Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 126/2016/0026/з |
Дугаар | 221/МА2016/0725 |
Огноо | 2016-11-17 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2016/0725
Б.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр, нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.*******ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр: Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4, 47 дугаар зүйлийн 47.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23-04-332/06 тоот “Улсын орлого болгох тухай” акт, 0089800 дугаартай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 960.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэвэр зэргийг хүчингүй болгуулж, 1.440.000 төгрөгийн хохирол гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: “Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч А.Ууганбаяр би Б.*******ын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох "Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23-04-332/06 тоот "Улсын орлого болгох тухай" акт, 0089800 дугаартай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 960000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэвэр зэргийг хүчингүй болгуулж, 1440000 төгрөгийн хохирол гаргуулах"-ыг хүссэн захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Энэхүү маргааныг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 1. Шуух нотлох баримтыг буруу унэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн тухайд:
Маргаан Бүрэнтогтох сумын Байгаль хамгаалагч Д.Ганбатаас иргэн Б.*******од "гарал үүслийн бичиг байхгүй" гэх шалтгаанаар түүний мод бэлтгэх эрхийн бичигт бичилт хийж, тээвэрлэх эрх олгосонтой холбоотой үүссэн байдаг. Иргэн Б.******* тухайн үед гарал үүслийн бичиг гаргаж өгөхийг Д.Ганбатаас шаардсан тухай түүний өгсөн гэрчийн мэдүүлэгт тодорхой дурдагдсан байдаг. Үүнийг ч шүүх шийдвэртээ тодотгосон байгаа.
Б.******* тухайн үед Д.Ганбатыг эрх хэмжээгээ хэтрүүлж байна гэж мэдээгүй, түүний тайлбараар түүний цохолт, гарын үсэг бүхий зөвшөөрлөөр "гарал үүслийн бичиггүйгээр" тээвэрлэж Мөрөн сум руу явсан. Учир нь "Хөх сийг" гэх нөхөрлөлийн мод бэлтгэж байсан газар нь Бүрэнтогтох сумаар дайрч өнгөрөхгүйгээр Мөрөн сум руу ирдэг, хэвтээ тэнхлэгийн хувьд Мөрөн сумтай ойролцоо, шулуун замаар явж хүрдэг зэрэг онцлогтой учраас иргэн Б.******* байгаль хамгаалагч Д.Ганбатаас гарал үүслийн гэрчилгээ шаардсан тухай шүүх хуралдаан дээр тодруулж хэлсэн боловч ач холбогдол бүхий энэ нөхцөлийг шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.
Ямар тохиолдолд гарал үүслийн бичиг олгох ёстойг Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т "... өөр аймаг, сум, хот суурингийн хооронд тээвэрлэх..." тохиолдолд гэж тодорхой заасан бөгөөд байгаль хамгаалагч Д.Ганбат иргэн Б.*******ыг бэлтгэсэн модоо Бүрэнтогтох сумаас өөр сум болох Мөрөн сум руу тээвэрлэх гэж байгаа хүсэл зоригийг бүрэн ойлгож, мэдэж байсан учраас мод бэлтгэх эрхийн бичгийн буланд "гарал үүслийн гэрчилгээ дууссан тул мод тээвэрлэх эрхийн бичигтэй тээвэрлүүлэв" гэж бичиж, тээвэрлүүлсэн. Гэрч Д.Ганбатын мэдүүлэгт дурдсанаар зөвхөн Бүрэнтогтох сум руу тээвэрлүүлэх зорилго байсан бол сумын нутаг дэвсгэр дотор гарал үүслийн бичиг шаардлагагүйн дээр ийнхүү бичилт хийх ямар ч шалтгаан байхгүй юм. Энэ тодорхой нотлох баримт бүхий нөхцөл байдлыг шүүх үнэлээгүй бөгөөд иргэн Б.*******ыг өөрөө "хуулиа мэдэх үүрэгтэй байсан, хуулиа мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэх агуулгаар Монгол Улсын Үндсэн хууль ба Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.
Захиргааны байгууллага албан тушаалтан ба иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулах үзэл санаатай Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан тус хуульд заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчим, мөн хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан, захиргааны акт гаргах үйл явцтай холбогдуулан нарийвчлан журамласан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох зэрэг зохицуулалтуудыг шүүх анхаараагүй бөгөөд тухайн харилцааг нарийвчлан зохицуулаагүй, өөр хуульд заасан ерөнхий зохицуулалтыг баримтлан иргэн Б.*******ыг буруутгаж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
Тодруулбал, Иргэн Б.*******ыг байгаль хамгаалагч Д.Ганбатын өгсөн зөвшөөрлийн дагуу мод тээвэрлээд явж байхад Бүрэнтогтох сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Уламбаяр таарч "гарал үүслийн бичиггүй" гэх шалтгаанаар бэлтгэсэн модыг нь хураан авч 1.440.000 төгрөгөөр модыг нь зарж борлуулж улсын орлого болгон, Б.*******од 900.000 төгрөгийн торгууль ногдуулж хохирол учруулсан. Ийнхүү шийдвэр гаргахдаа улсын байцаагч Б.Уламбаяр Захиргааны Ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан ямар ч ажиллагаа явуулаагүйн дээр "байгаль хамгаалагч Д.Ганбатад цохолт хийх эрхгүй, цохолтоор мод тээвэрлэж явсан иргэн Б.*******ын буруу" гэж тайлбарлан нөхцөл байдлыг буруу дүгнэн шийтгэвэр ногдуулж, улмаар тус шийтгэврийг шүүх зөвтгөж байгаа нь бодит нөхцөлд тохирсон байх зарчимтай нийцэхгүй байна.
Шүүхийн шийдвэрээс харахад шүүх давуу эрх бүхий захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр, түүний хууль зүйн үндэслэлийг зөвтгөхийг чухалчилснаас иргэнийг эрсдэлд оруулсан байгаль хамгаалагчийн цохолт, үүссэн нөхцөл байдалд хариуцлага тооцсон улсын байцаагчийн шийтгэвэр зэрэг нь тухайн факт бүхий харилцаанд хамаарах нарийвчилсан зохицуулалт бүхий Захиргааны Ерөнхий хуульд заасан журамд хэрхэн нийцэж байгаа талаар ямар ч дүгнэлт өгөөгүй байна.
Дээрхээс шүүх нотлох баримтыг буруу үнэлж, болсон үйл явдалтай холбогдуулан хэрэглэх ёстой хуулийг /Захиргааны Ерөнхий хууль/ хэрэглээгүй өөр хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж бодит байдалтай нийцэхгүй шийдвэр гаргасан байна.
2.Шуух хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан тухайд:
Шүүхийн шийдвэр бүхэлдээ иргэн Б.*******ыг буруутгасан, захиргааны хэргийн оролцогч болох Бүрэнтогтох сумын ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тогтоосон акт шийтгэврийг зөвтгөхийг зорьсон мэт харагдаж байна.
Иргэн Б.******* нэхэмжлэлдээ ч, шүүхэд гаргасан тайлбартаа ч "Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан бичгээр зөвшөөрөл өгөөд гарал үүслийн бичиггүйгээр тээвэрлэж болно гэхээс өөр юунд итгэх ёстой вэ" гэдгийг анхаарч харахыг шүүхээс хүссэн.
Иргэн Б.******* болон байгаль хамгаалагч Д.Ганбат нарыг хооронд нь харьцуулбал хууль хэрэглэх, хуулийг мэдэх үүргийн хувьд харилцан адилгүй бөгөөд хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтан бичгээр зөвшөөрөл өгсөн нөхцөл байдлыг шүүх буруу тайлбарлаж иргэний буруу, хуулиа мэдэхгүй чамайг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй мэтээр тайлбарлаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд хэт нэг талыг барьсан шинжтэй болох нь илэрхий байна. Байгаль хамгаалагч Д.Ганбат гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийгөө хамгаалж бодит байдалд нийцэхгүй мэдүүлэг өгч шүүхийг төөрөгдүүлсэн байж болзошгүйг ч энд дурдах нь зүйтэй гэж үзэж байна.
Иргэн Б.******* хууль зөрчих санаа зорилгогүй байсан нь гэрч Д.Ганбатын мэдүүлэгт "******* гоожингоо авахдаа гарал үүслийн гэрчилгээ авъя гэж хэлсэн" гэх мэдүүлгээс илэрхий харагдаж байхад шүүх анхаарч үзээгүй байна.
Шүүх Монгол улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд заасан хууль дээдлэх, хууль мэдэх ёстой үүргийг нотлохын тулд хэт нэг талыг барьсан нь шүүхийн шийдвэрээс харагдаж байгаа бөгөөд хэргийн оролцогчийн аль алины үйлдэлд дүн шинжилгээ хийж тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиа баримтлан шийдвэр гаргасан бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байсан гэж үзэж байна.
Түүнчлэн, шүүх иргэн Б.*******од учирсан хохирлын асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд Захиргааны Ерөнхий хуульд тодорхой зохицуулсан "албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг эхний ээлжид төр хариуцан арилгах, төрд учирсан хохирлыг буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх" зохицуулалт нь иргэний хохирлыг нэн тэргүүнд бүрэн барагдуулах зорилготой болохыг анхаарч хуулийг хэрэглээгүй байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-н өдрийн 30 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23-04-332/06 тоот "Улсын орлого болгох тухай" акт, 0089800 дугаартай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 960.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэвэр зэргийг хүчингүй болгуулж, 1.440.000 төгрөгийн хохирлыг иргэн Б.*******од гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг буруу үнэлж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч Д.Ганбат нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 0241054 дугаартай “Мод бэлтгэх эрхийг бичиг”-ийг нэхэмжлэгч Б.*******од олгож, уг зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч Б.******* нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Хөх сийг” гэх газраас 10 м.куб хэрэглээний модыг бэлтгэжээ.
Улмаар Б.******* нь дээрх зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн 10 м.кув модоо тээвэрлэхээр “Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ” гаргуулан авахаар байгаль хамгаалагч Д.Ганбат хүсэлт гаргасан байна. Харин түүний гаргасан хүсэлтийн хариуд байгаль хамгаалагч Д.Ганбат “гаргал үүслийн гэрчилгээ” дууссан гэж тайлбарлан, 0241054 дугаартай “Мод бэлтгэх эрхийг бичиг”-ийн дээд талд “гарал үүслэлийн гэрчилгээ дууссан тул м.б.э бичигтэй нь тээврүүлэв” гэж бичиж өөрөө гарын үсэг зурж 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тодорхойлолт гарган өгч, Б.*******од мод тээвэрлэх зөвшөөрөл олгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, байгаль хамгаалагч Б.*******ын шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэг, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0241054 дугаартай “Мод бэлтгэх эрхийг бичиг” зэргээр нотлогджээ.
Дээрх байгаль хамгаалагч Д.Ганбатын олгосон зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч Б.******* нь бэлтгэсэн 10 м.куб модоо Мөрөн сум руу тээвэрлэн явж байхад Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Уламбаяр нь хяналт шалгалт явуулж, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 47 дугаар зүйлийн 47.2.4 дэх заалтыг зөрчиж, “Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүй”-ээр Б.******* нь мод тээвэрлэсэн гэх үндэслэлээр түүний тээвэрлэн явсан 10 м.куб модыг улсын орлого болгож, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23-04-332/06 тоот улсын байцаагчийн актыг гаргасан, мөн улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0089800 дугаартай шийтгэврээр Б.*******од 960.000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 34.4-д “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно”, мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 4 дэх хэсгийн 4.3-т “гарал үүслийн гэрчилгээг эрхийн бичгийг үндэслэн тээврийн хэрэгсэл тус бүрээр Ойн тухай хуулийн 34.4-д заасны дагуу олгоно” гэснээс үзэхэд байгаль хамгаалагч Д.Ганбат “мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг” олгох эрх бүхий этгээд мөн байна.
Өөрөөр хэлбэл, “Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ”-гүйгээр нэхэмжлэгч Б.******* нь 10 м.куб модыг Бүрэнтогтох сумаас Мөрөн сум руу тээвэрлэсэн хэдий боловч мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг олгох эрх бүхий этгээд болох байгаль хамгаалагч Д.Ганбат нь “гарал үүслийн гэрчилгээ” дууссан гэх үндэслэлээр “Тодорхойлолт” гарган өгч Б.*******од модоо тээвэрлэх зөвшөөрөл олгосныг харгалзан үзэлгүйгээр, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийг 34.4, 47 дугаар зүйлийн 47.2.4 дэх заалтыг зөрчсөн, “Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ”-гүйгээр мод тээвэрлэсэн гэж Б.*******ыг шууд буруутган, түүний тээвэрлэж явсан 10 м.куб модыг улсын орлого болгон хураан авч, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Уламбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23-04-332/06 тоот “Улсын орлого болгох тухай” акт үйлдэж, мөн өдрийн 0089800 дугаартай захиргааны зөрчлийн хуудсаар 960.000 төгрөгийг Б.*******оос гаргуулахаар шийтгэвэр ногдуулсан нь хууль бус болжээ.
Гэтэл анхан шатны шүүх, дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Тиймээс хариуцагчийн үйлдэл хууль бус болох нь дээрх байдлаар тогтоогдсон, мөн хариуцагч нь “Б.*******оос хураасан 10 м.куб дүнзний үнэ 1.440.000 төгрөг “орон нутгийн орлогод орсон” гэж тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн хохирол болох 10 м.куб дүнзний үнийг орон нутгийн орлогод орсон үнийн дүн буюу 1.440.000 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.*******од олгох нь зөв юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23-04-332/06 тоот “Улсын орлого болгох тухай” акт, 0089800 дугаартай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 960.000 төгрөгийн захиргааны зөрчил ногдуулсан шийтгэвэр зэргийг хүчингүй болгуулах, хохирол болох 1.440.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зөв байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНД:
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР