| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1026/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1338 |
| Огноо | 2023-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1338
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Ж.Сувданчимэг,
шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208014610966 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *************
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ***********нь 2022 оны 4 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “***********” караокед зөөгчөөр түр хугацаагаар ажиллаж байх үедээ хохирогч ***********“үйлчлүүлэгч нарын амгалан тайван байдлыг алдагдууллаа, хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар түүний нүүрэнд хэд хэдэн удаа цохих, газарт унахад нь өшиглөж эрүүл мэндэд “зүүн хөмсөгт шарх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, цээж, хоёр бугалгад цус хуралт, баруун өвдөг, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Би хохирогчийн биед гэмтэл учруулсан. Хохирол нэхэмжилбэл төлнө” гэв.
Эрүүгийн 2208014610966 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ***********: “2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “***********” караокед орсон. Нэг танихгүй залуугийн ширээн дээр хамт суусан. Тухайн үед танил дүү *********** зөөгчөөр ажиллаж байсан. Би пиво ууж байхдаа зөөгч *********** үл ялих зүйлээс болж маргалдаж байтал *********** миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Дараа нь дахиж миний нүүрэн тус газар буйдан дээр унагааж байгаад цохисон. Нүүр лүү өшиглөсөн эсэхийг санахгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.04.15-ны өдрийн 5651 дүгээр шинжилгээний дүгнэлтэд “1. *********** биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, цээж, хоёр бугалгад цус хуралт, баруун өвдөг, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
Гэрч ***********: “...Зөөгч ***********ажлаа хийж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өнгөрөөд 08-ны 00:20 цагийн үед залгаад “Анай та ороод ир, *********** ах намайг хэл амаар доромжлоод хэрэгт хийх гээд байна” гэхээр нь би караоке руугаа ортол ***********гийн хөмсгөөс цус гарсан байсан. Юу болсон талаар ***********ээс асуухад *********** ах намайг хэл амаар доромжлоод хэрүүл маргаан хийгээд ээжийг чинь хүчиндэнэ гэхээр нь би уур хүрээд цохичихлоо гэж хэлсэн. Камерын бичлэг дээр *********** ***********г гараар болон хөлөөр цохиж, өшиглөж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
Шүүгдэгч Б.***********ийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “***********” караокед ажлаа хийж байтал танил *********** ах 23 цагийн үед орж ирсэн. Тэгээд хүний сууж байгаа ширээн дээр шахаж суулгаад ганц пиво өгчихөөд байж байтал *********** ах өөр ширээн дээр очиж хэрүүл маргаан хийгээд байхаар нь би “Та яах гээд байгаа юм бэ, ширээн дээрээ суу” гэхэд “юу гээд байна, чамайг алчихна шүү” гэж агсраад байсан. Мөрөн дээрээс нь татаад сууж байсан ширээнд суулгасан. Тэгсэн чинь над руу орилоод, агсраад “ээжийг чинь ах нь хүчиндэнэ” гээд байхаар нь уур хүрээд зүүн талын хөмсөг, нүд хоёрын хэсэгт нэг удаа хүчтэй цохиход хөмсөгний хэсгээс цус гарсан. Тэнд байсан хүмүүс салгаж байтал *********** ах над руу дайраад гүйгээд ирэхээр нь барьж аваад буйдан дээр дарж унагаагаад 2 удаа алгадсан. Тэгээд бид хоёр салаад би караоке хариуцдаг эгч ***********д “*********** ах агсам тавиад, би хөмсгийг сэт цохичихлоо” гэж хэлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-28-32), мөрдөгчийн “эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-45), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-61), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-65), үл хөдлөх эд хөрөнгөгүй лавлагаа (хх-62), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-63), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-64), нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мэдээлэл санд байхгүй гэх албан бичиг (хх-66), нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй гэх албан бичиг (хх-67) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********нь 2022 оны 4 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “***********” караокед зөөгчөөр түр хугацаагаар ажиллаж байх үедээ хохирогч ***********“үйлчлүүлэгч нарын амгалан тайван байдлыг алдагдууллаа, хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар түүний нүүрэнд хэд хэдэн удаа цохих, газарт унахад нь өшиглөж эрүүл мэндэд “зүүн хөмсөгт шарх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, цээж, хоёр бугалгад цус хуралт, баруун өвдөг, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч *********** “...зөөгч *********** үл ялих зүйлээс болж маргалдаж байтал *********** миний нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан. Дараа нь дахиж нүүрэн тус газар буйдан дээр унагааж байгаад цохисон...” гэх мэдүүлэг (хх-10), шүүх эмнэлгийн 5651 дүгээр “1. *********** биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, цээж, хоёр бугалгад цус хуралт, баруун өвдөг, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-23-24), гэрч *********** “...ортол ***********гийн хөмсгөөс цус гарсан байсан. Юу болсон талаар ***********ээс асуухад *********** ах намайг хэл амаар доромжлоод хэрүүл маргаан хийгээд ээжийг чинь хүчиндэнэ гэхээр нь уур хүрээд цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-19-20), шүүгдэгч Б.***********ийн “...Д.*********** над руу орилоод, агсраад “ээжийг чинь ах нь хүчиндэнэ” гээд байхаар уур хүрээд зүүн талын хөмсөг, нүд хоёрын хэсэгт нэг удаа хүчтэй цохиход хөмсөгний хэсгээс цус гарсан. ...*********** ах над руу дайраад гүйгээд ирэхээр нь барьж аваад буйдан дээр дарж унагаагаад 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хх-55-56) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.***********ийн хохирогч Д.***********г “үйлчлүүлэгч нарын амгалан тайван байдлыг алдагдууллаа, хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар нүүрэнд хэд хэдэн удаа цохиж, газарт унагаан өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-10)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Д.*********** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь 2022 оны 4 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, *********** караокед зөөгчөөр түр хугацаагаар ажиллаж байх үедээ тус караокегоор үйлчлүүлж байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч ***********“үйлчлүүлэгч нарын амгалан тайван байдлыг алдагдууллаа” гэж маргалдаж, улмаар “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохих, газарт унасан үед нь хөлөөрөө дэвсэх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, цээж, хоёр бугалгад цус хуралт, баруун өвдөг, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч хохирлын баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,
шүүгдэгч “Байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч караокед зөөгчөөр ажиллаж байх үедээ хохирогчтой “үйлчлүүлэгч нарын амгалан тайван байдал алдагдууллаа, хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж, нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохиж, газарт унагаан өшиглөж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж санаатай саад учруулсан, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч П.***********ийн 2023.10.23-ны өдрөөс 2023.11.13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 21 (хорин нэг) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцон нийт 315,000 төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 685,000 төгрөгөөр тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“******” ХХК-д мужаан ажилтай гэх, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч ***********685,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт **********гийн ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***********ийн цагдан хоригдсон 21 (хорин нэг) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцон нийт 315,000 төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 685,000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********685,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Д.*********** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч П.***********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР