Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

    Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан

         Улсын яллагч Б.Түвшинтөр

         Хохирогч Б.Э

         Шүүгдэгч С.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Үад холбогдох 2316000000223 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Б овгийн С.Ү

 Шүүгдэгч С.Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гэм буруугийн талаар:  

            Шүүгдэгч С.Ү нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн ... худаг гэх газарт Б.Этэй мэнд мэдэлцсэнгүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн газраас чулуу авч цээж рүү нь шидэж, боож унаган нүүр рүү нь мөргөж биед нь тархи доргилт, хамрын нуруу, баруун нүдний баруун тал чихний дэлбэнд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүд мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:

 

  Хохирогч Б.Эгийн хэрэг бүртгэлт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Тн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

          “Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Даваахүүгийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “...1.2. Б.Эгийн биед тархи доргилт, хамрын нуруу, баруун нүдний баруун тал чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэх 309 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

  Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.Ү нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний зардал болох 145,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлсөн байна.

Хохирогч Б.Э нь “...Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна...” гэсэн бөгөөд хэрэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон ДИ78092632 регистрийн дугаартай Б.Эгийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийг тогтоов. Хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн...” гэх агуулга бүхий Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн баримт /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ авагдсан байна.

Улсын дээд шүүхээс баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5(тав) дахин нэмэгдүүлснээс 12,99(арван хоёр зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр тооцон гаргуулахаар зохицуулжээ. 

Иймд Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгийг  5 (тав) дахин нэмэгдүүлж хохирогч Б.Эгийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 2,750,000 (Хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Үыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 145,000 төгрөгийг төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овгийн С.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

             4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Үад мэдэгдсүгэй.

   5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   6. Шүүгдэгч С.Үаас хохирогчийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол болох 2,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эд олгосугай.

   7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 145,000 төгрөгийг төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Үад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА