Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1406

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

насанд хүрээгүй хохирогч **********, түүний хууль ёсны төлөөлөгч ***********, тэдний өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч А.Баялагмаа нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2303 00469 0451 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********* оны ***** дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “********” ХХК-д түгээлтийн ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******** дүгээр гудамж ******* тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 707 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, ******,**********,**********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ********** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр эхнэрээ үзүүлчихээд Хилчингээс гэр рүү явж байх үедээ гарцан дээр *********г мөргөсөн. Тэгээд найзаар нь гэрийг нь заалгаад ахыг нь аваад хамт Гэмтлийн эмнэлэг явсан. Шаардлагатай эмчилгээний зардлуудыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна...”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэмт хэрэг гарсны дараа шүүгдэгчээс өгсөн эмчилгээний зардлаас гадна баримтаар 1,156,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2,385,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэв.

 

Эрүүгийн 2303 00469 0451 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-16 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17-18 дахь тал), насанд хүрээгүй хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал), иргэний нэхэмжлэгч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 8536 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 77-78 дахь тал), Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 999888 дугаартай дүгнэлт, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас (хавтаст хэргийн 88-92 дахь тал), мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 99 дэх тал), шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал),

            хохирогчийн өмгөөлөгч эмчилгээний зардал, хохирлын тооцоо (хавтаст хэргийн 35-47 дахь тал), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хавтаст хэргийн 141 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 8536 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 77-78 дахь тал), эмчилгээний зардлууд төлсөн баримт (хавтаст хэргийн 74 дэх тал), иргэний хариуцагч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал), сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт оруулсантай холбоотой гарсан зардлын баримтууд (хавтаст хэргийн 50-51 дэх тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал), хохирогчийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 24 дэх тал), хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 23 дахь тал), Тээврийн прокурорын газрын тогтоол (хавтаст хэргийн 20 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17-18 дахь тал), осол болсон газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 8 дахь тал), насанд хүрээгүй хохирогч ********** мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд (171-206 дахь тал),

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс насанд хүрээгүй хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 99 дэх тал), иргэний нэхэмжлэгч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********* гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хохирогч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжилсэн хохирлыг гаргуулах, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо Хилчин хотхоны зүүн замд ********* улсын дугаартай “Тоёота акуамаркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас 7 настай явган зорчигч ******** мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь насанд хүрээгүй хохирогч ******** “...би гэрээсээ ганцаараа гараад найз ******* хамт байрны гадаа тоглоом дээр тоглож байхад ******* найз маань зам гараад найз ******* дуудаад хамт тоглоё гэхээр нь бид хоёр төв зам дээр очоод зам гарах гэсэн. ******* би дараа нь зам гарна гээд зогссон тэгээд би түрүүлээд зам гарахдаа машин хараагүй гүйгээд машин миний нуруу хэсэгт мөргөсөн. Тэгээд жолооч бууж ирээд зүгээр үү эмнэлэг явах уу танай гэрт том хүн байгаа юу гэж асуугаад би том хүн байгаа гээд гэрээ зааж өгөөд ахыг дагуулаад эмнэлэгт үзүүлсэн. Машин миний зүүн талаас машиныхаа зүүн урд талаараа мөргөсөн. …Би нөгөө мөргөсөн машины жолоочтой гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 8536 дугаартай “...********* биед сээрний 4-7-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, цээжний баруун ар доод хэсэг, хэвлийн баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 77-78 дахь тал),

2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1033 дугаартай “...жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2.-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэснийг тус тус зөрчсөн тухай мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 99 дэх дахь тал),

102 тусгай дугаарын утсанд ирсэн “...******* дугаартай акуа машин эрэгтэй хүүхэд шүргэсэн...” гэх дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-16 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би Улаанбаатар хотод байгаагүй. Өмнөговь аймагт ажил дээрээ байсан. 17 цагийн орчимд манай эхнэр утсаар хүүхэд машинд мөргүүлсэн талаар хэлэхээр нь би шууд Улаанбаатар хот руу гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүнийг хангахаар хуульчилсан.

 

Шүүгдэгч ********** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1033 дугаартай мөрдөгчийн магадлагаагаар (хавтаст хэргийн 99 дэх тал) тогтоогджээ.

 

Дээрх зөрчлийн улмаас зам тээврийн осол гарч, насанд хүрээгүй хохирогч ******** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 8536 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч *********** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

 

Хохирогч талаас шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогчийн эмчилгээний зардалд тухай бүр өгсөн төлбөрөөс гадна ...эрүүл мэндийн хохиролд 1,156,253 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2,350,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардал гаргуулах...”, улсын яллагч “...баримтаар нэхэмжилсэн зардал болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх...”, шүүгдэгчийн өмгөөлөгч “...хохирлын баримтаас хамааралгүй баримтуудыг хасуулах, цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлээд нэхэмжилвэл төлөх...” байр суурь тус тус илэрхийлсэн.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүүхдийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан эмчилгээ, үйлчилгээний зардал 110,603 төгрөг, шатахууны зардалд 377,300 төгрөг, бусад зардалд 668,350 төгрөг, нийт 1,156,253 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд эдгээр баримтууд нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарснаас хойших баримтууд байх боловч зориулалтын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй зардал 786,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн нэхэмжилсэн баримтын хүрээнд 369,803 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

 

Тодруулбал, шүүхээс хэрэгсэхгүй болгосон 786,450 төгрөгийн баримтад бусад зардал буюу хүнсний дэлгүүрээс өдөр тутам авсан хоол хүнс, ахуйн хэрэглээний зардал (тамхи, пиво, аяны боорцог, бэлэн гоймон, зайрмаг, сүү, шампунь, нойтон салфетка, зайдас, хиам, лууван, жүүс, төмс, сонгино, кола, өндөг, кимчи гэх мэт...) 668,350 төгрөг, эмчилгээ үйлчилгээний зардлаас хоолойн өвдөлтөд хэрэглэдэг эм, цацлагын зардал 30,800 төгрөг, балласан шатахууны баримт 30,000 төгрөг, МТ шатахуун түгээх станцаас leon super 27,300 төгрөг, мөн сэтгэцийн эрүүл мэндийг төвд 1 удаа үзүүлсэн баримт хэрэгт авагдсан боловч хохирогч талаас 2 удаа үзүүлсэн гэж нэхэмжилсэн тул 1 удаагийн үзлэг 30,000 төгрөгийг хасаж тооцсон болно.

 

Харин насанд хүрээгүй хохирогч нь нурууны гэмтэлтэй, харгалзах хүнгүйгээр зорчих боломжгүй нөхцөл байдлыг харгалзан шатахууны зардлыг шүүгдэгчээс бүхэлд нь гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** нь хүүхдээ асарсны улмаас ажилгүй байсан хугацааны зардалд 2,350,000 төгрөг нэхэмжилж банкны дансны хуулга, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө авсан тухай байгууллагын тодорхойлолт, 2023 оны 7 дугаар сарыг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримтуудыг шүүхэд шинээр гаргаж өгсөн.

 

Гэтэл “цалингүй чөлөө” авсан гэх боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод 7 дугаар сард бүтэн ажилласан байдлаар нийгмийн даатгал төлөгдсөн, 7 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, ажилласан эсэхийг тодорхойлох баримт ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч талаас “...8 дугаар сард амралтаа авна гэж байсан боловч өнөөдөр ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй...”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...ажилгүй сул зогсох үе байдаг...цалингийн хэмжээ хийсэн рэйснээс хамаарна...” гэж мэдүүлсэн бөгөөд хөдөлмөрийн харилцааны болон нягтлан бодох бүртгэлтэй холбоотой санхүүгийн баримтууд бүрэн биш энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, түүнд нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “гуравдугаар” зэрэглэл тогтоосныг түүний хууль ёсны төлөөлөгч ******** зөвшөөрсөн баримтыг (хавтаст хэргийн 141 дэх тал) хэрэгт хавсаргасан байх тул насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,150,000 төгрөгийг шүүгдэгч ********** гаргуулж насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ********* олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж заасан.

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь насанд хүрээгүй хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 254,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал гарсан (хавтаст хэргийн 69 дэх тал) талаар баримтыг шүүхэд ирүүлж, шүүгдэгч ********* нэхэмжилсэн байна.

 

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ********* 254,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө талуудаас шинээр гаргаж өгөх баримт, хүсэлтийн талаар лавлахад талууд баримтаа гаргаж өгсөн боловч шүүхийн хэлэлцүүлэг дуусах шатанд шүүгдэгч талаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлж барагдуулсан тухай, хохирогч талаас 7 дугаар сараас хойш нийгмийн даатгал төлсөн тухай баримт гаргаж өгөхийг хүссэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй, хэлэлцэгдээгүй баримтыг шүүх хүлээн авах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй тул хүлээн авалгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг тогтоож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс хохирогч талд олгохоор шийдвэрлэсэн 7,519,803 төгрөг төлж барагдуулахаар ажлын 5 хоногийн завсарлага авах эсэхийг тодруулахад “...тав хоногтоо амжиж төлөх боломжгүй тул эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэх...” санал гаргасныг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ********* “...1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...”, хохирогчийн өмгөөлөгчөөс “...зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин сууж буй хорооны нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар 1 жилийн хугацаагаар оногдуулах...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч хүргэлтийн ажил хийдэг тул Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид шаардлагатай эмчилгээний зардлыг тухай бүрт нь төлсөн боловч шүүхээс гаргуулахаар заасан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд торгох ялыг сонгон оногдуулах нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод үл нийцнэ.

 

Шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал (түгээлтийн ажил эрхэлдэг) зэргийг харгалзан шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шүүхээс ялын төрөл, хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүх өмнө ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                        

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******,********,*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 369,803 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч *********** нарт олгож, иргэний нэхэмжлэлээс 786,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хуулийн 511 дугаар зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 7,150,000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч ******** нарт олгосугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ********** 254,000 (хоёр зуун тавин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.НАРАНЖАРГАЛ