Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүгдэгч Э.Д*******н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д*******нгийн холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Д*******н нь 2023 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн ******* сумын дугаар багийн нутаг, “Харалдай” гэх газраас 4.5 метрийн дундаж урттай 83 ширхэг, нийт 11 метр.куб  хэмжээтэй босоо хуурай шинэс мод ойд бэлтгэж, экологи эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 3.339.369 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ***********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Д*******н нь 2023 оны 10 дугаар сард  Хөвсгөл аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Харалдай гэх  газрын ойгоос гэртээ түлээ бэлдэх, өвөлжөөний хашааныхаа шонг солих зорилгоор эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авахгүйгээр шинэс төрлийн хуурай босоо модыг цахилгаан  хөрөө ашиглан унагаж,  4.5 метрийн дундаж урттай тайрч, нийт 83 ширхэг, 11 метр.куб хэмжээтэй мод бэлтгэж, байгаль экологид 3.339.369  төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д*******нгийн өгсөн: “ ...2023 оны 10 дугаар сарын эхээр ууланд гарч мод унагаасан. Тэгээд найзыгаа хамт цагаалалцаад өгөөч гэж хэлээд ковшоо авчраад байж байтал сумын захиргаанаас хүмүүс ирсэн. Тухайн модыг ковшоороо цагаалсан ч юм байхгүй модноос буусан. Цаана байсан хэдэн модыг гараараа өнхрүүлж буулгасан. Өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Харалдайн даваа”  гэх газар ирж үзлэгийг хийхэд ойн сан бүхий газар байв. Мод бэлтгэсэн гэх “Харалдайн даваа” гэх газрын солиболцлийг GPS ашиглан цэг авахад /N:49.24.1/ /Е:100.52.59/ цэгийг зааж байв. ... Ертөнцийн зүгээр хойд талын энгэр газар модон дотор хуурай төрлийн шинэс модыг хөрөөдөн унагааж орхисон байдалтай байх ба босоо модыг шууд хөрөөдөж таллаад газар унагааж орхисон байв. Тухайн унагасан газрын модны хожуулыг зааглаж, метр тавьж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, нийт унагаасан модны хожуулыг тоолж үзэхэд нийт 50 ширхэг босоо хуурай модыг хөрөөдөн тайрч унагааж орхисон байх ба унагасан моднууд янз бүрийн урттай байв. ..тухайн газрын ерөнхий байдал болон хэргийн газрын үзлэгийг 108 кадр гэрэл зургаар бэхжүүлэн  авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-23 тал/,

Модонд үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын  хашаанд буулгасан хуурай, дундаж нь 3 метрийн урттай модонд үзлэг хийхээр тогтов.  Тухайн модыг 3 хэсэг газар буулгасан хуурай, мөн үмх талтай моднууд байх ба дундаж 3 метрийн урттай нийт 94 ширхэг мод байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26 тал/,

2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаартай Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 28 тал/,

           Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн: “... Э.Д*******нгийн мотор нь 1265900 дугаартай, шар өнгийн, ковш загварын тээврийн хэрэгсэл болон 8-32 см-ийн диаметртэй 4.5 метрийн дундаж урттай 83 ширхэг нийт 11 метр куб хэмжээтэй хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн хуурай шинэс төрлийн модыг битүүмжилсэн ...” тэмдэглэл /хх-ийн 29 тал/,

2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаартай Прокурорын “Эд мөрийн баримтыг хураан авах тухай” зөвшөөрөл /хх-ийн 31 тал/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-33 тал/,            

Цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол хх-ийн 34 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ч.От**********ын өгсөн: “...Байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг төлүүлж, хохиролгүй болгох хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

Гэрч Б.Наранхүүгийн өгсөн: “...******* сумын Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасаг нь хоёр байгаль хамгаалагчтай. Л.Цогбаяр, П.Батжаргал хоёр эрхийн бичиг гоожин бичдэг. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгаль хамгаалагч П.Батжаргалд нутгийн иргэн Харалдайн даваанд хүн мод бэлтгээд модноос гаргасан байна гэж хэлсэн байсан. Тэгээд би байгаль хамгаалагч П.Батжаргалын хамт 2 дугаар багийн Харалдайн даваанд очиход тус багийн иргэн Э.Д*******н нь босоо мод тайраад унагаасан байсан. .. Дэ***********н нь өөр газраас бургас, хайлаасаар түлшний гоожин авсан байсан. Өөр хэрэглээний модны гоожин аваагүй. ******* сумын 2 дугаар багийн нутаг, Харалдай гэдэг газраас хэрэглээ, түлээний гоожин олгохгүй. 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын №08 дугаар тогтоолоор “Ногоон бүс” болгосон. Мод бэлтгэхийг хориглосон газар болгосон юм. Э.Д*******нгийн бэлтгэсэн мод нь хэрэглээний  зориулалтаар бэлтгэсэн, хуурай шинэс мод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

Гэрч Б.Ням-Очирын өгсөн: “...Э.Д*******н 2023 оны 10 дугаар сарын 15-ны  өдөр манай гэрт ирээд “мод бэлтгэсэн, хамт туслаад уулнаас буулгалцаад цагаалаад өгөөч” гэж ирсэн, тэр үед Э.Д*******нг мод бэлтгэсэн талаар мэдсэн. ...Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э.Д*******н манай гэрт хамт туслаад мод цагаалаад өгөөч гэхээр нь би мод бэлтгэсэн газар нь ирсэн чинь Харалдай гэдэг газар нэлээн их мод унагаасан байсан. Би модыг нь уулнаас буулгах гэж ирээд ганц, хоёр мод л буулгаж өгөөд гэртээ харьсан... Э.Д*******н нь надад хэлэхдээ гоожин авсан малын хашааны мод, түлээний модоо бэлтгэх гэсэн юм туслалцаад өгөөч гэж хэлж байсан. Э.Д*******н модоо уулнаас буулгахдаа ковш авчирч буулгана гэх ярьж байсан. Гэхдээ ковшоор мод бэлтгэсэн зүйл болоогүй, ганц хоёр мод л уулнаас доош нь өнхрүүлж буулгасан, бусад модоо буулгаж чадаагүй байж байгаад сумын байгаль хамгаалагчид шалгуулсан гэсэн. Э.Д*******н нь бэлтгэсэн мод хашаагаа сэлгэж янзлах мод, мөн түлээний мод гэж бэлтгэсэн. Тухайн бэлтгэсэн модоо тайраагүй уртаараа байсан. Би Э.Д*******нг мод унагаах үед нь хамт байгаагүй, дараа нь уулнаас буулгах гэсэн юм гэж ирж намайг гуйсан тэр үед л очсон. Тухайн мод бэлтгэсэн газар нь ******* сумын 2 дугаар багийн нутаг  Харалдай гэдэг нэртэй газар байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

Гэрч Л.Цогтбаярын өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ээлжийн амралттай байж байгаад ажилдаа орсон чинь манай улсын байцаагч, байгаль хамгаалагч хоёр хамт нэг тийшээ шалгалтаар яваад ирье гэхээр нь хамт хөдөө 2 дугаар багийн нутаг Харалдайн даваанд очсон чинь тус багийн иргэн Э.Д*******н гэдэг хүн хэрэглээний мод бэлтгээд модноос гаргаад орхисон байсан... Э.Д*******н нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн урт нилээн их 30 гаран мод байсан. Би иргэдэд хэрэглээний модны гоожин бичдэг, иргэдэд малын хашааны зориулалтаар унанги мод буюу ой цэвэрлэгээгээр гоожин бичдэг. Э.Д*******н нь  надаас хэрэглээний модны гоожин бичүүлээгүй. Харалдайн даваа гэдэг газарт ой цэвэрлэгээ арчилгааны зориулалтаар талбай тусгаарлалт хийгдээгүй, тухайн газрыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор ногоон бүс болгосон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

Гэрч П.Батжаргалын өгсөн: “...******* сумын 2 дугаар багийн нутаг Харалдайн даваа гэх газрын ойгоос мод бэлтгээд байна гэж  тус багийн иргэн мэдээлээд тухайн мэдээллийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Харалдайн даваанд очиход тус багийн иргэн Э.Д*******н нь ойгоос хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн дунджаар 30 гаран мод бэлтгээд орхисон байсан. Э.Д*******н нь ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг гоожин бичүүлж аваагүй түлээний модны өрхийн гоожингоо л төлсөн. Намайг шалгалт хийж очиход харанхуй болж байсан модоо бэлтгэж  дуусаад хоёр  хүн бууж явсан. Харалдайн даваа нь ******* сумаас 12 километрийн зайтай. Харалдайн даваа нь ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №08 тогтоолоор ногоон бүс болгосон... намайг анх шалгалтаар очиход модны захад 30 гаран мод бэлтгээд орхисон байсан. Би ууланд нь лав гарж модон дотор нь дахиад мод унагааж орхисонг үзээгүй, мод бэлтгэсэн Э.Д*******н өөрөө энэ мод бэлтгэсэн газраас дээшээгээ модон дотор бэлтгэсэн мод байхгүй гэж ярьж байсан. Тэгээд дараа нь экологийн цагдаатай хамт модон дотор нь орж үзэхэд зөндөө олон мод унагааж орхисон байсан, багцаагаар 50 ширхэг мод унагаасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54,56 тал/,

Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаартай: ...Э.Д*******нгийн модонд хэмжилт хийж хүснэгтийг ашиглан тодорхойлоход 8-32 см-ийн диаметртэй, 4,5 метрийн дундаж урттай 83 ширхэг, нийт 11 м3 хэмжээтэй хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн босоо хуурай шинэс мод байв. Уг мод хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн босоо хуурай шинэс мод байв. 2012 оны ой зохион байгуулалтын материалд тусгагдсанаар 51 дүгээр хэсэглэлийн 9 дүгээр ялгаралд хамаарах хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужийн ойд хамаарч байна. /Мод бэлтгэсэн газрыг хэргийн газрын үзлэгт хавсаргагдсан газарзүйн байршлын солбилцлыг үндэслэв. /N1:49.24.1.0/ /Е:100.52.59/. Иргэн Э.Д*******н нь Монгол Улсын Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт /Иргэн, нөхөрлөл аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт нөөцийг зохих төлбөр хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй/, 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалт /Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн/-ыг тус тус зөрчсөн. ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 08 дугаартай хуралдааны тогтоолоор Харалдай гэх газрыг сумын ногоон бүсэд авсан байна. Энэ газар нь ойн хэвийн өсөлт, нөхөн сэргээлтийг дэмжихэд чиглэгдсэн ойн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг явуулж болно гэж  тусгасан байх тул зохих журмын дагуу мод бэлтгэх эрхийн бичиг олгож болно. Иргэн Э.Д*******нгийн бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ: 3,339,369 төгрөг... Уг бэлтгэсэн модонд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Нэг шоо метр модны экологи, эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон...” гэх дүгнэлт /хх-ийн 71-75 тал/,

Шинжээч Ч.Эр******гийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг, Харалдай гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 91 тал/,

Хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн: “Яллагдагч Э.Д*******нгийн ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 10.018.107 төгрөг. Нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов.” гэх дүгнэлт /хх-ийн 80 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-023/8125 дугаартай: “...Дээр дурдагдсан цахилгаан хөрөөний нийт бодит үнэ цэнийг 2023 оны 10 дугаар сарын байдлаар 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойллоо....” гэх дүгнэлт /хх-ийн 63-65 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-923/8242 дугаартай: “11 метр.куб хэрэглээний мод 990.000 төгрөг. Мотор нь 1265900 дугаартай, шар өнгийн, хорь ковш маркийн тээврийн хэрэгсэл 9.500.000 төгрөг. Үнэлэгдэж буй 11 метр.куб хэрэглээний мод болон шар өнгийн ковш маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 10.490.000 /арван сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов..” гэх дүгнэлт /хх-ийн 83-85 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

Хөвсгөл аймгийн ******* сумын  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015  оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт /хх-ийн 109-110 тал/,

Хөвсгөл аймгийн ******* сумын Сэлэнгэ багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 112 тал/,

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/380 дугаартай албан бичиг /хх-ийн 114 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Д*******нгийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой уншиж танилцлаа. Надад санал, хүсэлт байхгүй. Би 2023 оны 10 дугаар сарын эхээр /өдрийг нь санахгүй байна/ ганцаараа Хөвсгөл аймгийн ******* сумын 2-р багийн нутаг Харалдай гэх газраас түлээний модоо бэлтгэх, мөн өвөлжөөний хашааны шонг сольж янзлах зорилгоор зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэчихсэн юм. Би мод бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөөгөөр тайрсан юм. Би мод бэлтгэхдээ ганцаараа бэлтгэсэн дараа нь найз Ням-Очирыг гуйж 2 мод л уулнаас өнхрүүлсэн. Би гоожинтой гэж Ням-Очирт хэлсэн, Ням-Очир бол намайг гоожингүй бэлтгэсэн гэдгийг мэдээгүй,  Би 11 метр куб модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...Би ойролцоогоор босоо мод 50 ширхэгийг унагаж, дундуур нь тайраад 83 ширхэг болгосон. Модоо бэлтгэчхээд ерөөсөө уулнаас хөдөлгөөгүй. Зүгээр ковш маркийн тээврийн хэрэгслээр цагаалах гэж байхад сумын байгаль хамгаалагч юм. ..Ковш машин миний эзэмшлийнх, 4-5 жилийн өмнө 23 сая төгрөгөөр авч байсан, одоо энэ ковш маркийн тээврийн хэрэгсэл маань эвдрэл гэмтэл ихтэй байгаа, 10 сая төгрөгний үнэд л хүрэх байх гэж бодож байна Улсын дугааргүй, гэрчилгээгүй, арлын дугаар нь арилчихсан байна лээ. Моторын дугаар нь 1265900 шар өнгийн тээврийн хэрэгсэл...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таньж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ч.От**********ын өгсөн: ..Байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг төлүүлж, хохиролгүй болгох хүсэлтэй байна... гэх мэдүүлэг,  гэрч П.Батжаргалын өгсөн:  “...намайг анх шалгалтаар очиход модны захад 30 гаран мод бэлтгээд орхисон байсан. Би ууланд нь лав гарж модон дотор нь дахиад мод унагааж орхисонг үзээгүй, мод бэлтгэсэн Э.Д*******н өөрөө энэ мод бэлтгэсэн газраас дээшээгээ модон дотор бэлтгэсэн мод байхгүй гэж ярьж байсан. Тэгээд дараа нь экологийн цагдаатай хамт модон дотор нь орж үзэхэд зөндөө олон мод унагааж орхисон байсан, багцаагаар 50 ширхэг мод унагаасан байсан... гэх мэдүүлэг, гэрч Л.Цогтбаярын өгсөн: “...Харалдайн даваанд очсон чинь тус багийн иргэн Э.Д*******н гэдэг хүн хэрэглээний мод бэлтгээд модноос гаргаад орхисон байсан... Э.Д*******н нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн урт нилээн их 30 гаран мод байсан...” гэх мэдүүлэг,  гэрч Б.Наранхүүгийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Харалдай” гэх газрыг Ногоон бүс болгож мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй хориглосон байхад Э.Д*******н нь “Ногоон бүс" болгосон ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн... Харалдайн даваанд очиход тус багийн иргэн Э.Д*******н нь босоо мод тайраад унагаасан байсан... гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Д*******н нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Харалдай” гэх газраас мод бэлтгэсэн, бэлтгэсэн модноосоо туслалцуулан уулнаас буулгасан, үлдсэн модоо ковш тээврийн хэрэгслээр буулгах гэж байсныг гэрчилж өгсөн гэрч Б.Ням-Очирын  мэдүүлэг, түүний бэлтгэсэн мод нь босоо хуурай шинэс төрлийн 4.5 метрийн дундаж урттай, 11 м3 хэмжээтэй, экологи эдийн засгийн үнэлгээ нь 3.339.369 төгрөг, нөхөн төлбөр нь 10.018.107  төгрөг болохыг тогтоосон Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаартай, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний дүгнэлт, хэрэг учралын газарт болон мод, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Э.Д*******н нь  2023 оны 10 дугаар сард  Хөвсгөл аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Харалдай” гэх  газрын ойгоос гэртээ түлээ бэлдэх, өвөлжөөний хашааныхаа шонг солих зорилгоор шинэс төрлийн хуурай босоо модыг 4.5 метрийн дундаж урттай тайрч, нийт 83 ширхэг, 11 метр.куб хэмжээтэй модыг хөрөөдөн бэлтгэж, Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, А.Даваадоржийн гаргасан дүгнэлт зэрэг нь шүүгдэгч Э.Д*******нгийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Д*******н нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Шүүгдэгч Э.Д*******н нь мод бэлтгэх арга, технологийг зөрчиж ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явахыг хориглоно” гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Д*******нгийн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар ... мод бэлтгэж болно”. 35.3-т зөвшөөрөл авсан иргэн ...энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно”. 35.4-т “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ”. 35.4.2-т “...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж тус тус заасан ба иргэнд босоо  мод огтолж, ургаа мод бэлтгэхийг Ойн тухай хуулиар хориглосон тул шүүгдэгч Э.Д*******н нь 11 м3 модыг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн гэж үзэхээр байна.

 Шүүгдэгч Э.Д*******н нь мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас  авалгүйгээр Хөвсгөл аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Харалдай” гэх  газрын ойгоос 2023 оны 10 дугаар сард 4.5 метрийн дундаж урттай, нийт 83 ширхэг, 11 метр.куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Д*******нг Хөвсгөл аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Харалдай” гэх  газрын ойгоос 2023 оны 10 дугаар сард 4.5 метрийн дундаж урттай, нийт 83 ширхэг, 11 метр.куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо мод  бэлтгэж, Ойн тухай хууль зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

  Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч Э.Д*******нгийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 3.339.369  төгрөгийн шууд хохирол /хх-ийн 61 тал/ учирсан нь Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 10.018.107 төгрөгийн /хх-80 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Э.Д*******н  нь  3.000.000 төгрөгийн хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд төлсөн Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гүйлгээний баримт гаргаж өгсөн бөгөөд уг хохирлоос нөхөн төлөгдөөгүй 7.018107 төгрөгийг шүүгдэгч Э.Д*******нгээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна. 

         Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Д*******нг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлоо төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгож, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх санал дүгнэлт,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Энержи ресурс компанид ажилд орохоор нэг жилийн өмнөөс захиалга өгөн  байсан ба тухайн ажлын санал ирсэн тул шүүгдэгч нь маргааш тухайн ажилд орохоор явах гэж байгаа. Түүнийг ажил хийж хохирлоо нөхөн боломжоор хангаж түүнд торгох ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр торгох саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Э.Д*******нгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Д*******нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Д*******нгийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, өмгөөлөгчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д*******нд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч Э.Д*******н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Энэхүү хэргийн тухайд  11 м3 мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, гэм хэрэг үйлдэхдээ ашиглахаар завдсанКовш 20” загварын мотор нь 1265900 дугаартай, улсын дугааргүй автомашин зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахаар завдсан “Ковш 20” загварын мотор нь 1265900 дугаартай, улсын дугааргүй тээврийн хэрэгсэл нь Э.Д*******нгийн өмчлөл, эзэмшлийнх болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Ковш машин миний эзэмшлийнх, 4-5 жилийн өмнө 23 сая төгрөгөөр авч байсан, Би бэлтгэсэн  модоо цагаалах гэж уг ковш машиныг модны хажууд аваачсан..” гэх мэдүүлэг, түүний үнэлгээг тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 923/8242  дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар завдсан 9.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Ковш 20 загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэл болон  гэмт хэрэг үйлдэж олсон 83 ширхэг 11 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн чичрүүлэгч төмөр цейфтэй, бензинээр ажилладаг, цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Д*******н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Д*******нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хо******д овогт Эр*******тын Дэ***********нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Эр***********тын Дэ***********нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д*******нд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д*******н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Э.Д*******нгээс 7.018.107 /Долоон сая арван найман мянга нэг зуун долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахаар завдсан 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, мотор нь 1265900 дугаартай “ковш 20” загварын тээврийн хэрэгсэл болон 83 ширхэг буюу 11 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн ***********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий банкны өнгө нь цагаан, асаах хэрэгслийн таг улаан өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д*******нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Д*******н нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН