Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 479

 


Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 26 хороо Алтан овоо 40-52 тоотод оршин суух, эмэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б.Гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг Цөх гэх газарт оршин суух, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Б.А -т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Б.Атай 2002 онд танилцан хамтран амьдарч 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2004 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүү А.П, 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин А.М нар төрсөн. Бид хоёр 2008 оны 10 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдарч байна. Тухайн үед Б.А архи их уудаг, ажил хийнэ гээд л хөдөө, хот руу цаад тал нэг жил гаруй алга болдог байсан. Тухайн үед надад хоёр нялх хүүхэдтэй хэцүү байсан учраас би хоёр хүүхдээ аваад Улаанбаатар хот руу шилжин ирж амьдарсан. Одоо миний хувьд олон жил тус тусдаа амьдарсан учраас цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж байгаа учраас эвлэрэх боломжгүй.

Бид хоёр тус тусдаа амьдарснаас хойш холбоогүй байж байгаад энэ жилээс л холбоотой болж хоёр хүүхдээ аавтай нь уулзуулж, аавтайгаа ирж уулзан хамт хэд хоносон. Одоо охин маань аавтайгаа улсын баяраас хойш хамт байгаа, одоо би буцахдаа аваад явна. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардлага гаргасан байснаас бид хоёр харилцан тохиролцож хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзаж байна. Хоёр хүүхэд маань миний асрамжид байдаг. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг минь миний асрамжид үлдээж өгнө үү, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй гэх.

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд Б.Гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй. Миний хувьд эвлэрч, одоо хамтран амьдрах боломж байхгүй. Охин, хүү хоёроо ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Бид хоёр хүүхдийн тэтгэлэгийн асуудал дээр би хүүгээ оюутан болохоор сургалтын төлбөрийг нь хийхээр тохиролцсон байгаа гэх.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Б.Г нь Б.Ат холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид нь 2002 онд танилцан гэр бүл болж, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2004 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр А.П, 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин А.М нар төрсөн байна. Зохигчид нь 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр №0048673, Г-480 дугаарт гэрлэлтээ бүртгүүлэн, хүү А.Пыг 2004 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрснийг 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №0099483, Г-350, охин А.Мийг 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрснийг №0087619, Г-387 дугаарт тус тус бүртгэсэн Гэрлэлтийн гэрчилгээ, Төрсний гэрчилгээ-ний хуулбарууд зэргээр нотлогдож байгаа болно.

Зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн асуудлаар маргаангүй бөгөөд зохигчид нь 2008 оны 10 дугаар сараас хойш таарч тохирохгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй болж тус тусдаа 11 жил гаруй амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Б.Атай 2002 онд танилцан хамтран амьдарч 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2004 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүү А.П, 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин А.М нар төрсөн. ...2008 оны 10 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдарч байна...Б.А архи их уудаг, ажил хийнэ гээд л хөдөө, хот руу цаад тал нэг жил гаруй алга болдог байсан...хоёр нялх хүүхэдтэй хэцүү байсан учраас би хоёр хүүхдээ аваад Улаанбаатар хот руу шилжин ирж амьдарсан. Одоо..олон жил тус тусдаа амьдарсан учраас цаашид хамтран амьдрах боломжгүй...учраас эвлэрэх боломжгүй. Би...шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардлага гаргасан... бид хоёр харилцан тохиролцож хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзаж байна. Хоёр хүүхэд маань миний асрамжинд байдаг. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй...бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг минь миний асрамжид үлдээж өгнө үү, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй.. гэх,

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.Гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна...Миний хувьд эвлэрч, одоо хамтран амьдрах боломж байхгүй. Охин, хүү хоёроо ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Бид хоёр хүүхдийн тэтгэлэгийн асуудал дээр би хүүгээ оюутан болохоор сургалтын төлбөрийг нь хийхээр тохиролцсон байгаа... гэх мэдүүлгээс үзэхэд зохигчид нь цаашид хамтран амьдрах, эвлэрэх, боломжгүй нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нь зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэл болно.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны шатанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2004 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү А.П, 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин А.М нарыг эх Б.Гийн асрамжид үлдээн, зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг тэмдэглэж байна. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Ааас 70.200 төгрөг гаргуулан Б.Гт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаа зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Б.Г, Б.А нарын гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү А.П, 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн А.М нарыг эх Б.Гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Аръяжаваас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Мөнхзулд даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.СОЁЛМАА