Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00910

 

 

 

 

 

 

 

 2022          10           11                                          001/ХТ2022/00910

 

... ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                         

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02166 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1923 дугаар магадлалтай,                                                                                                                                

... ын нэхэмжлэлтэй

... холбогдох

40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг        

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ринчинтогтох, түүний өмгөөлөгч Н.Болормаа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч ... холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02166 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... оос 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ... аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... оос улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1923 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.21-ний өдрийн 102/ШШ2020/02166 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.09.09-ний өдрийн 1923 дугаар магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. 2018.01.12-ны өдөр өөрчлөлт орсон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2018.09.04-ний өдөр ... ээс ... д хуулийн шаардлага хангасан итгэмжлэлийг олгосон, ...  нь 2018.01.15-ны өдөр хэлмэгдэгч ... хууль ёсны нөхөх олговрын нэхэмжлэгчээр ... мэдээллийн санд бүртгүүлсэн болохыг дурдсан 2020.04.14-ний өдрийн ЦАУЗБК-ын 409 албан тоотыг нотлох баримтаар үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2018.09.04-ний өдөр итгэмжлэл олгогдсоноос хойш 2018.11.06-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийн нэг болох ... ийг нас барах хүртэл ...  нь олгосон итгэмжлэлийн дагуу нөхөх олговор авахад бүрдүүлэх баримтын жагсаалтад бичигдсэн баримтаас нэгийг ч цуглуулаагүй болох нь нэхэмжлэгчийн 2020.04.17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2020 оны 4 сард цуглуулсан баримтууд хавсаргаж өгсөн байгааг шүүх анхаарсангүй. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөх эрх олгогдоогүй байхад нь ЦАУЗБК-ын журмаа зөрчиж бүртгэснийг шүүх үнэлж, “...  нь нэхэмжлэл гаргахаар бүрдүүлбэр хангаж байх үедээ нас барсан” гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, түүний өвлөгч нар нь нөхөн олговор шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн ЦАУЗБК-оос “Зууны мэдээ" сонины 2019.06.26-ны өдрийн 129/6096 дугаарт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу 80,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох эрхтэй этгээдээр зөвхөн ... ыг зарласан. Үнэхээр ...  нь хуулийн дагуу бүртгүүлсэн байсан бол сонинд мөн л ... ийг нөхөх олговор авах эрхтэйгээр зарлах ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан эргэлзээтэй нотлох баримтуудыг шүүх үнэлж, хэргийн цаг хугацааны дарааллыг анхааралгүй гаргасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу миний эцэг ... нь хэлмэгдэгч ... нөхөх олговор авах эрхтэй цорын ганц хүүхэд нь байхад мөн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч ... од холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба үндэслэлээ ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/02159 дугаартай шийдвэрээр хариуцагч ... нь эцэг ... ын цагаатгалын нөхөх олговорт 80,000,000 төгрөгийг гаргуулан авсан байх бөгөөд уг 80,000,000 төгрөгийн 40,000,000 төгрөгийг миний нөхөр болох ...  авах эрхтэй байсан, түүний хууль ёсны өв залгамжлагчийн хувьд шаардах эрхтэй...” гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... Талийгаач ...  нь эцэг ... ын цагаатгалын нөхөх олговорт 80,000,000 төгрөгийг авах талаар нас барахынхаа өмнө нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байсан гэж үзэх үндэслэлгүй, ...өмнө нь талийгаач нь эцэг ... ын цагаатгалын нөхөх олговорт 1,000,000 төгрөгийг авснаас надад зохих хувийг өгөөгүй, ... ... миний бие өдгөө ганцаараа амьд сэрүүн голомтоо сахиж үлдсэн бөгөөд цагаатгалын нөхөх олговрыг ганцаараа авах ёстой...” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч ... оос 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... т олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна. 

8. Хэрэгт авагдсан баримтаар БНМАУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 107 дугаар магадлалаар ... агсан нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн болохыг тогтоож, цагаатгасан байх бөгөөд уг тогтоолд үндэслэн цагаатгалын үнэмлэх олгогдсон, ... нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч болох нь тогтоогджээ.

9. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч ... ын цагаатгалын нөхөх олговрын 80,000,000 төгрөгийг нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд нэхэмжлэл гарган авах эрхтэй бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчдийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй байна.

10. Хэлмэгдэгч ... ын төрсөн хүүхдүүд ... , ... болох нь баримтаар тогтоогдсоноос гадна энэ тухайд талууд маргаагүй, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/02159 дугаар шийдвэрээр хэлмэгдэгч ... ын цагаатгалын нөхөх олговорт 80,000,000 төгрөгийг ... од олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

11. Энэхүү маргаан нь зохигч төрөөс нөхөн төлбөр шаардахтай холбоотой бус харин хэлмэгдэгчийн үр хүүхдүүд, тэдний өвлөгч нар төрөөс нэгэнт олгосон олговрыг хуваах эсэх талаар маргажээ.

12. Хэрэгт авагдсан баримтаар ...  нь цагаатгалын нөхөн олговор авах талаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар бүрдүүлбэр хангаж байх үедээ нас барсан нөхцөл байдал тогтоогдсон, түүний тухайн нөхөн олговрыг авах хүсэл зоригийн  илэрхийллийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар хүчин төгөлдөр гэж үзэх тул хэлмэгдэгч ... ын хүүхэд болох нас барагч ... ийн өвлөгч нар нь хариуцагч ... ын авсан нөхөн олговроос ... т оногдох хэсгийг шаардах эрхтэй гэж дүгнэх нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д нийцнэ.

13. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч ... оос 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... т олгож шийдвэрлэсэн нь зөв боловч зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс залруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1923 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн  515 дугаар зүйлийн 515.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... оос 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... т олгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                     Н.БАЯРМАА

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

       Д.ЦОЛМОН