| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 116/2026/0001/З |
| Дугаар | 221/МА2026/0517 |
| Огноо | 2026-07-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0517
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,
Хэргийн оролцогчид
Нэхэмжлэгч “А” ХХК,
Хариуцагч Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/117 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 116/ШШ2026/0009 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,
хариуцагч Засаг дарга Д.Н,
хариуцагчийн өмгөөлөгч Л.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х,
Хэргийн индекс: 116/2026/0001/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 116/ШШ2026/0009 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугааар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/117 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
3.1. Засаг дарга бидэнтэй зөвхөн Мянган хурга гэх газарт орших, газар тариалангийн зориулалттай 2000 га газрын эзэмшүүлэх гэрээг 2019 оны 01 дүгээр сард байгуулсан бөгөөд Олон дов гэх газарт орших Үр тарианы зориулалттай 2000 га газарт газар эзэмшүүлэх гэрээг өнөөдрийг хүртэлх хугацаанд байгуулаагүй эс үйлдэхүй гаргасан.
3.2. Манай компаниас өмнөх засаг даргад хандан гаргаж байсан хүсэлтүүд хэрэгт авагдсан бөгөөд тэдгээр хүсэлтийг Засаг дарга цохолт хийж байсан ч огт шийдвэрлэгддэггүй. Үүнээс болж бид тухайн газрууд дээрээ 1 өдөр ч үйл ажиллагаа явуулж чадаагүй нь нотлох баримтаар тогтоогдож байхад шүүгч үнэлээгүй бөгөөд зөвхөн “Ковид-19” цар тахлын үеийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсгийн тайлбарыг буруу хэрэглэсэн.
3.3. Шүүхийн шийдвэрт Засгийн газрын 2022 оны 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн буруу. Учир нь тус тогтоолын 2 дугаар хэсэгт бичигдсэн Эрээнцав гэх газар нь нөгөө нэрээрээ Чулуунхороот сум юм. Уг тогтоолд тодорхой хэдэн хилийн бүсийн газруудын өндөржүүлсэн бэлэн байдлыг үргэлжлүүлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хуульд заасан 2 жилийн хугацааны асуудал яригдаж эхлэх боловч бид Газрын тухай хуульд заасны дагуу Газрын төлөвлөгөөнд тусгуулах хүсэлтээ 2023 оны 4 дүгээр сард өгсөн ч Засаг дарга болон Газрын алба зөвшөөрөл олгохгүй байсаар 2024 он хүрсэн.
3.4. 2025 оны 02 сард анх удаа мэдэгдэл хүлээн авсан ба тус мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангаагүй, цуцлах захирамж мэт цуцалж байгааг мэдэгдсэн мэдэгдэл мэт байсан. Анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/117 дугаар захирамжийг дүгнэхдээ 2015 оны 114, 119 тоот 2 тусдаа захирамжийг хүчингүй болгосныг тус тусад нь авч үзээгүй, холбогдох нотлох баримтуудыг үндэслэхдээ хэт нэг талыг баримтлан шууд л Чулуунхороот сумын Засаг даргын захирамжийг зөвтгөх талаас нь шийдвэрээ гаргасан.
3.5. Шүүх Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгдсэн гэж үзсэн бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасан баримт хэрэгт огт байхгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй, мэдэгдэл бодитоор хийгдээгүй нь баримтаар тогтоогдож байхад шүүх холбогдох нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д зааснаар манай газрын гэрчилгээний хугацааг 15 биш 40 жилээр олгох ёстой байсан. Гэтэл хариуцагч нь 15 жилийн хугацаатай олгоод, түүнийгээ хууль ёсоор эзэмшүүлэх нөхцөл бололцоог хэзээ ч олгоогүй.
Иймд зөрчигдсөн эрхийг сэргээж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжоор ханган, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,
3.1 Нэхэмжлэгч “А” ХХК нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын:
2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/114 дүгээр захирамжаар “Олон дов” гэх газарт үр тарианы зориулалтаар нэгж талбарын 210***дугаартай 2000 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аван, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан.
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар “Мянган хурга” гэх газарт газар тариалангийн зориулалтаар нэгж талбарын ***36 дугаартай 2000 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр авсан ч тухайн газарт газар эзэмшүүлэх гэрээ өнөөг хүртэл хугацаанд байгуулаагүй.
3.2. Дорнод аймгийн Чулуунхороот сумын газрын даамлаас “А” ХХК-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, сумын Засаг даргаас 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр болон 7 дугаар сарын 07-ны өдөр тус тус хүргүүлсэн байсан бөгөөд маргаан бүхий Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/117 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсэг, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т заасныг тус тус үндэслэн “...тус сумын Галуут багийн нутаг дэвсгэрт орших Олон дов гэх газарт 2000 га, Мянган хурга гэх газарт 2000 га, нийт 4000 га талбайг газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байсан “А” ХХК нь тухайн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй нь мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байгаа тул” газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон.
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж,
Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно” тус тус заасан.
Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” хэмээн тайлбарласан.
Хуулийн дээрх зохицуулалт болон Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд тухайн этгээдийн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй гэх үйл баримт нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй” бөгөөд “дараалсан 2 жил” байх шаардлагыг зэрэг хангах шаардлагатай.
5. Тухайн тохиолдолд, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий хоёр нэгж талбар бүхий газрыг анх 2015 онд газар тариалангийн зориулалтаар эзэмших эрхтэй болсноос хойш тариалалт эрхлээгүй буюу газрыг зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагааг явуулаагүй.
Энэхүү үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс “2015 онд Чулуунхороот сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг авснаас хойш гэрээ байгуулах талаар хандсан боловч гэрээ байгуулаагүй”, “цар тахлын улмаас хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан”, “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө сонсох ажиллагаа хийгээгүй, гарсан шийдвэр хүргүүлээгүй”, “газрын гэрчилгээний хугацааг 15 биш 40 жилээр олгох ёстой байсан” зэрэг үндэслэлээр тайлбарлан маргах боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс сумын Засаг дарга, холбогдох нутгийн захиргааны байгууллага болон шүүхэд хандан “газрын гэрчилгээний хугацааг 15 биш 40 жилээр олгох ёстой байсан” гэх болон “газар эзэмшиж, ашиглах гэрээг байгуулах” асуудлаар хандаж байсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
2020, 2021 онд цар тахлын улмаас тодорхой хугацаагаар хөл хорио тогтоосон үйл баримт нийтэд илэрхий бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн “...энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалснаас хойш маргаан бүхий акт болох Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/117 дугаар захирамж гартал дараалан 2 жил өнгөрсөн байх тул газрыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүйд хүргэсэн хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.”
Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргах хүрээнд хийсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгч тал хүлээн авч, өмгөөлөгч, төлөөлөгчдийн зүгээс холбогдох тайлбарыг гаргаж байсан үйл баримт тус тус тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 116/ШШ2026/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА