Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2998

 

                            

 

 

 

 

 

 

                                2020         09         02

 

 

 

 

 

 

                       

                            101/ШШ2020/02998

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: И С холбогдох

 

“И” ХХК-ний захирлын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 тоот тушаалыг хууль бусад тооцож, математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шагдаргивын Д миний бие Ид 2012 оноос эхлэн Математикийн багшийн үүрэгт ажлыг Боловсролын хууль тогтоомж, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд тус тус заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 27-ныг хүртэл 8 жил үр бүтээлтэй ажиллаж ирэв. Энэ хугацаанд хариуцан заах хичээлийн явц, сурагчдын үнэлгээгээр тавигдаж буй шаардлагыг хангаж ирсэн. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус сургуулийн захирлын Б/45 тоот тушаал гарган Ш.Д намайг Математикийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тул миний бие ажилгүй хүний тоог нэгээр нэмээд байна. Дээрх тушаалд намайг Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан ба Б/45 тоот тушаалд "Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан" гэж дурдсан ба чухам ямар зөрчил гаргасны учир хөдөлмөрийн гэрээг цуцалж байгааг миний хувьд өнөөдрийг хүртэл тодорхой ойлголтгүй байна. Үүнд: Захирлын Б/45 тоот тушаалын удирдлага болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4-т "Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гарсан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил" гаргасан бол ажил олгогч санаачлан хөдөлмөрийг гэрээг цуцлах тухай заасан байдаг. Захирлын Б/45 тоот тушаалд Ш.Д ямар ноцтой зөрчил гаргасан гэдгийг дурдаагүй зөвхөн "Ноцтой зөрчил гаргасан” гэж ерөнхийлөн дурджээ. Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 3.1.11, Хөдөлмөрийн гэрээний 14.1.1 дэх заалтыг удирдлага болгосон байна. Хөдөлмөрийн гэрээний 14.1 дэх заалтад “Байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд харш бөгөөд нөлөөлж болох зөрчил дутагдал гаргасан, байгууллага, хамт олон ажилтны хувийн нууцыг задруулсан бусдад дэлгэсэн, худалдсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тараасан" ыг хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл буюу ноцтой зөрчилд тооцохоор тусгасан байна. Хөдөлмөрийн гэрээний эл заалтад буй зөрчлүүдийн аль зөрчлийг Ш.Д гаргасныг Б/45 тушаалд дурдаагүй. Ямар зөрчил гаргав гэдгийг нотолж надад танилцуулаагүй юм.

1.2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Захирлын зөвлөлийн хуралдааны үед Ш.Д намайг ямар дутагдал гаргасан, хөдөлмөрийн гэрээнд дурдсан ноцтой зөрчил гаргасан гэдэг асуудал яригдаагүй болно. Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Иргэний хуулийн 4-р зүйлд зааснаар тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай болон бусад аль ч байгууллага Монгол Улсын хуульд захирагдан ажиллах үүрэгтэй тул “И” ХХК-н захирал тушаал гаргаж намайг ажлаас халахдаа Ш.Д ямар зөрчил гаргав гэдгийг нотолж, гэм буруутай нь тогтоогдож буй тохиолдолд хариуцлага тооцох ёстой.

2. Захирлын Б/45 тоот тушаалд миний ажлыг өгч авалцах хугацааг тогтоож, ажил хүлээлцсэн хугацааны цалин, 2019 оны 9 дүгээр сарын 1-ээс 2020 оны 4 дүгээр сарын 27-ныг хүртэл ажилласны "Багшийн" амралтын тооцоо, бусад тооцооны асуудлуудыг зохицуулаагүй ээлжийн амралтыг биеэр эдлэх боломжийг бүрдүүлээгүй, амралт эдлэх хугацаанд ажлаас халсан бөгөөд намайг ажлаас яаравчлан халах, зайлуулах бодлого баримталсан тул миний хөдөлмөрлөх эрх ашиг зөрчигдөж байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан үндэслэл журмын энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. “И” ХХК-н захирлын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 тоот тушаалыг хууль бусад тооцон Ш.Д намайг тус сургуулийн Математикийн багшийн ажилд эргүүлэн тогтоолгох, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах зэрэг болно.

            Халах тушаал хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоох, ажлаас халсан тушаалаас хойш цалинг гаргуулах, НД, ЭМД шимтгэлийг нөхөн төлөх шаардлага гаргасан. Сургууль нь намайг 2012 оноос дэмжиж байсан гэж байна. Би бага ангийн туслах багш байгаагүй. Би дунд ангид орчуулга хийж байгаад үндсэн багш болсон. Намайг дэмжиж итгэл хүлээлгэсэн гэдэг. Гэтэл хөдөлмөрийн гэрээ нь дэмжлэг биш юм. Би дандаа ганцаардаж шахагдаж ирсэн. Сүүлийн үед энэ нь бүр ихэссэн. Сургуулийн удирдлагын зүгээс хэлээгүй зүйлийг хүртэл хэлсэн гэдэг. Намайг зөрчил давтан гаргасан гэж байна. Гэтэл вакум сургалтын үед архи уусан гэдэг. Гэтэл би архи уугаагүй үүнийгээ нотлох хэрэгтэй гэж хэлж байсан. Гэтэл тухайн үед байсан хүмүүсээр архи уугаагүй гэдгийг сургуулийн захиргаанд хэлүүлж өгсөн байхад үндэслэлгүйгээр сахилгын зөрчил гаргасан гэдэг. Сургуулийг хуульд захирдаг гэж байна. Гэтэл тийм биш хуулийг байнга зөрчдөг. Тухайн үед сургууль дээр бүгд түгшүүртэй байсан нь үнэн. Сэтгүүлч над уруу утасдахад иргэний үүргээ биелүүлж зарим асуултад хариулсан. Тэмдэглэлээр буруугаа хүлээсэн гэж байна. Гэтэл уг тэмдэглэлд би гарын үсэг зураагүй. Цахимаар заналхийлсэн гэж байна. Гэтэл би хууль тэгш үйлчлэх ёстой гэдгийг л бичсэн. Энд ёс зүй зөрчсөн зүйл байхгүй. Дотоод журамд хууль зөрсөн заалт их байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч нь эцэг эх нь сандарсан гэх боловч 3 сарын 2-нд хүүхдүүд байгаагүй. Миний утсыг сургууль өгсөн гэдэг нь миний ярилцлага дээр дурдагдсан байдаг. Иймд нууцтай холбоотой ажил хийдэггүй. Нууцлалын гэрээ хийгээгүй. Нууцтай холбоотой зүйлийг сэтгүүлчид хэлээгүй. Цалин хөлсөөр хүртэл ялгавартай ханддаг байсан. Мөн би олон жил ажлын байрны дарамтад байсан. Сэтгүүлчид зарим зүйл хэлсэн яриа нь ажлаас халах л шалтаг болсон гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129-д заасан шүүх шууд шийдэх маргаан юм. Нэхэжмлэгч нь 45 тоот тушаалыг хүлээж авсанаас хойш 1 сарын дотор шүүхэд хандсан. Уг тушаал нь хууль бус юм. Учир нь тушаалд нэхэмжлэгчийг ямар зөрчил гаргасныг дурдаагүй. ХТХ-н 40.1.4-г барьсан байдаг. Үүнд сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан гэж байдаг. Гэтэл уг тушаал дээр аль зөрчлийг гаргасан талаар дурдаагүй. Гэтэл хариуцагч тайлбартаа нууц мэдээлэл тараасан гэдэг. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд энэ талаар байхгүй. Дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд нууц задруулсан гэх зүйл байдаг. Гэтэл энд байгаа зөрчлүүдийн алийг гаргасан талаар уг маргаж буй тушаалд дурдагдаагүй. Мөн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан аль нэг зөрчлийг гаргасан талаар баримт хэрэгт байхгүй. Мөн тушаал нь ХТХ-н 43-г зөрчсөн. Энд ажил хүлээлцэх хугацаа тогтооно гэдэг. Мөн ажлаас халагдсан хугацааг тогтоох боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь тодорхой хугацаанд ажилласан тул ногдох хугацааны амралт эдлэх боломж олгоогүй. Улмаар амралт эдлэх үеэс нь ажлаас халсан. Энэ нь 40.3, 35.1.2-г зөрчиж байна. Байгууллагын мэдээллийг бусдад хууль бусаар дамжуулсан гэдэг. Энэ нь ховын шинжтэй асуудал байдаг. Гэтэл гадаад багш нь гадаадаас ирсэн, багшилсан гэдэг нь үнэн. Энэ нь нууц биш юм. Хариуцагч нь нэхэмжлэгчийн утсыг сэтгүүлчид өгсөн байдаг. Бодит байдлыг ярьсан бол буруу биш юм. Гэтэл энэ талаар тушаал дээрээ дурдаагүй. Түүнчлэн бусдад мэдээлэл өгөх нь үндсэн хуулиар чөлөөтэй байдаг. Утсаар ярьсан нь ямар буруутай юм. Байгаа байдлыг бодитоор хэлсэнийг сэтгүүлч нэмж, хальж бичсэн байдаг. Хэрэв буруу бол нэмж бичсэн сэтгүүлчийн буруу тул ажлаас халах үндэслэл байхгүй. Бүх иргэн, хуулийн этгээд хуулийн өмнө эрх тэгш байх ёстой. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч нь тушаалтай холбоотой тайлбараа гаргах хэрэгтэй. Ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон гэж байна. Олгогдоогүй эрхийг эдэлж мэдээ тараасан гэх боловч энэ талаар тушаалд заагаагүй. Мөн зөрчлийг давтан гэсэн боловч ноцтой зөрчил гаргасан гэж 2 өөрөөр тайлбарлаж байна. 33 дугаар зөвлөмж нь заавал баримтлах акт биш боловч зөрчил нь тогтоогдсон байх ёстой гэв.

           

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар дээрээ байгууллагын нууц гэдэг. Гэтэл хэрэгт байгаа хэрэг бүртгэлтийн баримтаар өөр зүйл хэлсэн байдаг ба улс даяар хөл хорио зарласан үед сургууль ажиллуулж байсан талаар ярьсан байдаг. Үүнээс үзэхэд хуулиар хамгаалагдсан нууцыг мэдээллэсэн зүйл байхгүй. Нууцын тухай хуульд зааснаар дотоод журамд энэ талаар нууц гэж аваагүй. Харин ч улсаас тогтоосон хөл хориог зөрчсөн байдаг. Мөн өгсөн гэх баримт гаргаж байна. Гэтэл уг баримтаар өгсөн нь тогтоогдохгүй байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Л нь шүүхэд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Г.Л миний бие Ш.Дгийн нэхэмжлэлтэй “И” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийг гардан авч танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь “И” ХХК-ийн захирлын 2020 оны Б/45 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгт нэхэмжлэгч сахилгын зөрчил болон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргаагүй, ямар зөрчил дутагдал гаргасан талаар ажил олгогчийн зүгээс хэлж мэдэгдээгүй, ямар нэг зөрчилд гэм буруутайг нь нотлоогүй гэх тайлбарыг гаргасан нь огт үндэслэлгүй болно. Ш.Д нь 2020 оны 3 дугаар сард ISEE.MN сайтын сэтгүүлчид сургуулийн ашиг сонирхол, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх агуулга бүхий үндэслэлгүй худал мэдээллийг утсаар өгч, улмаар тус сэтгүүлч нь 2020.03.11-ний өдөр “СУРГУУЛИЙН БАГШ: Францын иргэнтэй онгоцонд хамт ирсэн 2 багштай 8 хоног хамт ажилласан” гэх гарчигтай нийтлэл ISEE.MN сайтад байршуулж, нийтэд тараасан сургуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж нийгэмд сургуулийн талаар буруу ойлголтыг түгээсэн. Тодруулбал, нийтлэлийн агуулгад И нь төрийн байгууллагын шийдвэрийг үл тоон, холбогдох дүрэм журмаар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж Корона вирусыг тархаасан мэт ойлголтыг бий болгосон нь нийтлэлийн сэтгэгдэл хэсгээс тодорхой харагддаг. Сургуулийн зүгээс илт худал мэдээлэл нийтэд тараасан сэтгүүлчийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах үед багш Ш.Д мэдээлэл өгсөн болохыг анх мэдсэн. Энэ нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 833 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолд тодорхой тусгагдсан. Тогтоолын ОЛСОН НЬ хэсэгт “Дээрхээс үзэхэд ISEE.MN сайтын сэтгүүлч Н.Ану нь И Эс Эм олон улсын дунд сургуулийн багш Ш.Дгээс мэдээлэл авч. мэдээллийн үнэн зөвийг нягталж шалгалгүйгээр 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Францын иргэнтэй онгоцонд хамт ирсэн 2 багштай 8 хоног хамт ажилласан гэх гарчиг бүхий мэдээлэл нийтэлсэн нь тогтоогдож байна.” гэжээ. Хэдийгээр нэхэмжлэгч Ш.Д нь нийтлэлд буй худал мэдээллийг сэтгүүлчид өгөөгүй гэх боловч цагдаагийн байгууллагаас түүнийг мэдээлсэн болохыг тогтоосон. Мөн сэтгүүлч Н.Ану, Ш.Д нарын утсаар ярилцсан дуу авианы бичлэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дэх хавтаст хэрэгт хадгалагдаж байгаа нь хэрэгт ач холбогдолтой баримт болно. Эл асуудал болж өнгөрсний дараагаар багш Ш.Дг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр захирлын зөвлөлийн хурлаар оруулж, түүний гаргасан зөрчилтэй холбоотой асуудлаар тайлбар авахад худал мэдээлэл сэтгүүлчид өгсөн болохоо хүлээн зөвшөөрч, сургуулийн ашиг сонирхол, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх мэдээлэл тараасандаа хүлцэл өчин, сургуулийн удирдлагаас гарах аливаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлээд гарсан байдаг. Иймд дээрх зөрчил нь Хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн гэрээний 14.1 дэх хэсэгт дараах ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд ... хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах эрхтэй. Үүнд:” гээд 14.1.1 дэх хэсэгт “Байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд харш бөгөөд сөргөөр нөлөөлж болох зөрчил дутагдал гаргасан, байгууллага хамт олон, ажилтны хувийн нууцыг задруулсан, бусдад дэлгэсэн, худалдсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан” гэж заасан ноцтой зөрчил учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, Ш.Дг ажлаас халсан билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2012 онд туслахаар ажилд орсон. Улмаар англи хэл болон математикийн багшаар ажилласан. Үүнээс үзэхэд хувь хүний хувьд хавчиж гадуурхсан зүйлгүй. 2019-2020 оны хичээлийн жилд архи уусан үндэслэлээр сахилгын арга хэмжээ авагдсан. Маргаж буй тушаалын үндэслэл нь 2020.3.10-нд Монгол улсад Францын иргэнээс вирус илэрлээ гэсэн мэдээ тарсан. Энэ үед сургалтыг зогсоо гэж УОК шийдсэн. Энэ нь багш нарыг сургууль дээр ажиллахыг хориглоогүй. Улмаар онлайн хичээлд бэлдэх зэргээр хагас цагаар ажиллуулж байсан. Энэ хугацаанд цалинг тогтмол өгч байсан тул манай сургууль хуулийг уландаа гишгээгүй. Франц иргэнтэй манай 2 багш ирсэн гэдгийг сонсоод их цочирдсон. Тухайн үед холбогдох газар уруу холбогдсон. Улмаар шалгаж өгөөч гэж хандсан. Энэ үед шалгаад 1 онгоцоор ирээгүй байна гэж мэдэгдсэн. Улмаар манай сургуулийн талаар нийтлэл гарсаныг мэдсэн. Мэдээлэл нь ташаа мэдээлэл байгааг мэдсэн. Улмаар хурал зарлаж хэн мэдээлэл өгсөн талаар асуусан. Ингээд мэдээлэл өгсөн хүн олдоогүй тул прокурорт мэдээлэл өгөөд хэн мэдээлэл өгсөнийг тогтоож өгөхийг хүссэн. Үүнээс хойш сарын дараа прокуророос дүгнэлт гарсан гэснийг үзэхэд нэхэмжлэгчийн нэр байсан. Ингээд шуурхай хурал хийгдсэн ба тэмдэглэл нь хэрэгт авагдсан. Уг хурлаар сургуулийг төлөөлж сэтгүүлчид ярилцлага өгөх эрхгүй талаар яригдсан. Нэхэмжлэгч нь яриа өгсөнөө зөвшөөрч уучлалт гуйсан. Гэтэл нэхэмжлэл дээрээ гэнэт халсан мэтээр тайлбарласан нь багш хүний ёс зүйд нийцэж байгаа эсэх талаар хэлмээргүй байна. Өмнө ч гэсэн архи уусан гэж арга хэмжээ авагдаж байсан. Иймд бид зохих хариуцлагыг хүлээлгэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Бид эвлэрэх санал хүргүүлсэн боловч нэхэмжлэгч нь хүлээж аваагүй. Нэхэмжлэгч нь өөрийн цахим хуудсанд заналхийлсэн зүйл бичсэн байсан гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг халсан тушаал үндэслэлтэй эсэх талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбар хийсэн. Ингэхдээ нууц зүйлийг задруулсан юм уу гээд байна. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар энэ талаар сайн мэдэж байгаа боловч гуйвуулан ярьж байна. Дотоод журмын 3.2-т үүргийн талаар тодорхой дурдсан байдаг. Гэтэл үндсэн хуулийн эрх ярих нь ач холбогдолгүй. Дотоод журмын 3.2.9 дээр мэдээлэл задруулахгүй байх талаар дурдсан байгаа юм. Ноцтой юм уу, удаа дараа юм уу гэдэг нь тодорхойгүй гэж байна. Дээд шүүхийн тайлбараар зөрчил нь тогтоогдсон байх гэж байдаг. Гэтэл хэрэгт байгаа хурлын тэмдэглэлээр нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хэлэлцсэн. Мэдээллийг задруулах эрх байсан эсэхийг хэлэлцсэн. Дотоод журмын 4.2.4, гэрээний 14.1.1 дээр гаргасан зөрчлийн талаар дурдсан байдаг. Энд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчлийн талаар тодорхой заасан байдаг. Гаргасан зөрчлөө мэдсээр байж мэдээгүй мэтээр нэхэмжлэлд дурдсан байна. Хорио цээр тогтоож байх үед нийгмээрээ сандарч эцэг эхүүд их сандарч байсан. Тухайн нөхцөлөөс болоод байгууллагын нэр төрд халдсан байдаг. Сургууль нь сургалтын төлбөрөөр санхүүждэг. Гэтэл төлбөрөө төлөхөө больвол бизнес нь доголдох тул эцэг эхэд тайлбар хийх шаардлага гарсан. Мөн нэхэмжлэгч тал яг юу гэж хэлсэн алийг нь нэмж бичсэнийг дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгтэй байна. Гаднаас ирсэн багштай 8 хоног ажилласан гэхээр болгоомжлол үүссэн. Гэтэл үүнийг хов жив гэмээргүй байна. Энэ асуудал гарахад боловсролын яамнаас хариу мэдэгдэх талаар шаардаад тайлбар өгсөн. Ингэснээр боловсролын системд хүртэл хүндрэл учирч эхэлсэн. Энэ нь даамжирсан бол сургууль байх эсэх асуудал үүсэхээр байсан. Гэтэл бүх зүйл уг ярилцлагаас болсон тул сургуультай холбогдож эхэлсэн. Нэхэмжлэгчийн утсыг хэн өгсөн нь тодорхойгүй байна. Сургууль дээр ажиллахгүй гэсэн тушаал гарсан зүйл байхгүй. Зөвхөн сургалтыг зогсоосон. Хэрэв тийм зүйл байгаа бол түүнийгээ тодорхой хэлэх хэрэгтэй. Тухайн үед болсон зүйлийг төлөөлөгч дэлгэрэнгүй тайлбарласан гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д нь “И” ХХК-ийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 тоот тушаалыг хууль бусад тооцож, математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийн дуулгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “И” ХХК нь ажлаас халсан тушаал хуульд зааснаар гарсан, зөрчлийг заавал дэлгэрэнгүй заах шаардлагагүй, хөдөлмөрийн журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг баримталсан, зөрчил нь тогтоогдсон, хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1908/21-60 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 46-48 дугаар тал/ Энэхүү гэрээгээр нэхэмжлэгчийг математикийн багшаар томилж, үндсэн цалин хөлсийг 1,900,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд уг хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байсан талаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч маргаагүй.

Улмаар хариуцагч “И” ХХК-ний захирлын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн нэхэмжлэгч Ш.Дг үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хэргийн 7 дугаар тал/

 

Ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 3.1.11, 4.2.4 f, j, хөдөлмөрийн гэрээний 14.1.1-д заасныг тус тус үндэслэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгож байгаа бол хөдөлмөрийн гэрээнд дуусгавар болгох үндэслэлийг гэрээний талууд харилцан тохиролцож заасан байх ёстой.

Хариуцагч талаас нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэл болох хөдөлмөрийн гэрээний 14.1-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлийг зааж, улмаар 14.1.1-д байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд харш бөгөөд сөргөөр нөлөөлж болох зөрчил дутагдал гаргасан, байгууллага хамт олон, ажилтны хувийн нууцыг задруулсан, бусдад дэлгэсэн, худалдсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тараасан гэх нөхцлийг заасан. Харин хөдөлмөрийн дотоод журмын 3.1.11-д хөдөлмөрийн харилцааг эхлүүлэх, дуусгавар болох талаар ажил олгогчийн эрх, үүргийн талаар ерөнхий зохицуулалт байна. Мөн уг журмын 4.2.4-н f-д хөдөлмөрийн гэрээнд заасан дээрх зохицуулалт байгаа бол j-д ажилтан өөрийн үүрэгт хамаарахгүй асуудлаар байгууллагыг төлөөлөх, мэдээлэл өгөхийг хориглох талаар заажээ.

Хариуцагч тал нь өөрийн тайлбарын үндэслэлийг дээрх нөхцлөөс байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд харш бөгөөд сөргөөр нөлөөлөх зөрчил гаргаж, хэвлэл мэдээллээр тараасан гэж тайлбарласан.

Харин нэхэмжлэгч нь сэтгүүлчид тодорхой хэмжээний мэдээлэл өгсөн талаар маргаагүй боловч хариуцагч талын сөргөөр нөлөөлөх мэдээлэл гэж тайлбарлаж байгаа халдвар авсан хүнтэй 1 онгоцонд 2 багш ирсэн гэх мэдээлэл өгөөгүй гэж маргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд дурдсанаар нэхэмжлэгч нь гэм буруугаа хүлээснээр нотлогдоно гэж тайлбарласан. Гэвч уг хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй байх тул нэхэмжлэгчийг гэм буруугаа хүлээсэн, өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбар нотлогдсон гэж үзэх буюу уг тэмдэглэл шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа өөрийн гэм бурууг хүлээсэн гэх боловч Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд Ш.Д нь өөрийн гэм бурууг хүлээсэн зүйл тусгагдаагүй.

            Эдгээрээс үзэхэд хариуцагчийн нэхэмжлэгч нь гэм буруугаа хүлээсэн, гаргасан зөрчил нь нотлогдсон гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тохиолдолд холбогдох тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль үндэслэлийг баримталсан болон гаргасан зөрчлийн талаар тодорхой заах журамтай.

Гэвч зохигчийн маргаж буй Б/45 дугаар тушаалаас үзэхэд хөдөлмөрийн гэрээнд заасан ямар зөрчил гаргасныг тодорхой заагаагүй байна.

Түүнчлэн маргаж буй Б/45 дугаар тушаалд ажил хүлээлцэх хугацааг тодорхойлоогүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д нийцэхгүй.

Иймд байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд харш бөгөөд сөргөөр нөлөөлөх мэдээлэл тараасан болох нь эргэлзээгүйгээр нотлогдоогүй, Б/45 дугаар тушаал нь хэлбэрийн хувьд шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн талаар дурдаагүй байх тул хууль бусад тооцож, нэхэмжлэгчийг математикийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

            Нэгэнт ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд өмнө авч байсан цалин хөлсний дундажтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй юм.

 

            Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сард авсан цалин хөлсний дунджаар тодорхойлно.

            Нэхэмжлэгч нь 2020 оны 02 болон 03 дугаар сард тус бүр 1,900,000 төгрөгний цалин хөлс, харин 04 дүгээр сард 5,688,295 төгрөгний цалин хөлс авсан болох нь нэхэмжлэгчийн 000240404 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, түүний бичилтээр тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр тал/ Ийнхүү олгосон 04 дүгээр сарын цалин хөлсийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор амралтын мөнгө давхар бодогдсон гэж зохигч хэн аль нь тайлбарласан. Мөн нэхэмжлэгч нь сард 1,900,000 төгрөгний цалин хөлс авч байсан болох нь дээрх 1908/21-60 дугаар хөдөлмөрийн гэрээ, хариуцагч “И” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 277 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон. Энэхүү үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй. Иймд нэхэмжлэгчийн өмнө авч байсан дундаж цалин хөлсийг сард 1,900,000 төгрөг гэж үзэх нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөнөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл 4 сар 6 хоногийн хугацаа өнгөрсөн байна.

            Үүнээс нэхэмжлэгчид олгох олговрыг тооцвол 4 сард 7,600,000 төгрөг, 1 өдөрт 84,444.44 /1,900,000/22.5/ төгрөг, 6 хоногт 506,666.64 төгрөг, нийт 8,106,666.64 төгрөг тооцогдоно.

 

            Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж дээр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын хувьд 70,200 төгрөгийг нэмж тооцсон. Харин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын хувьд ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, олговор олгох шаардлагын үр дагавар тул улсын тэмдэгтийн хураамж тооцоогүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч “И” ХХК-ний захирлын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг хууль бусад тооцож, нэхэмжлэгч Ш.Дг хариуцагч “И” ХХК-ний математикийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацаанд ногдох урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 8,106,666.64 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олговрын хэмжээнд хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 214,857 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД