Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0512

 

           

       О.Эын нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б,

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: О.Э,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 дугаар тушаалаар нэхэмжлэгч О.Эт олгосон 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг О.Э миний цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх миний ажиллаж байсан цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч буюу мөрдөгчийн, цагдаагийн ахмад цолтой алба хаагчийн, эсхүл түүнтэй адилтгах албан тушаал, цэргийн цолтны 18 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож нэг удаагийн тэтгэмж олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0386 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч О.Э,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х.

Хэргийн индекс: 128/2025/0692/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Эаас анх Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “Би 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагад хандан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль"-ийн дагуу надад олгосон тэтгэмжийг одоогийн бодит ханшаар тооцон олгоно уу гэж өргөдөл гаргасан боловч надад ямар нэгэн хариу өгөөгүй 30 хоногийн хугацаа өнгөрсөн, миний өргөдлийн хугацааг сунгасан талаар надад ямар нэгэн хариу өгөөгүй учир Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандаж байгаа юм. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн биелэлтийг хангах. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6/1305 тушаалаар “О.Эт 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэвэр олгох тухай” тушаалд заагдсан тэтгэмжийн хэмжээг ахин нягталж, ажиллаж байх үеийн сүүлийн 5 жилийн цалингийн дунджийг мөнгөний ханшийн уналт, инфляцтай уялдуулан, одоогийн мөрдөн байцаагчийн ажлын цалингийн итгэлцүүрээр бодож тооцоолон, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалт, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-32.9 дэх заалтуудыг тус тус баримтлан шүүхээс Нийгмийн даатгалын тухай хуулиар ойролцоо төрлийн төрийн албан хаагчийн 2003, 2013, 2023 онуудын итгэлцүүрийг холбогдох байгууллагаас гаргуулан бодож тооцуулах, Батлан хамгаалах жанжин штабын нууцлал бүхий итгэлцүүрээр өнөөгийн /2024 оны 12 сар хүртэлх/ ханшаар тооцон уг олгосон тэтгэмжийг одоогийн ханшаар тооцож олгоно уу” гэх нэхэмжлэлийн шаардлага гарган  маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 дугаар тушаалаар нэхэмжлэгч О.Эт олгосон 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг миний цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх миний ажиллаж байсан цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч буюу мөрдөгчийн, цагдаагийн ахмад цолтой алба хаагчийн, эсхүл түүнтэй адилтгах албан тушаал, цэргийн цолтны 18 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож нэг удаагийн тэтгэмж олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах” гэж тодруулсан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0386 дугаар шийдвэрээр: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Эын Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “О.Эын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хандсан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажиллаж байсан албан тушаалын 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасан журмын дагуу бодож олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгаж”, үлдэх “О.Э миний цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх ажиллаж байсан цагдаагийн хэлтсийн мөрдөгч, түүнтэй адилтгах албан тушаалын 18 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, нэг удаагийн тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Нэхэмжлэгч нь өвчний учир төрийн албанаас чөлөөлөгдөж, авбал зохих тэтгэмжээ өндөр насны тэтгэвэр тогтоох үед олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хэмжээг тооцсон хууль хэрэглээний талаар маргасан бөгөөд анхан шатны шүүх талуудын хоорондын хууль хэрэглээний талаарх маргааныг зөв тодорхойлж, үндэслэлтэй шийдвэрлэх нь цаашид уг хуулийн хэрэглээг зөв тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.

3.2 Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Цэргийн алба хаагч..., биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж мөн хуулийн 19 дүгээр зүйлийн мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Цэргийн алба хаагч ..., биеийн эрүүл мэндээр, халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно" гэж заасан байсныг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулж "Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно" болгож, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөхөөр заасан. Хуулийн эдгээр заалтын дагуу 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө биеийн эрүүл мэндийн шалтгаанаар цагдаагийн албанаас халагдсан цэргийн албан хаагчийн ажилласан жилийг харгалзахгүй нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэх хуулийн энэ заалт нэхэмжлэгч О.Эт хамаарах бөгөөд түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар цагдаагийн албанаас халагдсан 2003 онд уг тэтгэмжийг авах эрх үүсээгүй бөгөөд хуулийн заалтыг ийнхүү ойлгож, хэрэглэх талаар хариуцагч маргаагүй.

3.3 Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан биеийн эрүүл мэндээр цагдаагийн албанаас чөлөөлөгдвөл олгох 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг, тэтгэмж авах эрх үүсэх үед нь олгохдоо түүний халагдсан 2003 оны цалин хөлснөөс үү, эсхүл тэтгэвэр тогтоолгосон 2023 оны цалин хөлснөөс үү гэдэг аль хугацааны цалин хөлснөөс тооцох талаар хуульчлаагүй. Тодруулбал, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "тухайн этгээдийн авч байсан цалин хөлснөөс" гэж заагаагүй байна. Иймээс нэхэмжлэгчийн 2003 онд авч байсан цалин хөлснөөс олгох ёстой гэж хуулийг буруу ойлгож хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.4 Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 1 дүгээр тогтоолын 2-р хавсралтаар баталсан "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмж олгох журам"-д Цэргийн..., биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгохоор журамласан боловч уг журамд тэтгэмжийг хэзээ олгох талаар нарийвчлан зохицуулаагүй байна. Энэхүү журам нь О.Эыг цагдаагийн албанаас чөлөөлөгдөх /халагдах/ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан журам. Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан "Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам"-ын 1-т "Энэхүү журмын зорилго нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3-т заасан тэтгэмжийг олгоход мөрдлөг болгоно" гэжээ. Мөн хуулийн зохицуулалт нь цагдаагийн алба хаагчийг "тэтгэвэрт гарах үед” олгохоор хуульчилсан, журмаар уг хугацааг тогтоогоогүй байгаа учраас О.Эын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тэтгэвэр тогтоолгосон үед нь олгох нь хууль зүйн зөрчилгүй гэж үзэж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн нэр нь "Алба хаагчийн баталгаа" гэсэн байгаа бөгөөд мөн зүйлийн 83.1-т "Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдана" гэж, 83.2-т "Цагдаагийн алба хаагч нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна" гэж заасан нь цагдаагийн алба хаагчид тэтгэмж олгох нь түүний цагдаагийн алба хаасны баталгаа бөгөөд цагдаагийн алба хаасны баталгааг тухайн алба хаагчийг цагдаагийн албанаас чөлөөлөгдөхөд олгох хууль зүйн боломжгүй, зөвхөн тэтгэвэрт гарах үед нь олгож байгаа нь цагдаагийн алба хаасны баталгааны мөн чанар оршдог. Нэхэмжлэгчийг 2003 онд цагдаагийн албанаас чөлөөлөгдөх үед тэтгэмжийг олгох боломжгүй байсан бөгөөд түүнийг 20 жилийн дараа буюу 2023 онд тэтгэвэрт гарахад нь 1999-2003 оны үеийн цалингаас тооцож тэтгэмж олгохоор шийдвэрлэж байгаа нь "цагдаагийн алба хаагчийн баталгаагаар хангах зорилгод нийцээгүй", захиргааны акт хэлбэрийн төдий, зорилгодоо нийцээгүй гарсан нь харагдаж байна. Нэгэнт хуулиар "өвчний улмаас цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн этгээдэд, нэг удаагийн тэтгэмжийн аль хугацааны цалин хөлснөөс тооцож олгохыг нарийвчлан зохицуулаагүй, хуулиар тэтгэмжийг "тэтгэвэр тогтоолгох үед" олгохоор нөхцөл тогтоосон, ингэхдээ тэтгэвэр тогтоолгох үеийн цалин хөлснөөс тооцож олгохыг хуулиар хориглоогүй тохиолдолд "хуулиар хориглоогүй бол иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөх” эрх зүйн үндсэн зарчим, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5-д заасан иргэн "эд мөнгөний тусламж авах" үндсэн эрхийн зарчим зорилгод нийцээгүй байна. Учир нь төрийн албан хаагчид тэтгэвэрт гарсан үед олгох тусламж, тэтгэмж нь уг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, хойшид хөдөлмөр эрхлэх боломжгүй этгээдэд бодитой үр нөлөө үзүүлэх, дэм болохуйц хэмжээтэй байх ёстой. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан "цалин хөлс" гэснийг явцуу утгаар хэрэглэж, нэхэмжлэгчийн 1999-2003 онд авч байсан "цалин хөлс"-ний хэмжээ гэж тайлбарлаж хэрэглэсэн нь хууль зүйн зарчимд нийцэхгүй, үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт “О.Э миний цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх ажиллаж байсан цагдаагийн хэлтсийн мөрдөгч, түүнтэй адилтгах албан тушаалын 18 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, нэг удаагийн тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах” шаардлагыг хангаж, өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

4.1 Монгол Улсын Их Хурлаас 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг баталжээ. Тус хуулийн анх батлагдсан хувилбарын 19 дүгээр зүйлийн 3-д "Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, цэргийн алба хаах насны хязгаарт хүрч халагдсан, түүнчлэн энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар нас барсан тохиолдолд түүний ажиллаж байсан нөхцөл, ажлын үр дүн, амьдралын нөхцөл байдлыг харгалзан алба хаасан 2 жил тутамд 1-2 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг 1 удаа олгоно. Энэхүү тэтгэмжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 18 сарын цалин хөлсний нийлбэрээс илүүгүй байна.", 4-д "Энэ зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан 1 удаагийн тэтгэмж олгох журмыг Засгийн газар тогтооно." гэж тус тус заасан байна.

Засгийн газрын 1995 оны 1 дүгээр тогтоолоор баталсан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмж олгох журам"-ын 1-д "Цэргийн албан хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоход энэхүү журмыг баримтална.", 4-д "Нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг ... биеийн эрүүл мэнд, алба хаах нас хэтэрсний улмаас 2 жил тутамд нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээнээс багагүй байхаар тооцож, дараах үзүүлэлтийг харгалзан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ:..." гэжээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 1995 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан "Цагдаагийн байгууллагын алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам"-ын 11-д "Тэтгэмж олгох материал бүрдүүлэх, тэтгэмжийн хэмжээг тогтоох, шийдвэрлэх: гээд "а"-д "цагдаагийн алба хаагч байсан хүн тэтгэмж хүссэн өөрийн ажилласан хугацааны тайлангийн хамт үндсэн байгууллагад өгнө” гэж заажээ. Үүнээс үзэхэд цагдаагийн алба хаагч байсан хүн тэтгэмж хүссэн өргөдлөө өөрийн ажилласан хугацааны тайлангийн хамт үндсэн байгууллагад өгөх бөгөөд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан чөлөөлөгдсөн бол алба хаасан 2 жил тутамд 1-2 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг 1 удаа олгохоор хуульчилсан байжээ.

4.2. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 7-д "Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно." гэсний дагуу Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан "Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам"-ыг баталжээ. Дээрх журмаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг олгох харилцааг нарийвчлан зохицуулж, түүнийг мөрдлөг болгохоор үүрэг болгосон бөгөөд нөгөө талаар нэг удаагийн тэтгэмжийг буруу тогтоож олгосон албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 2-д "Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.", Цагдаагийн албаны тухай хуулийн 5.3-д "дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд нийцсэн байна.", Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4-д "Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана." гэж тус тус хуульчилсан.

Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан бөгөөд цагдаагийн байгууллага нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор ажиллах зарчмын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны Б/1305 дугаартай тушаалаар О.Эт 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг хууль тогтоомжийн хүрээнд олгож шийдвэрлэсэн нь "хуулиар зөвшөөрөөгүй тохиолдолд бусад үйл ажиллагааг төрийн байгууллага хориглоно." гэсэн эрх зүйн үндсэн зарчмыг баримталсан. Шүүх хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 128/ШШ2026/0386 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 2. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч О.Э нь 1992 онд Цагдаагийн дээд сургуульд сонсогчоор элсэн суралцаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 1996 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр тушаалаар Төв аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар томилогдон ажиллаж байгаад Хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон тул мөн газрын даргын 2003 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 400 дүгээр тушаалаар “эрүүл мэндийн байдлаар” 2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн.

 Улмаар, Төв аймгийн Нийгмийн даатгалын газраас 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгосноор нэхэмжлэгчид дээр дурдсан хууль болон журамд зааснаар 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж авах эрх үүссэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Харин Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 дугаар тушаалаар О.Эт 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болох 1,120,973 төгрөгийг олгосонтой холбоотойгоор нэхэмжлэгчээс “тэтгэмжийн хэмжээг одоогийн тэтгэвэр тогтоолгох үеийн мөрдөгчийн буюу мөрдөн байцаагчийн цалин хөлсөөр тооцож олгох ёстой” гэх агуулгаар маргаж байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй” хэмээн,

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 18 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19 дүгээр зүйлийн 2-д /2023 оны өөрчлөлтөөс өмнө/ “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, мөн зүйлийн 7-д “Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно” гэж,

Засгийн газрын 1995 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 1-д “Цэргийн албан хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоход энэхүү журмыг баримтална”, З-д “Тэтгэмжийн хэмжээг тэтгэвэрт гарч байгаа болон халагдсан офицер, ахлагч нэг бүрээр цэргийн алба хаасан хугацааны тайланг гаргуулан үндсэн анги, байгууллагын санал дүгнэлтийг авч холбогдох сайд, газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн тогтооно”, 5-д “Нэг удаагийн тэтгэмжийн дээд хэмжээ нь цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч байгаа офицер, ахлагч нарт З6 сарын, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, цэргийн алба хаах нас хэтэрсний улмаас халагдсан офицер, ахлагч,  албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, ердийн өвчнөөр нас  барсан цэргийн албан хаагчийн ар гэрт 18 сарын дундаж цалин  хөлсний хэмжээнээс ихгүй байна” гэж,

Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан "Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам"-ын 1-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг олгоход энэхүү журмыг мөрдөнө”, 3-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  тэтгэмжийг олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно”, 4-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэж тус тус заасан.

5. Тухайн тохиолдолд, анхан шатны шүүх “...хариуцагч төрийн захиргааны байгууллага тэтгэмжийг нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн хугацаанаас хойш батлагдсан Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ыг хэрэглэн тогтоосон нь буруу” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг Улсын Их Хурал 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 19 дүгээр зүйлийн 7-д "Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно" хэмээн хуульчилсан.

Улмаар Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор "Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам"-ыг баталж, тухайн харилцааг зохицуулж байсан өмнөх "Журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон нь эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд тухайн хууль болон журамд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэх талаар хуульчлан заагаагүй. Үүнтэй холбогдуулан хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 дугаар тушаалаар нэхэмжлэгчид Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан "Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам"-ыг үндэслэн нэг удаагийн тэтгэмжийг тооцож олгосон нь хуульд нийцсэн бөгөөд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...Нэгэнт хуулиар "өвчний улмаас цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн этгээдэд, нэг удаагийн тэтгэмжийн аль хугацааны цалин хөлсөөс тооцож олгохыг нарийвчлан зохицуулаагүй, хуулиар тэтгэмжийг "тэтгэвэр тогтоолгох үед" олгохоор нөхцөл тогтоосон, ингэхдээ тэтгэвэр тогтоолгох үеийн цалин хөлсөөс тооцож олгохыг хуулиар хориглоогүй тохиолдолд "хуулиар хориглоогүй бол иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөх” эрх зүйн үндсэн зарчим, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5-д заасан иргэн "эд мөнгөний тусламж авах" үндсэн эрхийн зарчим зорилгод нийцээгүй ... төрийн албан хаагчид тэтгэвэрт гарсан үед олгох тусламж, тэтгэмж нь уг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, хойшид хөдөлмөр эрхлэх боломжгүй этгээдэд бодитой үр нөлөө үзүүлэх, дэм болохуйц хэмжээтэй байх ёстой” гэж давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0386 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийг 1 дэх заалтыг,Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 /2023 оны өөрчлөлтөөс өмнө/-д заасныг үндэслэн нэхэмжлэгч О.Эаас Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 дугаар тушаалаар нэхэмжлэгч О.Эт олгосон 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг миний цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх миний ажиллаж байсан цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч буюу мөрдөгчийн, цагдаагийн ахмад цолтой алба хаагчийн, эсхүл түүнтэй адилтгах албан тушаал, цэргийн цолтны 18 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож нэг удаагийн тэтгэмж олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                 ШҮҮГЧ                                                 О.ОЮУНГЭРЭЛ

 

                     ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

 

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА