| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 116/2026/0005/З |
| Дугаар | 221/МА2026/0450 |
| Огноо | 2026-06-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2026/0450
“М”-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “М”
Хариуцагч Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын захиалгын дагуу Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт баригдсан "Маршалын хүндэтгэлийн цогцолбор"-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хууль бус сонгон шалгаруулалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулж "М" ХХК-д олгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 116/ШШ2026/0010 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 116/2026/0005/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М”-иас Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргад холбогдуулан “Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын захиалгын дагуу Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт баригдсан "Маршалын хүндэтгэлийн цогцолбор"-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хууль бус сонгон шалгаруулалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулж "М" ХХК-д олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 116/ШШ2026/0010 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 32 дугаар зүйлийн 32.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М”-ийн "Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын захиалгын дагуу Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт баригдсан "Маршалын хүндэтгэлийн цогцолбор"-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хууль бус сонгон шалгаруулалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулж "М" ХХК-д олгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:
“...Манай компанийн Тамгын газарт хүргүүлсэн төсөлд цогцолборын техникийн шийдэл бүхий 3D хувилбар бүхий зураг 3 хуудсыг хавсаргасан бөгөөд сонгон шалгаруулалтад оролцож ялсан гэх “Д" ХХК төсөлд хүргүүлсэн төсөвт хавсарган хүргүүлсэн материалд манай компанийн өмнө хүргүүлсэн техникийн шийдэл бүхий 3D хувилбар бүхий зурагтай төстэй 3 хуудас зургийг хавсаргасан болохыг хэргийн материал танилцахдаа олж мэдсэн тул дээрх 2 техникийн шийдэл бүхий 3D хувилбар бүхий зурагт тодорхой асуудлыг тодруулах зорилгоор шинжээч томилж өгөх хүсэлт гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж мэтгэлцэх гэсэн боловч шүүхээс уг хүсэлтийг хангаагүй нь нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг шууд хязгаарласан гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.3-т “манай компанийн зураг төслөөр "Маршалын хүндэтгэлийн цогцолбор"-ыг баригдсан гэж маргаж байгаа нотлох баримтаар тогтоогдохгүй" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл үгүй, манай компанийн Тамгын газарт хүргүүлсэн төсөлд цогцолборын техникийн шийдэл бүхий 3D хувилбар бүхий зураг, “Д" ХХК төсөлд хүргүүлсэн төсөвт хавсарган хүргүүлсэн материалд манай компанийн өмнө хүргүүлсэн техникийн шийдэл бүхий 3D хувилбар бүхий зураг зэргээр шүүхийн шийдвэрт дурдсан дээрх нөхцөл байдал нотлогдож байгаа болно. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.3-т заасан шүүхээс нотлох баримтаар тогтоогдоогүй гэх нөхцөл байдлыг шинжээч томилуулж шинжээчээс тодорхой асуудлыг тодруулж нотлох гэж хүсэлт гаргасан боловч шүүхээс хэрэгт ач холбогдол үгүй гэж хангахаас татгалзсан нь үндэслэл үгүй болно. Манай компанийн хүргүүлсэн техникийн шийдлийн талаар тодруулга авалгүйгээр манай санал болгосон техникийн шийдэл, тооцоолол зэргийг үндэслэн өөр компани шалгаруулж, манай техникийн шийдэл, төсөвт өртгөөр Маршалын хүндэтгэлийн цогцолборыг барих эрхийг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй өөр компанид олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэгч мэтгэлцсэн байхад уг асуудлаар ямар ч хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно. Манай компанийн хувьд эд хөрөнгийн хохирол гэж ажил гүйцэтгэх гэрээ, зураг төслийн гэрээний дагуу хийгдсэн зураг, төсөв зэргийг хариуцагч ямар нэгэн зөвшөөрөлгүй сонгон шалгаруулалтын ажиллагаанд ашигласан асуудлаар маргаж тэдгээрт гарсан төлбөрөө нэхэмжилсэн болно. Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн сонгон шалгаруулалтын төсвийг баталсан гэж маргах боловч энэ талаар ямар нэгэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “М”-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “М”-иас Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргад холбогдуулан “Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын захиалгын дагуу Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт баригдсан "Маршалын хүндэтгэлийн цогцолбор"-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хууль бус сонгон шалгаруулалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулж "М" ХХК-д олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. “Маршалын хүндэтгэлийн цогцолбор”-ыг барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ДОАЧБСЗДТГ/20250101022 дугаартай, тендер шалгаруулалтад 1 оролцогч материалаа ирүүлсэн нь нэхэмжлэгч “М” бөгөөд Үнэлгээний хорооны 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар хурлаар тус компанийн тендерээс “татварын өр 38,3 сая төгрөг, тусгай зөвшөөрөл байхгүй” гэх үндэслэлээр татгалзсан, шаардлагад нийцсэн тендер ирээгүй гэж үзэж дахин тус тендер шалгаруулалтыг зарлахад 2 компани материалаа ирүүлсэн ба Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар хурлаар “Д” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэжээ.
2.3. Нэхэмжлэгч “М“ ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2 дахь сонгон шалгаруулалт явуулсан нь хууль зөрчсөн... хууль зөрчсөн сонгон шалгаруулалтын улмаас манай компанийн гүйцэтгэх захирлын эд хөрөнгийн эрх буюу тодорхой нэг техникийн шийдлийн анхдагч санааг гаргаж, уг санааг зураг төсөл болгон нийтийн хүртээл болгох оюуны өмчийн эрх зөрчигдсөн төдийгүй дээрх санаагаа зураг төсөл болгох, эдийн засгийн тооцоолол хийж бүтээл болгоход гаргасан эд хөрөнгийн зардал зэрэг эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх зөрчигдсөн...” гэж тайлбарлан маргасан байх ба “Маршалын хүндэтгэлийн цогцолбор”-ыг барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2 дахь буюу дахин зарласан тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “М” нь оролцоогүй байх бөгөөд тус тендер шалгаруулалттай холбоотойгоор маргаагүй, хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байна.
2.4. Нэхэмжлэгчээс өөрт учирсан эд хөрөнгийн хохирол гэх 19,000,000 төгрөгийн үндэслэлээ “М”-ийн захирал Д.Ц болон “Х” ХХК-ийн ерөнхий захирал Б.М нарын хооронд 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 15,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Маршал Х.Чойбалсан-ын нэрэмжит хүндэтгэлийн цогцолбор”-ын зураг төсөл боловсруулах гэрээ[1], “М”-ийн захирал Д.Ц болон Монгол Улсын мэргэшсэн төсөвчин Д.Т нарын хооронд байгуулсан 4,000,000 төгрөгийн төлбөртэй, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023-02 дугаартай, зураг төслийн дагуу мэргэжлийн төсөв гаргах “Ажил гүйцэтгэх гэрээ”[2]-ээр нотолжээ.
2.5. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэж заасны дагуу уг үүссэн хохирол нь тухайн захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас шууд учирсан, шалтгаант холбоотой, бодит хохирол байх шаардлагыг хангасан байх ёстой.
Нэгдүгээрт, Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон, хоёрдугаарт, тус хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид бодит хохирол учирсан байх, гуравдугаарт, тухайн учирсан хохирол захиргааны байгууллагын хууль бус, үйлдэл, эс үйлдэхүй хоёрын хооронд шалтгаант холбоо байх ба нэхэмжлэгчид учирсан хохирол нотлогдож байх ёстой байна.
2.6. Гэтэл нэхэмжлэгч “М” нь “Маршалын хүндэтгэлийн цогцолбор”-ыг барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дахин зарласан 2 дахь тендер шалгаруулалтад оролцоогүй байх ба тус тендер шалгаруулалттай холбоотойгоор маргаагүй, хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, “оюуны өмчийн эрх зөрчигдсөн“ гэж тайлбарлах хэдий ч энэ нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдоогүй ба нөгөөтээгүүр, үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан урьдчилсан нөхцөлийг хангасан гэж үзэх боломжгүй.
2.7. Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт баригдсан "Маршалын хүндэтгэлийн цогцолбор"-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер хууль бус болох нь тогтоогдоогүй энэ тохиолдолд хохирол “Х” ХХК-тай байгуулсан зураг төсөл боловсруулахад төлсөн 15 сая, бусад төлбөр гэж тайлбарлах 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг "М" ХХК-д олгох хууль зүйн үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 116/ШШ2026/0010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-оос гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА