Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2026/0508

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э

Нэхэмжлэгч: “Д” ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Н.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамж, хавсралтыг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/158 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 005 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, Э.Г, хариуцагч Ч.Б, гуравдагч этгээд Н.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 109/2024/0039/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамж, хавсралтыг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/158 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох”,

гуравдагч этгээд Н.Цоос Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.       

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 005 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар сарын 60.1.2, 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамжийн хавсралтаар иргэн Н.Цид шилжүүлэн олгосон 5000 м.кв газраас “Д” ХХК-иас газартай давхцуулан олгосон 2014 м.кв газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.167 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-иас хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/158 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.3, 47.1.6 дахь заалтыг тус тус баримтлан гуравдагч этгээд Н.Цоос Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгчийн зүгээс хоёр шаардлага гаргаж байгаа. Нэгдүгээрт, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамжийн хавсралтыг хүчингүй болгуулах, хоёрдугаарт, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/158 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох. Гомдолд дурдсан үндэслэлүүдээс гадна дараах нөхцөл байдлыг шүүхийн анхааралд хандуулах шаардлагатай гэж үзэж байна.  Нэхэмжлэгчийн эрх анх 1997 онд тухайн газар дээр байрлах объектыг давуу эрхээр хувьчилж авснаар үүссэн. Улмаар 2004 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших эрхээ шинэчлэн баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тухайн газрыг хууль ёсны үндэслэлээр олон жилийн турш эзэмшиж ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Харин үүнээс ердөө хоёр сарын дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн н.Гд тухайн газарт газар эзэмших эрх шинээр олгосон байдаг. Энэ захиргааны акт хууль ёсны ямар үндэслэл дээр гарсан бэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд иргэн н.Г өөрөө шүүхэд мэдүүлэхдээ тухайн газрыг хэнээс худалдаж авснаа мэдэхгүй, ямар нэгэн этгээдэд мөнгө төлөөгүй, зөвхөн төрийн санд мөнгө тушааж байснаа санаж байна гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа бодитоор болсон эсэх, эрхийг хэнээс шилжүүлэн авсан, ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр шилжсэн зэрэг хамгийн суурь нөхцөлүүд огт тогтоогдоогүй байна. Хэрэв н.Гд газар эзэмших эрхийг шилжүүлээгүй, харин анх удаа шинээр олгосон гэж үзвэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн шаардлага мөн адил зөрчигдөж байна. Учир нь тухайн заалтаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцахгүй байх ёстой гэж хуульчилсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар манай нэхэмжлэгчийн эзэмшлийн газар болон н.Гд олгосон газрын хооронд 2014 м.кв хэмжээний давхцал үүссэн нь тогтоогдсон. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх ч өмнөх шийдвэрүүддээ тогтоосон.

Ийм нөхцөлд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан шаардлага хангагдаагүй байхад тухайн этгээдэд газар эзэмших эрх олгосон нь өөрөө захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэсэн илт хууль бус гэж үзэж шинж бүрэн хангагдсан гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн 47.1.7-д заасан *"бодит нөхцөл байдлын хувьд биелэгдэх боломжгүй" гэсэн үндэслэл ч энэ хэрэгт мөн адил хамаарна. Учир нь нэг газрыг хоёр өөр этгээдэд зэрэг эзэмшүүлэх эрх зүйн болон бодит боломж байхгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар 2014 м.кв газрын давхцал бодитоор тогтоогдсон бөгөөд энэ нь тухайн захиргааны актыг хэрэгжүүлэх боломжгүй болгож байна.

Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг тогтоосон атлаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. 2016 оны А/158 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүйгээр гарсан учраас түүний үндсэн дээр бий болсон дараагийн эрх шилжилт мөн үндэслэлгүй болно. Тодруулбал, н.Г 2023 онд тухайн газрыг иргэн Н.Цид автомашин болон мөнгөн төлбөрөөр худалдаж, эрхээ шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Гэвч өөрөө хууль ёсоор үүсээгүй эрхийг бусдад шилжүүлэх боломжгүй. Эрх үүсээгүй этгээд тухайн эрхийг захиран зарцуулах боломжгүй байдаг нь эрх зүйн нийтлэг зарчим. Иймд 2016 оны А/158 дугаар захирамж илт хууль бус болох нь тогтоогдвол түүнд үндэслэн гарсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамжийн хавсралт мөн хууль зүйн үндэслэлгүй болох тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. “Д” ХХК-иас Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамж, хавсралтыг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/158 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох”,

гуравдагч этгээд Н.Цоос Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.      

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай” А/108 дугаар захирамжаар Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн халуун усан нэртэй газарт 1 га газрыг Ц.Цад эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах” гэрээний дагуу нэгж талбарын 650800018 дугаар бүхий газрыг хүлэмж, нарийн ногооны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх 000611271 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

3.2. Иргэн Ц.Ц нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай гэрээг нэхэмжлэгч “Д” ХХК-тай байгуулж, газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу мөн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/25 дугаар захирамжаар дээрх газрыг “Д” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлжээ.

3.3. Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/158 дугаар захирамжаар тус сумын Алтан-Овоо баг, халуун ус нэртэй газар 0.5 га газрыг иргэн Д.Гд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах” гэрээний дагуу нэгж талбарын 021600634 дугаар бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх 000319415 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

3.4. Улмаар иргэн Д.Г нь “Худалдах, худалдан авах” тухай гэрээг гуравдагч этгээд Н.Цтой байгуулсны дагуу Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар дээрх газрыг Н.Цид шилжүүлэн эзэмшүүлснээр энэхүү маргаан үүсжээ.

4. Нэхэмжлэлийн “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/158 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

4.1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/158 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд шүүх маргаан бүхий захиргааны акт нь хуульд заасан илт хууль бус байх шаардлагыг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгнө.

4.3. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/158 дугаар захирамжид “Газар эзэмших гэрчилгээг Д.Гд эрх шилжүүлэх гэрээг үндэслэн Алтан-Овоо баг Халуун усанд 0.5 га үйлчилгээний зориулалттай 021600634 нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлэн эзэмшүүлсүгэй” гэснээс үзвэл дээрх газрыг эзэмшиж байсан өөр этгээдээс гэрээний дагуу иргэн Д.Гд шилжүүлсэн гэж ойлгогдохоор байна.

4.4. Гэтэл, хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар уг газрыг өмнө нь хэн, ямар захирамжийг үндэслэн эзэмшиж байсан болох нь тодорхойгүй байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 528 дугаар магадлалд энэ талаар дурдаж, холбогдох баримтыг цуглуулж, тодруулах ажиллагаа явуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэхийг анхан шатны шүүхэд даалгасан боловч нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

4.5. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар талуудын хооронд газрын давхцалын маргаан үүссэн энэ тохиолдолд уг газрыг эзэмших эрх анх хэнд үүссэн эсэхээс хамаарч маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/158 дугаар захирамжийг илт хууль бус эсэх нь тодорхойлогдоно.

4.6. Хэрэгт авагдсан баримтаар Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн халуун усан нэртэй газарт 1 га газрыг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай” А/108 дугаар захирамжаар Ц.Цад эзэмшүүлснээр уг газрыг эзэмших эрх анх Ц.Цад үүссэн байна.

4.7. Харин цаг хугацааны хувьд Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/158 дугаар захирамжаар Д.Гд уг газрыг дараа нь шилжүүлэн эзэмшүүлсэн гэх боловч өмнөх эзэмшигч, түүнтэй холбоотой шийдвэрийн талаар болон эрх шилжүүлсэн  гэрээ хийгдээгүй, энэ талаар нотлох баримт байхгүй, хариуцагчийн зүгээс “Цэнхэр сумын газрын асуудал зөрчилтэй байгаа. Энэ газруудын нэг нь “Д” ХХК-ийн газрууд хамаардаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбараар үгүйсгэхгүй байна.

4.8. Анхан шатны шүүх А/158 дугаар захирамжтай холбоотой үндэслэлтэй зөв дүгнэсэн боловч “...холбогдох баримт байхгүй байгаагаас үүдэн гарах эрх зүйн үр дагаврыг газар эзэмших эрх шилжүүлэн авч байгаа иргэнд хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй “ гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

4.9. Тодруулбал, газар эзэмших эрх нэгнээс нөгөөд шилжихдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар явагдах бөгөөд энэ тохиолдолд газар эзэмших эрх шилжих гол баримт болох шилжүүлэгч этгээдийн гэрээ байхгүйгээр газар эзэмших эрх нөгөөд этгээд шилжигдэх боломжгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болж чадаагүй.

4.10. Нөгөөтэйгүүр хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нь хээрийн судалгаа хийлгүйгээр газрыг давхцуулан Д.Гд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйгээс гадна газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ хийгдсэн талаар болон холбогдох бусад баримт байхгүй буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.

4.11. Иймд шүүхийн шийдвэрт маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/158 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцсон өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

5. Нэхэмжлэлийн “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамж, хавсралтыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

5.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2024/27 дугаартай дүгнэлтэд “... гуравдагч этгээд Н.Цийн эзэмших эрхтэй газар нь “Д” ХХК-ийн эзэмших эрхтэй газартай 2014 м.кв талбайгаар давхцалтай” болохыг тогтоосон.

5.2. Анхан шатны шүүх “... 2014 м.кв хэмжээгээр давхцалтай болох нь тогтоогдсон бөгөөд үлдсэн хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэж, маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамжийн газрын давхцалтай хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

5.3. Тодруулбал, шүүхээс Д.Гд газар эзэмших эрх олгосон Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/158 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцсон энэ тохиолдолд уг хууль бус эрхийг гуравдагч этгээд Н.Цид шилжүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамж хууль бус бөгөөд үүний улмаас “Д” ХХК-ийн хууль ёсны эзэмшил газартай давхцаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн “... Энэ газар 2 талаараа намаг, шавартай бөгөөд зөвхөн арын дэнжээр ганцхан машин орж болох сувагтай. Үүнийг анхан шатны шүүхийн шүүгч газар дээр нь очиж үзэж, фото зургаар баталгаажуулаад хавтаст хэрэгт оруулсан. Гэтэл манай газартай давхацсаныг манайд үлдээгээд илүү гарсан газрыг олгохдоо орц, гарц болсон тэр замыг хааж олгосон. Ингээд газартаа нэвтрэх боломжгүй болсон” гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

6. Бие даасан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

6.1. Гуравдагч этгээд нь “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж тайлбарлан маргадаг.

6.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан.

6.3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр маргаан бүхий газрыг Ц.Цад эзэмшүүлсэн мөн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/108 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх ба 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар дээрх А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор Ц.Цын газар эзэмших эрх сэргэжээ.

6.4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлд сумын Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан байх ба 59.1.2-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх”, 59.1.14-т “Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай шийдвэр гаргах”, 59.1.23-д “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж тус тус зааснаар хариуцагч Цэнхэр сумын Засаг дарга нь өөрийн харьяалах нутаг дэвсгэртээ Газрын тухай хууль болон тус сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих эрхийн хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дүгээр, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/21 дүгээр захирамжуудыг гаргасан гэж үзэхээр байна.

6.5. Өөрөөр хэлбэл, дээрх захирамжуудыг гаргах эрх зүйн үндэслэл байсан бөгөөд сумын Засаг даргын чиг үүрэгт хамаарах буюу илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 005 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамжийн хавсралтын Н.Цид холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг баримтлан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/158 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоосугай” гэж тус тус өөрчилж, 2 дахь заалтыг хасаж, “3” гэснийг “2”, “4” гэснийг “3”, “5” гэснийг “4” гэж дугаарлан бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                      ШҮҮГЧ                                                                  М.ЦЭЦЭГМАА

 

 

                       ШҮҮГЧ                                                               Б.АДЪЯАСҮРЭН

 

 

                      ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ