн.
Тээврийн хэрэгслийн 1 дугуй засмал зам дээр явж байхад буудсан, шинээр 50,000 төгрөгөөр дугуй авч тавьсан, 880,000 төгрөг төлөхөд татгалзахгүй гэв.
Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Ж нь Д.Х эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Х нь “... 1 хоногийн 90,000 төгрөгөөр тохиролцсон, 10 хугацаа хэтрүүлсэн, 880,000 төгрөг төлөхөд татгалзахгүй” гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Ж Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хөлс шаардах эрхтэй.
Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зохигч хөлсний хэмжээний талаар маргасан, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн талаар маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр байна.
Зохигч 2020 оны 07-р сарын 08-ны өдрөөс 6 хоногийн хугацаатай, Соната 7 маркийн 0000 тээврийн хэрэгслийг хөлслөсөн, хөлслөгч эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд бүрэн хариуцаж, засварлагдах хүртэл хөлслөсөнд тооцохоор тохиролцсон /хх-5/,
-хариуцагч Д.Х0 2020 оны 07-р сарын 26-ны өдөр эд хөрөнгийг хөлслүүлэгчид хүлээлгэн өгсөн, 10 хоногийн хөлсийг төлөөгүй, барьцаа 200,000 төгрөг, урьдчилгаа 90,000 төгрөг, хөлсөнд 450,000 төгрөг, нийт 740,000 төгрөгийг хөлс төлсөн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, баримтуудаар тогтоогдож байна.
Талууд 1 ширхэг дугуйны талаар тайлбарлах бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4.гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах эрхтэй.
Хариуцагч буюу хөлслөгч Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1., хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах; 289.1.2.-д зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй.
Талууд нэг өдрийн хөлс 100,000 төгрөгөөр тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч ийнхүү тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагч 1 хоногийн 90,000 төгрөгөөр тохиролцсон, эвдрэл гэмтлийг засварлаж өгсөн талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд А.Ж хөлсийг өдрийн 100,000 төгрөөр тооцож үндэслэлгүй буюу 120,000 төгрөгийг шаардах эрхгүй байх тул хариуцагчаас 880,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 120,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч Д.Х 880,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ж олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 120,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х 25,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН