Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 694

 

 

 

 

 

 

   2020            5              28                                       2020/ДШМ/694

 

 

Б.Мид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганзориг,

хохирогч Б.Үүрцайх,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дамба,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 682 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Мид холбогдох 1906036210436 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүйцэлэг овгийн Б.М, 1980 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жи” клубт хамгаалагч ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгий 28 дугаар гудамжны 357 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЦВ80100816/;

Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 322 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 450 дугаартай магадлалаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мягмардоржид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн;

Б.М нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Солонгос улсын виз гаргаж" өгнө гэж хохирогч Б.Үүрцайхыг хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг Р.Одонжилийн Хаан банк дахь 5026753573 дугаарын дансаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хүйцэлэг овогт Б.Мийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мид 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мид Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт ялыг 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мид оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Моос 1.732.500 төгрөг гаргуулан хохирогч Б.Үүрцайхад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Дамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.М нь үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд өөрийн үйлдсэн гэм бурууд маргадаггүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Түүний хувийн байдал нь хамтран амьдрагчаасаа салаад 1 жил гаруй болж байгаа бөгөөд 10 настай охинтойгоо хамт амьдардаг бөгөөд энэ гэмт хэрэгт холбогдсоноос хойш түүний охин нь Б.Мийн ээжтэй хамт байгаа. Түүний ээж нь архины хамааралтай болсон. Шийтгэх тогтоолын хувьд Б.М нь тухай гэмт хэргийг үйлдэхийн өмнө тэнссэн байсан ба анхан шатны шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Энэ гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ нь 3 жил байхад анхан шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй. Ямар үндэслэлээр ял шийтгэлийг хүндрүүлж шийдвэрлэсэн нь тодорхойгүй бөгөөд шийтгэх тогтоолдоо дүгнээгүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Б.Мид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Хохирогч Б.Үүрцайх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учир хэргийг дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэснийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа тодорхойлох хэсэгт дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэхдээ тухайн зүйлд заасан хорих ялын дээд хэмжээг хэтрүүлэн хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.М нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Солонгос улсын виз гаргаж" өгнө гэж хохирогч Б.Үүрцайхыг хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг Р.Одонжилийн Хаан банк дахь 5026753573 дугаартай дансаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Үүрцайхын “...Би Мягмардорж гэх хүнтэй уулзахад “намайг бичиг баримтаа бүрдүүлээд байж бай” гэсэн. Тэгээд маргааш өглөө нь ажил дээр ирээд бичиг баримтыг минь аваад явсан. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “5026753573 гэсэн Хаан банкны данс руу 1.700.000 төгрөг шилжүүлчих, ах нь элчинд ажилладаг найзтайгаа уулзаж байна” гэхээр нь би мөнгө шилжүүлсэн. Дараа нь Мягмардоржийн 85657581 гэсэн дугаарын утсаар холбогдож ярихад “удахгүй шийдэгдэнэ” гэж өдөр бүр худлаа яриад байхаар нь би Цагдаагийн байгууллагад хандсан. ... /хх12-14, 15/,

Б.Мийн яллагдагчаар өгсөн “...Үүрцайх Солонгос улс руу явж ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэгээд би виз гаргаж өгнө гэж 1.600.000 төгрөгийг Одонжил гэх хүний дансаар авсан. Энэ хэрэгт Одонжил хамаагүй. Би зүгээр Хаан банкны дансыг ашиглаад мөнгө авчихсан. Одонжил ямар нэгэн байдлаар дундаас нь мөнгө аваагүй. Бүх мөнгийг нь би өөрөө авсан. Үүрцайхаас авсан 1.600.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэглээндээ зарцуулсан. Бас Үүрцайхаас гадаад паспортыг нь авсан ч олохгүй байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо нөхөн төлнө. ...” /хх46-47, 48/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх9/, Р.Одонжилийн эзэмшдэг Хаан банкны дансны хуулга /хх36-38/, дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас /хх49/, Д.Мягмардоржийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх53/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Мийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Харин зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч Б.Мийн "Солонгос улсын виз гаргаж" өгнө гэж хохирогч Б.Үүрцайхаас 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дамба нар хамтран “...10 настай охин маань архины хамааралтай төрсөн ээжийн минь асрамжид үлдсэнд санаа зовж байна, шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Мийн хувийн болон ар гэрийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэм бурууд нь тохирно гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Б.Мийн насанд хүрээгүй хүүхэд болох 2010 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн М.Сугар-Эрдэнийн асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг тухайн дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын хорих ялыг хөнгөрүүлэх талаар хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 682 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 682 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Хүйцэлэг овогт Б.Мийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Хүйцэлэг овгийн Б.Мийг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн заалтуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мид Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт ялыг 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мид Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мид оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мид оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын хамтран гаргасан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх талаарх давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.  

3. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Б.Мийн насанд хүрээгүй хүүхэд болох 2010 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн М.Сугар-Эрдэнийн асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ