Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 67

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Н.Булганчимэг,

хохирогчийн өмгөөлөгч Ө.Одончимэг,   

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,  

шүүгдэгч Ж.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т тус тус заасан гэмт хэрэгт Ж.Батбаатарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201624001007 дугаар хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, эрэгтэй, 56 настай, тусгай дунд боловсролтой, ерөнхий цэргийн командын мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад 61 байр, 27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Авга овогт Жамсрангийн Батбаатар /РД:ЧА60022212/.

Шүүгдэгч Ж.Батбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг Баянхошууны замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Daihatsu Terios  маркийн 72-19 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2 заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Энхтөрийг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн, мөн дүрмийн 2.5.а, б, в заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/.                

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ бүрэн хүлээж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Дахин хэрэг хийхгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

201624001007 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Д.Энхтөрийн: “2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн үед Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр автобуснаас буугаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зам хөндлөн гарч байсан. Эхний замаа гараад дараагийн зам уруугаа гарах гээд өөдөөс ирж байсан автомашиныг өнгөрөөх үед замын голд цагаан зураас дээр зогсож байхад л гэнэт араас хүчтэй мөргөсөн. Тэгээд ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа сэргэсэн гэхдээ ухаан орж гараад би хаана байгаагаа ч мэдэхгүй, ухаан балартаад байсан.

...Би гомдолтой байна. Хэрэгт баримтаар гаргаж өгсөн хохирлоо, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-15, 16/,

Гэрч Л.Нямжаргалын: “...Замын хөдөлгөөн 2 талдаа удаашралтай, машинууд цуваад ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явж байхад миний урд талд 3-4 метрт замын голд хүн байгаа харагдсан. Гэнэт түс хийх дуу гараад миний урд тэр хүн хөндлөнгөөрөө унасан. Миний урд эсрэг урсгалд явж байсан цагаан өнгийн 72-19 дугаартай машин тэр хүнийг мөргөчихөөд шууд яваад өгөхөөр нь өөрийнхөө утаснаас 103, 102-т мэдэгдсэн. Тэр үед миний ард явсан цагаан өнгийн машин хойноос нь хөөгөөд явсан. Хэсэг хугацааны дараа хөөсөн машин ирж, жолооч залуу хэлэхдээ “би тэр машиныг зогсоочихлоо, жолооч эрэгтэй согтуу байна, эрэгтэй эмэгтэй 2 хүн байна, одоо жолооч нь удахгүй ирнэ” гэсэн. Мөргүүлсэн хүний хувьд 10 минутын дараа зам дээрээс босож ирээд “би хаана явж байна, би яагаад энд явж байгаа бэ, юу болсон бэ, нэг нүд харахгүй байна, толгой эргээд байна” гэж байсан, гэхдээ тэр залуу архи дарс уусан шинжгүй байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн, мөн тэр араас хөөсөн залуу, мөргүүлсэн залуутай хамт осол гаргасан машин уруу дахиж очоод, араасаа дагуулж ирсэн. Тэр осол гаргасан жолооч согтуу байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-49/,

Гэрч Д.Мөнхцэцэгийн: “2016 оны 11 сарын 03-ны орой 17 цаг 30 минутын үед хадам аав Батбаатар нэг найзтайгаа миний ажилладаг дэлгүүрт ирээд 0.33 л архийг тэр 2 хувааж уугаад, найз яваад өгсөн. 18 цаг 30 миунтын үед манай хүү, хадам бид 3 гэр уруугаа харихаар болоод би аавыг “машинаа орхиод автобусаар явъя” гэхэд “аав нь зүгээр байна, ганц удаа чадна” гэсэн. Манай нөхрийн эзэмшлийн Териос маркийн автомашиныг бариад Баянхошуунаас уруудаад Их наран уруу бид 3 явсан. ...Дэлгүүрээс хөдлөөд явж байхад, урд талд замын цагаан зураас дагаад цаашаагаа буюу бид нартай нэг зүгт цаашлаад явж байхад нь аав түүний хажуугаар гарч байхдаа зүүн талын толиороо шүргэчихээд зогсолгүй явахаар нь “зогсоорой, хүн мөргөчихлөө шдээ” гэхэд “аав нь хүн мөргөөгүй, юу гэж мөргөдөг юм” гэхэд “та машинхаа толийг хар л даа, хугарсан байна шдээ” гэсэн. Аав ойролцоогоор 500 метр явж байгаад зогсоход араас суудлын машин ирээд нэг залуу бууж ирээд “та хүн мөргөчихлөө шдээ” гээд бид 2-ыг ослын газар уруу араас хүрээд ир гэсэн” гэх мэдүүлэг /хх-55-56/,

Гэрч О.Хүрэлбаатарын: “Миний санаж байгаагаар 2016 оны 11 дүгээр сарын эхэнд байхаа өдрийг сайн санахгүй байгаа боловч болсон үйл явдлыг сайн санаж байна. Би 19 цагийн үед 08-35 УНН дугаартай машинтай Баянхошууны  хуучин эцэс дээр ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд ганцаараа явж байхад хойноос урагшаа чиглэлд цагаан өнгийн машин 2-р эгнээнд явж байхдаа замын голд зам гарах гээд зогсож байсан хүнийг машиныхаа толь хэсгээр мөргөчихөөд тэр чигтээ зогсоогүй явахаар нь араас нь хөөгөөд ойролцоогоор 1 км газарт явж байхад нь тэр машины урдуур буюу замыг нь хаагаад зогсоогоод, очиход жолооч эрэгтэй ахимаг насны хүн байсан. Тэр хүнээс архи нилээн үнэртэж байсан. Хажууд нь залуухан эмэгтэй, жаахан охин тэврээд явж байсан. Жолооч ахад “Та хүн мөргөөд зугтаачихлаа шдээ, яаж байгаа юм бэ, буцаад оч” гэхэд тэр хүн “Юун хүн бэ, би хүн мөргөөгүй” гэж байсан. Тэгэхээр нь хажууд явсан эмэгтэй хүнд “сая хүн мөргөсөн биз дээ” гэхэд “Тиймээ хүн мөргөчихөөд, аав зогсохгүй явчихлаа” гэж байсан. Тэр хоёр хүнд буцаад хэргийн газарт хүрээд ирээрэй гэхэд за гэж хэлээд үлдсэн. Би буцаж хэргийн газарт ирээд мөргүүлсэн залуу болон ослыг харсан гэх Тоёота Веросса маркийн автомашины жолооч ахтай /тэр хүнийг н.Нямжаргал гэж байсан/ уулзсан. Мөргүүлсэн залуугийн эхнэр ирэхээр нь хамт осол гаргасан автомашин руу миний машинаар явсан. Зогсож байсан газраа байхгүй байхаар нь буцаад явж байхад 7-р хорооны “Танил” гээд хүнсний дэлгүүрийн харалдаа 1-р эгнээнд зогсож байхаар нь очиход машин бариад явж байсан ах хойд суудал дээр суусан, мөн удаагүй байтал араас эрэгтэй хүн ирээд би машин барьсан шдээ гэж хэлж байсан. Мөн 2-уулаа ярилцаад эндээ учрыг олъё гэж хэлж байсан. Тэгэхээр нь тийм юм байхгүй гээд бид хоёр буцаад хэргийн газарт очсон...” гэх мэдүүлэг /хх-65-66/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2016.11.09-ний өдрийн 15209 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Энхтөрийн биед гавлын суурь ясны зүүн талын их далавч дайрсан зөрөөгүй хугарал, тархины зүүн чамархайн суурь хэсэгт хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн хацар, чамархайн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний гадна хэсэг, баруун шилбэний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-74/,

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаанд: “...72-19 уни дугаартай автомашины жолоочийг драйгер багаж үлээлгэн шалгахад 1,50% гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов” гэжээ /хх-108/,

Техникийн шинжээчийн 2016.12.25-ны өдрийн 725 дугаар дүгнэлтэд: “1. Daihatsu Terios маркийн 72-19 УНИ дугаартай автомашины жолоодон явсан жолооч Ж.Батбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн “2.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, “2.7.Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

1. Явган зорчигч Д.Энхтөр нь Замын хөдөлгөөний дүрмийн “3.9.Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Daihatsu Terios маркийн 72-19 УНИ дугаартай автомашины техникийн байдал зам тээврийн осолд нөлөөлөөгүй байна” гэжээ /хх-88/,

Ж.Батбаатарын яллагдагчаар өгсөн: “2016 оны 11 сарын 03-ны өдөр 14 цагийн үед найз Баасандорж над руу яриад бид 2 21-р хороололд уулзаад 0.5 л архийг хувааж уусан. Ууж дуусаад бид 2 манай бэр охин Мөнхцэцэгийн ажил дээр ирээд дахиад 0.33л архийг хувааж ууж байгаад тасарсан байсан. Нэг сэргэсэн бэр Мөнхцэцэг маань намайг машинаа зогсоо гээд л хажуу талаас гараараа цохиод байсан. Би машинаа зогсоох гэж байхад хажуугаар нэг суудлын машин орж ирээд, нэг үл таних эрэгтэй бууж ирээд “та хүн дайрчихлаа” гэж байсан. Тухайн үед би тэр залууд итгэхгүй, тэр үед бэр охин маань “та хүн мөргөсөн” гэж надад хэлсэн. Би бэрдээ “хүн мөргөсөн үнэн бол ах нараа дууд, мөн цагдаа эмнэлэгт мэдэгдээрэй” гэж хэлсэн. Удаагүй байж байтал манай хүү Галхүү ирээд бид нар ослын газар уруу машинтайгаа очиход хэргийн газар дээр цагдаа ирсэн байсан. Цагдаа намайг согтуурлын багажаар шалгаад эрүүлжүүлэхэд хийсэн. Би архи уусандаа тасраад юу болсноо санахгүй байгаа, сүүлд нь л мэдсэн” гэх мэдүүлэг /хх-100-102/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд  /хх-4-8/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-11/, явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа /хх-17/, хохирлын баримтууд, тооцоо /хх-20-44/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-69-72/, жолоочийн согтуурал шалгасан хуудас /хх-108/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-110/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-165/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогчийн хүсэлт болон бусад бичгийн нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав. 

  Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ж.Батбаатар нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг Баянхошууны замд Daihatsu Terios маркийн 72-19 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Энхтөрийг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн, мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хэргийг Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ж.Батбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдэж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэрэг үйлдэж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Энхтөрийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бөгөөд хохирогч, түүний өмгөөлөгч нараас “эмчилгээний зардалд 1150000 төгрөг, гэм хорын хохирол, эмчилгээний зардалд 3000000 төгрөг, нийт 4150000 төгрөг авсан, Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлт шүүхэд ирүүлснийг үндэслэн шүүгдэгч Ж.Батбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх ял оногдуулахдаа анх удаа болгоомжгүй хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Ж.Батбаатарт хуульд заасан хорих ял оногдуулж, түүнийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар хугацаа тогтоож шийдвэрлэв.     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Батбаатар урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.  

Харин Daihatsu Terios маркийн 72-19УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, шүүхэд хэргийн хамт шилжин ирсэн тухайн тээврийн хэрэгслийн 01226614 дүгээр гэрчилгээг хууль ёсны эзэмшигч болох иргэний хариуцагч Б.Галбадрахад олгохоор шийдвэрлэлээ.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авга овогт Жамсрангийн Батбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан,

зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэрэг үйлдэж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Ж.Батбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/  жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ж.Батбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Батбаатар урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Ж.Батбаатарын жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Daihatsu Terios маркийн 72-19 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт хураагдаж ирсэн Daihatsu Terios маркийн 72-19 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01226614 дүгээр гэрчилгээг хууль ёсны эзэмшигч буюу иргэний хариуцагч Б.Галбадрахад буцаан олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Ж.Батбаатарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Ж.Батбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Батбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Батбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР