Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/793

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Лхаасүрэнгийн Бод холбогдох эрүүгийн 2311 00000 1306 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овгийн ЛБ /РД: /,

Монгол Улсын иргэн, ........ тоотод оршин суудаг, урьд

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн ... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял,     

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны ... дугаартай тогтоолоор 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... дугаартай тогтоолоор 1 жил 1 cap 25 хоногоор зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэгдсэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ...  дүүргийн 0 тоотод хохирогч Э.Ө эзэмшлийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 9 ширхэг хос гутлыг хулгайлан авч, 423,360 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр ангийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 649 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Л.Б нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.Б нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр  дүүргийн 0 тоотод хохирогч Э.Ө эзэмшлийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 9 ширхэг хос гутлыг хулгайлан авч, 423,360 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дугаар тал/,

Хохирогч Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нөхөр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 0 тоотод амьдардаг юм. Би 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баруун салаанд байх зуслангаасаа өдөр 13 цагийн үед гэртээ ирээд өөрийн охин болох Намууланг дагуулаад хашаа байшин худалдаж авах гээд гадуур гарсан юм. Тэгээд орой буцаж 18 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга дотогш түлхээд гацаасан байдалтай байсан ба гэрийн хаалга онгорхой байсан. Гэрт ороод хартал хаяанд зарах гэж байсан 9 ширхэг гутлууд, нэг өмсөж байсан гутал зэрэг зүйлс алга болсон байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Гутлууд бүгд улбар шар өнгийн дөрвөлжин хайрцагтай, хар өнгийн гутлууд байсан ба загварууд бүгд ижилхэн...” гэх /хавтаст хэргийн 16-20 дугаар тал/

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “” худалдааны төвд лангуу ажиллуулдаг. 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр лангуун дээрээ сууж байтал үл таних залуу над дээр ирж гутал бөөндөж байна гэхээр нь би тухайн хүнээс 9 хайрцагтай 9 гутлыг нь 180,000 төгрөгөөр худалдаж авсан. Би гутал бөөндөж авдаг учир манай ажлын хүмүүс тухайн хүнийг над руу явуулсан гэсэн. Би тэр хүнийг хулгай хийсэн гэж мэдээгүй. Харвал танина би тухайн хүнээс худалдан. авсан гэх 9 ширхэг гутлуудыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгнө. Харин 180,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний үнэлгээ /хавтаст хэргийн 30-32 дугаар тал/,

Эд зүйлийг хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-39 дүгээр тал/,

Эд мөрийн баримтаар 1ш Диск хураагдсан болно /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,

Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ зарж борлуулан мөнгөөр нь архи авч уусан. Өөр байдлаар ашиг олох санаа байгаагүй. Би хохирогчийн гутлыг зарсан хүнээс шалгаж байсан мөрдөгчид зааж, өгсөн. Надаас гутал худалдан авсан хүнд хохирлыг нь нөхөн төлнө. Урьд өмнө нь би 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, одоогоор хоёр зорчих эрхийг хязгаарлах ялтай байсныг биеэр эдэлж байгаад 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр суллагдсан байгаа” гэх /хх-ийн 45-46-р тал/,

Шүүгдэгч Л.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 48-53- р тал/,

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоол, ялын биелэлт /хавтаст хэргийн 54-104 дүгээр тал/

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Э.Өнөржаргалын мэдүүлэг иргэний нэхэмжлэгч Б.Батдэлгэрийн мэдүүлэг, шүүгдэгч Л.Бын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримттай агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.  

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Л.Б нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 тоотод хохирогч Э.Ө эзэмшлийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч 9 ширхэг хос гутлыг хулгайлан авч 423,360 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ .

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шүүгдэгч Л.Бод оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Л.Б нь хохирогч Э.Ө хохирлыг биет байдлаар, иргэний нэхэмжлэгч Б.Батдэлгэрт 180,000 төгрөг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Шүүгдэгч Л.Бод авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Л Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Л.Бод авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             П.АРИУНБОЛД