Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2018/0376

 

018 оны 06 сарын 13 өдөр

           Дугаар                              Улаанбаатар хот

128/ШШ2018/0376        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Ол даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: МДХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд хамаарахгүй болсон талбай бүхий МДХХК-ийн эзэмших ашигт малтмал ашиглах МҮ-*******А дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Да, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. болд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            МДХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МДХХК нь Төв аймгийн Заамар сумын Цагаанбулаг нэртэй газарт орших 160 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглах МҮ-0*******А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан юм. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, 2012 оны 194 дүгээр тогтоолоор тус тус тогтоосон ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох хилийн заагт бүхэлдээ болон хэсэгчилэн давхцаж үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан болно.

Уг заалтын дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаартай шийдвэрийн МДХХК-ийн ашигт малмал ашиглах МҮ-*******А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд /тухайн үеийн нэрээр/ нэхэмжлэл гаргасныг тус шүүх хянан хэлэлцээд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 49 дүгээр шийдвэрээр манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингэхдээ Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 49 дүгээр шийдвэрээр ...ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дахин олгож эхлэх тохиолдолд МДХХК-ийн одоогийн үүсгэн байгуулагч Л. Паад үүссэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, тус компанид давуу эрхээр дээрх тусгай зөвшөөрлийг олгох боломжтой эсэхийг төрийн захиргааны байгууллагаас харгалзан үзвэл зохино гэж дүгнэсэн болно.

Уг шүүхийн шийдвэр гарсны дараа буюу Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор манай компанийн эзэмшиж байсан Төв аймгийн Заамар сумын Цагаанбулаг нэртэй газарт орших 160 гектар талбай нь хуулиар хориглосон талбайн хил хязгаарт хамаарагдахгүй болсон байна.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн дараа шинэ нөхцөл байдал үүссэн учраас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг шүүхэд гаргасан юм.

Энэ хүсэлтийг хянаад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/Ш2018/0006 шийдвэрээр Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан үүссэн нөхцөл байдал, үр дагаварыг шинээр илэрсэн нөхцөл гэж үзэхгүй, уг шийдвэрийн үр дагавартай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах шинээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж, хүсэлтийг маань хэрэгсэхгүй болгосон болно.

Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоол гарснаар МДХХК-ийн ашигт малтмал ашиглах МҮ-*******А дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайд хамаарахгүй болсон тул уг талбайд үйл ажиллагаа явуулах эрх олгосон байсан тусгай зөвшөөрлөө сэргээн авах, үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж үзэж байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасны дагуу Засгийн газрын тогтоолын биелэлтийг зохион байгуулах хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан талбайгаас Ашигт малтмалын хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт ороогүй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, тухайн талбайг тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт давуу эрхтэйгээр буцаан өгсөн шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны А/154 тоот тушаал гарсан бөгөөд мөн Кадастрын хэлтсээс уг тушаалын хавсралтад заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан байна.

Иймээс Засгийн газрын дээрх 174, 194 дүгээр тогтоолд нийцүүлж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/154 тоот тушаал гаргаж, хавсралтаар нэр бүхий аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн солбилцолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр 14.8-д тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн давуу эрхийг баталгаажуулсан гэж үзэж байгаа бөгөөд манай компани бусад компаниудтай адил эрхийг баталгаажуулсан гэж үзэж байгаа бөгөөд манай компани бусад компаниудтай адил эрхийг эдлэх боломжтой юм.

Ийнхүү төрийн захиргааны байгууллага хориглосон талбайн хилийн заагт хамаарахаа больсон талбайг нь бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт давуу эрхтэйгээр буцаан өгсөн шийдвэр гаргасантай адил тэгш хандаж, МДХХК-ийн өмнө эзэмшиж байсан талбайг буцаан олгох асуудлыг шийдвэрлэх боломжтой байгаа атлаа уг асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь хууль бус байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч , эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлана гэж заажээ.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу МДХХК нь уг тусгай зөвшөөрлийн талбайн давхцаагүй хэсэгтээ нөхөх олговор авах эрх үүссэн юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж, мөн зүйлийн 14.6-т Нөхөх олговрыг энэ хуулийни 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж, 56 дугаар зүйлийн 56.1.3-т хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар тус тус заасан.

Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан нөхөх олговрыг олгоогүй байхдаа манай компанийн эзэмших ашигт малтмалын ашиглалтын МҮ-*******А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6-т заасны дагуу нөхөх олговрыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй учир бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх маань хуулийн дагуу үүссэн гэж үзэж байгаа болно.

Иймд Монгол Улсын Үндсэн Хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...шударга ёс,...тэгш байдал,...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж, Арвандөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь ашигт малтмалын харилцаанд төрийн зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээд бүрт адил тэгш байдлыг хангах, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангах үүргээ биелүүлээгүй, манай компанийн тусгай зөвшөөрлийг сэргээхээс татгалзан, хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа болно.

Иймд гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд хамаарахгүй болсон талбай бүхий МДХХК-ийн эзэмших ашигт малтмал ашиглах МҮ-*******А дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МДХХК нь Төв аймгийн Заамар сумын Цагаанбулаг нэртэй газарт орших 160 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглах МҮ-0*******А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цуцалсан байна.

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3. дахь хэсэгт заасны дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон.

Нэхэмжлэгч МДХХК нь Төв аймгийн Заамар сумын Цагаанбулаг нэртэй ашигт малтмалын ашиглалтын МҮ-0*******А дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь дээрх Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор тогтоосон газрын хилийн заагт хамаарагдсан тул ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг хуулиар хориглосон болно. Ийнхүү хуулиар ашигт малтмалын ашиглахыг хориглосон талбайд тухайн талбай хамаарагдсан тул гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн. Энэ асуудлаар МДХХК нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд /хуучин нэрээр/ нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор МДХХК нь Төв аймгийн Заамар сумын Цагаанбулаг нэртэй ашигт малтмал ашиглалтын МҮ-0*******А дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон талбайн хилийн заагт хамрагдахгүй болсон боловч дээрх талбайг Төв аймгийн Заамар сумын ИТХ-ийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна.

МДХХК нь нэхэмжлэлдээ АМТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-т....нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар тус тус заажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авсан бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор нэг жилийн дотор төлнө гэж заасан байна. МДХХК нь Төв аймгийн Заамар сумын Цагаанбулаг нэртэй ашигт малтмалын ашиглалтын МҮ-0*******А дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь цуцлагдсан байсан үед тухайн талбайг бүхэлд нь тухайн орон нутаг нь тусгай хэрэгцээнд авсан учир нэхэмжлэгч компанийн дурьдсан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр заалт хамаарахгүй юм.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор авах журам-ыг баталсан. Уг журмын 3.4.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх эх, уусны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах хүсэлт гаргаагүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй гэж заасан. МДХХК нь тухайн үед нөхөх олговор авах хүсэлт гаргаж байгаагүй байна. Мөн МДХХК нь нэхэмжлэлдээ Засгийн газрын дээрх 174, 194 дүгээр тогтоолд нийцүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн а/154 тоот тушаал гаргаж манай компани бусад компаниудтай адил эрхийг эдлэх боломжтой юм гэжээ. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн а/154 тоот тушаал гарах үед тус компанийн эзэмшиж байсан Төв аймгийн Заамар сумын нутаг Цагаан булаг нэртэй ашигт малтмалын ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг орон нутаг нь тусгай хэрэгцээнд авсан байсан юм. Тиймээс дээрх тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч МДХХК нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд хамаарахгүй болсон талбай бүхий МДХХК-ийн эзэмших ашигт малтмал ашиглах МҮ-*******А дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

МДХХК нь Төв аймгийн Заамар сумын нутаг Цагаан булаг нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсныг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолыг үндэслэн цуцалсан байна.

МДХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0049 дугаар шийдвэрээр МДХХК-ийн Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 295 тоот шийдвэрийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-0******* тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Уг шийдвэр гарсны дараа Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор МДХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон талбайн хилийн заагт хамаарахгүй болсон боловч дээрх талбайг Төв аймгийн Заамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, кадастрын зургаар нотлогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.13.тусгай хэрэгцээний газар гэж Газрын тухай хуулийн 171820 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг ойлгохоор заасан тул хариуцагчид тусгай хэрэгцээний газартай давхцалтай талбайн тусгай зөвшөөрлийг сэргээн олгох эрх хуулиар олгогдоогүй байна.

МДХХК-ийн хувьд МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь цуцлагдсан байсан үед тухайн талбайг бүхэлд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан учир нэхэмжлэгчийн хариуцагч нөхөх олговрыг олгоогүй байхдаа МҮ-*******А тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасан нөхөх олговрыг олгох үндэслэл болохгүй байна.

Учир нь Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч уг тогтоолд холбогдуулж эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, хариуцагч нь дээрх тогтоолыг хүчингүй болгож, өөрчлөх эрхгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4, 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг тус тус баримтлан МДХХК-ийн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд хамаарахгүй болсон талбай бүхий МДХХК-ийн эзэмших ашигт малтмал ашиглах МҮ-*******А дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгон үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.