| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2020/00364/И |
| Дугаар | 465 |
| Огноо | 2020-07-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 465
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 хороолол, 18А-35 тоотод оршин суух, эрэгтэй, одоо Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газарт гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ажилтай /Дархан-Уул аймгийн Онцгой комисс/-ын нэхэмжлэлтэй:
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй 3-23 тоотод оршин суух, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Р.Н,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй 3-23 тоотод оршин суух, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Н.О нарт холбогдох
Тусгаарлалтын байрны төлбөр 1,960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Р.Н, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолын 3 дахь заалт, Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэл зэргийн хүрээнд Короновируст халдвар гарсан улс оронд оршин сууж байсан, дамжин өнгөрсөн халдвартай хүн, сэжиг бүхий хүнтэй хавьтал болсон иргэдийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос зөөвөрлөн Дархан-Уул аймаг дахь ажиглан тусгаарлах байранд 14 хоног тусгаарлах гэрээ байгуулан том хүнийг өдрийн 40,000 төгрг, 6-12 насны хүүхдийг өдрийн 30,000 төгрөгөнд тус тус тооцон тухайн иргэдээс гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Дээрх заалтуудын дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харъяат иргэн Р.Н, Н.О нар ОХУ-аас хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирэн зөөвөрлөгдөж Дархан-Уул аймгийн Ажиглан тусгаарлалтын байр-нд 21 хоног тусгаарлагдсан. Эдгээр хүмүүс нь эхлээд 14 хоног тусгаарлагдах ёстой байсан ба 14 хоног дээр хилээр орж ирсэн тусгаарлагдсан хүмүүсээс короновирус цар тахал илэрсэн учраас тусгаарлагдах хоногийг 21 хоног болгон сүүлийн 7 хоногийн төлбөрийг улсаас төлж, 14 хоногийн төлбөрийг иргэдээс гаргуулахаар тусгаарлагдсан иргэдтэй гэрээ байгуулан ажилласан.
Гэтэл Р.Н нар нь Төлбөр төлөх боломжгүй гэдэг үндэслэлээр гэрээнд гарын үсэг зураагүй. Дархан-Уул аймгийн онцгой комиссоос ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаанаар нэг ч хүнийг төлбөрөөс чөлөөлөөгүй бөгөөд хүсэлт гаргасан иргэдийн хүсэлтийг Улсын Онцгой комисст дамжуулан шилжүүлсэн боловч тухайн комиссоос нэг ч хүнийг хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөхгүй гэсэн албан бичиг ирүүлсэн...Тухайн иргэдийг Дархан-Уул аймаг дахь АШУИС-ийн оюутны дотуур байранд тусгаарлагдан байршуулсан байсан. Иймд Р.Н, Н.О, хүү Н.Чингүүн, Н.Ундрах-Эрдэнэ нарын тусгаарлалтын байранд байрласан байр болон хоолны зардал нийт 1,960,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.
Хариуцагч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай том охин 2 хүүхдлийн хамт ОХУ-ын Улаан-Үд хотод 2 хүүхдийнхээ хамт түр оршин суудаг. Охины маань хүүхэд ханиад хүрээд гэхээр нь бид нар 2020 оны 02 дугаар сарын 21-нд Улаан-Үд хотод очсон. Хил хаах сургаар 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ Алтанбулаг боомтоор орж ирэн, биднийг Дархан-Уул аймагт АШУИС-ийн оюутны дотуур байранд 21 хоног ажиглах тусгаарлах байранд байсан. Манай гэр бүлийн хувьд Хиагт-Алтанбулагийн хооронд хилээр хүмүүсийн ачаа зөөж амьжиргаагаа залгуулдаг байсан. Одоо хил хаагдсан учраас өрхийн ямар ч орлогогүй болсон мөн сар бүр банкны зээлэнд 1,028,000 төгрөг, Мобикомд утасны лизинг 97,000 төгрөг, утасны төлбөр 9000 төгрөг, Нөр их ломбарданд сар бүр зээл болон зээлийн хүү 60,000 төгрөг болон бусад зардлаа төлдөг.
Одоо бид нар Булган аймгийн Тэшиг суманд 80 гарсан хадам аав, ээжийгээ харж хандан 2 сар гаруй амьдарч байна. Уг нь Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос боломжгүй хүмүүсээс төлбөрөөс чөлөөлнө гэж байсан. Мөн миний 2 хүүхэд ч хөнгөлөлтөнд хамрагдах ёстой гэж үзэж байна. Учир нь Энэтхэг улсад сурч байсан лам хүүхдүүдийн зардлыг улсаас төлсөн байгаа. Иймд бидний зүгээс ямар ч орлогогүй болсон учраас хөнгөлөлтөнд хамруулж өгнө үү гэх.
Хариуцагч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд гэр бүлийнхээ хүнтэй санал нэг байна. Бидний хувьд гэр бүлийн ямар ч орлогогүй болсон учир хөнгөлж өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Дархан-Уул аймгийн онцгой комиссын нэхэмжлэлтэй хариуцагч Р.Н, Н.О, насанд хүрээгүй Н.Чингүүн, Н.Ундрах-Эрдэнэ нарт холбогдуулан Тусгаарлалтын байрны төлбөр нийт 1,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Зохигчдын хооронд 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Короновируст халдварт /ковид-19/ өвчин гарсантай холбогдуулан Ажиглан тусгаарлалтын байр, хоолны зардал нийт 1,960,000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Р.Н, эхнэр Н.О нарын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2-т заасан харилцаа үүссэн байгаа хэдий байгаа ч хариуцагч нар нь төлбөрийн чадваргүй, төлбөр төлөх боломжгүй гэдэг үндэслэлээр Тусгаарлагдсан иргэнтэй байгуулах гэрээ-нд гарын үсэг зураагүй гэх боловч энэхүү төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй болно. Учир нь:
Хариуцагч Р.Н, эхнэр Н.О, насанд хүрээгүй Н.Чингүүн /15 настай/, Н.Ундрах-Эрдэнэ /10 настай/ нарын хамт ОХУ-ын Улаан-Үүд хотод очиж Сэлэнгэ аймаг Алтанбулаг боомтын хил нээсэнтэй холбогдуулан орж ирэн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 21 хоног Дархан-Уул аймаг дахь АШУИС-ийн оюутны дотуур байранд коронавирусын халдвар гарсан улс оронд оршин сууж байсан, дамжин өнгөрсөн, халдвартай хүнтэй болон сэжиг бүхий хүнтэй хавтил болсон /хамт байсан, нэг унаанд суусан/ зэрэг өгүүлэмжтэй хүмүүсийг өөрсдийнх зардлаар тусгаарлах, ажиглалт хийх үндэслэлээр тусгаарлагдсан болох нь Тусгаарлах иргэнтэй байгуулсан гэрээ /гарын үсэг зурагдаагүй/, ОХУ-ын хил нэвтрэх цагаан хуудсанд авагдсан ОХУ болон Монгол Улсын Алтанбулаг боомтоор орж гарсан тэмдэглэгээ, насанд хүрээгүй Н.Чингүүн, Н.Ундрах-Эрдэнэ нарын гадаад Е паспорт, Тусгаарлагдсан хүмүүсийн хоолны цэс, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хурлын тэмдэглэл-ийн шийдвэрлэх хэсгийн ...4-т Коронавируст халдвар /COVID-19/ гарсан улс оронд оршин сууж байсан, дамжин өнгөрсөн, халдвартай хүнтэй болон сэжиг бүхий хүнтэй хавтил болсон өгүүлэмжтэй иргэдтэй гэрээ байгуулан 14 хоног тусгаарлах, хугацааны зардлыг өдрийн 40,000 төгрөгөөр /0-5 насны хүүхдийг үнэ төлбөргүй, 6-12 насны хүүхдийг 30,000төгрөг/ бодож өөрсдөөс нь гаргуулах...-аар тусгаарлах байрны төлбөрийг зааж өгсөн байна.
Тухайн тусгаарлагдсан иргэд анх 14 хоног тусгаарлах байранд тусгаарлахаар шийдвэрлэсэн хэдий ч Улсын Онцгой байдлын комиссын шийдвэрээр 21 хоног болгон сүүлийн 7 хоногийн төлбөрийг улсын төсвөөс төлөхөөр заасан болох нь Улсын Онцгой комиссын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай хурлын тэмлэглэл-ийн Шийдвэрлэсэн нь: хэсгийн ...А-д Шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор гадаад улс орнуудаас ирсэн иргэдийн тусгаарлах байранд ажиглах хугацааг нийтэд нь 21 хоног болгож сунгах, нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Эдгээр хүмүүс нь эхлээд 14 хоног тусгаарлагдах ёстой байсан ба 14 хоног дээр хилээр орж ирсэн тусгаарлагдсан хүмүүсээс короновирус цар тахал илэрсэн учраас тусгаарлагдах хоногийг 21 хоног болгон сүүлийн 7 хоногийн төлбөрийг улсаас төлж, 14 хоногийн төлбөрийг иргэдээс гаргуулахаар тусгаарлагдсан иргэдтэй гэрээ байгуулан ажилласан... гэх тайлбар зэрэг бусад баримтуудаар нотлогдож байна.
Иймд Р.Н, Н.О нараас Коронавируст халдвар /COVID-19/ гарсан улс оронд оршин сууж байсан, дамжин өнгөрсөн, халдвартай хүнтэй болон сэжиг бүхий хүнтэй хавтил болсон /хамт байсан, нэг унаанд суусан/ өгүүлэмжтэй иргэдийг ажиглах, тусгаарлах байрны 14 хоногийн байр болон хоолны зардал /40,00014х2/=1,120,000 төгрөг, насанд хүрээгүй Н.Чингүүн, Н.Ундрах-Эрдэнэ нараас /30,000х14х2/=840,000 төгрөг нийт 1,960,000 төгрөгийг Р.Н, Н.О нараас гаргуулан Дархан-Уул аймгийн Онцгой комисст /Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын төрийн сан банкны Да.Онцгой байдлын газар н.с-100190031401 тоот данс/ олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанд хариуцагч нараас гаргасан тайлбартаа: ...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ Алтанбулаг боомтоор орж ирэн биднийг Дархан-Уул аймагт АШУИС-ийн оюутны дотуур байранд 21 хоног ажиглах тусгаарлах байранд байсан. Манай гэр бүлийн хувьд Хиагт-Алтанбулагийн хооронд хилээр хүмүүсийн ачаа зөөж амьжиргаагаа залгуулдаг байсан. Одоо хил хаагдсан учраас өрхийн ямар ч орлогогүй... сар бүр банкны зээлэнд 1,028,000 төгрөг, Мобикомд утасны лизинг 97,000 төгрөг, утасны төлбөр 9000 төгрөг, Нөр их ломбарданд сар бүр зээл болон зээлийн хүү 60,000 төгрөг болон бусад зардлаа төлдөг...Уг нь Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос боломжгүй хүмүүсээс төлбөрөөс чөлөөлнө гэж байсан. Мөн миний 2 хүүхэд ч хөнгөлөлтөнд хамрагдах ёстой гэж үзэж байна. Учир нь Энэтхэг улсад сурч байсан лам хүүхдүүдийн зардлыг улсаас төлсөн байгаа. Иймд бидний зүгээс ямар ч орлогогүй болсон учраас хөнгөлөлтөнд хамруулж өгнө үү гэх тайлбар гаргасныг хүлээж авах боломжгүй, шүүх Тусгаарлагдсан иргэнтэй байгуулах гэрээ-ний үүргээс чөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагч нараас 1,960,000 төгрөнд тохирох улсын тэмдэгтийн хураамжинд 46,310 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.8-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй 3-23 тоотод оршин суух Р.Н /УУ-66021439/, Н.О /ГП-69012703/ нараас тусгаарлах, ажиглах байр, хоолны зардал нийт 1,960,000 төгрөгийг гаргуулан Дархан-Уул аймгийн Онцгой комисст /Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын төрийн сан банкны Да.Онцгой байдлын газар н.с-100190031401 тоот данс/ олгосугай.
2.Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зйүлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Р.Н, Н.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 46,310 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал ...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА