| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 119/2026/0009/З |
| Дугаар | 221/МА2026/0501 |
| Огноо | 2026-07-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2026/0501
П.Эын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т
Нэхэмжлэгч: П.Э
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурал
Гуравдагч этгээд: Н.М, А.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох тухай” 03 дугаартай тогтоол, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Н.М-ийг Баянцагаан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дугаартай тогтоол, Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 038 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээд Н.М, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 119/2026/0009/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Эоос Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох тухай” 03 дугаартай тогтоол, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Н.М-ыг Баянцагаан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дугаартай тогтоол, Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох”-оор маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 038 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар сарын 12.1.6, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.4, 48 дугаар зүйлийн 48.2, 56 дугаар зүйлийн 56.561, 56.5.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч П.Эын нэхэмжлэлийн шаардлагын “Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох тухай” 03 дугаартай тогтоол, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Н.М-ийг Баянцагаан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох” хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох “Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 406 иргэний ирцтэй эхэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад хуралдааныг даргалж байсан Б.Б гэгч хурлыг тараасан, тус хурал цаашид үргэлжлээгүй болох нь хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн атлаа хурал тарсны дараа хэсэг бүлэг хүмүүс иргэдийг цуглуулан 160 иргэн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг даргыг сонгож болон багийн Засаг даргад нэр дэвшүүлэх шийдвэр гаргасныг хуульд нийцсэн гэж дүгнэж буй нь үндэслэлгүй байна.
Учир нь нэгэнт албан ёсоор товлон зарлагдсан хурал тарсан байхад товлогдоогүй, иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлөөс албан ёсоор товыг шиэчлэн тогтоогоогүй байхад сайн дурын иргэд иргэдийг цуглуулан өөрсдийгөө иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга, багийн Засаг даргаар сонгож, албан ёсны там тэмдэггүй иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гэх албан бус шийдвэр гаргасныг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй.
Д.Хг иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар сонгосон тухай иргэдийн Нийтийн Хурлын тогтоол хэрэгт авагдсан байхад шүүх нотлох баримтад үндэслэхгүйгээр иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг даргалагч байсан гэж гуйвуулан тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч П.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох тухай” 03 дугаартай тогтоол, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Н.М-ийг Баянцагаан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дугаартай тогтоол, Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурал хурлын дарга болон багийн Засаг даргаа сонгох асуудлыг хэлэлцэхээр 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралджээ.
3.2. Тус хуралдаанаар “Хуралдааны дэг батлах тухай” 01 дугаартай, “Редакцын комисс сонгох тухай” 02 дугаартай, “Тооллогын комисс сонгох тухай”, Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга сонгох тухай” 03 дугаартай, “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоолуудыг тус тус баталсан байна.
3.3. Мөн Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссоос “Санал хураалтын дүнгийн тухай” 01 дугаартай тогтоолыг гаргажээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-д “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно”, 48 дугаар зүйлийн 48.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна” гээд 56.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”, “56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус заасан.
4.2. Анхан шатны шүүх “... П.Э нь Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргад нэр дэвшсэн, нэр дэвшигчдийн дунд багийн иргэд санал хураалт явагдаж тооллогын комиссын 01 дугаар тогтоол гарсан байхад тухайн багийн иргэдийн хуралдааныг даргалан үргэлжлүүлэн явуулахаар гарсан 03 дугаар тогтоол, багийн Засаг дарга сонгох санал хураалтад санал өгөх байсан гэх үндэслэлээр 04 дугаартай тогтоолууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж дээрх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4.3. Тодруулбал, нутгийн өөрийн удирдлагыг сонгох арга, хэлбэрийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан бөгөөд уг зохицуулалтаас үзвэл баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэд биеэр хүрэлцэн ирж, таслах эрхтэй оролцохоор хуульчилсан.
4.4. Энэхүү хэргийн хувьд Баянцагаан багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн иргэн А.Б, Д.Д, П.Э нарын танилцуулга хийгдэж, асуулт, хариулт явагдаж дууссаны дараа санал хураалт явагдаж, Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссоос “Санал хураалтын дүнгийн тухай” 01 дугаартай тогтоол гарсан байх уг санал хураалтын дүнг танилцуулсны дараа хуралдаан даргалагч Б.Б хуралдааныг орхиж гарсан боловч иргэд хуралдааныг үргэлжлүүлэн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга сонгох тухай” 03 дугаартай тогтоолыг баталж, Д.Хг хуралдаан даргалагчаар сонгосон байна.
4.5. Улмаар мөн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоолыг баталж, нэр дэвшигч Н.М-г багийн Засаг даргаар сонгогдсоноор тооцож, томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
4.6. Дээрх процесс нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хуралдааны дэгийг зөрчөөгүй байх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь хэсэгт заасан нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх зарчимд нийцэж байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.
4.7. Нэхэмжлэгч талаас “... 406 иргэний ирцтэй эхэлсэн хурал үргэлжлээгүй бөгөөд 160 иргэн цуглаж, хуралдааны даргыг болон Засаг даргыг сонгосон нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй” гэж тайлбарлан маргах боловч Баянцагаан багийн иргэд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хуралдаж, олонхын саналаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргаа сонгосон нь нэхэмжлэгч П.Эын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
4.8. Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Мөн шүүхээс “... Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 01 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, тооллогын комиссыг захиргааны байгууллага, албан тушаалтан гэж үзэхгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
5.1. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гээд 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж тус тус заасан.
5.2. Энэ талаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын Тайлбарлах нь: хэсгийн 4-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргаан нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхыг ойлгоно. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргааны зүйл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг шүүх тодорхойлохдоо тухайн маргаан нь “нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх”-д дүгнэлт хийнэ” гэж тайлбарласан.
5.3. Өөрөөр хэлбэл, Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 01 дугаартай тогтоол нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаанд хамаарахгүй.
5.4. Харин, анхан шатны шүүх дээрх тогтоолыг захиргааны акт биш гэж дүгнэсэн хэр нь шийдвэрийн Тогтоох нь: хэсгийн 2 дахь заалтад “... тухайн захиргааны актыг” гэж бичсэн нь ойлгомжгүй, төөрөгдөл үүсгэхээр байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 038 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... тухайн захиргааны актад” гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ