Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 184/2018/00408/И |
Дугаар | 1185 |
Огноо | 2018-05-21 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 1185
2018 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 210/МА2018/00534 |
Б.Б, Б.Ба нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00679 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Б, Б.Ба нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч ШГА-арт холбогдох
Үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Баын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Б, Б.Ба нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ба би Ариг банктай зээлийн гэрээ байгуулж Б.Бгийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан. Ариг банк, Б.Ба нар 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүх баталгаажуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Тухайн зээлийн гэрээний үүргийг иргэн Б.Ба нь дангаараа хариуцахаар тохиролцож, барьцааны гэрээнд Б.Б гарын үсэг зурсан. Гэвч Б.Бгийн эд хөрөнгийн үнэлгээний талаар саналыг эзэмшигчээс аваагүй нь хуульд заасан журмыг зөрчсөн мөн тухайн эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ШГА-ар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1717 дугаар шийдвэрээр Б.Баасансүрэн, Б.Б, Б.Ба нараас 58 361 215 төгрөгийг гаргуулж, Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус газар гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.Баасансүрэн, Б.Б, Б.Ба нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 146 тоотод байрлах 30 м.кв орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17271543/06 тоот тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17271543/08 тоот тогтоолоор хураасан. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар хөндлөнгийн шинжээч томилж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлүүлэхэд 72 833 000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан ШГА-арт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Б, Б.Ба нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Ба давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.
Би Ариг банктай зээлийн гэрээ байгуулж, Б.Бгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 146 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан. 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч бусдаас авлагаа авч чадаагүйн улмаас зээл төлөгдөөгүй тул шүүхээс түүнийг баталгаажуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ШГА-раас гаргасан үл хөдлөх хөрөнгийн шинжээчийн үнэлгээнд гомдолтой байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч Б.Б, Б.Ба нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2017/01717 дугаар захирамжаар Б.Б, Б.Ба нараас 58 135 990,18 төгрөгийг гаргуулж “Ариг банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх-12-15 дахь тал/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 146 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр битүүмжилж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд хуульд заасан хугацаанд гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор үнийн саналыг авах ажиллагаа хийсэн боловч төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 146 тоотод байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг 72 883 000 төгрөгөөр үнэлсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд хариуцагч байгууллага уг дүгнэлтийг нэхэмжлэгч нарт 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 4/1086, 4/1087 тоот мэдэгдлээр танилцуулсан болох нь тогтоогдож байна. /хх-66, 67 дахь тал/
Дээрхээс дүгнэвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Ба, Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Баын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00679 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Баын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД