| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2026/0114/З |
| Дугаар | 221/МА2026/0467 |
| Огноо | 2026-07-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2026/0467
“Э” ХХК -ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Э” ХХК
Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баталсан хууль бус актын улмаас учирсан хохирол 23,800,000 төгрөгийг гаргуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0475 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, Д.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2026/0114/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баталсан хууль бус актын улмаас учирсан хохирол 23,800,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0475 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан “Э” ХХК -ийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баталсан хууль бус актын улмаас учирсан хохирол 23,800,000 төгрөгийг гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А давж заалдах гомдолдоо:
“...Өөрөөр хэлбэл дээрх хариуцагчаас гаргасан хэм хэмжээний акт нь хуульд нийцээгүй, зөрчиж гаргасан гэж үзээд хүчин төгөлдөр бусад тооцсон бөгөөд уг акт анхнаасаа хуульд нийцээгүй байсан гэсэн агуулгатай. Төлсөн хураамжийг буцаан шаардах эрхтэй болохын хувьд шүүхэд нэхэмжлэгч нь хураамжийг төлөхдөө сайн дураар төлөгдсөн үү? хүчин төгөлдөр актын үндсэн дээр төлөгдсөн үү? төрийн байгууллага үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үү? иргэн/компанид бодит хохирол учирсан уу? гэдгийг тусад нь дүгнэх шаардлагатай байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалыг үндэслэн Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүргүүлсэн нэхэмжлэхийн дагуу "Э" ХХК нь 23,800,000 төгрөгийн хураамжийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн, тухайн цаг хугацаанд дээрх хэм хэмжээний акт хүчин төгөлдөр үйлчилж байсан тул хураамж төлүүлснийг хууль бус, эрх зүйн үндэслэлгүй байсан гэж үзэх боломжгүй гэж үзсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй. Захиргааны акт хожим хүчингүй болсон нь хүчингүй болохоос өмнө тус актын дагуу нэхэмжлэгчээс гаргуулан авсан бүх төлбөрийг хууль бус болгохгүй гэж тайлбарлаж байгаа боловч нөгөө талаас захиргааны эрх зүйн суурь зарчим нь хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсан бол нөхөн төлүүлэх зарчим үйлчилдэг. Хэрэв хариуцагч нь анхнаасаа захиргааны хэм хэмжээний актыг хууль зөрчиж буюу хууль бус үйлдлээр батлаагүй байсан бол нэхэмжлэгч нь тус хууль зөрчсөн актын үйлчлэлийн улмаас хураамж төлж тус хохирохгүй байсан. Харин хяналтын шатны шүүхээс нэгэнт хууль бус акт байсан болохыг тогтоон, хүчингүй болгосон ба хууль бус тус актыг үндэслэн хариуцагчийн харьяа газар болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Цагаан хаднаас Гашуун сухайт чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг тээврийн компаниудаас тээвэр тутамд 50,000 төгрөгийг хууль бусаар төлүүлж байсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд зогсохгүй хохирол учруулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй" гэж заасныг баримтлан захиргааны байгууллагын хууль бус үйлдэхүйн улмаас өөрт учирсан хохирлоо хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй. Хуулийн уг зохицуулалтын дагуу гэм хорыг арилгах үүрэг үүссэн эсэхийг тогтоохын тулд нэхэмжлэгчид гэм хор учирсан байдал, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой байдаг ба Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоох тухай тушаал гаргахдаа холбогдох хууль болон дүрэм, журмын заалтыг баримтлахгүйгээр хууль бус захиргааны хэм хэмжээний акт гаргаж, улмаар тус хууль бус захиргааны актын дагуу нэхэмжлэгч нь 23,800,000 төгрөгийн төлбөрийг хариуцагчид төлж, тус хэмжээгээр нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан нөхцөл байдал нь хоорондоо шалтгаант холбоотой. Нөгөөтээгүүр, төлбөр албадлагын шинжтэй байсан, төлөхгүй бол тээвэр эрхлэлтийн зөвшөөрөл авах боломжгүй байсан, хууль бус актад тулгуурласан, төрийн байгууллага хууль бус орлого олсон эсхүл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, төрийн хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчид бодит хохирол учирсан гэдэгт шүүхээс дүгнэлт хийх шаардлагатай. Шүүхээс нэхэмжлэгчийн хохирол шаардсаныг акт хүчин төгөлдөр байх хугацаанд үйлчилсэн гэдэг байдлаар төрийн байгууллагын хууль бус шийдвэрийг хамгаалж байгаа нь хууль дээдлэх зарчим, шударга ёсны зарчим, төрийн хариуцлагын зарчимтай зөрчилдөөд зогсохгүй иргэд, хуулийн этгээдүүд хууль бус актын хор уршгийг үүрэх эрсдэл бий болохоор байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага хууль зөрчсөн акт гаргана, иргэн болон хуулийн этгээд түүнийг дагаж төлбөр төлнө, тодорхой цаг хугацааны дараа шүүх тухайн захиргааны актыг "хууль бус байсан" гэж тогтооно, гэтэл хууль бус захиргааны актын дагуу төлсөн төлбөрөө буруутай этгээдээс буцаан авч болохгүй, улмаар шүүх хууль бус хэм хэмжээний акт тухайн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан гэх үндэслэлээр хууль бус захиргааны актын улмаас төлсөн төлбөр, хураамжийг буцаан шаардах эрхгүй дүгнэх буруу жишиг цаашид тогтоож байна. Тиймээс анхан шүүхийн шийдэл нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болоогүй гэж үзэхээр байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дугаартай "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/844 дүгээр "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тушаалд заасны дагуу "Э" ХХК-иас тээвэр тутамд 50,000 төгрөг буюу 146 ширхэг машины тээвэрт нийт 23,800,000 төгрөгийг төлүүлсэн нь хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэхээр байна. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна" гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана" гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж, 498 дугаар зүйлийн 498.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана" гэж, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д "Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна", 101.2-т "Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна" гэж тус тус заасан байх тул дээрх тушаалыг батлан гаргасан хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хууль бус буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч "Э" ХХК-д учирсан хохирол болох тээврийн хураамжид төлсөн 23,800,000 төгрөгийг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргуулах нь үндэслэлтэй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0475 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баталсан хууль бус актын улмаас учирсан хохирол 23,800,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хууль бус захиргааны хэм хэмжээний акт гаргаж, хууль бус үйлдэл гаргасан, улмаар тус хууль бус захиргааны актын дагуу нэхэмжлэгч нь 23,800,000 төгрөгийн төлбөрийг хариуцагчид төлж, тус хэм хэмжээгээр нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан...” гэх агуулгаар тайлбарлаж маргах бөгөөд Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас "Э" ХХК-д “2023 оны 04-07 дугаар сард дархан цаазат газраар нэвтэрсэн 330 тооны автомашины хураамжид 16,500,000 төгрөг, 08 дугаар сард нэвтэрсэн 146 тооны автомашины хураамжид 7,300,000 төгрөг, нийт 23,800,000 төгрөгийн хураамж төлөх” нэхэмжлэх[1] хүргүүлсний дагуу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрийн сангийн дансанд тус хураамжийг[2] төлсөн байна.
2.3. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/0083 дугаар тогтоолоор “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалын хавсралт 1-ийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт 3.5 тн-оос дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50,000 төгрөг хураахаар заасан хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл буюу уг хавсралтын Тайлбар хэсэгт тухайн хураамжийн зорилго, үйлчлэх хүрээг тодруулж заах хүртэл 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсний дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/844 дүгээр тушаал гарсан, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2025/0068 дугаар тогтоолоор “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/844 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-ний Хавсралтын “1.Дархан цаазат газар" гэсэн 1 дэх хүснэгтийн "Ачааны тээврийн машин" гэсэн баганад 50,000 төгрөг" гэж заасныг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох”, 127 дугаар зүйлийн 127.4-д “Тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно...” гэж заасан.
Захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор тус акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг бол хүчингүй болгосны үр дагавар нь тухайн актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших хугацаанд эрх зүйн үйлчлэлгүй болдог.
2.5. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2025/0068 дугаар тогтоолоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/844 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-ний Хавсралтын “1.Дархан цаазат газар" гэсэн 1 дэх хүснэгтийн "Ачааны тээврийн машин" гэсэн баганад 50,000 төгрөг" гэж заасныг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул тус тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойших хугацаанд захиргааны хэм хэмжээний актыг эрх зүйн үйлчлэлгүй болсон гэж үзнэ.
2.6. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэж заасан.
2.7. Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан захиргааны хэм хэмжээний актын дагуу "Э" ХХК-иар 2023 оны 04-07 дугаар сард дархан цаазат газраар нэвтэрсэн 330 тооны автомашины хураамжид 16,500,000 төгрөг, 08 дугаар сард нэвтэрсэн 146 тооны автомашины хураамжид 7,300,000 төгрөг, нийт 23,800,000 төгрөгийг төлүүлсэн захиргааны байгууллагын үйлдлийг хууль бус гэж үзэх боломжгүй.
2.8. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2025/0068 дугаар тогтоолоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/844 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-ний Хавсралтын “1.Дархан цаазат газар" гэсэн 1 дэх хүснэгтийн "Ачааны тээврийн машин" гэсэн баганад 50,000 төгрөг" гэж заасныг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болсноос хойших хугацаанд тус хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэлгүй, харин түүнээс өмнөх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан тус актын дагуу хураамж төлүүлсэн захиргааны байгууллагын үйлдлийг хууль бус гэж үзэхгүй ба анхан шатны шүүхийн “...захиргааны хэм хэмжээний актыг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон бол захиргаа тэрхүү эрх зүйн үр дагаваргүй болсон хэм хэмжээг хэрэглэн дахин шинэ акт гаргах эрхгүй, өөрөөр хэлбэл нэгэнт хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг өмнөх цаг хугацаанд буцаан хэрэглэж, төлөгдөөгүй төлбөр /2023 оны 4 дүгээр сараас 2025 оны 9 дүгээр сар/-ийг нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй...” гэх дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хууль зөрчсөн актын үйлчлэлийн улмаас хураамж төлж хохирохгүй байсан...төрийн хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчид бодит хохирол учирсан...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА