Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

                                               

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баярсайхан,

шүүгдэгч Ц.Даш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт Ц.Дашийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011563 дугаар хэргийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 69 дүгээр байр, 01 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо оршин суух тодорхой хаяггүй,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Цэдэвдамбын Даш /РД:ЖЕ89010374/.

Шүүгдэгч Ц.Даш нь ялтай байхдаа 2016 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын үйлчилгээний төвийн гадна талын талбайд байрлах иргэн Х.Ергалым-ын тоглоомын талбай ажиллуулдаг пүүтэгний вакуум цонхыг гараараа түлхэж, хууль бусаар нэвтрэн орж цүнхтэй чихмэл тоглоомуудыг хулгайлж бусдад нийт 425000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Даш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 6 дугаар сарын эхээр найз охиныгоо хайгаад Соёмбо кино театрын тэр хавиар яваад олоогүй. Тэнд жижиг пүүтэг байсан, унтаж болох юм байна гэж ойлгосон. Хамгаалалтын албаны эзэнгүй пүүтэг байна гэж бодсон. Цонхыг түлхээд ортол хөнжил, гудас давхарлаад тавьсан байсан. Мөн 2 цүнх байхаар нь аваад гарсан. Тухайн үед хулгай гэж бодоогүй. Тэгээд хажуу байрных нь 7 давхарт гарч цүнхээ онгойлгож үзэхэд баахан чихмэл тоглоом байсан. Болдсайхан, Оч-Эрдэнэ бид гурав хамт тэр байранд унтдаг юм. Тэгээд маргааш нь бид гурав явж 30000 төгрөгөөр зарсан. Хулгай хийсэн гэдгээ зөвшөөрч байна, гэхдээ санаандгүй авчихлаа гэх гээд байна.

Оргох санаа надад байгаагүй. 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажил хийсэн боловч цалингаа авч чадаагүй хулхидуулсан. Улмаар Нарантуул зах дээр очиж ачигч хийсэн боловч өдөрт олсон мөнгөөр хохирол төлөх боломжгүй байсан. Урд нь ял эдлээд өөртөө дүгнэлт хийсэн. Эрх чөлөөтэй амьдрах шиг сайхан юм байхгүй гэдгийг ойлгосон. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.   

 

201626011563 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Х.Ергалым-ын: “2016 оны 6 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед өөрийнхөө ажиллуулдаг тоглоомоо хураагаад яваад маргааш нь 14 цагийн үед ирэхэд тоглоом хураадаг амбаараас чихмэл тоглоом хулгайд алдагдсан байсан. Тэр амбаарт нийт 250 ширхэг 425000 төгрөгийн үнэтэй чихмэл тоглоомууд байсан. Тоглоомоо цэнхэр 2 том цүнхэнд чихэж хийгээд амбаарт хураадаг байсан. Алдсан тоглоомын 9 ширхгийг Хархорин зах дээр Гансүх гэдэг хүнд зарсан байсныг цагдаагийн ажмлтан хурааж авсн. Гансүхэд тоглоом худалдаж авсан гэх 30000 төгрөгийг нь өгөөд тоглоомоо авсан.

...52000 төгрөгийн 9 ширхэг тоглоомоо буцааж авсан. 425000 төгрөгөө нэхэмжилж байна. ...Хаалгаа цоожилсон, цонхоо хаагаад түгжээд явсан. Намайг өглөө нь очоод харахад цонхыг хөшөөд орчихсон байдалтай ул мөр үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-27, 28, 29/,

Гэрч Б.Гансүхийн: “2016 оны 6 дугаар сарын 8-ны өглөө Хархорин захын 2 дугаар давхарт 126 тоот лангуунд ажил дээрээ ирэхэд 10 цагийн үед үл таних 2 залуу хөх өнгийн том цүнхэнд чихмэл тоглоомууд хийчихсэн ирээд та тоглоом хямд үнээр авах уу? Би лангуугаа татан буулгаж байгаа, үлдэгдэл цөөхөн бараа үлдсэн юм. Үүнийг авах уу гэж хэлсэн. Үүрч яваа тоглоомыг нь харахад том, жижиг, дунд нийлсэн тоглоом дүүрэн чихчихсэн ирсэн. Ямар үнэтэйг нь асуухад эхлээд 5000 төгрөг гэж байгаад 3000 төгрөгөөр ав гэсэн. Тоглоомуудыг үзэхэд зарим нь урагдчихсан тоглоом харагдаж байсан болохоор хямд зарж байгаа юм байх гэж бодоод 30000 төгрөгөөр 10 ширхэг тоглоом худалдаж авсан. Явсных нь дараа тоолоход 9 ширхэг тоглоом байсан. ...Тоглоомын эзэн тоглоомуудаа авахдаа миний хохирлыг барагдуулаад 30000 төгрөг өгөөд явсан болохоор надад нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-30/,

Гэрч Б.Лхамдуламын: “...2016 оны 5 дугаар сарын 30-ны үеэс тоглоомын үйл ажиллагаа эхлүүлээд явж байхад Ергалым гэдэг хүн дардас тоглоом ажиллуулаад чихмэл тоглоом өгч урамшуулдаг байсан. Бид нар өдөрт нь тоглуулаад орой нь тоглоомын хэрэгслүүд, тоглоомоо жижиг амбаарт хадгалдаг байсан. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 08-ны өглөө ирэхэд амбаарын цонхыг онгойлгоод чихмэл тоглоомуудыг аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-31/,

Гэрч Ж.Шинэболорын: “2016 оны 6 дугаар сарын яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Би өглөө 10 цагийн үед Хархорин зах дээр явж байсан чинь надтай үерхээд удаагүй байгаа ...Даштай таарсан. Даш тухайн үед Хархорин зах дээр хог зардаг цэг дээр цүнхтэй юм хажуудаа тавьчихсан сууж байсан. Даштай уулзаад байж байтал Хархорин зах дээр мөн адил хог зардаг Болдсайхан, Очоо 2 халамцуу тараад бид 4 хэсэг юм ярьж суусан. Тэгтэл Даш Хархорин шилэн зах руу оръё гээд цүнхтэй зүйлээ аваад бид 3-ыг дагуулаад орсон. Дотор ороод 1 давхарт Болдсайхан бид 2-ыг энд байж бай гээд Даш, Очоо 2 дээшээ гарсан. 10-20 минутын дараа бууж ирээд бид 4 гадагшаа гарсан. ...Дашаагийн авч явсан цүнхэн дотор чихмэл тоглоомууд байсан. Ямар учиртай чихмэл тоглоомууд байсныг нь мэдээгүй. Би Дашааг тэр цүнхтэй эд зүйлсийг олсон байх л гэж бодсон. Хулгайн эд зүйлс аваад явж байна гэж бодоогүй” гэх мэдүүлэг /хх-32-33/,

Гэрч Г.Болдсайханы: “...Би 2016 оны 6 дугаар сарын эхээр байх яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Шөнө 3 цагийн орчим гадуур дэмий тэнэж яваад унтах газар хайгаад 1 дүгээр хорооллын Цамбагаравын баруун талын шаргал өнгийн 7 давхар байрны 6 бил үү 7 давхарт гараад унтах гэсэн чинь Дашаа хогийн бункерийн хажууд цэнхэр өнгийн урзалкан цүнхтэй зүйл тавьчихсан унтаж байсан. Би тэр хавьцаа унтчихаад өглөө босоод түрүүлээд явсан. Оч-Эрдэнэ бид 2 Хархорин захын хог зардаг цэг дээр явж байхад Дашаа, Шинэболор гээд найз охинтойгоо хамт нөгөө цэнхэр өнгийн урзалкан цүнхтэй зүйл барьчихсан, зарна гээд зогсож байсан. Би наадах чинь юу вэ? гэхэд чихмэл тоглоомууд байгаа юм, үүнийг заръя гэсэн. Тэгсэн Дашаа цүнхтэй эд зүйлээ бариад Оч-Эрдэнэ, Шинэболор, бид 4 Хархорин захын шинээр баригдсан шилэн барилга дээр очоод Шинэболор бид 2 доор 1 давхарт үлдээд, Дашаа, Оч-Эрдэнэ 2 цүнхтэй зүйлээ бариад гарсан. Тэгээд удалгүй тэр 2 чихмэл тоглоомуудаа 30000 төгрөгт зарчихлаа гээд хүрч ирсэн. Бид 4 захаас гараад архи авч уугаад байж байтал Шинэболор түрүүлээд явсан. Би удалгүй явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Дашийн цүнхэнд том, жижиг нийлсэн тоглоомууд байсан. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-38/,

Гэрч Ж.Оч-Эрдэнийн: “2016 оны 6 дугаар сарын дундуур санагдаж байна. Хархорин захын арын ТҮЦ-ний хажууд байхад Бороо гээд найзтайгаа таарсан. Тэгээд бид 2 хамт зах оръё гээд явж байсан чинь хог зардаг цэг дээр Дашаа, мөн түүнтэй үерхдэг Шинэболор 2 таарсан. Даш, Шинээ 2 хажуудаа том цүнхтэй зүйл тавьчихсан байсан. Дашаа хэдүүлээ Шилэн зах руу ороод үүнийг заръя гээд бид 3-ыг дагуулаад зах руу орсон. Дашаа намайг 2-лаа дээшээ гаръя, Бороо, Шинээ хоёрыг доор 1 давхарт хүлээж бай гээд бид 2 дээшээ 2 давхрын шатны хажуу талын лангуун дээр очоод нэг эмэгтэй худалдагчид үзүүлтэл эхлээд авахгүй гэж байснаа сүүлдээ үзэж харж байгаад том, дунд тоглоомуудыг нь шилж авсан, жижгүүдийг нь аваагүй. Цүнхэн дотор хэдэн ширхэг жижиг тоглоомууд үлдсэн. Үлдсэн жижиг тоглоомуудаа цүнхэндээ хийгээд Даш өөрөө авсан. Тэгээд тэр худалдагчаас мөнгө аваад доошоо буугаад нөгөө хоёрыг аваад мөнгөөрөө архи авч уусан. ...Би тоглоомуудыг хулгайн эд зүйлс гэж мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-94/,

Ц.Дашийн яллагдагчаар өгсөн: “...Би 2016 оны 6 дугаар сарын үеэр байх. Эхний 7 хоногт санагдаж байна. Нэг шөнө Цамбагаравын “Соёмбо” кино театр орж найз охин Шинэболорыг хайхад байхгүй байсан. “Соёмбо” кино театрын урд талд жижиг пүүтэг байсан. Тэгээд би дотор нь ороод хоног төөрүүлэхэд гайгүй газар байна гэж бодоод цонхыг нь түлхэн ороход гудас, хөнжил шалан дээр давхарлаад тавьчихсан, хар хөх өнгийн 2 ширхэг цүнх байсан. Цүнхэнд гайгүй юм байж магадгүй гэж бодоод шунал хөдлөөд шууд аваад гарсан. Тэгээд Цамбагарав үйлчилгээний төвийн баруун талын 7 давхар байрны орцонд орж унтсан. Маргааш өглөө нь хулгайлсан 2 цүнхэн доторхоо харсан чинь олон чихмэл тоглоом байсан. Тэгээд нэг цүнхэнд нь нөгөө цүнхтэй тоглоомыг хийгээд нэг цүнх болгосон. ...Хархорин захын гадна талын хог, бараа зардаг цэг дээр очиж заръя гэж бодоод очиход найз охин Шинэболор хүрч ирсэн. Бид 2 юм яриад зогсож байтал Очоо, Болдсайхан ах 2 согтуу явж байсан. Оч-Эрдэнэ, Болдсайхан, Шинэболор гуравт хулгайлсан цүнхтэй чихмэл тоглоомуудаа зармаар байна гээд Хархорин захын шинээр баригдсан шилэн барилга руу орж Болдсайхан, Шинэболор хоёрыг доор үлдээгээд, Оч-Эрдэнэ ах бид хоёр 2 билүү 3 давхарт гараад тоглоомын худалдаа эрхэлж байсан эгч дээр очоод ...чихмэл тоглоомуудыг 30.000 төгрөгөөр зараад архи ууж, хуушуур идсэн. Тэгээд салцгаасан. Би ганцаараа хулгай хийсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлыг нөхөн төлнө.

...Би хохирлынхоо мөнгийг олох гээд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Баянзүрх худалдааны төв дээр ачигч хийсэн. Мөнгөө ч авсан юм байхгүй, эзэнд нь хулхидуулсан. Тэрнээс хойш Нарантуул зах дээр өдөр өдөртөө мөнгө авдаг тэрэг түрдэг ажил хийсэн. Уг ажлыг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хийсэн. Олсон мөнгөөрөө хоол ундаа зохицуулдаг байсан. Хохирлынхоо мөнгийг олж чадаагүй” гэх мэдүүлэг /хх-46-47, 135-136/,

эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-12-13/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд /хх-14-19, 21/, эд зүйлийн үнэлгээ /хх-20/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-22/, гэрч Д.Цэдэвдамбын мэдүүлэг /хх-34/, гэрч Б.Нандинцэцэгийн мэдүүлэг /хх-37/, гадагш явж болохгүй тухай баталгаа /хх-41/, гэрч Ж.Оч-Эрдэнийн мэдүүлэг хх-94/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52, 140/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-53-56, 64-73/, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх прокурорын тогтоол /хх-83/, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх прокурорын тогтоол /хх-84/, мөрдөн байцаагчийн тэмдэглэлүүд /хх-93, 95-99, 123/ зэргийг уншиж шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Даш нь 2016 оны 6 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын үйлчилгээний төвийн гадна талбайд байрлах иргэн Х.Ергалым-ын тоглоомын талбай ажиллуулдаг пүүтэгний вакуум цонхыг гараараа түлхэж, хууль бусаар нэвтрэн орж цүнхтэй чихмэл тоглоомуудыг хулгайлж бусдад нийт 425000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Дашийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн, прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэрэг үйлдэж прокурорын хяналтаас оргосон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Даш урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 09 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т “хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох”-оор заасан байх тул Ц.Дашийн дээрх тогтоолоор тогтоогдсон хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” тохиолдолд ялгүйд тооцогдохоор заасан бөгөөд шүүгдэгч Ц.Дашийн хувьд уг хугацаа өнгөрөөгүй байх тул түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн гэж дүгнэж байна.

Шүүгдэгч Ц.Дашид ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэв.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ергалымд 425000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, түүнчлэн хохирогч нь 52000 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг тоглоомыг буцаан авсан /хх-28/, уг тоглоомыг буцаан авахын тулд бусдад 30000 төгрөг төлсөн /хх-28/ нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Дашаас хохиролд 403000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Ергалымд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Дашийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 40 /дөч/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Дашийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас Ц.Дашийн хугацааны өмнө тэнсэгдсэн 01 жил 07 сар 09 хоногийн хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Шүүгдэгч Боржигон овогт Цэдэвдамбын Дашийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн,

прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэрэг үйлдэж прокурорын хяналтаас оргосон гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүлйийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ц.Дашийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Дашид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Ц.Дашийн биечлэн эдлэх хорих ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн зүйлийн 52.5-д зааснаар Ц.Дашид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ц.Дашийн цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Дашийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Дашаас 403000 /дөрвөн зуун гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Баян-Өлгий аймгийн Өлгий сум, 4 дүгээр баг, Их булангийн 12 дугаар гудамж, 05 тоотод оршин суух, Жантекей есагасы овогт Хуанышханы Ергалым /РД:БЮ94031518/-д олгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Дашид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Дашид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР