Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00897

 

 

 

 

 

 

 2022          10           04                                          001/ХТ2022/00897

 

... гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                         

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01591 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1882 дугаар магадлалтай,                                                                                                                               

... гийн нэхэмжлэлтэй

“... ” ХХК, ... нарт холбогдох

37,656,982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг      

Хариуцагч “... ” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч “... ” ХХК, ... нарт холбогдуулан 37,656,982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01591 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч “... ” ХХК-аас 34,033,536 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... д олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ... д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ... гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “... ” ХХК-аас 328,118 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1882 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01591 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагч “... ” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.07-ны өдрийн 01591 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 1882 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хэргийг бүхэлд хянаж үзэх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах, алдааг залруулах үүргээ биелүүлсэнгүй, шийдвэрт өнгөц дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, ИХШХШТХ-ийн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн холбогдуулан тайлбарласан хуулийг хэрэглээгүй, өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тул дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээ болон үнэлсэн нотлох баримтыг хяналтын журмаар хянан шийдвэрлүүлж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хуульд нийцүүлж шалгах ёстой байтал тодруулахгүй, шүүх өөрийн байр сууриар тайлбарлан шаардлагыг шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой зааж, хууль зүйн үндэслэлээ бичгээр тодорхойлон гаргасныг үндэслэн хэргийг хянаж дүгнээгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд хандаж гаргасан шаардлагын хувьд “... 2013.01.25-ны өдрийн 005 дугаартай “Ално-Импульс-ын гал тогооны тавилга нийлүүлэх” гэрээний дагуу төлөгдсөн нийт 31,000 евро буюу үүний цахилгаан хэрэгсэлд 15,000 евро, тээврийн хөлсөнд төлсөн 5,000,000 төгрөг, нийт монгол төгрөгөөр 37,656,982 төгрөгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу буцаан гаргуулах” гэж тодорхойлон үндэслэлээ тайлбарласан. Хариуцагчийн зүгээс тухайн үед захирлаар ажиллаж байсан ... нь компанийн тамга тэмдэг хэрэглэж байгуулсан бичгийн гэрээнд тусгагдсан нөхцөлд маргаагүй, харин гэрээнд заагдсан нөхцөлөөр болон хэрэгт авагдсан эргэлзээгүй, үнэлэгдэхүйц бодит байдлын талаарх талуудын тайлбарт үндэслэн тайлбар гаргаж маргасан. Хариуцагчийн тайлбар хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэгдэх ёстой байтал ямар нэг дүгнэлт хийгдээгүй, үнэлээгүй. Заавал бичгийн нотлох баримтаар нотлогдох ёстой мэтээр шүүх дүгнэсэн. Тодруулбал, зөвхөн гэрээнд заагдсан нөхцөлөөр, хэрэгт авагдсан тайлбар баримтад үндэслэн хэргийг хэлэлцүүлэхийг хүссэн, нэхэмжлэлийн дээрх шаардлага болон талуудын хооронд байгуулагдсан бичгийн гэрээний хувьд татгалзлын илэрхийлэлтэй сөрөг шаардлага гаргаж шүүхээр хэлэлцүүлэхийг хүссэн. Гэтэл шүүх сөрөг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үндэслэлээ хариуцагч нь хариу тайлбар гаргах замаар шүүхээр хэлэлцүүлэх боломжтой гэж шийдвэрлэж, хариуцагчийн хуулиар олгогдсон үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хэлэлцүүлэх шаардлагыг шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласан. Шүүх энэхүү шийдвэртээ талуудын гэрээнд заагаагүй нөхцөлийг тохиролцсон байна, гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэж дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагыг буцаан гаргуулахаар дүгнэхдээ нотлох баримтгүйгээр шийдвэрлэсэн, ямар баримтыг яаж үнэлээд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй. Мөн нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ болон хариуцагчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүхэд ирүүлэх хүртэлх хугацаанд цахилгаан бараа хүлээж аваагүй мэтээр шүүхэд тайлбарлаж, мөнгийг шаардсан агуулгатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Харин хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргуулах хүсэлтээр нэхэмжлэгч нь хариуцагч нарын оролцоогүйгээр тээвэрлэлтийн компаниас ирсэн барааг хүлээж авсан тухай баримт хэрэгт ирсэн. Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн гэрээний үүрэг эсхүл гэрээний татгалзал эсэхийг тодруулахаар асууж байсан боловч шүүх болон нэхэмжлэгч энэ талаар тодруулалт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс гэрээний татгалзлын хуулийн заалт хэрэглэн тайлбарлах эсэх, гэрээний үүргийн тухайд ялгаж тайлбарлах эсэх гэх мэт асуудлууд тодорхойгүй нөхцөлд хэрэг хэлэлцэгдсэн, энэхүү шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрээр хангагдаж шийдвэрлэж байгаа шаардлага нь өөрөө тодорхой байх, түүний хууль зүйн үндэслэл ч хариуцагч талд болон шүүхэд тодорхой байх ёстой байтал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа эрхийг нь шүүх хамгаалан сэргээхээр шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй боллоо. Мөн эргэлзээгүй, хуулийн шаардлага хангасан нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлууд нь хариуцагчийн мэтгэлцэх боломж, нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлд холбогдуулан тайлбар гаргах боломж хязгаарлагдсан, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага тодруулаагүй, хууль зүйн үндэслэлийг тодруулаагүй зэргийг тэмдэглэлээс харж гомдолд тусгах нөхцөл хязгаарлагдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, зөрүүтэй нотлох баримтаар баталгаажаагүй гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Иргэний хуулийн 75.2.1, 413.1, 225.1, 227.1 дэх заалт, харин “Ално-Импульс-ын гал тогооны тавилга нийлүүлэх” гэрээний 2.5 дахь заалт болж, өөр гэрээний нөхцөлүүдийг үнэлээгүй, дүгнээгүй, анхаарч үзээгүй, мөн хариуцагчийн маргасан тайлбар үндэслэлийг анхаараагүй, үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй харин ИХШХШТХ-ийн 25, 38-д зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн байна. Хариуцагчийн бичгийн тайлбар товч, шүүх хуралдаан дээр тайлбараа гаргаж оролцсон. Иймд хууль шүүхийн өмнө хэргийн оролцогч тэгш байх зарчим алдагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн мэтгэлцэх эрх хангагдаагүй, шүүх маргааныг бүрэн хэлэлцээгүй, дүгнээгүй, орхигдуулсан, нотлох баримтыг тал бүрээс бүрэн дүгнэж үнэлээгүй, нотлох баримтаар нотлогдоогүй үйл баримтыг шүүх тогтоон шийдвэрлэсэн байдлыг хянуулахаар ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч “... ” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч ... болон “... ” ХХК-д холбогдуулан гал тогооны тавилга, цахилгаан бараа нийлүүлэх гэрээний дагуу төлөгдсөн 17,764 евро /1838,38 төгрөг 2013.04.09-ний өдрийн ханш/ тээврийн хөлсөнд төлсөн 5,000,000 төгрөг, нийт 37,656,982 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,623,446 төгрөгийн барааг хүлээн авсан гэж шаардлагаа 34,033,536 төгрөг болгон бууруулсан.

7. Анхан шатны шүүх хариуцагч “... ” ХХК-аас 34,033,536 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... д олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ... д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ. 

8. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч ...  нь хариуцагч “... ” ХХК-тай 2013.01.25-ны өдөр “Ално-Импульс”-ын гал тогооны тавилга нийлүүлэх гэрээ байгуулсан ба нийлүүлэгч нь гал тогооны тавилга болон гэр ахуйн цахилгаан барааг нийлүүлэн, угсрах, засвар үйлчилгээ хийх, ажиллуулах үүргийг, захиалагч нь гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрт 16,000 евро, угсралтын ажил дуусан хүлээлгэж өгөхөд 2,402 евро, нийт 18,402 еврог төлөхөөр тохирсон ба барааг нийлүүлж дуусах өдрийг төлбөр шилжүүлснээс хойш 2-3 сарын дотор гэж тохиролцсон. Гэрээг байгуулсны дараа 2013 оны 3 сард нэхэмжлэгч ...  тус компанийн захирал ... тай тохиролцон 12 ширхэг цахилгаан хэрэгсэл, 1 ширхэг унтлагын ор захиалан нийлүүлэхээр 15,000 еврог бэлнээр түүнд өгсөн,  гал тогооны тавилга нийлүүлэх гэрээний дагуу “... ” ХХК-аас 2013 оны 6 сард 13,236 еврогийн гал тогооны тавилгыг хүлээн авсан нь түүний тайлбараар тогтоогдсон ба тэрээр үлдэх 17,764 еврогийн тавилгыг нийлүүлээгүй хэмээн марган нэхэмжлэл гаргасан байна.

9. 2013 оны 6 сард 13,236 еврогийн үнэ бүхий гал тогооны тавилга, 2019.08.02-ны өдөр 3 ширхэг нийт 1,971 еврогийн үнэ бүхий гэр ахуйн цахилгаан барааг тус тус хүлээн авсан, хариуцагч “... ” ХХК нь 15,793 еврогийн барааг дутуу нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан эд зүйл хүлээн авсан баримт, зохигчдын тайлбар, тээвэр зуучийн “Ланд бридж” ХХК-ийн 2020.04.17-ны өдрийн 0521/20 тоот албан бичиг, гэрч А.Адилзаяагийн мэдүүлэг зэргээр нотлогдсон тухай хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй.

10. Гал тогооны тавилга, цахилгаан хэрэгсэл нийлүүлэх 005 дугаар гэрээний В 2.5-д “Гэрээний үнэ, нийлүүлэх бараа, үйлчилгээний төлбөрийн дүнг гэрээний нөхцөлд тусгана. Гэрээний үнэ нь бараа, үйлчилгээний нийт үнэ, тэдгээрт төлөх татвар, төлбөрийг дутаасан байна” гэж тохиролцсоноос үзвэл, нэхэмжлэгч нь тээврийн хөлс төлөх үүрэггүй, энэ зардалд хөлсөнд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д нийцсэн гэж үзнэ.  

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч компани нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч “... ” ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хамааралгүй гэж маргах боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, “...гэрээг ... тай байгуулсан, гэрээний үнийг төлсөн гэх баримтгүй, ... компани нэхэмжлэлийг хариуцахгүй” гэх боловч тухайн үед ... нь хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Иймээс  хариуцагч “... " ХХК нь гэрээнд заасан барааг бүрэн нийлүүлээгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь 34,033,536 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

12. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагч ... д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т нийцсэн, түүнчлэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дах хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй.

13. Талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-т заасан худалдааны зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт маргааны үйл баримт, ...тавилга нийлүүлэх гэрээний агуулга, нөхцөлд нийцээгүй буюу худалдааны зуучлал хийгдсэн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч “... ” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1882 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01591 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1,” гэснийг “ ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,”  гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “... ” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 328,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА                                   

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД