| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2020/00445/И |
| Дугаар | 444 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 444
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгон 1-58 тоотод оршин суух, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, А.Эгийн / / нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Ногоон 51-23 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо баруун Баян-Уулын 1-04 тоотод оршин суух, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Э.Дд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 2011 онд Э.Дтай танилцан, 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж, анхны охин Э.Э 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, хүү Э.С 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. Би Ерөө суманд Болд төмөр Ерөө гол ХХК-нд булдозерын операторчнаар ажилладаг байсан. Орой үдэш утсаар ярих гэхээр уутсаа авахгүй, эсвэл архи ууж, хүүхдээ айлд орхиод алга болчихдог, заримдаа хэд хоногоор ч алга болдог байсан. Эсвэл хүүхдүүдээ Ерөөд ээж дээрээ орхиод явдаг байсан учраас ажлаа тогтвортой хийх боломжгүй байдаг байсан. Гэхдээ би Э.Дын тэр болгоныг уучилж амьдардаг байсан. Нэг удаа намайг ууланд самранд явсан хойгуур утсаар ярьсан чинь Ээж бие муу, харвалт өгчихлөө, би Сэлэнгэд эмнэлэгт сахих шаардлагатай болсон гэсэн чинь худлаа яриад 2 эмэгтэй, 2 эрэгтэйдээ явж байгаад Ерөөгийн зам дээр осолд орсон байсныг би очиж авсан. 2017 оны 04 дүгээр сарын 25-ны үед бага хүүгээ 8 сартай байхад нь охин бид гурвыг хаяад явсан.
Надтай амьдарч байхдаа ч охиноо 2 настай байхад охиноо аваад хот ороод алга болж байгаад ирсэн. Э.Д нь архи уух, шоудах дуртай. Олсон хэдэн төгрөгийг минь биедээ ч наасан ч юмгүй, олигтой идэж уусан юмгүй ямар учиртай юм нэг хүн лүү л шилжүүлээд байдаг байсан. Шилжүүлсэн баримт нь байгаа. Хэн гэдэг хүнд мөнгө шилжүүлээд байдгийг нь мэдэхгүй. 2017 оноос хойш бид хоёр тус тусдаа амьдарч байгаа. 2018 онд нэг удаа самранд явж байна гээд Ерөөд таараад 2 хүүхэдтэйгээ уулзъя гэхээр нь охиноосоо ээж нь ирсэн байна, уулзах уу гэхэд уулзахгүй гэсэн, манай ээж хүүхдээ орхиж явчихаад гээд жаахан дургүй байсан, хүү маань ээжийгээ сайн таньдаггүй учраас уулзуулаагүй.
Э.Д бид хоёр яриад миний хувьд хүүхдийн тэтгэлэг авахгүй, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч үлдэхээр тохиролцсон. Бид хоёр тусдаа гарч байгаагүй аав, ээжийнхээрээ хамт амьдардаг байсан, эд хөрөнгийн маргаан байхгүй. Э.Д нь одоо гэр бүлтэй болж, 4 сартай хүүхэдтэй. Бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд Э.Д бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охин Э.Э, хүү Э.Саранжаргал нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Э.Дын шүүхэд гаргасан тайлбартаа:
Э.Д миний бие 2011 онд А.Этэй гэр бүл болсон. 2012 онд том охин Э.Э, 2016 онд Э.С нар төрсөн. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, тэсвэрлэж чадалгүй аав дээр нь хоёр хүүхдээ үлдээж явсан. Энэ хугацаанд аав нь өсгөж байсан учир аав А.Эгийн асрамжинд үлдээхээр ярилцаж шийдэн, гэр бүлээ цуцлуулахаар болсон. А.Э, Э.Д бид хоёр хоорондоо ярилцаж тэтгэмж тогтоолгохгүй гэж шийдсэн байгаа. Э.Д би энэ хооронд мөн хүнтэй сууж, нэг хүүхэдтэй болсон. Иймд гэр бүлээ цуцлуулахыг зөвшөөрч байна. А.Э нь мөн энэ хооронд өөрөө бас хүнтэй болсон гэж байсан. Одоо эргэж нийлэх боломжгүй. Би хүүхдээ орхиж явахаас өмнө А.Энхсүх гэж дүү нь хүртэл шөнө согтуу ирж зодож, өвлийн хүйтэнд гадаа хөөж гаргаж байсан. Миний ээж группт байдаг учир намайг үргэлж ирж хамгаалж чаддаггүй байсан болохоор би 2017 оны 4-н сард хүүхдүүдээ орхиж явсан. Энэ үед А.Э мөн л гар хүрч зоддог учир зугтаж явсан гэжээ.
Хариуцагя Э.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...би одоогоор Улаанбаатар хотод оршин сууж байгаа. Эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байгаа тул олон дахин шүүхэд ирэх боломжгүй байгааг харгалзан миний шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч А.Э нь Э.Дд холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид нь 2011 онд танилцан гэр бүл болж, 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин Э.Э, 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.С нар төрсөн байна. Зохигчид нь 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр №4313000007 дугаарт гэрлэлтээ бүртгүүлэн, охин Э.Эг 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрснийг 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №4313000080, хүү Э.Сг 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрснийг 4313000033 дугаарт тус тус бүртгэсэн Гэрлэлтийн гэрчилгээ, Төрсний гэрчилгээ-ний хуулбарууд зэрэг болно.
Зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн асуудлаар маргаангүй бөгөөд зохигчид нь 2017 оны 04 дүгээр сараас хойш таарч тохирохгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй болж тус тусдаа амьдарч, Э.Д нь гэр бүл, хүүхэдтэй болсон болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э.Д бид хоёр яриад миний хувьд хүүхдийн тэтгэлэг авахгүй, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч үлдэхээр тохиролцсон. Бид хоёр тусдаа гарч байгаагүй аав, ээжийнхээрээ хамт амьдардаг байсан, эд хөрөнгийн маргаан байхгүй. Э.Д нь одоо гэр бүлтэй болж, 4 сартай хүүхэдтэй. Бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд Э.Д бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охин Э.Э, хүү Э.С нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү.. гэх, хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ... аав дээр нь хоёр хүүхдээ үлдээж явсан. Энэ хугацаанд аав нь өсгөж байсан учир аав А.Эгийн асрамжинд үлдээхээр ярилцаж шийдэн, гэр бүлээ цуцлуулахаар болсон. А.Э, Э.Д бид хоёр хоорондоо ярилцаж тэтгэмж тогтоолгохгүй гэж шийдсэн байгаа. Э.Д би энэ хооронд мөн хүнтэй сууж, нэг хүүхэдтэй болсон. Иймд гэр бүлээ цуцлуулахыг зөвшөөрч байна... гэх мэдүүлгээс үзэхэд зохигчид нь цаашид хамтран амьдрах, эвлэрэх боломжгүй, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэл болно.
Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Э.Э, 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Э.С нарыг эцэг А.Эгийн асрамжинд үлдээн, зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг тэмдэглэж байна. 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Э.Даас 70.200 төгрөг гаргуулан А.Эд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 100 дугаар зйүлийн 100.3-т зааснаар зохигчдын хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хариуцагчийг байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар А.Э, Э.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 11 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Э.Э, 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Э.С нарыг эцэг А.Эгийн асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Э.Даас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ч.Нарангэрэлд даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА