Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 181/ШЗ2020/01997

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

                                  

Хариуцагч: “Ж” ХХК/РД: /-д холбогдох,

 

55 686 270.54 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч “Ж” ХХК нь манай байгууллагаас зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний “Шуурхай зээл”-ийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ЗГ/041-2018 тоот зээлийн гэрээ болон “Барьцааны гэрээ”-г байгуулж, зээл авсан бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, 1-р байр, 318 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий, хоёр өрөө байрыг барьцаалж 40,000,000/дөчин сая/ төгрөгийг зээлсэн болно

Гэрээний дагуу 40,000,000 төгрөгийн зээлийг 2018 оны 11 сарын 22-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар, сарын 4 хувийн хүүтэйгээр, үндсэн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд cap бүр зээлийн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөх зэрэг нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан. Мөн зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүсэлтийн дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд эхний удаад зээлийн гэрээний хугацааг 9 сараар сунгаж, 2019 оны 11 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт гэрээний хугацааг 12 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлт оруулсан.

Гэвч “Ж” ХХК нь дээрх зээлийн гэрээний хугацаа, нөхцөл, зээл төлөх графикийн дагуу төлбөр төлөөгүйн дээр гэрээний хугацаа дууссанаас хойш ч төлбөр төлөөгүй бөгөөд 2019 оны 12 сард зээлийн төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлж байсан ч ямар ч санаачлага, үр дүн гаргахгүй байх тул арга буюу шүүхэд хандаж байна.

Өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаагаар дээрх ЗГ/041-2018 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлийг тооцвол дараах байдалтай байна. Үүнд:

2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 16 сарын хугацаанд зээлийн үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, нийт хүүний төлбөр 14,570,676.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 475,594.38 төгрөг, зээлийн шимтгэл 640,000 төгрөг, нийт 55,686,270.54 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шимтгэлийн төлбөрийг төлөөгүй байна.

Хариуцагч талаас гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байх шиг байна гэж ойлголоо. Гэхдээ бид 1 зүйлийг ойлгох хэрэгтэй. Иргэний хуульд төлөөллийн асуудлыг заахдаа төлөөллийг амаар болон бичгээр хийх боломжтой гэж тусгасан байдаг. Иргэний хуулийн 64.1-т төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан. Мөн манай гаргаж өгсөн нотлох баримтаар С.Бүүвэйбаатар гэх хүн гүйцэтгэх захиралд томилогдсон байсан.

Иймд “Ж” ХХК-иас 55,686,270.54 төгрөгийн төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203002333 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, 1 байр 318 тоот 30 м2 талбайтай хоёр өрөө орон сууцыг худапдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Эс Ай Си Эй Финанс” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/041-2018 дугаартай “Зээлийн гэрээ”-г хариуцагч “Ж” ХХК-тай байгуулж, зээлийн гэрээний үндсэн дээр 40,000,000 төгрөгийн зээлийг сарын 4.0 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаагаар олгосон байна.

Нэхэмжлэгч “Эс Ай Си Эй Финанс” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр БГ/041-2018 дугаартай “Барьцааны гэрээ”-г хариуцагч “Ж” ХХК-тай байгуулж, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, 1-р байр, 318 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002333 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

Дээр дурдсан гэрээнүүдэд нэхэмжлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал С.Бүүвэйбаатар гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэгчийн нотлох баримт болгон гаргаж өгсөн тухайн компанийн Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнээс нь харахад тус компанийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд нь 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс хойш гүйцэтгэх гахирал Б.Лхагважаргал байсан нь харагдаж байна.

Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээс бусад этгээд нь хэлцэл байгуулахад зохих этгээдийн зөвшөөрлийг авах ёстой байтал гүйцэтгэх захирал С.Бүүвэйбаатар нь итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:”, мөн хуулийн 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг өрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж заасан чир 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/041-2018 дугаартай “Зээлийн гэрээ” болон 1018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн БГ/041-2018 дугаартай “Барьцааны гэрээ”-үүд нь хүчин төгөлдөр бус байна.

Нэхэмжлэгч тал С.Бүүвэйбаатарын нийгмийн даатгал төлсөн баримтыг хавсаргаж өгсөн боловч эдгээр гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэр хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэгдэж, гэрчилгээний хойд талд тэмдэглэгдсэнээр хүчин төгөлдөр болох ёстой байдаг. Ингэж тэмдэглэгээ хийгээгүй учраас С.Бүүвэйбаатарыг гүйцэтгэх захирлаар томилсон гэж үзэх үндэслэлгүй. Тийм учраас Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар итгэмжлэлгүй этгээд хэлцэл хийсэн учраас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/041-2018 Зээлийн гэрээ болон үүнийг үндэслэж хийсэн үл хөдлөх эд хөрөнгийн Барьцааны гэрээнүүүд хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Манай талаас нийт 2 удаа төлбөрийг төлсөн байдаг. Энэ төлбөрийн нийт дүн 11,467,680 төгрөг байдаг. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох нөхцөлд харилцан авсан, өгсөн зүйлүүдээ буцаах шаардлага тулгардаг. Авсан 40,000,000 төгрөгөөс төлсөн 11,467, 680 төгрөгийг хасахаар 28,532,320 төгрөг болж байгаа. Энэ дүнг төлөөгүй нь үнэн учраас татгалзах зүйл байхгүй байна.

Хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн нэхэмжилж байгаа зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн төлбөрт 54,686,270.54 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 40 000 000/дөчин сая/ төгрөгийг, хүүний төлбөрт 14 570 676.16/арван дөрвөн сая таван зуун далан мянга зургаан зуун далан зургаан төгрөг арван зургаа мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 475 594.38/дөрвөн зуун далан таван мянга таван зуун ерэн дөрвөн төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг, зээлийн шимтгэлд 640 000/зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг, нийт 55 686 270.54/тавин таван сая зургаан зуун наян зургаан мянга хоёр зуун далан төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Ж” ХХК гүйцэтгэх захирал С.Бүүвэйбаатар нь итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулсан байна гэж маргасан.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/041-2018 дугаар Зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ” гэх/ болон БГ/041-2018 дугаар Барьцааны гэрээ/цаашид “Барьцааны гэрээ” гэх/, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/041-2018 дугаар ЗГ/041-2018 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ/цаашид “Нэмэлт, өөрчлөлт” гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний болон Барьцааны гэрээний хуулбар, Нэмэлт, өөрчлөлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 3-ын 3.1, 3.1.1, 3.1.2, 3.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 40 000 000/дөчин сая/ төгрөгийг, 3/гурав/ сарын хугацаатай, зээлийн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ болон Хавсралт 1-т заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн гэрээ болон Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 9/ес/ сараар буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сунгасан болох нь Зээлийн гэрээ болон Хавсралт 1-ийн хуулбар, Нэмэлт, өөрчлөлтийн болон Хавсралт 2-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагчид 40 000 000/дөчин сая/ төгрөгийг шилжүүлсэн талаар зохигчид маргахгүй байна.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ болон хавсралт 1-т заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй болох нь Зээл, хүү төлөх хуваарь-ЗГ/041-2018-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 3-ын 3.7-д “Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ.” гэжээ.

 

Зээлийн гэрээний 3-ын 3.7-д зааснаар хариуцагч нь зээлийн хүүнд 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 5 207 680/таван сая хоёр зуун долоон мянга зургаан зуун ная/ төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 6 260 000/зургаан сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг, нийт 11 467 680/арван нэгэн сая дөрвөн зуун жаран долоон мянга зургаан зуун ная/ төгрөгийг төлсөн болох нь Зээл, хүү төлөх хуваарь-ЗГ/041-2018-ын хуулбар болон Зээл, хүү төлөх хуваарь-ЗГ/041-2018-аар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээ, Нэмэлт, өөрчлөлт болон Хавсралт 2-т зааснаар хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт 40 000 000/дөчин сая/ төгрөгийг, үндсэн хүүний төлбөрт 8 047 936.44/19515616.44-11467680=8047936.44/ /найман сая дөчин долоон мянга есөн зуун гучин зургаан төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон хавсралт 1-ийн хуулбар, Нэмэлт, өөрчлөлт болон Хавсралт 2-ын хуулбар, Зээл, хүү төлөх хуваарь-ЗГ/041-2018-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ, Нэмэлт, өөрчлөлт болон Хавсралт 2-т заасан хугацаанд зээл, үндсэн хүүг төлөөгүй байх тул нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нэхэмжлэгчид 133 513.43/нэг зуун гучин гурван мянга таван зуун арван гурван төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон хавсралт 1-ийн хуулбар, Нэмэлт, өөрчлөлт болон Хавсралт 2-ын хуулбар, Зээл, хүү төлөх хуваарь-ЗГ/041-2018-ын хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн № 01/047 Мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 48 181 449.87/40000000+8047936.44+133513.43=48181449.87/ /дөчин найман сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Зээлийн гэрээний хугацаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн хүүнд нийт 6 838 356.16/зургаан сая найман зуун гучин найман мянга гурван зуун тавин зургаан төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 89 901.4/наян есөн мянга есөн зуун нэг төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг, нийт 6 928 257.56/зургаан сая есөн зуун хорин найман мянга хоёр зуун тавин долоон төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Зээлийн гэрээнд зохигчид хугацаа хэтрүүлсэн хүүг хэрхэн тооцох талаар тусгаагүй байх тул хугацаа хэтрүүлсэн хүү болон тус хүүнээс тооцсон нэмэгдүүлсэн хүү нийт 6 928 257.56/зургаан сая есөн зуун хорин найман мянга хоёр зуун тавин долоон төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Зээлийн гэрээний 3-ын 3.8-д “... олгосон зээлийн дүнгийн 0.8 хувиар шимтгэл тооцож авна.”, Нэмэлт, өөрчлөлтийн 2-ын 2.4-т “... гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор зээлдэгч 0,8 шимтгэл төлнө.” гэжээ.

           

Нэхэмжлэгч нь хариуцагчаас шимтгэлд нийт 640 000/320000+320000=640000/ /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч нэхэмжлэгчид зээлийн судалгаа хийхэд 640 000/зургаан зуун дөчин мянга/ төгрөгийн бодит зардал гарсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба Зээлийн гэрээний 3-ын 3.8, Нэмэлт, өөрчлөлтийн 2-ын 2.4 дэх заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар шударга ёсны зарчимд харш, хариуцагчид хохиролтой заалт байх тул хариуцагчаас нийт 640 000/зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино.” гэж заасан.

 

Хариуцагч нь С.Бүүвэйбаатар итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулсан гэж маргаж байх ба нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирлаар Б.Лхагважаргал бүртгэгдсэн болох нь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байх ба зээлийн хүүнд төлөлт хийсэн байх тул Зээлийн гэрээ, Нэмэлт, өөрчлөлт, Барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нийт 48 181 449.87/40000000+8047936.44+133513.43=48181449.87/ /дөчин найман сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 7 504 820.67/55686270.54-48181449.84=7504820.07/ /долоон сая таван зуун дөрвөн мянга найман зуун хорин төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т “... өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.”, 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагчтай байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т “... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 48 181 449.87/дөчин найман сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203002333 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 1-р байр, 318 тоот, 30 метр квадрат талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас нийт 48 181 449.87/дөчин найман сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, үлдсэн 7 504 820.67/долоон сая таван зуун дөрвөн мянга найман зуун хорин төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч “Ж” ХХК энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203002333 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 1-р байр, 318 тоот, 30 метр квадрат талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас нийт 48 181 449.87/дөчин найман сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, үлдсэн 7 504 820.67/долоон сая таван зуун дөрвөн мянга найман зуун хорин төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203002333 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 1-р байр, 318 тоот, 30 метр квадрат талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 506 590 төгрөгөөс 506 581 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 9 төгрөгийг, хариуцагч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 469 057 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ