Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 81

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Г.Золзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Минжирмаа,

шүүгдэгч Ц.Доржжанцан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Ц.Доржжанцанг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010090 дүгээр хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, зээ охины хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, 44 дүгээр байр, 96 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шарнууд овогт Цэдэвийн Доржжанцан /РД:ТБ60071212/.

Шүүгдэгч Ц.Доржжанцан нь архи ууж согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 23-ны оройн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, 44 дүгээр байр, 96 тоот гэртээ эхнэр П.Наранчимэгтэй “хоол хийлгүй унтлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зодож бие махбодид нь зүүн гарын ясны далд хугарал, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Доржжанцан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 23-ны ахмадуудын ёолк болно гэхээр нь 16 цагийн үед гэрээс гарсан. Өглөө нь эхнэртэйгээ энэ талаараа ярьж байсан. 23 цаг болж байхад гэртээ ирсэн. Хоол идэх гэхэд хоол байхгүй, аяга тавга бохир байсан. Эхнэртээ энэ талаар хэлэхэд уурласан. Бид хоёр зууралдаад салсан, би түлхэж унагасан. Эхнэр, хажуу айл болоод хүүхэд рүү яриад дуудаад байсан. Машиндаа хонох гээд байж байтал цагдаа ирээд эрүүлжүүлэх рүү авч явсан. Өглөө охин яриад ээжийн гарыг хугалсан байна гэсэн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Эхнэртэйгээ одоо эвлэрсэн, хөнгөн ял шийтгэл өгнө үү” гэв.

 

              201726010090 дүгээр эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч П.Наранчимэгийн: “2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 19 цагт ажлаа тараад гэртээ ирэхэд хүнгүй байсан. ...20-21 цагийн үед нөхөр Доржжанцан нилээн халамцуу орж ирээд дунд өрөөний орон дээр хувцсаа тайлахгүй унтсан. Тэгэхээр нь би ганцаараа хоолоо идчихээд нөхрийнхөө хоолыг нь ширээн дээр аягалж тавьчихаад, ус ундааг нь ширээн дээр гаргаж тавьчихаад жижиг өрөөндөө унтах гээд хальт зүүрмэглээд байж байтал өрөөний хаалгыг нөхөр өшиглөж орж ирээд “чи муу хулгайч босооч үхсэндээ унтаад байгаан гал тогооны өрөөнд юу хийснээ хар чи юу хийсийн чи” гэж хэлэхээр нь би орноосоо босоод гал тогооны өрөөндөө ороход хайруулын таваг, төмпөн сав ширээн дээр байсныг харж над руу уурласан. Тэгэхээр нь би хоолоо хийсэн л байгаа биз дээ гэж хэлчихээд ариун цэврийн өрөө рүү орох гэхэд ариун цэврийн өрөөний хаалгатай хамт түлхээд гадагшаа гардаг хаалга 2-ын завсраар шахаж унагаагаад гэрийн үүдний хаалганы бариулаас баруун гараараа барьж зүүн гараараа гутлын шүүгээн дээр гараа тулж байгаад миний дээрээс хөлөөрөө нуруу, гэдэс, цээж, хавирга, гар руу дэвсэж зодсон. Чи хүн аллаа, би үхлээ гэхэд чамайг алах гэж байна, гүйцээгээд өгнөө гэж байсан. Би ээжээ гэж орилоход чиний ээж, дүү нар яадаг юм, бүгдийг чинь ална гэж байсан. ...Би Доржжанцанд зодуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.

...Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Одоо би нөхөртэйгөө эвлэрч бид хамтдаа амьдарч байна. Ямар нэгэн дарамт шахалтанд орсон асуудал байхгүй. Доржжанцан намайг одоо асарч харж, халамжилж байна. Иймд бид хөгшин настай хүмүүс нэгэндээ гомдож хуулийн дагуу арга хэмжээ авахад хатуу чанга асуудал гэдгийг би ойлгосон” гэх мэдүүлэг /хх-9-10, 11/,

Гэрч Б.Адъяасүрэнгийн: “2016 оны 12 дугаар сарын 23-ны 22 цагийн орчим хөрш Наранчимэг манай хаалгыг тогшоод ...энийг хар аа гэж хэлэх үед амнаас нь цус гарчихсан байсан. Би Наранчимэгийн гэрт ороход гэрийнх нь үүдний шалан дээр цус дусчихсан байдалтай Доржжанцан цаана нь орон дээрээ чимээгүй сууж байсан. Наранчимэг ёооё гар өвдөөд байна гэж хэлэхээр нь би Наранчимэгийн гарыг барьж өгөөд аль алинд нь юу ч хэлэлгүй чимээгүй байж байтал манай нөхөр Ганболд хальт орж ирээд намайг харчихаад ямар нэгэн юм хэлэлгүй гараад явсан. Наранчимэг нилээн айсан шинжтэй, туслаач гэсэн байдалтай хаалга тогшиж байсан. ...Доржжанцан шинэ жилийн баяр дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” гэх мэдүүлэг /хх-14/,

Гэрч Д.Уянгын: “2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 22 цаг өнгөрч байхад ээж Наранчимэг миний утсанд залгаж аав нь ээжийг нь зодоод болохоо байлаа арай гэж гэрээсээ гарч ирлээ гэж ярьсан. ...Гэрт ороход гадна талын хаалга онгорхой, ...үүдний шалан дээр цус дуссан байсан. Ээж буйдан дээр хөрш айлын эгчтэй сууж байсан. Ээжийн ам хамраас цус гарчихсан цусаа угаачихсан байдалтай шүдний завсар буйл хэсгээр цустай, зүүн гараа барьчихсан, эвхэрсэн байдалтай сууж байсан. Яасан гэж ээжээс асуухад ээжийг унтаж байхад нь аав сэрээгээд гал тогооны эд зүйл цэвэрлэхгүй яасан гэж уурлаад зулгааж татаад коридорын хаалганы буланд унагааж байгаа өшиглөж дэвсэж зодсон гэсэн.  ...Сүүлийн 4-5 жилийн өмнөөс архийг ихээр ойр ойрхон өдөр болгон уудаг болсон. Архи уухаараа ээж Наранчимэгийг зовоодог байсан” гэх мэдүүлэг /хх-15-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.12.28-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 664 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. П.Наранчимэгийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-20/,       

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.01.06-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 118 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “П.Наранчимэгийн биед 5 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хх-22/,

Шинжээч эмч П.Чимэд-Очирын: “П.Наранчимэгийн биед учирсан гэмтлүүд нь унах үед үүссэн байх боломжтой. Гараараа эвгүй тулж унах үед үүсгэгдэнэ. Мөн гар, өвдөгт үүссэн гэмтэл нь цохиж зодох үед ч үүсэх боломжтой. Гаранд үүссэн гэмтэл нь цохих, өшиглөх, дэвсэх үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-25/,

Ц.Доржжанцангийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...ёолконд орчихоод 23 цагийн үед гэртээ ороход эхнэр Наранчимэг архи уулаа гээд үглээд унтуулахгүй байсан. Тэгэхээр нь гарнаас нь бариад нааш цааш нь татаад түлхээд унагаасан. Хэрүүл хийгээд байж бай, чамайг цагдаад өгч явуулна гээд байхаар нь гадаа машиндаа унтая гэж бодоод машиндаа ортол цагдаа ирээд эрүүлжүүлэхэд унтуулсан. Гарыг нь хугалах санаа байгаагүй.

...Наранчимэг намайг гэртээ халамцуу ороод унтах гэж байхад унтуулахгүй үглээд цалин мөнгөгүй байж архи уулаа гэж уурлаад байсан. Би босоод эхнэрийгээ түлхэж газар унагасан. Тэр үед эхнэрийн гар хугарсан байсан. ...Би ёолконд 200 грамм архи уусан байсан. Би өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Намайг ажил төрөлгүй, цалин мөнгөгүй гэж дотроо эмзэглэж бодож явдаг зүйлийг сануулж дахин дахин хэлэхэд нь би уурлаж түлхэж унагаасан. Эхнэрээс уучлалт гуйж бид эвлэрсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-34, 36/,

Шүүгдэгчийн оршин суух газрын тодорхойлолт /хх-38/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-41-44/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Доржжанцан согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 23-ны 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 44 дүгээр байр, 96 тоот гэртээ эхнэр П.Наранчимэгтэй “хоол хийлгүй унтлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь зүүн гарын шуу ясны далд хугарал, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Доржжанцанг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч П.Наранчимэг “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт шүүхэд ирүүлсэн байх тул Ц.Доржжанцанг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Доржжанцан бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт Цэдэвийн Доржжанцанг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Ц.Доржжанцанг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ц.Доржжанцанд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Доржжанцан урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Ц.Доржжанцанд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай. 

6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Доржжанцанд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Доржжанцанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Л.БААТАР