Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энхтуяа,                        

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд,

шүүгдэгч Б.Магнайбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт Б.Магнайбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626012554 дүгээр хэргийг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 53 дугаар гудамж, 04 тоотод оршин суух,

урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Батсайханы Магнайбаяр /РД:НД95122612/.

Шүүгдэгч Б.Магнайбаяр нь ялтай байхдаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Х.Пүрэвчулуунд хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан нийгмийн хэв журам ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Магнайбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 20-нд Отгонбаяр бид хоёр Их дэлгүүрийн гадаа уулзаад 2,5 литрийн пиво хувааж уугаад Толгойт орсон. Толгойтод зочид буудалд орж хонох гэсэн мөнгө хүрээгүй, Мөнхсүх рүү утасдаад ирээд авчих гэж хэлсэн. Мөнхсүх өөдөөс алхаж байгаарай гээд бид хоёр замын хажуугаар алхаж байхад нэг залуу, эмэгтэй хоёр явж байсан. Бид хоёр тоглож байгаад Мөнхсүх намайг түлхэхэд би унахдаа эмэгтэйг нь тэврээд унасан. Нөгөө залуу “яагаад байгаа юм бэ пизда минь” гэсэн. Би “юун сүртэй юм бэ, санамсаргүй уначихлаа” гэж хэлсэн. Тэр залуу намайг заамдахаар нь би зөрүүлээд заамдсан. Танихгүй ах ирээд салгасан. Отгонбаяр бариад аваарай, гар мултарчихлаа гэж хэлсэн. нөгөө залуу 10 буудал тал руу зугтааж гүйж байгаад машинд суусан. Би араас нь гүйгээд очоод машинаас буулгах гээд куртикнээс нь татсан чинь миний гарыг шувтрахаар нь би уурандаа нэг цохисон. Хохиролд 400000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

201626012554 дүгээр эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Х.Пүрэвчулууны: “2016 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнийн 01 цагийн үед найз охин Сайханаагийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын гадна такси барих гээд зогсож байтал үл таних 2 залуу манай найз охин Сайханааг өдөж өнгөрөх шиг болохоор нь “та нар зүгээр яваач эмэгтэй хүн явж байна” гэхэд “наад эмэгтэйг чинь яав л гэж хүний дагуулж явдаггүй юм дагуулж яваа биш” гэж хэлэхээр нь би юу гээд байгаан гэж хэлэхэд нэг залуу нь чи тэгээд яах гээд байгаан гээд миний куртикнээс заамдахаар нь би барьцалдаад байж байтал найз охин Сайханаа салгах гээд чадаагүй. Замаар явсан танихгүй хүн салгах гээд ирэх үед би Сайханааг гэртээ ороод байж бай гэж хэлсэн. Тэр 2 залуу над руу дайраад байж байх үед замын цаанаас машинтай хүмүүс хөөш гээд орилох шиг болсон. Тэгэхээр нь би зам дагаж зугтаагаад зам дээрээс гараа өргөж таксинд суугаад хөдлөх гэхэд нөгөө залуу таксины хаалга онгойлгоод гараад ир гээд татахаар нь би гарахгүй гээд гарыг нь цохиж тавиулахад миний баруун нүдний доод хэсэг рүү гараараа цохиж гэмтэл учруулсан. Тэгээд би таксинаас буугаад зууралдаад байж байхад таксины жолооч цагдаа дуудаж тэр залууг цагдаа ирээд аваад явсан.

...Миний биед учирсан гэмтлийг саарал саравчтай малгайтай, хар савхин куртиктэй Магнайбаяр гэж залуу гараараа цохиж учруулсан. Таксины арын суудал дээр сууж байхад цохисон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний зардал 400000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /хх-16-17, 18-19/,

Гэрч Г.Бямбадоржийн: “2016 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 01 цагийн орчим ...Залуус хорооллын урдуур ...10-н буудлын орчим явж байтал зам дагаад нэг залуу гүйгээд араас нь 2 залуу гүйж явсан. Тэгээд хөөгдөж явсан залуу нь зогсоорой гэж орилохоор нь зогсоод тэр залууг суулгаад хөдлөх гэхэд нэг залуу миний талаар ирж цонхоор гараа оруулж ирээд түлхүүр сугалж авах гээд зогсоосон. Тэр хооронд нэг саарал саравчтай малгайтай, хар савхин куртиктай залуу арын хаалгыг онгойлгож миний автомашинд суусан залуутай зууралдаж байгаад нүд рүү нь цохисон. Би боль гээд салгахад тэр залууг машинаас татаад буулгахаар нь салгах гэхэд миний машинд зугтаж суусан залуугийн аль талын нүд гэдгийг нь санахгүй байна, нүднийх нь доор язарчихсан цус гарч байсан болохоор зодоон болохоо болиод байж байх хооронд би цагдаа дуудчихсан. Цагдаа ирээд тэдгээр залуучуудыг аваад яасан. ...Миний машинд зугтааж суусан залууг саарал саравчтай малгайтай хар савхин куртиктэй, бор арьстай туранхай бүлтгэрдүү нүдтэй залуу зодсон. Миний автомашин зүгээр, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-20/,  

Гэрч Э.Мөнхсүхийн: “...2016 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 00-01 цагийн орчим миний утсанд найз Отгонбаар залгаж Магнайбаяр бид 2 согтуу, 5 шар дээр алхаж явна, бид 2-ыг машинтайгаа ирээд аваач гэж дуудсан. Тэгэхээр нь би Отгонбаярыг согтуу машинаа барьж чадахгүй байгаа юм байна гэж бодоод такси бариад очиход Залуус хорооллын орчим замын уулзвар дээр хүмүүс овоорчихсон зодоон болж байхаар нь би тоолгүй цаашаагаа яваад 5 шарын автобусны буудал дээр очиход байхгүй, Отгонбаяр утсаа авахгүй байхаар нь Залуус хорооллын урд замын уулзвар дээр зодолдож байсан хүмүүс дунд байж магадгүй гэж бодоод очиход Отгонбаатар, Магнайбаяр 2 хоёр залуутай барьцалдаад зогсож байхаар нь би таксинаас буухдаа хөөш гээд орилоод буухад тэнд байсан 1 залуу зугтаасан. Намайг яваад очиход 1 залуу нь танихгүй гудмаар явсан хүн байсан. Отгонбаяр газар уначихсан мөр эвгүй болчихлоо бариад аваарай гэж хэлэхээр нь би тэр зугтаасан залуугийн араас 10 буудал чиглээд гүйгээд хөөж байтал зам дээрээс нэг машин зогсоод суулгахаар нь би жолооч талаар нь гүйж урд нь орж зогсож машиныг зогсоогоод жолооч талаас нь түлхүүрийг нь авах гээд жолоочтой нь зууралдаж байх хооронд Магнайбаяр тэр машинд зугтааж суусан залууг барьж байгаад машин дотор байхад нь цохих шиг болсон. Тэр залуу машинаас бууж ирэхдээ малгайгаараа нүүрээ дарчихсан байдалтай хацарнаас цус гарч байсан. Дахиж зодоон хийлгүй тэр машины ах цагдаа дуудсан. Миний биед гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би хэн нэгнийг цохиж гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг /хх-25/,

Гэрч Д.Отгонбаярын: “...Магнайбаяр би согтуу гэртээ ормооргүй байна гээд Мөнхсүх рүү залгаад машинтайгаа ирээд авчих гэхэд урдаас 10 буудал чиглээд алхаад явж бай, очлоо гэсэн. Зам дагаад алхаад явж байтал 1 залуу, 1 эмэгтэй явган хүний зам дээр эогсож байхаар нь хажуугаар нь тойроод явах үөд Магнайбаяр надтай тоглож байгаад намайг түлхэх үед Магнайбаяр унах гээд тэр эмэгтэйг хальт тэвэрсэн. Тэгэхэд хамт явсан залуу нь “яаж байгаа пизда вэ” гээд Магнайбаярыг заамдаад авахаар нь би салгаад тоглож байгаад мөргөчихлөө гэхэд “замаа харж яв пизда нараа” гэж дайрсан. Тэгээд зууралдаад байж байтал танихгүй ах ирээд салгах гээд байж байтал манай найз Мөнхсүх замын цаанаас хөөш гээд гүйгээд ирэхэд тэр залуу зугтаасан. Би тэр залуугийн хувцаснаас барьж чирэгдэж унахдаа мөрөө эвгүй болгож унасан. Тэгэхэд Магнайбаярт цохиулсан гээд байгаа залуу баруун зүгт гүйсэн. Араас нь Магнайбаяр Мөнхсүхтэй цуг гүйсэн. Араас нь очиход замын хажууд нэг саарал машин зогсчихсон, хажууд нь Магнайбаярт цохиулсан гэх залуугийн хацар дээрээс нь цус гарчихсан цагдаа дуудна гээд зогсож байсан. ...Тухайн үед Магнайбаяр нэг удаа цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-26/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.10.25-ны өдрийн 14557 дугаар актын дүгнэлтэд: “1.Х.Пүрэвчулуун-н биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-33/,

Б.Магнайбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Замын хажууд 1 залуу, 1 эмэгтэй хоёр зогсож байсан. Хажуугаар нь зөрөх үедээ Отгонбаяр тоглоод намайг түлхэх үед би санаандгүй унах гээд тэр эмэгтэйг тэвэрсэн. Тэр эмэгтэй орилоод хамт байсан залуу нь “замаа харж яв пиздаа минь, яаж байгаан” гээд заамдаад авахаар нь санаандгүй түлхчихлээ гээд зууралдаад байж байхад замаар явсан танихгүй хүн ирээд салцгаа гээд бөөгнөрөөд зогсож байхад тэр залуу “ална шүү пизда нар минь зайл” гэж хэлэхээр нь “чи юу гээд байгаа юм бэ” гээд би зөрүүлээд заамдаад зогсож байхад Отгонбаяр бид 2-ыг машинтайгаа ирж авах гэж байсан Мөнхсүх замын цаанаас хөөе гээд орилох үед тэр залуу зугатаасан. Би араас нь хөөж байхад тэр залуу таксинд суусан. Энэ үед Мөнхсүх таксины урдуур гүйгээд таксийг зогсоох үед би хаалгыг онгойлгож, машин дотор байсан залууг энгэрээс нь заамдаад гаргахдаа нүүрэн тус газар нь гараараа цохисон. Татаад гаргаад ирэхэд нүүрээ барьчихсан, би гомдолтой гээд баруун нүдний доод хэсэгтээ даавуу малгай мэт зүйлээр дарчихсан байсан. ...Би нэг л удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-41-42, 43-44/,

үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/, гэрч Б.Бурмаагийн мэдүүлэг /хх-24/, шинжээч М.Энхтайваны мэдүүлэг /хх-34/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-50-51/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-57-63/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Магнайбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Х.Пүрэвчулуунд хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Магнайбаярыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Пүрэвчулууны бие махбодид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд тэрээр “эмчилгээний зардалд 400000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-19/ гэснийг үндэслэн шүүгдэгч Б.Магнайбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Магнайбаяр урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийтгэгдсэн байна.  

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох”-оор заасан байх тул Б.Магнайбаярын дээрх тогтоолоор тогтоосон хянан харгалзах хугацаанаас үлдэх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Магнайбаяр бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан Б.Магнайбаярын хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Магнайбаярыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Магнайбаярыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Магнайбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Магнайбаяр урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Б.Магнайбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Магнайбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Магнайбаярт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Л.БААТАР