Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2018/0127

 

2018 оны 02 сарын 27 өдөр

          Дугаар                              Улаанбаатар хот

128/ШШ2018/0117        

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюдаргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч:  У,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба,

Гуравдагч этгээд Н.О, Б.Э

          Нэхэмжлэлийн шаардлага: 1. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн иргэн Б.Эт холбогдох хэсгээс 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62 м.кв-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, 2. Нийслэлийн газрын албанаас иргэн Д*******н эзэмшил газрын хэмжээг тодорхойлох болон түүний газар эзэмших эрхийг иргэн Д.Од шилжүүлэхдээ уг газарт 1 газарт нэгж талбарын 2 өөр дугаар давхардуулан олгосон, Д*******н эзэмшлийн газрын кадастрын зургийг үйлдэхдээ уг нэгж талбар 6-н эргэлтийн цэгтэй 170 м.кв газар мэтээр худлаа буюу алдаатай зурагласан, нэг эдлэн газарт 2-3 хэмжээ, дүрслэл бүхий кадастрын зураг үйлдсэн, захиргааны акт буюу үйлдэлүүд хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: төлөөлөгч Б

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн У миний бие тус дүүргийн дэвсгэр нутаг болох Чингэлтэй дүүргийн эмнэлгийн урдруу газар авч дөрвөн айл орох хувийн орон сууц, үйлчилгээний зориулалттай жижиг хэмжээний байшин барихдаа дөрвөн машины асфалтан зогсоол, зам, гудамж руу гаргах гарц, зүлэг моджуулах орчны тохижилтын зураг хийлгэж хотын ерөнхий архитектороор батлуулан гүйцэтгэж улсын комиссоор дүгнэлт гаргуулж барилгаа ашиглалтанд авсан юм. Бас энэ барилгын хажуу дахь 9, 12 харьцаатай талбай бүхий эвдэрч муудсан тоглоомын талбайг СӨХ-ийн хүсэлтээр тохижуулж өгсөн болно.

          Гэтэл иргэн Д******* гэгч хотын захиргаанд 1999 оны 11 дүгээр сард Нийслэлийн Засаг даргын А/227 тоот захирамжаар Их тойрууд 288 м.кв талбайг орон сууц үйлчилгээний зориулалтаар ашиглах 3/0015 тоот зөвшөөрөл авсан тул сунгаж өгнө үү гэсэн хүсэлт тавьж яагаад ч юм, 2004 онд дээр дурьдсан 9:12 харьцаатай 108 мкв тоглоомын талбайг эзэмшихээр болж тэр нь кадастрын зурагт тусгагдсан байдаг. Тэр хүн энэ газар дээрээ суурийн нүх ухаж суурийн ажил хийж хэдэн жил болохдоо хамтарч ажиллах янз бүрийн хүмүүстэй ажиллах оролдлого хийж эцэст нь Н.О гэгч хүнтэй тохирч 2004-12-21 нд 9:12 хэмжээний газрыг Нийслэлийн засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 185 тоот захирамжаар эзэмшиж байснаа Н.Од шилжүүлэх болсныг зөвшөөрнө үү гэсэн өргөдөл гаргажээ. Иргэн Н.Од шилжсэн газар дараагийн хүндээ шилжиж одоо эзэмшиж буй хүн нь Миний эзэмшилд 170 м,кв талбай байх ёстой гэж үзээд биднийг зөвшөөрөхгүй байхад Хөх Сүлд гэх хамгаалалтын алба болон бас бус хэрүүлч авгай нарыг хөлслөн турхирч 2012 оны зун бидний төлөвлөж тохижуулсан хашааны хагасыг хүчээр буулгаж тарьсан мод цэцэрлэгийг сугалан хаяж зүлгийг цементлээд авто машины зогсоолын талбайг таллан авах дээрмийн үйлдлийг хийгээд байгаа болно.

          Хотын захиргаанд энэ талаар гомдол мэдүүлэхэд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар Н.Од 170 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна. Иргэн Н.Огийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох асуудлыг Нийслэлийн газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хамтарсан техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх болно гэсэн хариуг 2010 оны 10 дугаар сарын 17-ны 5/2994 тоотоор өгсөн ч одоо хүртэл шийдсэнгүй. Засаг даргын дээрх захирамжийн үндэслэл болгож н.Д*******н бичсэн өргөдөл, түүнд дурьдагдсан 9:12-ын хэмжээний газрыг 300 м.кв 12:15 буюу 170 м.кв гэж ноороглосон төсөл хавсаргасан нь архивт байна. Иймд ул үндэсгүй үндэслэгээ хавсаргаж гаргасан иргэн Д*******д 2004 оны 185 дугаар захирамжаар 108 м.кв-ийн оронд 170 м.кв газар олгосон бол уг захирамжийн холбогдох хэсгийг болон, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар шийдвэрээр Н.Од 170 м.кв талбай бүхий газар олгосон заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсч өргөдөл гаргаж байна. Ганц ч машин зогсох боломжгүй газар, хоёр талдаа авто замын хашилганд тулгаж байшин бариад /бариулаад/ учирч буй хүндэрлээ бусдын сайтар төлөвлөж хийсэн ажлыг бусниулах замаар шийдэх гэсэн энэ увиагүй үйлдлийг таслан шийдэж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

          Нэхэмжлэгч Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн байна.

          1. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн иргэн Б.Эт холбогдох хэсгээс 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62 м.кв-д хамаарах хэсгийг хүчингүйд тооцуулах,

          2.Нийслэлийн газрын албанаас иргэн Д*******н эзэмшил газрын хэмжээг тодорхойлох болон түүний газар эзэмших эрхийг иргэн Д.Од шилжүүлэхдээ уг газарт 1/1 газарт нэгж талбарын 2 өөр дугаар давхардуулан олгосон. 2/ Д*******н эзэмшлийн газрын кадастрын зургийг үйлдэхдээ уг нэгж талбар 6-н эргэлтийн цэгтэй 170 м.кв газар мэтээр худлаа буюу алдаатай зурагласан, 3/ нэг эдлэн газарт 2-3 хэмжээ, дүрслэл бүхий кадастрын зураг үйлдсэн, захиргааны акт буюу үйлдэлүүд хууль бус болохыг тогтоолгох.

          Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл: Маргаан бүхий захиргааны актуудтай холбогдох газрын эрх иргэн Д*******д анх үүсэн байдаг бөгөөд уг газрын эрх өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар иргэн Н.Од, 2011 оны 494 дүгээр захирамжаар иргэн Б.Эт тус тус шилжсэн байдаг. Уг газартай хөрш газрыг эзэмшигч иргэн Угийн хувьд иргэн Д*******д захиргаанаас анх олгосон 108 /9х12/ м.кв газрын хувьд маргаан байхгүй харин иргэн Д******* газрын эрхээ шилжүүлэх явцад захиргаа буюу нийслэлийн газрын алба цаашлаад Нийслэлийн Засаг даргын зүгээс түүний эзэмшилд байсан газрыг хууль бусаар 170 м.кв хүртэл үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн /холбогдох захирамж, кадастрын зураг, нэгж талбарын дугаар зэргийг санаатайгаар өөрчилж үйлдсэн/ иргэн Н.Од шилжүүлсэний улмаас энэхүү газрын маргаан үүссэн болно. Өөрөөр хэлбэл, захиргааны эдгээр хууль бус үйлдлийг үндэслэн иргэн Б.Э нь бүр хожим манай мэдлийн тохижилт хийсэн авто зам, түүний дагалдах инженерийн болон ногоон байгууламжид хүч түрэн халдаж, манай хашааг хэсэгчлэн буулгаж, улмаар манай руу орсон авто зам түүний зарим хэсгийг мэдэлдээ авч хашсан болно.

          Иргэн Д*******гийн газрын эрхийг Нийслэлийн Засаг даргын зүгээс анх үүсгэхдээ 300 м.кв 288 м.кв 170 м.кв болон 108 м.кв гэх мэтээр харилцан адилгүй тодорхойлсон захиргааны актууд байдаг хэдий ч бидэнд тодорхой байгаа нэг зүйл нь иргэн Д******* иргэн Н.Од 108 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэхээр албан ёсоор захиргааны байгууллагад хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийн дагуу хийгдвэл зохих газрын эрх шилжүүлэх захиргааны үйл ажиллагаа хуулийн дагуу ячвагдаагүй болох нь илт байдаг. Өөрөөр хэлбэл, иргэн Д*******гийн газрын эрх шилжүүлэх хүсэлт, нэгж талбарын өөр өөр дугаарууд, нэгж талбарын харилцан адилгүй хэмжээ болон эргэлтийн цэгүүдийн кадастрын 2-3 янзын зураг гэх мэт хэрэгт баримтаар авагдсан байгаа /энэ талаарх үндэслэлийг шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгч талаас илүү тодорхой тайлбарлах болно./

          Товчдоо Нийслэлийн Засаг даргын зүгээс иргэн Д*******гийн эзэмшлийн 108 м.кв газрыг иргэн Н.Од шилжүүлэхдээ хууль бусаар 170 м.кв болгон нэмэгдүүлсэн үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэгчийн зүгээс маргаж байсан боловч өнгөрсөн хугацаанд маргаан бүхий газар дахин иргэн Б.Эт шилжсэн тул ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

          Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан нэхэмжлэгч талын зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг /170-108=62 мкв буюу иргэн Од захиргаа 62 мкв газрыг үндэслэлгүйгээр нэмж олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүйд тооцуулах гэж багасгаж байгаа тул шүүхээс маргааныг хянан хэлэлцэхдээ харгалзан үзэхийг хүсье гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/227 тоот захирамжаар иргэн Б.Д*******д Чингэлтэй дүүргийн Их тойрууд үйлчилгээний орон сууцны зориулалтаар 300 мкв газрыг 2 жилийг хугацаатай ашиглуулах эрх олгосон. Иргэн Б.Д******* нь 2001 оны 10 дугаар сарын 22-нд Хот байгуулалт, газрын харилцааны газарт газар эзэмшихэрхийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 тоот захирамжаар 170 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Иргэн Б.Д******* нь газар эзэмших эрхээ Н.Од шилжүүлэх хүсэлтээ гарган газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 тоот захирамжаар иргэн Н.Од газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосон байна. Үүний дараагаар иргэн Н.О нь газар эзэмших эрхээ иргэн Б.Эт шилжүүлэх хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 тоот захирамжаар 5 жилийн хугацаатай 171 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр болсон юм. Нэхэмжлэгч Угийн газрын кадастрын зурагтай иргэ Б.Эийн кадастрын зураг нь давхцалгүй байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцын асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Иймд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар иргэн Н.Од газар эзэмшүүлсэн эрхийг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 тоот захирамжаар иргэн Б.Эт шилжүүлснийг нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцын асуудлыг шийдвэрлэн, дахин хянан үзэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Газрын албанаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 170 м2 газрыг иргэн Б.Д*******д үйлчилгээний зориулалтаар 5 жилийи хугацаатай эзэмшүүлж, газрын улсын бүртгэлийн 3/0015 дугаар бүхий иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, №0003574 дугаар бүхий газар эззмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Д*******, Н.О нарын хооронд байгуулсан газар эзэмщих эрх шилжүүлэх гэрээ, талуудын хүсэлт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар иргэн Н.Од газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн байна.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1"..газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгалд бүртгэнэ гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжййг үндэслэн Нийслэлийн Газрын алба гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2001 оноос Кадастрын зураглал ба газрын кадастр төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг төслийн хүрээнд 2005 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн хэмжилтийг үндэслэн 2005 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Газрын харилцаа геодези зураг зүйн газар /хуучин нэрээр/ Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд хөрвүүлсэн байна. Иймд манай байгууллага кадастрын зургийг бүртгээгүй, үндэслэлгүйгээр талбайн хэмжээг нэмэгдүүлсэн үйлдэл, хууль бус үйл ажиллагаа байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Гуравдагч этгээд Б.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Эийн эзэмшиж байгаа 170 мкв талбайн 62 мкв хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлжээ. Иргэн БЭ нь тухайн үед үйлчилж байсан хууль дүрмийн дагуу Н.Огийн эзэмшиж байсан 170 мкв газрыг хуулийн дагуу эзэмших эрхийг шилжүүлж авсан. Шилжүүлж авах үед газрын хэмжээ 170 мкв байсан, өмнө нь ямар байсан эсэхийг огт мэдэхгүй болно. Ингээд шилжүүлж авсны дараа тухайн газрын хэмжээнд эзэмших зай талбайг бүхлд нь багтааж 5 давхар үйлчилгээний төв баригдсан байгаа. Ийм учир тухайн барилгын доор байгаа талбайн зарим хэсгийг хүчингүй болгох ямар ч боломж байхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдлийг гэж заасан нь шүүх гагцхүү нэхэмжлэл гаргагч этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуулийн энэхүү зохицуулалт хангагдаж байвал захиргааны хууль бус ажиллагааг зогсоож, маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрхийг сэргээх ёстой. Б.Эийн одоо эзэмшиж байгаа 170 мкв газрын 62 мкв газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Угийн зөрчигдсөн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх нь тодорхой бус ойлгомжгүй байна. Мөн Б.Эийн эзэмшиж байгаа 170 мкв, хүчингүй болгуулах гээд байгаа 62 мкв газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн давхцал байхгүй болох нь хэрэгт цугларсан баримтаас тодорхой байна. Харин нэхэмжлэл гаргагч У нь өөрийн эзэмших газрын хэмжээнээс илүү газрыг өөрийн эзэмшилдээ авч хашаагаар хүрээлж авч, нийтийн эзэмшил газрыг хууль бусаар эзэмшиж байгаа нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/13147 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байна. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд манай эзэмшил бүхий газрын зарим хэсгийг нэхэмжлэгч У нь өөрийн эзэмшил ашиглалтандаа хашаагаар хашин авч хууль бусаар эзэмшиж байна гэжээ.

Гуравдагч этгээд Н.О шүүхэд гаргасан тайлбартаа: Н.О миний бие нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 170 мкв талбайтай газрыг иргэн Б.Д*******гаас 2008 онд Нийслэлийн Засаг даргын 295 дугаартай захирамжаар шилжүүлэн авч эзэмшиж байгаад барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх санхүүгийн боломжгүйгээс шалтгаалан 2010 онд барилгын суурь, хашаа бусад өмч хөрөнгийг иргэн н.Эт шилжүүлэн өгсөн болно. Үүнээс хойш 2 жил гаран хугацаа өнгөрч байгаа бөгөөд Угийн нэхэмжлэлдээ дурдсан газартай миний бие одоо ямар ч хамааралгүй, холбоогүй, энэ газар дээр явагдаж байгаа үйл ажиллагааг мэдэхгүй байгаа болно. Иймд асуудлыг нягтлан шалгаж, Захиргааны хэргийн шүүхэд Угийн гаргасан нэхэмжлэлтэй энэхүү хэрэгт намайг хамааралгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анх Нийслэлийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/227 тоот захирамжаар иргэн Б.Д*******д Чингэлтэй дүүргийн Их тойрууд үйлчилгээний орон сууцны зориулалтаар 300 мкв газрыг 2 жилийг хугацаатай ашиглуулах эрх олгож, 2001 оны 10 дугаар сарын 22-нд газар эзэмших эрхийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 тоот захирамжаар 170 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Улмаар Б.Д******* нь газар эзэмших эрхээ Н.Од шилжүүлэх хүсэлтээ гарган Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 тоот захирамжаар Н.Од эзэмшүүлэх эрх олгож, үүний дараагаар Н.О нь газар эзэмших эрхээ Б.Эт шилжүүлэх хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 тоот захирамжаар 170 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр болж гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Б.Эийн хувьд Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу газар эзэмших эрхтэй бөгөөд хариуцагчаас түүнд газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч Угийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Б.Эийн эзэмшлийн 170 мкв газар нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 90 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Уд эзэмшүүлэхээр олгосон 862 мкв газартай давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/2426 дугаар албан бичгээр ирүүлсэн кадастрын зураг, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгийн зураг, хэргийн оролцогчдын тайлбараар батлагддаг.

Нэхэмжлэгчээс маргаж буй гол үндэслэл нь Иргэн Д*******д анх олгосон 108 /9*12/ мкв газрын хувьд маргаан байхгүй, харин Д******* газрын эрхээ шилжүүлэх явцад нийслэлийн Газрын алба, нийслэлийн Засаг даргын зүгээс түүний эзэмшилд байсан газрыг хууль бусаар 170 мкв хүртэл үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн холбогдох захирамж, кадастрын зураг, нэгж талбарын дугаар зэргийг санаатайгаар өөрчилж үйлдсэн, тохижуулсан газарт барилга барьсан гэж маргасан байна.

Нийслэлийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/227 тоот захирамжаар иргэн Б.Д*******д Чингэлтэй дүүргийн Их тойрууд үйлчилгээний орон сууцны зориулалтаар 300 мкв газрыг 2 жилийг хугацаатай ашиглуулах эрх олгож, 2001 оны 10 дугаар сарын 22-нд газар эзэмших эрхийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасныг үндэслэн газрын хэмжээг багасган Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 тоот захирамжаар 170 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг хэмжээгээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосоноос үзэхэд газрыг шилжүүлэх явцад газрын хэмжээ нэмэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч У нь өөрийн эзэмшлийн газарт ороогүй газрыг тохижилт хийх төлөвлөгөө батлуулж тохижуулсан гэх боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасанаас үзэхэд нэхэмжлэгчийн уг тайлбарыг зөвтгөх боломжгүй юм.

Хэдийгээр 2006 оны газрын мэдээллийн санд гуравдагч этгээдийн газрын хэмжээ 108 мкв гэж бүртгэгдсэн байгаа боловч мэдээллийн санд хуульд заасан журмыг зөрчиж бүртгэсэн эсэхээс үл хамааран нэгэнт газар давхцалгүй учраас газар эзэмшлийн талаарх нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй байх тул энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэлд хамаарахгүй байна.

            Иймд газрын ямар нэгэн давхцалгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

            Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Угийн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн иргэн Б.Эт холбогдох хэсгээс 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62 м.кв-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, 2.Нийслэлийн газрын албанаас иргэн Д*******н эзэмшил газрын хэмжээг тодорхойлох болон түүний газар эзэмших эрхийг иргэн Д.Од шилжүүлэхдээ уг газарт 1 газарт нэгж талбарын 2 өөр дугаар давхардуулан олгосон, Д*******н эзэмшлийн газрын кадастрын зургийг үйлдэхдээ уг нэгж талбар 6-н эргэлтийн цэгтэй 170 м.кв газар мэтээр худлаа буюу алдаатай зурагласан, нэг эдлэн газарт 2-3 хэмжээ, дүрслэл бүхий кадастрын зураг үйлдсэн, захиргааны акт буюу үйлдэлүүд хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгон үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.