Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1407

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Ундрах,

орчуулагч *********,

шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2308 00000 0369 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

БНХАУ-ын иргэн, **** оны *** дүгээр сарын ******-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөбэ мужид төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо **** дүгээр байрны ***** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ************,******,**********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2308 00000 0369 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал), гэрч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 206 дахь тал), Хан-Уул дүүргийн прокурорын газрын 90 дугаартай прокурорын зөвшөөрлийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-30 дахь тал), Биологийн хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 01/352 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 60 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), Байгаль орчин уур амьсгалын санд 13,200,000 төгрөг тушаасан баримт (хавтаст хэргийн 109 дэх тал), шүүгдэгч *********/-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал),

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 206 дахь тал), шүүгдэгч *********/-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нь нэмэлтээр “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч  ********/-ийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ********/ нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч *******/ нь 2019 оны 11 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн ********дугаар хороо 1 дүгээр байрны ******* тоот гэртээ ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугын цусан эврийг хадгалсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын 90 дугаартай прокурорын зөвшөөрлийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-31 дэх тал),

Биологийн хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/352 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг цусан эвэр нь туруутны багийн бугын овгийн Халиун буга /Cervus elaphus/ гэх зүйл амьтны 2 ширхэг цусан эвэр болохыг тодорхойлов. Эвэр тус бүр дээр үндэслэн хэдэн бодгаль болохыг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг цусан эвэр нь эр бодгалийн эвэр болохыг тодорхойлов. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ-нд зааснаар Халиун бугын эр бодгаль 6,600,000 төгрөг байна. Монгол Улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 60 дахь тал),

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг... Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байна гэж зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг энэ дансанд төвлөрүүлэх ёстой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),

гэрч ******** ...********* нь Хятад анагаах ухааны эмчилгээг үнэхээр сайн хийдэг бөгөөд хорт хавдартай, тархины цус харвалттай эмчилгээгүй болсон гэх олон хүнийг эдгээж байхыг нь би мэднэ. Сонгинохайрхан дүүргийн ********* дүгээр хороо ******* дүгээр байрны ***** тоотод байрлах орон сууц миний өмчлөлд байдаг боловч би уг байранд 2010 оноос хойш амьдрахаа больсон бөгөөд 2018 он хүртэл ажил хэргийн шаардлага оффисын шугамаар ашиглаж байсан. 2018 оноос хойш уг байранд ******** ажиллаж, амьдарч байсан. ...Энэ хугацаанд уг байранд би амьдарч ажиллаж байгаагүй бөгөөд заримдаа ажил хэргийн шугамаар *********-той уулзахаар уг байранд очиж байсан боловч түүнийг эзгүй байхад нь очиж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 206 дахь тал),

шүүгдэгч ********/-ы яллагдагчаар өгсөн ...бугын цусан эвэр бол Хятад улсад эмийн найрлаганд ордог. би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), шүүгдэгчээс Байгаль орчин уур амьсгалын санд 13,200,000 төгрөг тушаасан баримт (хавтаст хэргийн 109 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Ховор, нэн ховор амьтны эд эрхтэн, түүхий эдийн зүйлийг хадгалсан үйлдэл нь хууль бусаар ан агнах гэмт үйлдэлтэй шууд холбоотой, тодруулбал хууль бусаар ан агнагчдийг дэмжиж, эд зүйлийг нь худалдан авч, хадгалж, тээвэрлэж, цааш худалдан борлуулж эргэлтэнд оруулж байгаа бүхий л үйлдлийг гэмт хэрэгт тооцох замаар экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг.

 

Дээрх агуулгаар Монгол Улсын Эрүүгийн хуульд “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн ...” бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлдэг бөгөөд шүүгдэгч *********/-ы гэрийн хөлдөөгчнөөс олдсон 2 ширхэг цусан эвэрт шинжилгээ хийлгэхэд туруутны багийн бугын овгийн Халиун

буга (Cervus elaphus) гэх амьтны эвэр болохыг тодорхойлж, энэ амьтан нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтдаг болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хадгалсан” гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг өөрийн болон бусдын орон байр, агуулах, тээврийн хэрэгсэлд байлгасныг ойлгоно.

 

Шүүгдэгч *********/ нь өөрийн амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо ****** дүгээр байрны ****** тоот гэрийнхээ хөлдөөгчид 2 ширхэг бугын цусан эврийг хадгалж байсан болох нь орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүгдэгч **********/-ы яллагдагчаар өгсөн мэдүүлгээр (хавтаст хэргийн 75 дахь тал) тогтоогдсон бөгөөд тухайн мэдүүлэгт орчуулагч ******** оролцуулсныг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, яллагдагчийн эх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагчтай мэдүүлэг өгөх эрхийг хангасан гэж үзнэ.

 

Энэ гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд шүүгдэгч ********/ нь уламжлалт анагаах ухааны эмч бөгөөд уг түүхий эдийн зүйлийг эм найруулах орцонд ашигладаг талаар мэддэг, хадгалах горимыг хангаж хөргөгчид удаан хугацаанд хадгалж байгаа үйлдэл нь түүний ач холбогдлыг мэдэж, ухамсарласан байдлыг илэрхийлнэ.

 

Шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй субьект бөгөөд түүний яллагдагчаар өгсөн “...хэн нэгэн надад мэдэгдэхгүй гэрт нэвтэрч тэр зүйлийг манай гэрт байх хөргөгчинд хийсэн байх... би гэм буруугүй, миний хийсэн хэрэг биш...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 203 дахь тал) нь бусад хэрэгт цугларсан нотлох баримтаар давхар нотлогдоогүй, шүүгдэгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байх тул түүний мэдүүлэг дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.

 

Иймд шүүгдэгч **********/-ы ховор амьтны түүхий эдийн зүйлийг “хадгалсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

 

Халиун буга (Cervus elaphus) нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ан, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар 6,600,000 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэснийг үндэслэн тогтоосон 13,200,000 төгрөгийг шүүгдэгч *********/ нь Байгаль орчин уур амьсгалын санд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн (хавтаст хэргийн 109 дэх тал) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгч *********/-д 13,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх...” санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага нь ховор, нэн ховор амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахад гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан этгээдээр амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна тухайн ан амьтныг өсгөж, үржүүлж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх зорилгыг агуулдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, ...тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг... хадгалсан...” бол 5,400,000-27,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээ биш бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх шийдвэрлэх эрх олгосон хэм хэмжээ юм.

 

Тодруулбал, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэг болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар эрс зөрүүтэй мэдүүлж байгаа нь оюун санааны хувьд бүрэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Харин шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, түүнийг төлж барагдуулсан, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бугын цусан эврийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***********-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************-д 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********/ нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бугын цусан эврийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ву *********/авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.НАРАНЖАРГАЛ