Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1351

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2308000001681 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ***************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***********нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын автобусны буудал дээр хохирогч ***********эзэмшлийн ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 хаалга, урд крыло, хойд куперын дээд талын рам зэргийг өшиглөж, цохиж хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 815,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Болсон асуудлыг санаж байгаа. Миний буруу. Хохиролд 660,000 төлсөн” гэв.

Эрүүгийн 2308000001681 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ***********: “Миний бие өөрийн ***********улсын дугаартай “Тоёота приүс 20” маркын машинаар такси үйлчилгээ хийдэг. 2023 оны 9 дүгээр сарын 23-ны үүрээр 06 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын автобусны буудал дээр зогсож байтал нэг үл таних залуу “утсаараа яриулаад өгөөч, дуудлагын жолоочид утсаа алдчихлаа” гээд миний утсыг гуйсан. Миний утсаар *********** гэсэн дугаар луу 2 удаа залгаж ярьсан, миний утасны нэгж дуусаад залгагдахаа больсон. Тэгээд би машиндаа ороод суусан. Тэр залууд “залгахаар нь би яриулья” гэж хэлсэн. Гэтэл хаалга хаалгахгүй тэгнээд зогссон, намайг хэл амаар доромжилж салаавч өгсөн. Би түлхээд хаалгаа хаагаад дотроос нь цоожлоод зогссон. Тэр залуу миний машины жолооч талын хаалганууд болон урд хойд крыло зэргийг өшиглөж гэмтээсэн. Тэгэхээр нь би дуудлага өгсөн. Надад хохирлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 12-13 дахь тал),

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023.09.23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 1448 дугаар тайланд: “крыло баруун урд 75,000 төгрөг, хаалга баруун урд 55,000 төгрөг, хаалга баруун хойд 50,000 төгрөг, крыло баруун хойд 155,000 төгрөг, будах зардал 480,000 төгрөг, шууд бус зардал 80,000 төгрөг, нийт 895,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Шүүгдэгч ***********яллагдагчаар өгсөн: “2023 оны 9 дүгээр сарын 22-ны орой найзуудын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Шөнө 05 цагийн орчимд дуудлагын жолоочоор машинаа бариулж 5 шард найзынхаа гэрийн гадаа ирсэн. Найз ***********г оруулчихаад гараад иртэл миний машинд байсан “Хуавэй мат 40 про” маркын гар утас алга болсон байсан. Дуудлагын жолооч надад хэлэлгүй явчихсан байсан. Ингээд би тухайн үед дуудлага дуудсан утас руу холбогдох зорилгоор 5 шарын автобусны буудал дээр очсон. Гар утсаараа яриулахыг хүсэж саарал өнгийн “приүс 20” маркын машин дээр очсон. Би 20,000 төгрөг өгөхөөр болж утсаар нь ярьсан. Удалгүй нэгж нь дууссан. Нэгжгүй байна гэдэг асуудлаас болж маргаан болсон. Жолооч машин дотроо орчихоод хаалга түгжсэн. Би уурлаж машиных нь жолооч талын хэсгүүд рүү цохих, өшиглөх зэргээр машины эд ангийг гэмтээсэн. Тэр залуу цагдаа дуудсан. Би хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1), дуудлагын лавлагааны хуудас (хх-2), гэрч ***********мэдүүлэг (хх-16-17), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-37), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-34), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-36), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-38), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-39), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-40), шүүгдэгч, хохирогчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-55, 59), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-60), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-61) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн ажлын байр түрээслэх гэрээний хуулбар, дансны хуулга нийт 12 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын автобусны буудал дээр хохирогч ***********эзэмшлийн ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 хаалга, урд крыло, хойд куперын дээд талын рам зэргийг өшиглөж, цохиж хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 815,000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч ***********мэдүүлэг (хх-8-9, 12-13), “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-21-22), шүүгдэгч ***********гэх мэдүүлэг (хх-33) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ***********согтуурсан үедээ хохирогч ***********эзэмшлийн ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хоёр талын хаалга, урд крыло, хойд купер зэргийг цохиж, өшиглөн гэмтээж 815,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ***********тээврийн хэрэгсэлд 815,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол, хор уршиг бүрэн төлөгдсөн, хохирогчийн “Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-55)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын автобусны буудал дээр хохирогч ***********эзэмшлийн ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 хаалга, урд крыло, хойд куперын дээд талын рам зэргийг өшиглөж, цохиж хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 815,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй хохирлоо авсан, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч ***********нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн тээврийн хэрэгслийн 2 хаалга, урд крыло, хойд купер зэргийг цохиж, өшиглөн гэмтээж хохирогчийн эд хөрөнгийн эрхэд халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эд хөрөнгөд 815,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн талуудын тохиролцсон, зөвшөөрсөн хэмжээнд нь буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон болно.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт **********рын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********600,000 төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР